Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Оролмаа, Д.Буянтогтох /и/ нарын бүрэлдэхүүнтэй  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа Иргэдийн төлөөлөгч Д.Чимгээ

Хохирогч Т.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр

Шүүгдэгч Д.Энхжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт  Дашбалжирын Энхжаргалд холбогдох эрүүгийн 201619000839 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянхангай сум хөшөөт 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Дашбалжирийн Энхжаргал, /РД:НЭ87032895/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Энхжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг, "Цавхангайн хороолол" гэх газарт үйл ажиллагаа явуулах "Магнай трейд" ХХК-ний шатахуун түгээх станцын түгээгчийн байранд Т.Батзаяатай маргалдан зодолдож, улмаар цээж, дал орчимд хоёр удаа хутгалж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогч Т.Батзаяатай найзууд юм. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр найз Батзаяа хүнтэй муудалцсанаас болж надтай маргалдаад намайг газарт унагааж цохиж байх үед ухаан балартсан байснаас болж санаандгүй хутгалсан байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, найзынхаа биед санаатайгаар хүнд гэмтэл учруулаагүй гэв.

 

Хохирогч Т.Батзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Энхбаатар ах бид хоёр Баянхангайн гуанзнаас ус авах гэж хөдөөнөөс орж ирсэн. Тэр үед Д.Энхжаргалтай таарч, Батжаргал дэлгүүрээс нэг шил архи авчирч, Д.Энхжаргал, Т.Батсуурь бид  нар уг архийг хувааж уусан. М.Атарбаяр нэг танихгүй залуутай ирж бид дөрөв 2 том пиво хувааж уусан. Д.Энхжаргал бид хоёр мотоцикльтой колонк орсон. Д.нхжаргал колонкын Т.Ганзориг гэх залуутай намайг муудалцаж байна гэж ойлгоод намайг битгий маргалдаад бай гээд нэг удаа хавсарсан. Би эргүүлээд түүнийг нэг удаа хавсарч унагасан. Ингээд Д.Энхжаргал бид хоёр 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орой 21-22 цагийн үед хоорондоо үл ойлголцон маргалдаж зодолдсон. Д.Энхжаргал намайг хутгалсан гэдгийг би тухайн үед мэдээгүй, колонкоос гараад явж байхад нэг гар даагдахгүй байсан. Би Амгаа гэх айлын гуанзанд орж хувцсаа тайлж хартал хутгалчихсан байсан. Амгаагийнхаас гарч Атараагийнд очиж сумын эмнэлэгт 11 дүгээр сарын 03-нд үзүүлээд маргааш нь гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хутганы үзүүр уушгинд хүрсэн байна гээд гуурс суулгасан. Гуурс тавиулаад 3-4 хоногийн дараа авахуулж, гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан. Би Энхжаргалыг намайг санаатай хутгалсан гэж бодохгүй байна. Санаандгүй л хутгалсан байх. Бид хоёр дотны найзууд. Д.Энхжаргал надад эмчилгээний төлбөр 500.000 төгрөг төлсөн. Одоо надад түүнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, биеийн байдал зүгээр гэв.

 

Гэрч Ч.Алтанзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө манай ээжийн дүү Б.Хишигдорж манай гэрт өглөө их эрт 08 цагийн үед орж ирээд Т.Батзаяа урд шөнө хүнд хутгалуулсан гээд над руу хүн хэлэхээр нь эмнэлэгт дуудлага өгтөл Т.Батзаяаг олоогүй гэсээр ирсэн. Би босоод Б.Хишигдорж ахын хамт Д.Энхжаргалын эхнэр Ч.Ариунзаяа дээр юу болсон талаар асуух гээд ортол Ч.Ариунзаяа надад “энэ хоёр ийм юм болж, манай нөхрийн хөмсөгийг нь зад цохьчихсон байна” гэхээр нь “та нар эмч дуудаад Т.Батзаяаг үзүүлчихгүй яасан муухай юм” гэж хэлээд гарсан. Тэгээд Б.Хишигдорж ахад хэл хүргэсэн Мягмарсүрэн гэх цайны газрын хүүхнийд ороод асуутал Б.Хишигдоржид Т.Батзаяаг хутгалуулсан явж байна гэж хэлсэн. Т.Батзаяа манайд шөнө хүнд хутгалуулчихсан гээд орж ирээд сандал дээр эвхэрч хэвтээд байж байтал Мягмарсүрэнгийн нөхөр нь хөдөөнөөс ирээд хашааны хаалга онгойлгож өгөх гээд гараад орж ирэхэд Т.Батзаяа гараад явчихсан түргэн ирээд олоогүй гэж байсан. Б.Хишигдорж ах авч явсан машиныхаа дугуйг янзлуулаад зогсож байхад хөдөөний Норовоо гэх залуу явж байхаар нь Т.Батзаяаг асуутал М.Атарбаярын гэрт байж магадгүй гэж хэлэхээр нь Б.Хишигдорж ах бид хоёр М.Атарбаярын гэрт очиход Батзаяа архи уусан байдалтай, фудволка нь зүүн талынхаа дал суга орчимоор нь цус болоод хатчихсан биетэй нь наалдчихсан өмсөж явсан дээл хувцасаа тайлаад газар тавьчихсан хэвтэж байхаар нь хувцасыг нь өмсүүлээд Т.Батзаяатай хамт аваад сумын эмнэлэгт ирж П.Лхагвадулам эмчид үзүүлсэн чинь гэмтэл рүү авч яв, дотуур цус алдсан байж магадгүй их зовиуртай байна гээд шархыг нь цэвэрлэж байх хооронд Мөнхбаяр цагдаад утсаар дуудлага өгөөд гэртээ орж ирээд байж байтал Д.Энхжаргал эхнэртэйгээ хамт орж ирэхээр нь хартал Д.Энхжаргалын нүүр ам зүгээр байхаар нь Д.Энхжаргалын эхнэрт нь уурлаад чи чинь манай нөхрийг жигтэйхэн зодчихсон гээд байсан, яасан зүгээр байна гэж уурласан чинь харин тиймээ л гээд байсан. Д.Энхжаргалын баруун талынх нь хөмсөг шалбарсан харагдсан, өөр гэмтэл харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

 

Гэрч М.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би болсон хэргийн талаар бол мэдэхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны орой Улаанбаатар хот руу явахаар Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Баянхангай сумын Магнай трейд шатахуун түгээх станцаас түлш авахаар ирэхэд Т.Батзаяа шатахуун түгээх станцаас төв зам руу ордог зам дээр явган явж байхаар нь уулзахад “чи намайг гуанзан дээр буулгаад өгчих гар өвдөөд байна” гээд шал согтуу байхаар нь унасан юм байлгүй гэж бодоод гуанзан дээр “Таван-Од” дэлгүүрийн үүдэнд буулгаж өгөөд хот руу явсан. Т.Батзаяа хүрэн өнгийн дээлтэй, хар өнгийн түрийтэй гуталтай улаан өнгийн ноосон малгайтай явсан. Зогсоод авахад согтуу намайг бараг танихгүй байсан. Гуанзан дээр буулгаад өгчих гэж гуйхаар нь гуанзан дээр буулгаж өгөөд л явсан. Өөр юм яриагүй буухад нь би хаалгыг нь онгойлгож өгөөд буулгахдаа түшээд зүүн мөрнөөс нь барьсан чинь яая гээд байсан машинд суухдаа өрөөлдөж зүүн мөрөө суудалд хүргэхгүй сууж яваад баруун тал руугаа налаад ханарч суугаад байсан юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

            Гэрч П.Лхагвадулам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Т.Батзаяагийн хамаатны Б.Хишигдорж ах 2016 оны 11 дүгээр сарын 02-ны орой "Таван-Од" гэх нэртэй хүнсний дэлгүүрийн гуанзанд хүнд хутгалуулсан хүн байна гэж утсаар дуудлага өгсний дагуу очиход хутгалуулсан гэх хүн байгаагүй гуанзаар хайгаад олоогүй. Маргааш нь хутгалуулсан Т.Батзаяа гэх залуу Ч.Алтанзул гэх эгчийн хамт 10 цагийн үед эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. Т.Батзаяагийн биеийг үзэхэд биеийн байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн байдалтай Т.Батзаяа юм ярихгүй, өмнөөс нь эгч Ч.Алтанзул яриад гэмтэл рүү явъя гэсэн. Т.Батзаяагийн биеийн зүүн талын уушиг орчимд зүсэгдсэн шарх, зүүн талын далны орчим зүсэгдсэн шархтай байсан шархыг нь цэвэрлэж оёдол тавилгүй боолт хийгээд гэмтэл рүү очиж үзүүл гээд явуулсан. Т.Батзаяа өөрөө эмчилгээ хийлгээгүй, нилээн өвдөлттэй биедээ   хүргэхгүй байсан. 3үсэгдсэн шархны хэмжээг үзлэгээр тогтоосон хоёр шарх хоёулаа 1 см орчим хөндлөн зүсэгдсэн шархтай зоонт хийж үзээгүй. Биедээ хүргэхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Булгансайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Намайг түгээгчийн байранд Т.Батсуурьтай хамт орж ирэхэд Т.Ганзориг ганцаараа сандал дээр сууж байсан. Т.Батсуурь ширээний ард талд суугаад би Т.Ганзоригийн хажуугийн ширээ налаад суусан. Түгээгчийн байранд Д.Энхжаргал, Т.Батзаяа хоёр цувраад орж ирээд Т.Батзаяа Т.Ганзоригийн сууж байсан сандал руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл Т.Ганзориг уурлаж босож ирээд маргалдах гэхээр нь би салгаад суулгасан. Д.Энхжаргал Т.Батзаяад чи зүгээр байгаа хүн өшиглөлөө гэтэл чамд ямар хамаатай юм бэ? Би мэдэж байна гэж маргалдахад Д.Энхжаргал, Т.Батзаяагийн нүүр рүү гараараа цохисон. Т.Батзаяа, Д.Энхжаргалыг барьж аваад хавсраад шалан дээр зэрэг унаад Т.Батзаяа Д.Энхжаргалын дээр нь гараад нүүр рүү гараараа цохисон. Д.Энхжаргал бас гараараа Т.Батзаяаг цохиод хоёр биенээ цохиод байхад би салгах гээд дийлэхгүй. Д.Энхжаргал, Т.Батзаяа хоёр босоод ирэхээр нь би боль гэж хэлээд болихгүй эд зүйлс эвдэж гэмтээчих гээд байхаар нь Т.Батзаяагийн мөр нь дээрээс татаад шанаа орчим нэг удаа цохисон. Д.Энхжаргал дайраад байхаар нь нүүр рүү гараараа нэг удаа цохиход Т.Батзаяа байрнаас гараад явчихсан. Би Д.Энхжаргалыг байрнаас гар гээд хөөсөн боловч гараагүй тэгэхээр нь би Т.Батзаяагийн араас гарсан чинь байрны хажуу талд Портерын тэвшийг налчихсан зогсож байснаа намайг хараад Д.Энхжаргал намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би түгээгчийн байр руу буцаж ороод Д.Энхжаргалд чи Т.Батзаяаг хутгалчихсан юм уу гэж асуусан чинь юм дуугараагүй байсан. Би Д.Энхжаргалд одоо эндээс яв албан газарт гадны хүн хамаагүй байж болохгүй гэж хэлээд явуулах гэсэн чинь өөрөө мотоциклоо барьж чадахааргүй байхаар нь би мотоциклийг бариад Д.Энхжаргалыг гэрт нь хүргэж өгөөд мотоциклийг нь гэрт нь үлдээгээд ажил дээрээ буцаж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

 

Гэрч Т.Батсуурь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би “Магнай трейд” шатахуун түгээх станцаас 09 цагт буучихаад гэртээ амарч байгаад орой 16 цагийн үед үхрээ харахаар мотоциклтой гараад урд гуанзны зам дээр Д.Энхжаргал, Т.Батзаяа хоёртой таарсан. Д.Энхжаргалын мотоцикльтой Т.Батзаяа сундалчихсан онцын шалтгаангүй явж байсан. Д.Энхжаргал нь надад ийшээ гараад ганц юм ууяа гэхээр нь тэгье гээд гуанзаас баруун зүг рүү явж замынхаа урд талд түүхий эд авдаг байсан хуучин байшингийн урд талд нь очиж 3-уулаа мотоциклуудаа тавиад сууцгааж байгаад Д.Энхжаргал өврөөсөө 0.5 литрийн Хараа гэх нэртэй архи гаргаж ирээд мөн баруун талынхаа халааснаас хүрэн өнгийн иштэй жижиг тонгорог гаргаж ирээд усны сав тайрч аяга хийгээд хутгаа буцаагаад баруун талынхаа халаасанд хийчихсэн. Архиа Т.Батзаяа аягалаж, тойрч суугаад юм яриад цаг гаран болж байгаад архи дууссан. Би тэр хоёрт нэг пиво авч өгье гэж хэлээд ганцаараа мотоцикльтой яваад гуанзан дээрээс 2.5 литрийн Боргио пиво аваад буцаж Д.Энхжаргал, Т.Батзаяа хоёр дээр ирээд архи уусан газраасаа урагшаа явж суугаад би тэндээсээ Б.Булгансайхан руу очоод ирье гээд мотоцикльтой явж “Магнай трейд” шатахуун түгээх станц дээр очоод Б.Булгансайхантай уулзаад ганц пиво уух уу гэсэн чинь тэгье гээд би хамт сундлаад Д.Энхжаргал, Т.Батзаяа хоёр дээр очоод миний авч ирсэн пивийг Б.Булгансайхан аяглаад ууцгаасан. Т.Батзаяа, Д.Энхжаргал хоёр мотоцикльтой пиво авчирна гээд гуанз руу яваад 2.5 литрийн Боргио пиво хоёр савыг бариад ирсэн. Тэгэхэд Д.Энхжаргал, Т.Батзаяа хоёрыг дагаж хоёр залуу мотоцикльтой ирээд 6-уулаа суугаад пиво уусан. Д.Энхжаргал, Т.Батзаяа хоёрыг дагаж ирсэн хоёр залуу нэг пивийг уучихаад явлаа гээд явсан. Тэгээд үлдсэн нэг пивоо Б.Булгансайхан, Д.Энхжаргал, Т.Батзаяа бид хэд хувааж ууж дууссан. Би одоо тарцгаая гэхэд Б.Булгансайхан ажил төрөлтөй гээд бүгдээрээ санал нэгтэй тарахаар болоод би Б.Булгансайханыг мотоциклийн ард сундлаад шатахуун түгээх станц руу хүргэж өгөөд түгээгчийн байр руу ороод сандал дээр сууж байтал Д.Энхжаргал, Т.Батзаяа хоёр араас орж ирээд Ч.Ганзоригийг сандал дээр сууж байхад нь сууж байсан сандал руу нэг хөлөөрөө өшиглөсөнөөс үүдэлтэй маргаан болоод Б.Булгансайхан ажлаа зүгээр хийж байгаа хүнийг яаж байгаа юм гарцгаа гэхээр нь би мотоциклоо асаагаад гэртээ хариад унтсан. Маргааш нь худаг дээр ус авахаар явж байтал Т.Батзаяа хүнд хутгалуулсан, шөнө эмнэлэгийн дуудлага ирээд Т.Батзаяаг олсонгүй гэж манай найз М.Гантулга хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

Гэрч М.Гантулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажил дээр ирсэн чинь Т.Батзаяаг Д.Энхжаргалд хутгалуулсан талаар Лхагвадулам эмч надад хэлж байсан. Энэ талаар худаг дээр ус авч яваад Т.Батсуурьтай таараад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

Гэрч Т.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Цавхангай хороололд байдаг “Магнай трейд” шатахуун түгээх станцад түгээгч хийдэг байсан юм. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би ажилдаа 18 цагт ирээд түгээгч Б.Булгансайханаас ээлжээ хүлээн авсан. Шатахуун түгээх станцын урд талд Баянхангай сумын иргэн Т.Батсуурь, Т.Батзаяа, өөр танихгүй залуугийн хамт хоёр мотоцикльтой зогсож байсан. Би ээлжээ хүлээн авч дуусахад Б.Булгансайхан шатахуун түгээх станцын урд талд Т.Батсуурь, Т.Батзаяа өөр танихгүй Шар гэх залуу нартай хамт явсан. Би шатахуун түгээх станц дээр шатахуун түгээх станцын эрхлэгч Цогтгэрэлийн хамт үлдсэн. Орой 22 цаг 30 минутанд эрхлэгч Цогтгэрэл гэр рүүгээ явсны дараа Т.Батсуурь, Б.Булгансайхан, Т.Батзаяа, Шар гэх залуу энэ дөрөв орж ирсэн. Тэгтэл Т.Батзаяа түгээгчийн байранд орж ирэнгүүтэй миний сууж байсан сандал руу хөлөөрөө өшиглөхөөр нь би Батзаяад зүгээр бай гэтэл Т.Батзаяа тосны лангууны хажууд очоод зогссон. Д.Энхжаргал Т.Батзаяаг чи зүгээр байгаа хүнийг яаж байгаа юм бэ гээд Т.Батзаяагийн эрүү рүү нь баруун гараараа цохиод тэр хоёр барилцаад авсан. Т.Батзаяа, Д.Энхжаргал хоёр их хэмжээний согтолттой байсан, би албаны байранд зодолдож болохгүй гэж хэлэхэд миний үгийг тоохгүй байсан. Тэр хоёр хоорондоо барьцалдаад ерөөсөө салахгүй байсан. Б.Булгансайхан тэр хоёрыг нэг нэгээр нь баруун гараараа нүүр рүү нь цохисон. Тэгтэл Т.Батзаяа, Д.Энхжаргал нар хоёр тийшээ салсан. Би гарч бензин өгчихөөд байр руугаа явтал шатахуун түгээх станцын талбай дээр байсан миний автомашины хажууд Т.Батзаяа зогсож байхаар нь очтол Д.Энхжаргал намайг хутгалчихлаа намайг гуанз руу хүргээд өг гэхээр нь би ажилтай байна хэлчихээд байр руугаа ороод Д.Энхжаргалаас Т.Батзаяаг хутгалчихсан юм уу гэж асуухад мотоциклийн түлхүүрээр хатгачихсан юм гээд баруун гартаа мотоциклийн хар түлхүүр барьчихсан сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/

 

 Төв аймгийн Баянхангай сумын эрүүл мэндийн төвийн хохирогч Т.Батзаяад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн хуудас... /хх-ийн 89-92 дугаар хуудас/

 

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 119-112 дугаар хуудас/

 

Гэрч Б.Булгансайханы мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 113-115 дугаар хуудас/

 

Д.Энхжаргалын мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 116-120 дугаар хуудас/

 

Гэрч М.Атарбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай сумын иргэн Жамба над дээр ирээд бид хоёр манайд байж байгаад Баянхангай сумын Цавхангай хороолол гэх газар байдаг Магнай трейд шатахуун түгээх станцаас бензин авах гээд явж байтал тус шатахуун түгээх станцаас баруун тийш хээр газарт Б.Булгансайхан, Т.Батзаяа, Т.Батсуурь, Д.Энхжаргал нар пиво уугаад сууж байсан. Жамба тэд нарт нэг пиво авч өгсөн ба тэр пивийг Жамба бид хоёр хамт уучихаад бид хоёр Жамбынд очсон, харин Т.Батсуурь, Б.Булгансайхан, Т.Батзаяа, Д.Энхжаргал нар тэндээ үлдсэн. Би Даваасүрэн гэх айлын гадаа зогсож байтал Т.Батзаяа намайг Д.Энхжаргал хутгалчихлаа гээд бие нь тааруухан явж байхаар нь би Жаргалсайхан гэх айлын цайны газар руу ороод Норовдорж гэх залууг хойшоо эмнэлэг хүргээд өгөөч Т.Батзаяа хүнд хутгалуулчихлаа гэж хэлтэл Норовдорж за тэгье гээд Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн гадаа иртэл Т.Батзаяа би эмнэлэгт үзүүлэхгүй гээд машинаас буухгүй байсан. Тэгэхээр нь яаж гадаа буулгаад хаячихав вэ гэж бодоод гэр рүүгээ дагуулаад явсан. Манайд Т.Батзаяа бид хоёр хоносон. Норовдорж яваад өгсөн. Т.Батзаяаг маргааш өглөө нь эгч Ч.Алтанзул мөн Б.Хишигдорж нар ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 126 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Цэцэгмаагийн үзлэг хийсэн 15292 тоот дүгнэлт: Т.Батзаяагийн биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, зүүн уушгийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн уушигны бүрэн уналт, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралт, зүүн даланд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид    ерөнхий    хөдөлмөрийн    чадварын    тогтонги алдалтанд/ нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/

 

Төв аймгийн Шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч П.Маргадын гаргасан 152 тоот дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн дээл, цамц, фудволк нь шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд нь 1 товч тасарсан шилбэндээ товчлоостой сугандаа 1 товчтой шилбэтэй товч нь тасарсан шилбэндээ  ташаандаа 1 товч шилбэтэй суганаас доош 16 доош 16 см зайд их биеийн талын залгаас оёдолоос баруун тийш 8 см зайд 1 см хэмжээстэй зүсэгдэлт ханзралт нь тоос шороогоор бохирлогдоогүй тул шинээр үүссэн мэт зүсэгдэлттэй ногоон өнгийн эмжээртэй улаан хүрэн өнгийн дээл, зүүн 40*20см цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон суганаас доош зайд 1 см зүсэгдэлт уг зүсэгдэлтүүд шинээр иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн хар эрээн өнгийн цамц, эдэлгээний явцад хуучирсан зүүн талдаа 40 хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон зүүн суганаас доош 15 см зайд 1 см зүсэгдэлт мөн уг зүсэгдэлт 1.5 см зайд зүсэгдэлтэй зүүн ханцуйны залгаа оёдолоос 1.5 см зайд мөрнөөс доош 14 см 1 см зүсэгдэлтэй саарал өнгийн ханцуйтай хар өнгийн фудволк урагдалт зүсэгдэлт шинээр үүссэн байна. Дээлний энгэрт 1, суганд 1 товч тасарсан нь олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд татаж, чангаах хүчний үйлчлэлээр болон иртэй үзүүртэй 1 удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн мөн хар эрээн өнгийн цамцын үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр шинээр зүсэгдэлт үүссэн мөн өнгийн ханцуйтай хар өнгийн фудволка нь иртэй үзүүртэй зүйлийн 3 үйлчлүүлсэн зүсэгдэлтэй байна. Шинжилгээнд дүгнэлтэнд тусгах шинээр илэрсэн нөхцөл тогтоогдсонгүй....гэх дүгнэлт /хх-ийн 58-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Энхжаргал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг, "Цавхангайн хороолол" гэх газарт үйл ажиллагаа явуулах "Магнай трейд" ХХК-ний шатахуун түгээх станцын түгээгчийн байранд Т.Батзаяатай маргалдан зодолдож, улмаар цээж, дал орчимд хоёр удаа хутгалж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Энхжараглын мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл, гэрч Ч.Алтанзулын...”Б.Хишигдорж ах бид хоёр М.Атарбаярын гэрт очиход Батзаяа архи уусан байдалтай, фудволка нь зүүн талынхаа дал суга орчимоор нь цус болоод хатчихсан биетэй нь наалдчихсан өмсөж явсан дээл хувцасаа тайлаад газар тавьчихсан хэвтэж байхаар нь хувцасыг нь өмсүүлээд Т.Батзаяатай хамт аваад сумын эмнэлэгт ирж П.Лхагвадулам эмчид үзүүлсэн чинь гэмтэл рүү авч яв, дотуур цус алдсан байж магадгүй их зовиуртай байна гээд шархыг нь цэвэрлэж байх хооронд Мөнхбаяр цагдаад утсаар дуудлага өгөөд гэртээ орж ирээд байж байтал Д.Энхжаргал эхнэртэйгээ хамт орж ирэхээр нь хартал Д.Энхжаргалын нүүр ам зүгээр байхаар нь Д.Энхжаргалын эхнэрт нь уурлаад чи чинь манай нөхрийг жигтэйхэн зодчихсон гээд байсан, яасан зүгээр байна гэж уурласан чинь харин тиймээ л гээд байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 32/

 

М.Эрдэнэбаатарын.... “Т.Батзаяа хүрэн өнгийн дээлтэй, хар өнгийн түрийтэй гуталтай улаан өнгийн ноосон малгайтай явсан. Зогсоод авахад согтуу намайг бараг танихгүй байсан. Гуанзан дээр буулгаад өгчих гэж гуйхаар нь гуанзан дээр буулгаж өгөөд л явсан. Өөр юм яриагүй буухад нь би хаалгыг нь онгойлгож өгөөд буулгахдаа түшээд зүүн мөрнөөс нь барьсан чинь яая гээд байсан машинд суухдаа өрөөлдөж зүүн мөрөө суудалд хүргэхгүй сууж яваад баруун тал руугаа налаад ханарч суугаад байсан юм”... гэх мэдүүлэг /хх-ийн 33/

 

Гэрч П.Лхагвадуламын... “маргааш нь хутгалуулсан Т.Батзаяа гэх залуу Ч.Алтанзул гэх эгчийн хамт 10 цагийн үед эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. Т.Батзаяагийн биеийг үзэхэд биеийн байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн байдалтай Т.Батзаяа юм ярихгүй, өмнөөс нь эгч Ч.Алтанзул яриад гэмтэл рүү авъя гэсэн. Т.Батзаяагийн биеийн зүүн талын уушиг орчимд зүсэгдсэн шарх, зүүн талын далны орчим зүсэгдсэн шархтай байсан шархыг нь цэвэрлэж оёдол тавилгүй боолт хийгээд гэмтэл рүү очиж үзүүл гээд явуулсан. Т.Батзаяа өөрөө эмчилгээ хийлгээгүй, нилээн өвдөлттэй биедээ   хүргэхгүй байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 34/

 

Гэрч Б.Булгансайханы....“Д.Энхжаргал дайраад байхаар нь нүүр рүү

гараараа нэг удаа цохиход Т.Батзаяа байрнаас гараад явчихсан. Би Д.Энхжаргалыг байрнаас гар гээд хөөсөн боловч гараагүй тэгэхээр нь би Т.Батзаяагийн араас гарсан чинь байрны хажуу талд Портерын тэвшийг налчихсан зогсож байснаа намайг хараад Д.Энхжаргал намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би түгээгчийн байр руу буцаж ороод Д.Энхжаргалд чи Т.Батзаяаг хутгалчихсан юм уу гэж асуусан чинь юм дуугараагүй”...гэх мэдүүлэг /хх-ийн 37/

 

Гэрч Т.Батсуурийн....”Д.Энхжаргал, Т.Батзаяа хоёр араас орж ирээд Ч.Ганзоригийг сандал дээр сууж байхад нь сууж байсан сандал руу нэг хөлөөрөө өшиглөсөн, би хэн өшиглөсөнийг хараагүй, үүнээс үүдэлтэй маргаан болоод Б.Булгансайхан ажлаа зүгээр хийж байгаа хүнийг яаж байгаа юм гарцгаа гэхээр нь би мотоциклоо асаагаад гэр рүү очоод унтсан. Маргааш худаг дээр ус авахаар явж байтал Т.Батзаяа хүнд хутгалуулсан, шөнө эмнэлэг дээр дуудлага ирээд Т.Батзаяаг олсонгүй гэж манай найз М.Гантулга хэлсэн”...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

 

Гэрч Т.Ганзорийгийн... “Д.Энхжаргал Т.Батзаяаг чи зүгээр байгаа хүнийг яаж байгаа юм бэ гээд Т.Батзаяагийн эрүү рүү нь баруун гараараа цохиод тэр хоёр барилцаад авсан. Т.Батзаяа, Д.Энхжаргал хоёр их хэмжээний согтолттой байсан, би албаны байранд зодолдож болохгүй гэж хэлэхэд миний үгийг тоохгүй байсан. Тэр хоёр хоорондоо барьцалдаж ерөөсөө салахгүй байсан. Б.Булгансайхан тэр хоёрыг салгах гэтэл тэд ерөөсөө салахгүй байсан болохоор Б.Булгансайхан тэр хоёрыг нэг нэгээр баруун гараараа нүүр рүү нь цохисон. Тэгтэл Т.Батзаяа, Д.Энхжаргал нар хоёр тийшээ салсан. Би гарч бензин өгчихөөд байр руугаа явтал шатахуун түгээх станцын талбай дээр байсан миний автомашины хажууд Т.Батзаяа зогсож байхаар нь би очтол Д.Энхжаргал намайг хутгалчихлаа намайг гуанз руу хүргээд өг гэхээр нь би ажилтай байна хэлчихээд байр руугаа ороод Д.Энхжаргалаас Т.Батзаяаг хутгалчихсан юм уу гэж асуухад мотоциклийн түлхүүрээр хатгачихсан юм гээд баруун гартаа мотоциклийн хар түлхүүр барьчихсан сууж байсан”....гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/, шинжээчийн 15292 тоот дүгнэлт, шинжээчийн 152 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярын...Т.Батзаяа нь Д.Энхжаргалын хоолойг боож заамдсан байсан нөхцөлд амьсгал давчидсан байдал үүссэнээс болгоомжгүйгээр гэмтэл учруулсан” гэх мэтгэлзэж байгаа боловч энэ байдал нь дээрх нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Д.Энхжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирлоо сайн дураараа нөхөн талсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар 551.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэмт хориг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй гэж заасан байна.

Шүүгдэгч Д.Энхжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Т.Батзаяад учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Д.Энхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхжаргалын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн хөвөнтэй дээл 1 ширхэг, сүпер драй гэсэн бичигтэй фудволка 1 ширхэг, хар саарал ноосон цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор шүүгдэгч Д.Энхжаргалын эзэмшлийн 2 хаалгатай, саарал өнгийн хөргөгч, Rowsen маркийн хөлдөөгч зэргийг битүүмжилснийг хүчингүй болгож, эзэмшигч Д.Энхжаргалд буцаан олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Д.Энхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Батзаяад хохирлын 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Батзаяа нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дашбалжирын Энхжаргалыг согтуугаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхжаргалыг 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Монгол улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Энхжаргалд оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Д.Энхжаргалд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

 

5. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн хөвөнтэй дээл 1 ширхэг, сүпер драй гэсэн бичигтэй фудволка 1 ширхэг, хар саарал ноосон цамц 1 ширхэг зэргийг устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн тогтоолоор 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ялтан Д.Энхжаргалын эзэмшлийн 2 хаалгатай, саарал өнгийн хөргөгч, Rowsen маркийн хөлдөөгч зэргийг битүүмжилснийг хүчингүй болгосугай.

7.Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Д.Энхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Батзаяад хохирлын 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Батзаяа нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Энхжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Ж.МӨНХТУЯА

 

                                                 ШҮҮГЧИД                                    С.ОРОЛМАА

 

                                                                                                      Д.БУЯНТОГТОХ