| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/01507/И |
| Дугаар | 142/ШШ2022/00043 |
| Огноо | 2022-01-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 142/ШШ2022/00043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СБЗД нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МБ
Нэхэмжлэлийн шаардлага: Эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Согоот багийн Засаг дарга Р.М ,
Гэрч: Г.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Б .
Хариуцагч М.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Согоот багийн Засаг даргаас М.Б гийн эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан.
Нэхэмжлэгч Согоот багийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус багийн *** тоотод түрээсээр оршин суух МБ нь хүү О.Э/, хүү О.М /, хүү О.Э нарын хамт амьдардаг. Нөхөр Б:О Казакстан улсад ажиллахаар 2020 онд явсан. Цахимаар холбогдохоор 2-3 удаа хандсан боловч хариу өгөөгүй. Эцгийн болон эхийн талын ах дүүстэй холбогдож хүүхдүүдийг асран хамгаалах талаар санал тавихад татгалзсан болно. М.Б хүүхдийн дэргэд болон гадуур олон хоногоор байнгын архидан согтуурдаг. Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, хөгжих эрхийг удаа дараа зөрчиж, үл хайхрах болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлж байна. Цаашид хүүхдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учрах эрсдэл байгаа тул эх болох М.Б гийн эх байх эрхийг хасуулах хүсэлтэй байна. Хүүхдүүдийг Энэрэл төвд хүлээлгэн өгсөн байгаа гэв.
Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мягмар овогтой Б би одоогоор эрхэлсэн ажилгүй, амьдрах гэр оронгүй байна. Миний нөхөр Казакстан улс руу ажил хийхээр 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр явсан бөгөөд ирээгүй байна. Миний 3 хүүхэд болох О овогтой Э , О.М , О.Э нар Энэрэл төвд байгаа бөгөөд би одоогоор авах боломжгүй байна. Тэр хүртэл би ажил эрхэлж өөрийгөө сайн ээж болоход бэлтгээд аавыг нь ирэхээр нь 3 хүүхдээ Энэрэл төвөөс авах бодолтой байна. О гийн араас Казакстан улс руу хүүхдүүдээ дагуулаад явах хүсэлтэй байсан ч хил хаагдаад явж чадаагүй. О ч наашаа ирэх боломжгүй болсон. 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэл Согоот багийн *** тоотод өрөө түрээслэн амьдарч байсан бөгөөд байр зарагдахаар болоод бид амьдрах газаргүй болсон гэжээ.
Нэхэмжлэгчээс: Орхон аймийн Баян-Өндөр сумын СБЗД 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №№дугаартай албан бичиг /хх-1/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/17 дугаартай Багуудын Засаг дарга нарыг томилж батламжлах тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3-4/, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай Согоот багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-5-6/, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай Согоот багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-7-8/, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай Согоот багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-9-10/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-11-14/, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-15-23/, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн холбон зуучлах үйлчилгээний илгээх хуудас /хх-24-25/, Хамтарсан багийн үйлчилгээний төлөвлөгөө /хх-26-27/, 18 дугаар сургуулийн нийгмийн ажилтан тодорхойлолт /хх-28/, хүүхдүүдэд уулгасан витамины эмийн жор /хх-29-30/, ярилцлагын тэмдэглэл /хх-31-33/, М.Б гийн иргэний үнэмлэхний хуулбар, өргөдлийн хуулбар /хх-34/, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М.Б гийн өргөдлийн хуулбар /хх-35/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын СБЗД 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай албан бичиг /хх-50/, Согоот багаас М.Б гийнд гэрийн эргэлтээр очсон талаарх 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гэрэл зургууд /хх-53-57/, Орхон аймгийн СБЗД 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай албан бичиг /хх-58/, О.Э ы 2212 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-59/, О.М 1 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-60/, О.Э ийн 2 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-61/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
СБЗД нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Засаг дарга Р.М нь тус багт түр оршин суух М.Б гийн эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Согоот багт түр оршин суугч М.Б нь 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Э /, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү О.М 2019 оны 11 дүгээр сарын 02-ын өдөр төрсөн хүү О.Э / нарын эх бөгөөд бага насны хүүхдийн дэргэд байнга архидан согтуурч, хүүхдүүдээ үл хайхрах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, хөгжих эрхийг ноцтойгоор зөрчиж, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлж байгаа тул эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж нэхэмжлэгч тайлбарладаг.
Хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, амьдрах орон байргүй тул хүүхдүүдээ харж хандаж чадахгүй болсон тухайгаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурдсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг ...бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэйг хуульчилсан байдаг.
Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа болох нь хэрэгт ирүүлсэн дээрх нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд бага насны хүүхдүүдээ үл хайхран архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрхийг зөрчиж байх тул М.Б гийн эх байх эрхийг хасах нь зүйтэй.
Харин хариуцагч М.Б засарч хүмүүжин дахин архи уухгүй байж, ажил хөдөлмөр эрхлэн орон гэртээ болсноор буюу эх байх эрхийг хасах болсон шалтгаан арилсны дараа эрхээ сэргээлгэх бүрэн боломжтойг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч М.Б д шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Э //, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү О.М2019 оны 11 дүгээр сарын 02-ын өдөр төрсөн хүү О.Э нарын эх Ест овогт МБ ийн эх байх эрхийг хассугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын 3 хоногийн дотор Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Х даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ