| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2021/03261/И |
| Дугаар | 184/ШШ2022/01042 |
| Огноо | 2022-03-30 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2022/01042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ....дугаар хороо, Ногоон чулуут .... дугаар гудамж, .... тоот хаягт байрлах, М ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .... дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байр хаягт байрлах, Н холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулж, 2021 оны 08 сарын 24-ний өдрийн 20390936/08 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, А.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т, шинжээч Ц.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00323 дугаар захирамжаар М ХХК, Л.Ж, Н.М нараас 100,348,103 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 сарын 23-ны өдрийн 4-136/18118 дугаартай мэдэгдлийн дагуу үнэлгээтэй танилцсан. М ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Ш маркийн сүлжмэлийн машиныг 14,164,933 төгрөгөөр, Н.М....ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046340 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Хүннүгийн гудамж, .... дугаар байрны ..... тоотод байрлах 42,6 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 96,144,191 төгрөгөөр Дамно ХХК нь 2021 оны 09 сарын 22-ны өдрийн Ш21-12 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж үнэлсэн. Хөндлөнгийн шинжээч нь сүлжмэлийн машиныг зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлж, Япон улсад үйлдвэрлэсэн машиныг Хятад улсад үйлдвэрлэсэн сүлжмэлийн машинтай харьцуулан үнэлгээ гаргасныг зөвшөөрөхгүй байна. Мөн Н.М....ын өмчлөлийн орон сууцыг үнэлэхдээ анх энэхүү орон сууцыг хэдэн онд, хэдэн төгрөгөөр авч байсныг тодруулаагүй, Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны орчимд байрлах объектуудтай харьцуулан үнэлгээг тогтоохдоо тухайн орон сууцны автобусны буудалтайгаа ойрхон, сургууль цэцэрлэгийн хажууд, хотын аль зэрэглэлийн бүсэд хамаарч байгаа эсэхийг тодруулалгүйгээр үнэлгээг үнэлсэн байна. Тус орон сууцны 42.6 м.кв гэх талбайн хэмжээ нь үүдэн хэсгийн коридор, ариун цэврийн өрөө, гадаа тагтны хэмжээ ороогүй. Гэтэл үнэлгээчин энэхүү талбайн зөрүүг бодож гаргасан эсэх нь эргэлзээтэй, гаргасан бол түүнийг нотлох баримтыг тус тайланд хавсаргаагүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр орон сууцыг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс дээрх хөрөнгүүдийг хэт бага үнээр үнэлсэн гэж байна. Иймд М ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Ш маркийн сүлжмэлийн машин, Н.М....ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045340 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Хүннүгийн гудамж, .... дугаар байр, .... тоотод байрлах, 42.6 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээч Дамно ХХК-ийн 2021 оны 09 сарын 22-ны өдрийн Ш21-12 дугаартай үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. 2021 оны 08 сарын 24-ний өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 136 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Б нь 20390936/8 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг үйлдсэн. Тус эд хөрөнгө хураах тогтоол нь Япон улсад үйлдвэрлэсэн Шима Сейки сүлжмэлийн машиныг хураан авсан юм. Тус сүлжмэлийн машин нь манай байгууллагын амин чухал тоног төхөөрөмж ба энэхүү машин ажиллаж байж манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа үргэлжлэх боломжтой юм. Эд хөрөнгө хураах тогтоол үйлдсэнээс хойш дээрх сүлжмэлийн машиныг ашиглах боломжгүй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ажлын байранд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авч болохгүй гэж заасан байхад энэхүү заалтыг зөрчиж эд хөрөнгө хураан авах тогтоол үйлдсэн нь хууль зөрчиж байна. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 136 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Б....гийн 2021 оны 08 сарын 24-ний өдрийн 20390936/08 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 24-ний өдрийн 323 дугаар шийдвэрээр М ХХК, Л.Ж нараас 100,348,103 төгрөг гаргуулж Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн. Тус газар гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 09 сарын 24-ний өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч М ХХК, тус компанийн гүйцэтгэх захирал Л.Ж нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг 2020 оны 10 сарын 16-ны өдөр мэдэгдлээр мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй болно. Төлбөр төлөгч М ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Н.М....ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200 дугаар байр, .... тоотод байрлах 42.6 м.кв 2 өрөө орон сууц, тус компанийн эзэмшлийн бүрэн автомат нэхмэлийн машиныг битүүмжлэн, хураан авсан. Хураасан эд хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад М ХХК, Л.Ж нар 220,000,000 төгрөгөөр, нэхмэлийн машиныг 80,000,000 төгрөгөөр, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Н.М 250,000,000 төгрөг, төлбөр авагч Голомт банк зах зээлийн үнээс өндөр байх тул шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан тул ШШГТХуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг шинжээчээр томилоход дээрх орон сууцыг 96,144,191 төгрөгөөр, нэхмэлийн машиныг 14,164,933 төгрөгөөр тус тус үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч М ХХК, Л.Ж нарт 2021 оны 09 сарын 23-ны өдрийн 4-136/18118 дугаар мэдэгдлийг өөрийн биеэр ирж гардан авч үнэлгээтэй танилцсан. Өмчлөгч Н.Мт дамжуулж өгөхийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г....т 2021 оны 09 сарын 24-ний өдрийн 4-136/18116, 4-136/18117 дугаар мэдэгдлийг тус тус гардуулан өгсөн болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан. Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцаа хөрөнгө дээр нь ажиллагаа явуулах учир хуулийн дагуу ажиллагаа явагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021.09.23-ны өдрийн 4-136/18118 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар, тус шүүхийн 2019. 01.24-ний өдрийн 184/ШШ2019/00323 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.10.14-ний өдрийн 4-136/19681, мөн өдрийн 4-136/19682 дугаартай мэдэгдэл, 2013.09.09-ний өдрийн 19 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 4 хуудас фото зураг,
Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариуцагчийн итгэмжлэлүүд, тус шүүхийн 2019.01.24-ний өдрийн 184/ШШ2019/00323 дугаартай шийдвэр, 2020.06.17-ны өдрийн 184/ГХ2020/00812 дугаартай гүйцэтгэх хуудас, хариуцагчийн 2020.09.24-ний өдрийн 20390936 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, 2020.12.25-ны өдрийн Н.Маас Г.Г...т олгосон итгэмжлэл, хариуцагчийн 2021.01.25-ны өдрийн 4-136/1232 тоот албан бичиг, 2021.01.27-ны өдрийн 20390936/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, мөн өдрийн 20390936/07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2021.02.01-ний өдрийн 8/155 тоот албан бичиг, 2013.01.24-ний өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, тус шүүхийн шүүгчийн 2021.04.12-ны өдрийн 184/ШЗ2021/04298 дугаартай захирамж, 2021.08.24-ний өдрийн 20390936/08, 20390936/09 дугаартай эд хөрөнгө хураах тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, хариуцагчийн 2021.08.30-ны өдрийн 4-136/15961, 4-136/15962, 4-136/15963 дугаартай мэдэгдэл, 2021.09.01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, нэхэмжлэгчийн 2021.09.16-ний өдрийн албан бичиг, 2021.09.08-ны өдрийн Н.Мын хүсэлт, 2021.09.15-ны өдрийн П.Бямбасүрэнгийн хүсэлт, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.09.20-ны өдрийн 9/228 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, Дамно ХХК-ийн 2021.09.22-ны өдрийн Ш21-12 тоот үнэлгээний тайлангийн хуулбар, Дамно ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2021.09.23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, хариуцагчийн 2021.09.23-ны өдрийн 4-136/18118, 4-136/18119, 2021.09.24-ний өдрийн 4-136/18116, 4-136/18117 дугаартай мэдэгдлүүд, 2021.09.28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
Шүүхийн журмаар дараах баримтыг цуглуулсан. Үүнд: Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022.01.17-ны өдрийн 63 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, тус шүүхийн 2022.03.29-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /нэхэмжлэгчээс ирүүлсэн 4 хуудас фото зурагт/ зэрэг бичмэл баримтуудыг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч М ХХК нь Н /цаашид ....гэх/-т холбогдуулан Дамно ХХК-ийн 2021 оны 09 сарын 22-ны өдрийн Ш21-12 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 136 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Б....гийн 2021 оны 08 сарын 24-ний өдрийн 20390936/08 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, талууд маргав.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
5.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00323 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 544 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 сарын 24-ний өдрийн 001/ХТ2020/0016 дугаар тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 184/ГХ2020/00812 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн НШШГГ нь 2020 оны 09 сарын 24-ний өдөр 20390936 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.
Төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2019/00323 дугаар шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох Япон улсад үйлдвэрлэсэн шима сэйки маркийн сүлжмэлийн машин, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046340 дугаарт бүртгэлтэй, Н.Мын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо, 13311, Хүннүгийн гудамж .... дугаар байрны .... тоотод байрлах, 42,6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 20390936/06, 20390936/07 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021оны 08 сарын 24-ний өдрийн 20390936/08, 20390936/09 дугаар тогтоолоор хураасан байна.
Н...аас хураагдсан эд хөрөнгийн үнийн саналыг ирүүлэх тухай мэдэгдлийг 2021 оны 08 сарын 30-ны өдөр эд хөрөнгө өмчлөгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Н.М нь улсын бүртгэлийн Ү-2204046340 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч нь шима сэйки маркийн сүлжмэлийн машиныг 80,000,000 төгрөг, орон сууцыг 220,000,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.
6.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр авагч Г ХХК нь эрх бүхий хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээг гаргуулах тухай хүсэлт гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т зааснаар 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 9/228 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор хураагдсан эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр Дамно ХХК-ийг томилжээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх талаар заасан бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чзадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар хуульчилжээ.
Хариуцагч НШШГГ-аас нотлох баримтаар ирүүлсэн 2021 оны 09 сарын 20-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Дамно ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээс үзэхэд Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон атлаа хөрөнгийн үнэлгээчин Ц.Т баримтуудад гарын үсэг зурж, хувийн тамгаар баталгаажуулсан, шинжээч, үнэлгээчин нь тухайн байгууллагын эрх бүхий шинжээч мөн эсэхийг урьдчилан тодруулаагүй, Эрүүгийн хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинжээчид холбогдох заалтыг танилцуулсан баримтыг хавсаргана гэсэн байх боловч хууль сануулсан баримт авагдаагүй, мөн 2021 оны 09 сарын 20-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол-ыг 2021 оны 09 сарын 15-ны өдөр шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт үйлдэн хүлээлгэн өгсөн зэрэг нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Түүнчлэн Дамно ХХК-ийн 2021 оны 09 сарын 22-ны өдрийн Ш21-12 тоот тайланд төлбөрт хураагдсан шима сэйки маркийн сүлжмэлийн машиныг БНХАУ-д үйлдвэрлэсэн машинтай харьцуулсан талаар тодорхойлж, нэхэмжлэгч нь ...сүлжмэлийн машиныг зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлж, Япон улсад үйлдвэрлэсэн машиныг Хятад улсад үйлдвэрлэсэн сүлжмэлийн машинтай харьцуулан үнэлгээ гаргасныг зөвшөөрөхгүй... хэмээн гомддог бөгөөд шүүх хуралдаанд шинжээч Ц.Т тайлбарлахдаа ...БНХАУ... гэж бичигдсэн нь техникийн алдаа байсан, Япон улсад үйлдвэрлэсэн машинтай харьцуулсан хэмээн тайлбарладаг. Мөн төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргахдаа ...Баянзүрх дүүргийн .... дугаар хороо орчимд байрлах 2 объекттой харьцуулсан хэмээн харьцуулах хөрөнгийн цахим орчинд байрлах линкийг тусгажээ. Шинжээч тайлбарлахдаа ...тухайн линкээр ороод үзэхэд Олимп хорооллын 2 орон сууц байгаа хэмээн мэдүүлдэг. Дээрх тайлангаас үзэхэд шима сэйки маркийн сүлжмэлийн машиныг тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1.хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3.хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчээс хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг 124,818,000 төгрөгөөр, шима сэйки маркийн сүлжмэлийн машиныг 46,000,000 төгрөгөөр үнэлсэн, нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтаар Олимп хотхонд 42м2 орон сууц 142,000,000 төгрөг, 48.4м2 орон сууц 160,000,000 төгрөг, шима сэйки маркийн сүлжмэлийн машин 15,500,000, 17,000,000 USD үнэтэй байгаа талаар www.unegui.mn, www.alibaba.com цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан. Дамно ХХК-ийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх хөрөнгийг 96,144,191 төгрөг, сүлжмэлийн машиныг 14,164,933 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн баримт, мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлан зэргээр нэхэмжлэгчийн зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх гомдол үндэслэлтэй байж болохоор байна.
7.Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 сарын 24-ний өдрийн 20390936/08 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагын тухайд.
Н...-ын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 сарын 24-ний өдрийн 20390936/08 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан шима сэйки SES-122-S маркийн №7623 дугаартай сүлжмэлийн машиныг хураан авч, төлбөр төлөгч Л.Жын хадгалалт, хамгаалалтад үлдээжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4.Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно, 44.6.Ахлах шийдвэр гүйцэтгэгч талуудаас ирүүлсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд гүйцэтгэсэн арга хэмжээг хүчингүйд тооцохоор хуульчилсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс 20390936/08 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолд гомдож ахлах шийдвэр гүйцэтгэгчид хэд хэдэн удаа бичгээр гомдлоо гаргасан боловч хариу өгөөгүй гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн 20390936 дугаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгт түүний гаргасан гомдол авагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг байх бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
8.Дээр дурдсан үндэслэлээр Дамно ХХК-ийн 2021 оны 09 сарын 22-ны өдрийн Ш21-12 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлээс шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 сарын 24-ний өдрийн 20390936/08 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Н газарт холбогдох М ХХК-ийн нэхэмжлэлээс Дамно ХХК-ийн 2021 оны 09 сарын 22-ны өдрийн Ш21-12 тоот үнэлгээг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 сарын 24-ний өдрийн 20390936/08 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ