Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 1273

 

 

 

 

 

 

    2020            9             29                                       2020/ДШМ/1273                                                 

 

 

                                       Д.Д од холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч Г.Ганхуяг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/603 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч Г.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Д-д холбогдох эрүүгийн 1811010770441 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Д.Д, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, эхнэр, 3 хүүхэд, 6 зээ нарын хамт ............... оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, РД:

 

Д.Д  нь “Хятад улсаас санхүүжилт авах гэж байгаа, санхүүжилтийг оруулахын тулд мөнгө хэрэгтэй болоод байна, 3 хоногийн дараа мөнгө орж ирнэ, 3 хоногийн хугацаатай 25.000.000 төгрөг зээлчих, 3 хоногийн дараа буцаагаад 40.000.000 төгрөг болгож өгнө, мөнгө бүтэх юм бол чамд 700.000.000 төгрөг зээлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Ч.Г гээс 25.000.000 төгрөгийг танил С.Н ийн дансаар 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Туул рестораны хойд талд байрлах Хаан банкны АТМ-с өөрийн 50299334.. данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Д ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Д.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг залилан мэхэлж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-д 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д-с нийт 24.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Г-д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Д.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч Г.Ганхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Д нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 24.000.000 төгрөг. Шүүгдэгч Д.Д  нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж байсан. Хүндэтгэн үзэх тодорхой шалтгааны улмаас уг хохирлыг барагдуулаагүй байсан нь хэргийн баримтаар нотлогддог ба гомдол гаргаж буй энэ өдрийн байдлаар тэрээр хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан.

Хохирогч Ч.Г  нь тайлбар, хүсэлтдээ миний зөрчигдсөн эрх сэргээгдсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, өндөр настай болсон, хохирол барагдуулсан зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

Шүүгдэгч Д.Д  нь одоо 66 настай, зүрх, бөөр болон ясны сийрэгжилтийн өвчний улмаас байнга өвдөлт, зовиуртай байдаг, одоо хорих 409-р ангийн эмчийн хяналтанд эмчилгээ хийлгүүлж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Д.Д од оногдуулсан 1 жилийн хорих ялыг хүчингүй болгож, түүнийг 450 нэгжийн хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Прокурор М.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэж байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шинж хангагдаагүй байсан тул шүүхээс шүүгдэгч Д.Д-д хорих ял оногдуулсан. Өнөөдрийн байдлаар хохирол төлбөрөө төлсөн гэж байна. Баримтаа гаргаж өгсөн байна. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. Ял шийтгэл оногдуулсны дараа хохирлоо төлсөн асуудал нь ял хөнгөрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Д.Д  нь “Хятад улсаас санхүүжилт авах гэж байгаа, санхүүжилтийг оруулахын тулд мөнгө хэрэгтэй болоод байна, 3 хоногийн дараа мөнгө орж ирнэ, 3 хоногийн хугацаатай 25.000.000 төгрөг зээлчих, 3 хоногийн дараа буцаагаад 40.000.000 төгрөг болгож өгнө, мөнгө бүтэх юм бол чамд 700.000.000 төгрөг зээлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Ч.Г-с 25.000.000 төгрөгийг танил С.Н-н дансаар 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Туул рестораны хойд талд байрлах Хаан банкны АТМ-с өөрийн 50299334.. данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Г-н “...Д.Д нь “Хятад улсаас санхүүжилт авах гэж байгаа, санхүүжилтыг оруулахын тулд мөнгө хэрэгтэй болоод байна, 3 хоногийн дараа мөнгө орж ирнэ, 3 хоногийн хугацаатай 25.000.000 төгрөг зээлчих, 3 хоногийн дараа буцаагаад 40.000.000 төгрөг болгож өгнө, мөнгө бүтэх юм бол чамд 700.000.000 төгрөг зээлнэ” гэж хэлсэн. Тэгээд би итгээд 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр “Эх ган” ХХК-ийн данснаас интернет банкаар 20.000.000 төгрөгийг, 5.000.000 төгрөгийг охин болох Хулангийн Хаан банкны данснаас мобайлаар Н-н дансанд тус тус шилжүүлсэн. Д нь Н-н данснаас гаргаж авсан. Тэгээд мөнгө шилжүүлснээс хойш 3 хоногийн дараа Д-н дугаар луу залгаж мөнгөө нэхэхэд “одоо өгөх гэж байна, байж байгаарай” гэнэ, сүүлдээ утасаа авахаа байж байгаад, одоо өгнө гээд янз бүрээр мессеж бичээд сүүлдээ алга болсон. Би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр найз Н-р дамжуулж Т гэдэг хүнтэй танилцаад 15.000.000 төгрөг зээлсэн. Т нь тухайн үед надад зээл гаргаж зохицуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд би 15.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг Түвшинцэнгэл нь 2019 оны 4 дүгээр сарын эхэнд Нарангэрэлд өгсөн байсан ба тухайн үед Н нь Д-д өгсөн байна. Д нь “надад Н, Т нар хамаагүй, 15.000.000 төгрөгийг би өөрөө төлж өгөх болно” гэж баримт бичиж өгсөн. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш Д.Д той холбоо тасарсан. Одоо хүртэл холбогдож чадаагүй. ...” /хх-51/,

гэрч С.Н ийн “...2018 оны 1 дүгээр сарын эхэнд танил ах болох Д.Д  надтай уулзаад “би урдаас хэдэн машин оруулах гээд байна, мөнгө хэрэгтэй байна, туслаад өгөөч” гэсэн. Тэгээд би “за тэгвэл нэг эгчдээ хэлээд олж өгье, та итгэл найдвар алдаж болохгүй шүү” гэсэн. Тэгсэн чинь Д “би 3-4 хоногийн дотор буцаагаад хүүтэй өгнө” гэж байсан. Тэгээд би танил эгч болох Г гэдэг хүнийг олж өгөөд Г-с 25.000.000 төгрөг авч өгсөн. Тухайн үед би Г-с 25.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлж аваад тэр өдөр нь шууд Туул рестораны хойд талд байрлах Хаан банкны АТМ-аас Д-н өгсөн дансанд шилжүүлж өгсөн байсан. Тэрнээс хойш Д нь хугацаандаа мөнгө өгөөгүй ба “мөнгө бүтэхгүй байна, удахгүй ажил бүтэхээр хэлсэн тохиролцсоны дагуу мөнгийг өгнө” гээд Гэрлээ бид хоёртой уулзаад яваад байсан ба сүүлд 2019 оны 3 сараас хойш уулзахгүй алга болсон. Тэгээд холбоо тасарсан юм. ...” /хх-38/,

гэрч Б.Н-н: “...2017 оны 12 дугаар сарын сүүлээр Д надад мөнгө хэрэгтэй байна гээд 22.000.000 төгрөг зээлсэн байсан юм. Тэгээд 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Д надаас зээлсэн мөнгөө буцааж өгсөн. ...” /хх-46-47/ гэх мэдүүлгүүд,

- Д.Д ын өгсөн 50299334.. дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-111-113/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д ын “Хятад улсаас санхүүжилт авах гэж байгаа, 3 хоногийн дараа 40.000.000 төгрөг болгож өгье, мөнгө бүтвэл 700.000.000 төгрөг зээлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Түүнчлэн, шүүхээс Д.Д од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганхуягаас “...Д.Д ын хувийн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн торгох ялаар солих, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, шүүгдэгч Д.Д  нь урьд 3 удаа ял шийтгэгдсэний дотор энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.Д ын урьд ял шийтгүүлсэн талаар бичихдээ ял шийтгүүлсэн оныг зөрүүтэй бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.

Мөн шүүгдэгч Д.Д  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 24.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/603 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д ын өмгөөлөгч Г.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Д  нь хохирогч Ч.Г д 24.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР