| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/05388/И |
| Дугаар | 001/хт2026/00079 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 001/хт2026/00079
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/08149 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/02202 дугаар магадлалтай,
А.Э-ий нэхэмжлэлтэй,
ШШГГ-т холбогдох,
Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2025.03.13-ны өдрийн 9900 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч А.Э-ий хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч ШШГГ-т холбогдуулан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2025.03.13-ны өдрийн 9900 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/08149 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-ээс хариуцагч ШШГГ-т холбогдуулан гаргасан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025.03.13-ны өдрийн 9900 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/02202 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/08149 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч А.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ...Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.13-ны өдрийн 192/ІІІІІІ2025/08149 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.12.17-ны өдрийн 02202 тоот магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Талуудын маргаагүй үйл баримтыг дүгнэсэн, талуудаас тодруулаагүй зүйлээр хэргийг шийдвэрлэсэн тухайд,
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ... нэхэмжлэгч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг 2025.04.16-ны өдөр хүлээн авснаар хойш 14 хоногийн дотор буюу 2025.04.30-ны өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй атал хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, хугацааг хэтрүүлсэн, гомдол гаргах үйл явц шүүхээс шалтгаалаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь анхан шатны шүүх хуралдаан даргалагч 2025.10.13-ны өдрийн шүүх хуралдаан дээр “хариуцагчийн төлөөлөгчөөс гомдол гаргасан хугацааны хувьд саналтай юу? маргадаг эсэх” талаар асуухад хариуцагчийн төлөөлөгч “маргаан байхгүй, маргадаггүй” гэж хариулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны энэ хэсэгт ороогүй, буруу тэмдэглэгдсэн үндэслэлээр тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг өгсөн боловч шүүгч захирамжаар хүсэлтийг хангаагүй. /тэмдэглэлийн 6 дахь тал/. Нэгэнт талуудын маргаагүй буюу хариуцагч хугацаандаа гомдол гаргасан гэж ойлгож тайлбарлаж байхад шүүх талуудын бүрэн эрхийн зарчимд халдаж хөндлөнгийн байр сууриа алдаж, дур мэдэн хуралдааны тэмдэглэлийг бодит байдлаас зөрүүтэйгээр албажуулан байж үндэслэлээ зөвтгөсөн. Мөн хугацаандаа гомдол гаргасан эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулаагүй, энэ талаар хавтаст хэрэгт болон хавтас хэрэгт авагдаж болох нотлох баримтыг тодруулаагүй. Энэ нь хэргийг урьдчилан шийдвэрлэсэн байсан гэх эргэлзээ, үндэслэлийг бүрдүүлж байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа “... Нэхэмжлэгч нь гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тогтоолд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасны хариуг 2025.04.22-ны өдөр өгснөөс хойш 14 хоногийн дотор буюу мөн оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дотор гомдол гаргах байтал 2025.05.07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хугацаанаас тоолбол шүүхэд гомдол гаргах хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн, хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй” гэжээ. Энэ байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь тодруулаагүй дүгнэлт өгсөн нь шүүх хурлын тэмдэглэлд тус тус тэмдэглэгдсэн.
Мөн магадлалын 5.1-д хэргийн баримтаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025.03.13-ны өдрийн №9900 дугаар тогтоолыг төлбөр төлөгч А.Э-ий итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025.04.01-ний өдөр цахимаар танилцуулж, 2025.04.16-ны өдөр гардуулсан нь шийдвэр гүйцэтгэгчийн 2025.04.16-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон. Уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т нийцсэн, энэ талаар талууд маргахгүй байна гэжээ. Дээрх хэсгийн 2025.04.01-ний өдөр цахимаар танилцуулсан гэдгийг шүүх ямар баримт үндэслэж, улмаар талуудаас энэ талаар тодруулаагүй зүйлд дүгнэлт өгсөн нь ойлгомжгүй байна. Мөн уг магадлалын 4.1-д дурдсанаар “иргэний гадаадад явах, эх орондоо буцаж эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлах бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч А.Э-ийг гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тогтоол ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй байх боловч нэхэмжлэгч нь тус хуулиар түдгэлзүүлэх эрх олгосон этгээдийн шийдвэрийн талаар хуульд заасан хугацааны дотор гомдол гаргах эрхтэй тул үндсэн эрхийг хязгаарлаж буй учир хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.” гэжээ.
Шүүх үйл баримт эрх зүйн хэм хэмжээг үндэслэж үндэслэл бүхий хууль зүйн болон үйл баримтын дүгнэлтийг хийх учиртай. Энэ байдлыг хэргийн оролцогч нар шударга ёсны зүгээс хүлээж байдаг. Харамсалтай нь “гомдол гаргах эрхтэй тул үндсэн эрхийг хязгаарлаж буй учир хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй” гэсэн нь хэм хэмжээг хэрхэн ойлгож онолын болон хуулийг тайлбарласан нь ойлгомжгүй байна.
Гомдол гаргах хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн тухайд дараах үндэслэлээр хэтрүүлээгүй гэж үзэж байна. Үүнд, Мөн Улсын дээд шүүхийн үндсэн эрхийн талаар хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэгдэхгүй талаар жишиг тайлбар, тогтоол байдаг боловч үүнийг үл харгалзан хууль үзэл баримтлалаас эсрэг тайлбарлаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч хуулийн хугацаанд гомдол гаргасан байдаг бөгөөд хуульд заасан журмын талаар гомдол гаргаж хариу авч зөрчигдсөн эрх сэргээгдээгүй тул шүүхэд хандсан. Шүүх энэ талаар цаг хугацаа, нөхцөл байдлын зүй тогтлыг тодруулалгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд аливаа этгээд ханддаг. Хуулийн хугацаанд шүүхэд хандах нь хөөн хэлэлцэх онолын хувьд 2 ач холбогдолтой. Нэгд, нөхцөл байдлыг нөхөн тогтоох боломж Хоёрт, зөрчигдсөн этгээд эрхээ сэргээлгэх хүсэл байгаа эсэхийн хэмжүүр юм. Нэхэмжлэгчийн тухайд өнөөдрийг хүртэл хууль зөрчиж гарсан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025.03.13-ны өдрийн 9900 дугаар тогтоолоор зорчих эрх нь хязгаарлагдсаар байна. Мөн холбогдох албан тушаалтан байгууллага зэрэгт гомдлоо гаргаж байсан нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх туйлын хүсэлтэй байдлыг илтгэнэ. Мөн зорчих эрх бол үндсэн эрх бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад хамгаалагдсан эрх болно.
Дээрхээс үзвэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт байхгүй баримтыг үндэслэх, талуудын маргаагүй зүйлд дүгнэлт хийх, улмаар талуудаас тодруулаагүй зүйлд дүгнэлт өгч маргаагүй гэж шууд тайлбарлах байдлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талуудын бүрэн эрхийн зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал, хариуцагчийн хугацааны талаар маргаагүй зүйлд шүүх дүгнэлт өгөх замаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж, үндсэн эрх зөрчигдсөн үед хөөн хэлэлцэх хугацааны тоологдохгүй байх жишиг, хугацаандаа гомдол гаргасан байхад цахимаар мэдэгдсэн гэх тогтоогдоогүй үйл баримтыг дүгнэсэн зэрэг үйл баримт болон хууль хэрэглээ, тайлбарын алдаатай, зөрчилтэй зүйлс магадлалд үндэслэгджээ. Мөн хилийн хориг авсан шийдвэр гүйцэтгэлийн арга хэмжээ хууль зөрчсөн гэж шийдвэр, магадлалд дүгнэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангахгүй орхиж байгаад тус тус гомдолтой байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.12.17-ны өдрийн 02202 тоот магадлалыг өөрчилж, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025.03.13-ны өдрийн №9900 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгч А.Э-ий хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.03.19-ний өдрийн 001/ШХТ2026/00271 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч А.Э-ий хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч А.Э- нь хариуцагч ШШГГ-т холбогдуулан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2025.03.13-ны өдрийн 9900 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Хуульд заасан эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийгээгүй, хөрөнгөө нуун дарагдуулаагүй, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал үүсээгүй байхад миний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Би төлбөрийг сайн дураар төлөхөөр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө санал болгосон ба ... нийт 435,000,000 орчим төгрөгийн төлбөрт 3.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн. ...Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025.03.13-ний өдрийн 9900 дугаар тогтоолыг 2025.04.16-ны өдөр дуудаж гардуулан өгч, хүлээн авсан. ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч ШШГГ- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…А.Э-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2025.01.10-ны өдөр үүсгэсэн, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлүүдийг 2025.01.16, 2025.02.07, 2025.02.26-ны өдөр тус тус гардуулж өгсөн байдаг. Тус хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу 50,000,000 төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэх үндэслэлээр гадаад улсад зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн. Тогтоолыг 2025.04.16-ны өдөр хуулбар үнэн дарж гардуулж өгсөн. ...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд уг тогтоолыг хариуцагч талд мэдэгдэх ажиллагаа хуульд заасны дагуу хийгдсэн байна. Харин хариуцагч байгууллага хуулийг тайлбарлан хэрэглэхдээ үгийн шууд утга болон хуулийн зорилго, хуулийн урьдчилсан нөхцөлийг анхаараагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба ... эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэх урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй байхад тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ... Нэхэмжлэгчээс гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025.03.13-ны өдрийн 9900 дугаар тогтоолтой танилцсан байдал, 2025.04.16-ны өдөр гардан авсан хугацаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025.05.07-ны өдөр гаргасан нэхэмжлэл, түүнийг шийдвэрлэсэн 2025.05.14-ний өдрийн шүүгчийн захирамж, мөн тус шүүхэд 2025.05.15-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдал, 2025.05.22-ны өдрийн шүүгчийн захирамж, 2025.06.06-ны өдөр гаргасан нэхэмжлэл зэргээс үзэхэд тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчсөн буюу хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т зааснаар ... нэхэмжлэгч нь эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэх урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй байхад тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй. ... Нэхэмжлэгч нь гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тогтоолд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасны хариуг 2025.04.22-ны өдөр өгснөөс хойш 14 хоногийн дотор буюу мөн оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дотор гомдол гаргах байтал 2025.05.07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ... гомдол гаргах хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн, хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагааны талаар эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах журам зөрчсөн тул ... нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр хуульд нийцээгүй боловч төлбөр төлөгчөөс уг шийдвэрт гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, адил шийдэл гаргасан боловч хугацааг тодорхойлсон үйл баримтыг өөрөөр тогтоосон байхаас гадна хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэх талаар хууль хэрэглээний нэгдмэл байдлын үүднээс хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
12. Хэрэгт авагдсан баримтаар Ч.Г нь А.Э-д холбогдуулан 435,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.31-ний өдрийн 102/ШШ2024/02893 дугаар шийдвэр, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.27-ны өдрийн 210/МА2024/01838 дугаар магадлалаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Э-ээс 435,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-т олгохоор шийдвэрлэсэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.31-ний өдрийн 102/ШЗ2025/00331 дүгээр шүүгчийн захирамжаар магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2024.12.31-ний өдрийн 102/ГХ2025/00064 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025.01.10-ны өдрийн 25250168 дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагаа явагдаж байгаа тухай үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоосон.
Улмаар шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч А.Э-ий гадаадад зорчих эрхийг түдгэлүүлэх тухай саналыг ШШГГ-т хүргүүлснээр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025.03.13-ны өдрийн “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” 9900 дугаар тогтоолоор А.Э-ий гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байна.
13. Нэхэмжлэгчээс дээрх тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг зөрчсөн тухай гомдол гаргаж, хариуцагч 50,000,000 төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэсэн үндэслэлээр маргажээ.
14. Хоёр шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгч А.Э-ий гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл журмыг зөрчсөн талаарх дүгнэлт нь үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.
15. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1, 59.1.2, 59.1.3 дахь хэсэгт тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгч нь эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй тохиолдолд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болохыг заажээ.
Энд зааснаас үзэхэд тавин сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий гүйцэтгэх баримт бичигт заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчид гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлэх арга хэмжээг шууд авч болохгүй ба харин эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, эсхүл төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй зөрчлийг гаргасан, уг нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд дээрх арга хэмжээг авна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18-д “... Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй ...” гэж заасан.
Энэхүү үндсэн эрхийг хязгаарлах нөхцөлийг буюу гадаадад зорчих эрхийг тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн хувьд хуульд заасан гурван үндэслэл тогтоогдсон тохиолдолд л түдгэлзүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан байна.
16. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” 2025.01.17-ны өдрийн 142/25250168 дугаар тогтоолоор төлбөр төлөгч А.Э-ий өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн, нэгж талбарын ***, *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай 2025.01.27-ны өдрийн 142/25250168 дугаар тогтоолоор А.Э-ий банк дахь дансыг битүүмжлэх зэрэг ажиллагаа явуулсан атлаа хуульд заасан зөвхөн нэг үндэслэл буюу тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй.
17. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч А.Э-д 2025.01.16-ны өдрийн 01/142 дугаар дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2025.02.07-ны өдрийн 211/7 дугаар зарлан дуудах хуудас, 2025.02.07-ны өдрийн 211/8 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2025.02.26-ны өдрийн 211/21 дүгээр шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч энэ нь төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Зүй нь төлбөр төлөгч хаана амьдарч байгаа нь тодорхой бус, оршин суугаа хаягаа зориуд мэдүүлээгүй, тухайлбал, хөрөнгөө нуусан, орлогоо мэдүүлээгүй зэрэг үйл баримт нь төлбөр төлөхөөс зайлсхийсэнд тооцогдож болно.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-т заасан төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэл нь зөвхөн төлбөр төлөгчийн төлбөрөө төлөөгүй үйлдлээр бус харин төлбөр төлөхөөс зайлсхийх зорилготой тодорхой үйл баримт, шалтгаан нөхцөлд тулгуурласан байхыг хэлнэ.
“Төлбөр төлөгч гадаад улсад албан ёсоор гэрээгээр ажиллах, эсвэл гадаадын зохих байгууллага ажиллуулахаар урьсан, тухайн байгууллага эсвэл өөрөө цалингаасаа төлбөрт тодорхой хэсгийг шилжүүлэх талаар баримт гаргасан зэрэг үйл баримт бий болсон бол төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэх шинжийг үгүйсгэх бөгөөд харин эсрэгээр, тодорхой нөхцөл шалтгаан байгаа нь төлбөр төлөхөөс зайлсхийх зорилготой гэж үзвэл шийдвэр гүйцэтгэгч уг арга хэмжээг авах боломжтой байна.”[1] (Д.З ба ШШГГ-, 182/2023/02725/И, УДШ (Иргэний хэргийн танхим) 001/ХТ2024/00042)
Иймээс шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан аль нэг үндэслэлийг тогтоохгүйгээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх санал гаргасан байхад ерөнхий шийдвэр гүйцэтгэгч дээрх арга хэмжээг авсныг хуульд нийцээгүй гэж үзнэ.
18. Харин хоёр шатны шүүх нэхэмжлэгч А.Э-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь хуульд нийцээгүй тул дүгнэлтийг залруулж, шийдвэр, магадлалд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.”, “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасан.
Нэхэмжлэгч А.Э Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн “Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” 2025.03.13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2025.03.24-ний өдөр, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх хүсэлтийг 2025.04.02-ны өдөр тус тус гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албанаас 2025.04.02, 2025.04.16, 2025.04.22-ны өдөр тухайн гомдол, хүсэлтийг шийдвэрлэх болон гадаадад зорчих эрхийг сэргээх боломжгүй талаар хариу өгчээ.
Нэхэмжлэгч нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд анх 2025.05.07-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч 2025.05.14-ний өдрийн 191/ШЗ2025/21349 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, үүний дараа 2025.05.15-ны өдөр дахин нэхэмжлэл гаргахад 2025.05.22-ны өдрийн 192/ШЗ2025/23465 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба улмаар 2025.06.06-ны өдөр дахин нэхэмжлэл гаргахад 2025.06.12-ны өдрийн 192/ШЗ2025/26706 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн үйл баримт тогтоогдсон.
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй гомдол гаргах тохиолдолд дээрх хуульд заасан хугацааг баримтлах боловч Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан гомдол гаргах богиносгосон хугацааг баримтлах нь эрх зүйн тохирсон байх зарчимд нийцэхгүй.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18-д зааснаар хүний гадаадад явах, оршин суух үндсэн эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.
Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрсөн гомдлыг хуульд заасан хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн үндэслэл зааж, захиргааны журмаар тогтоолын агуулгыг хянахаас татгалзах нь Үндсэн хуулиар баталгаажсан хүний чөлөөтэй зорчих үндсэн эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах тухай Үндсэн хуульд заасантай нийцэхгүй гэж үзнэ.
19. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч А.Э-ий хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/02202 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/08149 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан А.Э-ий гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2025.03.13-ны өдрийн 9900 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.” гэж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.Э-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Э-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Э-ий хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч А.Э-ий хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.01.27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
[1] (Д.З ба ШШГГ-, 182/2023/02725/И, УДШ (Иргэний хэргийн танхим) 001/ХТ2024/00042)
https://shuukh.mn/single_case/10427?daterange=2024-01-01%20-%202026-04-13&id=3&court_cat=1&bb=1