Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2022/00966

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, .... дугаар хороо, Ажилчдын гудамж, өөрийн байр хаягт байрлах, Х /рд:...../-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ....дугаар хороо, ..... гудамж, ..... тоот хаягт оршин суух, У овогт У.М /рд:...../-д холбогдох

 

12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч У.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...У.М нь 2016 оны 3 сарын 14-ний өдөр Дугаар Бот-2016/67 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн FT-250 маркийн бага оврын 2 ширхэг тракторыг, анжисны хамт урьдчилгаа 20 хувь болох 2,000,000 төгрөг төлөн үлдэгдэл 80 хувь болох 8,000,000 төгрөгийг 2020 оны 3 сарын 14-ний дотор төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй бөгөөд 2021 оны 9 сарын 07-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн төлбөр 8,000,000 төгрөг байна. Тухайн иргэнтэй байгуулсан гэрээний 3.3-т төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцно гэсэн заалт байгаа. Ингээд Иргэний хуулийн 232.4-т заасан заалтыг баримтлан анз тооцоход алданги нь 4,000,000 төгрөг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нийт 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Гэрээн дээр гэрч А.З гэдэг хүний гарын үсэгтэй, нотариатаар батлагдсан, хүчин төгөлдөр гэрээ байдаг гэв.

 

2.Хариуцагч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би энэ газраас ерөөсөө трактор авч, гэрээ байгуулаагүй. Тийм юм хум аваагүй. Энэ газрын хүмүүсийг танихгүй. Надад трактор хэрэглэж байсан удаа байхгүй. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хаана байрладгийг ч мэддэггүй байсан. Анх шүүхээс энэ хэргээр намайг дуудахад би тэр бичгийг нь гардаж авсан. Тэгээд бүүр гайхаад шүүгчийн туслахад би ийм юм огт аваагүй гээд хэлэхэд, та энэ байгууллагатайгаа өөрөө очоод уулзаад үзээрэй гэсэн. Тэгээд хаягийг нь нэхэмжлэл дээрээс хараад Хөдөө аж ахуйг дэмжих санг хайж, хаана байдгийг нь мэдэж очиж уулзаж байсан. Анх удаа л тэр гэрээ энэ тэрийг нь шүүх дээр дуудагдаад харсан. Би 2014 он бил үү 2015 онд иргэний үнэмлэхээ хаяад сүүлд 2018 онд шинээр авсан. 2015, 2016 онд би Улаанбаатар нэгтгэл хот тохижилтод ажилладаг байсан. Цалин юм хумаа авахдаа хурууны хээний лавлагаагаар авчихдаг байсан юм. Би иргэний үнэмлэхээ хаясан байтал яагаад ч юм эднийд байсан. Би трактор зээлээр аваагүй. Үнэхээр мэдэхгүй байна. Аваагүй, мэдэхгүй юм чинь би 12,000,000 төгрөгийг төлөхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2021.09.27-ны өдрийн итгэмжлэл, 2020.04.24-ны өдрийн 2-134 тоот тушаал, 2021.09.07-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2016.03.14-ний өдрийн Бот/2016-67 тоот гэрээ, мөн өдрийн техник, тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас, У.М....ын иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.01.08-ны өдрийн 16 тоот МУЗГ-ын тогтоол, Төрийн албан хаагч А.З...ийн анкет, 2022.02.11-ний өдрийн итгэмжлэл.

Хариуцагч тал баримт гаргаж өгөөгүй болно.

Шүүхийн журмаар дараах баримтыг цуглуулсан. Үүнд: Жимобайл ХХК-иас ирүүлсэн 2021.11.10-ны өдрийн 7231 тоот лавлагаа, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн 2022.01.13-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хаан банк ХХК-тай У.М....тай байгуулсан 2018.12.18-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2021.05.28-ны өдрийн зээлийн нэмэлт өөрчлөлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.03.17-ны өдрийн 10/2321 дугаар албан тоот, түүний хавсралт зэрэг бичмэл баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Х нь хариуцагч У.М....д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

5.Нэхэмжлэгч нь 2016 оны 03 сарын 14-ний өдрийн Бот/2016-67 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ-ний үүрэгт хариуцагчаас 12,000,000 төгрөг шаардсан бөгөөд хариуцагч тухайн гэрээг байгуулаагүй, трактор худалдан аваагүй гэж маргав.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, 263 дугаар зүйлийн 263.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.

 

6.2016 оны 03 сарын 14-ний өдрийн Бот/2016-67 дугаар Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ-гээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 1 бүр нь 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг FT-250 маркийн бага оврын тракторыг анжисны хамтаар зээлээр худалдахаар тохиролцжээ. Худалдан авагч нийт үнийн дүнгийн 20 хувь буюу 2,000,000 төгрөгийг төлж, үлдэх 80 хувь буюу 8,000,000 төгрөгийг 4 жилийн хугацаанд 4 хувааж төлөхөөр гэрээнд заасан байна.

 

Хариуцагч У.М нь дээрх гэрээг байгуулаагүй, урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөг төлөөгүй, 2 ширхэг тракторыг хүлээн аваагүй хэмээн маргаж гэрээ болон гэрээ байгуулахад бүрдүүлэн өгсөн төлбөрийн баримтууд дахь гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 40 дугаартай дүгнэлтээр ...Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 03 сарын 14-ний огноотой Орлогын мэдүүлэг гэх баримтын баруун доод хэсэгт Харилцагчийн гарын гэсний ард, Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ гэх баримтын баруун доод хэсэгт У.М гэсний урд зурагдсан байх уншигдах бүтэцтэй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн У.М....ын гэх уншигдах бүтэцтэй гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэжээ.

 

Мөн хариуцагчаас гэрээ, төлбөр төлсөн баримт, техник тоног төхөөрөмжийг хүлээн авсан гэх баримтуудад бичигдсэн худалдан авагчийн гэх 97170055, 93013960 гэсэн үүрэн холбооны дугаарыг эзэмшиж, ашиглаж байгаагүй талаар тайлбарлаж гэрээ байгуулагдах цаг үед дээрх 2 дугаарын эзэмшигчийн талаарх лавлагааг шүүхийн журмаар гаргуулсан.

Жимобайл ХХК-ийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 7231 тоот лавлагаагаар 93013960 дугаар нь 2007.07.08-2009.06.10-ны өдөр хүртэлх хугацаанд Төв аймгийн Батсүмбэр сумын Төрийн удирдлагын газрын нэр дээр ашиглагдаж байсан, 97170055 дугаарыг Баянхонгор аймаг Гурван булаг сум 1-р багт оршин суух Б.Д /РД:...../ 2015.11.21-ний өдрөөс эзэмшиж байгаа болох нь тогтоогдов.

Хариуцагч өөрийн иргэний үнэмлэхийг гээгдүүлсэн байсан талаар мөн тайлбарлаж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн хариуцагч У.М...ын 2012 оны 05 сарын 16-ны өдөр олгож, 2023 оны 03 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй иргэний үнэмлэхийг У.М нь 2019 оны 01 сарын 09-ний өдөр шинээр авсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 10/2321 дугаар албан тоот, түүний хавсралтаар нотлогдов.

 

7.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурж, эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж тооцохоор заасан. Дээр дурдсанаар талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээнд хариуцагчийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй, гэрээнд зурагдсан гарын үсэг У.М...ын гарын үсэгтэй тохирохгүй, түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагчид 2 ширхэг тракторыг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байна.

 

8.Тиймээс хариуцагч У.М...д холбогдох Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Х нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч У.М....аас 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Х нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.


       

 


 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.УРАНЗУЛ