Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2022/00880

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ....дүгээр хороо, .... дугаар хэсэг, Зайсан ..... дүгээр байр, ..... тоот хаягт оршин суух, Б овогт С.Ц /рд:....../,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, 14 дүгээр хороо, ..... дугаар хороолол, ..... тоот хаягт оршин суух, Б овогт Х.О /рд:...../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ..... дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байр хаягт байрлах, Н....  холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 13/5 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2021 оны 12 сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.О...ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, ..... байрны .... тоот 38 м.кв талбайтай .... өрөө орон сууцанд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 00055 дугаар захирамжаар хариуцагч Х.О, С.Ц нараас 80,000,000 төгрөг гаргуулж А ББСБ ХХК-д олгох шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно. Дээрх шүүгчийн захирамжид болон шүүхийн гүйцэтгэх хуудаст нэхэмжлэгч Х.Отгонбаатарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, .... байрны .... тоот 38 м.кв талбайтай .... өрөө орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулах талаар огт тусгаагүй болно. Гэтэл хариуцагч байгууллага шүүхийн гүйцэтгэх хуудаст заагдаагүй ажиллагаа явуулж Х.О....ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, ..... байрны ..... тоот 38 м.кв талбайтай .... өрөө орон сууцыг 2020 оны 09 сарын 28-ны өдөр М ХХК-иар 113,824,700 төгрөгөөр үнэлгээ тогтоолгон 2020 оны 10 сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6-д Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийн 176, 177 дугаар зүйлийг баримтална, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт хоёр дахь албадан дуудлага худалдааг эхний албадан дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна гэж тус тус заажээ. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 12 сарын 07-ны өдрийн тогтоолоор 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 10 цагт нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Энэ үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлж, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. 2020 оны 02 сарын 10-ны өдөр М ХХК-ийн үнэлгээ гарснаас хойш 1 жил 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хил гаалийн асуудал үүсч барилгын материалын үнэ өсч өмнө худалдаалагдаж байсан үнэ ханшийн гуравны нэгээс багагүй хэмжээнд өөрчлөлт гарч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн байгаа билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж зохицуулсан. Нэхэмжлэгч нарын зүгээс хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2021 оны 12 сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай болон ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэлээр дахин үнэлгээ тогтоолгохыг хүсч ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч тэд гомдлыг урьдчилсан журмаар шийдвэрлэхдээ ...Х.О...ын зүгээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 184/ШШ2021/00824 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 987 дугаар магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн тул дахин үнэлгээ тогтоох үндэслэлгүй гэж шийдвэрлэлээ. Төлбөр төлөгчдийн зүгээс өмнө нь ШШГТХуулийн 55.7-д заасны дагуу үнэлгээнд гомдол гаргаж шүүхэд хандсан бөгөөд энэ удаагийн үндэслэл нь тус хуулийн 55.5 болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т заасан буюу өмнөх үндэслэлээс өөр нөхцөл байдал үүссэн тул хуульд заасны дагуу урьдчилсан журмаар гомдол гаргасан болно. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 184/ШШ2021/00824 дүгээр шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 987 дугаар магадлал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь заалтыг хэрэгжүүлэхэд болон асуудлыг хуульд заасны дагуу урьдчилсан журмаар шийдвэрлэхэд саад болох үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоох хуульд заасан үндэслэл бий болсныг төлбөр төлөгч нараас баримтаар нотлон, хүсэлт гаргасаар байхад хариуцагч байгууллага дахин үнэлгээ тогтоолгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан, хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан хугацаа хэтрүүлж зохион байгуулах зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан нь шийдвэр гүйцэтгэгч нарыг төлбөр авагч А ББСБ ХХК-тай ашиг сонирхол нэгтэй, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч талд шилжүүлэх зорилготой хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. Ийнхүү хариуцагч байгууллага нь хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 сарын 24-ний өдөр зохион байгуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6-д заасныг тус тус ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьж явуулсан үйл ажиллагаа болсон. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 13/5 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2021 оны 12 сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.О....ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо, ..... байрны .... тоот 38 м.кв талбайтай ....өрөө орон сууцанд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 184/ШШ20178/00055 дугаар шийдвэрээр Х.О, С.Ц нараас 80,278,975 төгрөгийг гаргуулж А ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х.О, С.Ц нарын өмчлөлд болон эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад Х.Отгонбаатарын өмчлөлд Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, .... байрны .... тоот орон сууц бүртгэлтэй бөгөөд төлбөр авагч А ББСБ-д үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болох нь тогтоогдсон. Иймд Х.О....ын өмчлөлийн А ББСБ-д барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, ....байрны .... тоотод байрлах орон сууцыг 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 17250818/02 тоот тогтоолоор битүүмжилж 2020 оны 09 сарын 04-ний өдрийн 17250818/03 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал өгөхийг төлбөр төлөгч С.Ц...ын хаягаар 2020 оны 4-149/33547 тоот мэдэгдлээр хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, төлбөр төлөгч Х.О...ЫН зүгээс үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагч А ББСБ-н зүгээс 2020 оны 001 дугаартай албан бичгээр шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 9/456 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор  М ХХК-ийн шинжээч Б.Э....ыг томилж эрх үүргийг тайлбарлан өгч үнэлгээг тогтоолгоход 113,824,700 төгрөгөөр тогтоосон. Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч Х.О...т 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 4-149/35138 дугаартай мэдэгдэх хуудсаар, төлбөр төлөгч С.Ц...д ШШГТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат шуудангаар тус тус мэдэгдэж 2020 оны 10 сарын 12-ны өдөр тус газраас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч Х.О....ын зүгээс ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 184/ШШ2021/00824 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 987 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Иймд төлбөр төлөгч Х.Отгонбаатарын өмчлөлийн орон сууцыг 2021 оны 12 сарын 24-ний өдөр тус газраас зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 119,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд төлбөр төлөгчид ШШГТХуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-д зааснаар 14 хоногийн хугацааг олгосон боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: нэхэмжлэгчээс-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 9-1/3079 тоот албан бичиг, нэхэмжлэгч нарын итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 4/64 дугаартай тогтоол, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 29-ний өдрийн 184/ШЗ2017/03277 дугаартай захирамж, 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/00055 дугаартай захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 13/5 дугаартай тогтоол, 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 4-149/24233 дугаартай мэдэгдэл, 2022 оны 03 сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ,

хариуцагчаас- хариуцагчийн итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэлийн 17250818 дугаартай хувийн хэргийн баримтууд болох тус шүүхийн 2017 оны 03 сарын 29-ний өдрийн 184/ШЗ2020/14306 дугаар шүүгчийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 370 дугаартай гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2017 оны 03 сарын 29-ний өдрийн 184/ШЗ2017/03277 дугаартай, 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 184/ШЗ2017/00055 дугаартай захирамжууд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Х.О...ын эд хөрөнгийн лавлагаа, хариуцагчийн шинжээч томилох тухай тогтоол, М ХХК-ийн үнэлгээ, хариуцагчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 4-149/37757, мөн өдрийн 4-149/37757 тоот мэдэгдлүүд, 2020 оны 12 сарын 14-ний өдрийн албадан дуудлага худалдааны зар, 2020 оны 10 сарын 29-ний дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, тус шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний 184/ШШ2021/00824 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 987 тоот магадлал, 2021 оны 12 сарын 09-ний өдрийн албадан дуудлага худалдааны зар, хариуцагчийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 13/5 тоот тогтоол, 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 4-149/24237, мөн өдрийн 4-149/24233 тоот мэдэгдлүүд, 2021 оны 12 сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 12 сарын 23-ны өдрийн гомдол хянан шийдвэрлэсэн тогтоол, 2021 оны 12 сарын 24-ний өдрийн дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 4-149/25318 тоот мэдэгдэл, 2021 оны 12 сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 12 сарын 30-ны өдрийн мэдэгдэл зэрэг бичмэл баримтуудыг ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэгч С.Ц, Х.О нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /цаашид НШШГГ гэх/-т холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 13/5 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2021 оны 12 сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.О...ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, ..... байрны ....тоот 38 м.кв талбайтай .... өрөө орон сууцанд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгах тухай гомдол гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, талууд маргав.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

5. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 184/ШЗ2017/03277 дугаар захирамж, мөн өдрийн 0370 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн НШШГГ нь 2017 оны 06 сарын 12-ны өдөр 17250818 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол-оор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

6. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 184/ШШ2021/0824 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 987 дугаар магадлалаар нэхэмжлэгч Х.О....ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм.

 

7. Нэхэмжлэгч нар нь гомдлын үндэслэлээ ...хариуцагч байгууллага нь хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 сарын 24-ний өдөр зохион байгуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6-д заасныг тус тус ноцтой зөрчсөн хэмээн тайлбарлав.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ хэмээн заасан ба 17250818 дугаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны анхны дуудлага худалдааг 2020 оны 10 сарын 12-ны өдөр явуулсан боловч ялагч тодроогүй, төлбөр төлөгч Х.О үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үл зөвшөөрч маргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 987 дугаар магадлалаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

 

Тиймээс хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т заасан хугацаанд хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах боломжгүй байсны зэрэгцээ, дуудлага худалдааны хугацаа хойшилсон нь төлбөр төлөгчийн эрх ашгийг хөндсөн, зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т Дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна гэж зааснаар НШШГГ нь 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 13/05 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 12 сарын 24-ний өдөр товложээ. Энэ талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2021 оны 12 сарын 13-ны өдрийн мэдэгдлээр тус тус мэдэгдэж, дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан хөрөнгө 119,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон байх бөгөөд энэхүү 2 дахь дуудлага худалдаа нь хууль зөрчсөн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

8. М ХХК-ийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн үнэлгээгээр төлбөр төлөгч Х.Отгонбаатарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 113,824,700 төгрөг болохыг тодорхойлсон ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй талаар заажээ.

 

Нэхэмжлэгч нар нь төлбөрт хураагдсан хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгахыг шаардсан. Хуулийн энэ зохицуулалтаар Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно хэмээн заасан.

 

Х ХХК-ийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 134 дугаартай дүгнэлтээр төлбөр төлөгч Х.Отгонбаатарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 158,208,000 төгрөг болохыг тодорхойлжээ. Дээрх хуулийн заалтаар хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон бол шийдвэр гүйцэтгэгч дахин үнэлгээ тогтоож болох боловч хариуцагчаас ирүүлсэн Х ХХК-ийн үнэлгээгээр М трейд ХХК-ийн үнэлсэн үнэлгээний 1/3-ээс илүү хэмжээнд өөрчлөлт ороогүй болох нь нотлогдов. /119,500,000:3=39,833,333, 158,208,000-119,500,000=38,708,000 зөрүү/

 

НШШГГ-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 4/64 дугаар тогтоолоор төлбөр төлөгч С.Ц...ын гаргасан дахин үнэлгээ тогтоолгох, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч нар нь шийдвэр гүйцэтгэгчид дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргахдаа хураагдсан хөрөнгийн үнэд өөрчлөлт орсон талаарх баримтыг гаргаагүй талаар тайлбарладаг бөгөөд хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг зөрчөөгүй байна.

 

9. Дээр дурдсанаар, нэхэмжлэгч буюу төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэх хуулиар тогтоосон журмыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зөрчөөгүй, тус газрын 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 13/5 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2021 оны 12 сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох өөр бусад нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан байдлаар талуудад хариуцуулдаг. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэлгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох тус газрын 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 13/5 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2021 оны 12 сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны Х.О, С.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, төлбөрт хураагдсан хөрөнгөд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгах тухай С.Ц, Х.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Д.УРАНЗУЛ