Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорноговь аймгийн Эрдэнэ сум 5-р багт оршин суух, Б овогт Ж.Э,

Хариуцагч Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, А овогт Д.О нарт холбогдох

Зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 13,596,999,15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,468,498,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 220,135,96 төгрөг, нийт 18,285,633.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагч Ж.Э Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Э, Д.О нар нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай ЗГ1915110482 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан болно. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Г банктай ЗГ1915110482-А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж гэрээний хугацааг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. ЗГ1915110482-А дугаартай зээлийн гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 13,596,999.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,468,498.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 220,135.96 төгрөг, нийт 18,285,633.79 төгрөгийг Ж.Э, Д.О нараас гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г банкны Замын-Үүд салбарт ... ажилтай,  Б овогт С.Ө, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ж.Э, Д.О нар нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Г банктай ЗГ1915110482 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан болно. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Г банктай ЗГ1915110482-А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж гэрээний хугацааг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. ЗГ1915110482-А дугаартай зээлийн гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 13,596,999.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,468,498.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 220,135.96 төгрөг, нийт 18,285,633.79 төгрөгийг Ж.Э, Д.О нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2018 оны 05 сарын 10-ны өдөр Ж.Э-тэй Г банкнаас 18,000,000 төгрөгийн цалингийн зээл авахад батлан даагчаар гарын үсэг зурсан. Энэхүү 18 сая төгрөгийн зээлээс 10,000,000 төгрөгийг Ж.Э-с зээлж өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн. Зээл авсан сараас эхлэн сар бүр Ж.Э-н дансанд 220,000 төгрөгөөр төлөлт хийж явсан. 2019 оны 06 сард миний бие нь өвдөж эмнэлэгээр яваад төлөлт хийж чадаагүй. 2019 оны 09 сарын 24-нд миний бие нь 2,800,000 төгрөгийн өгч шинээр зээлийн гэрээ хийж сунгалт хийлгэсэн. ...2020 оны 06 сарын 30-нд 700,000 төгрөгийг Ж.Э-н цалингийн зээлэнд төлөлт хийгдсэн. Миний бие Ж.Э-н цалингийн зээлэнд 3,500,000 төгрөгийг 2022 оны 06 сарын 01-ний дотор төлж өөрийн үл хөдлөх хөрөнгийг салгаж авах хүсэлтэй байна. Үлдсэн мөнгөн дүнг Ж.Э-н хамт өөр өөрсдийн мөнгийг яаж төлөхөө тохиролцох хүсэлтэй байна гэжээ. 

Хариуцагч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийг хүлээн зөвшөөрч байна. Энхцэцэг цалингийн зээл авч авсан зээлнээс нь би 10 сая төгрөгийг зээлсэн юм. Тухайн үед бид хоёр зээлээ 200,000, 200,000 төгрөгөөр нь хуваагаад төлөөд явдаг байсан. 2019 онд миний хувьд хагадгаанд орж зээлийг төлж чадахгүй болсон. 2019 оны 09 сард зээлийн гэрээг дахин шинэчлэн байгуулсан юм. 18,258,633.79 төгрөгөөр миний хувьд 6 сар гэхэд 6 сая төгрөгийг төлөх боломжтой, үлдсэн 12 сая төгрөгийг нь Э Т банкнаас цалингийн зээл аваад төлнө гэж бид ярилцсан байгаа юм. 18 сая төгрөгийг бүхлээр нь төлөх боломж надад байхгүй гэв.    

Хариуцагч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ажлын байраа өөрчилж сая ажилд орсон боловч миний гар дээрээ авдаг цалин 560,000 төгрөгийг авдаг. Сар бүр 300,000 төгрөгийг төлөөд явах боломжтой. Цалингийн зээл авч байх үед миний цалин өндөр байсан юм. Авч байгаа цалингийн байдлыг харгалзан үзнэ үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Ж.Э, Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 13,596,999,15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,468,498,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 220,135,96 төгрөг, нийт 18,285,633.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Д.О нь хамтран хариуцагч Ж.Э-тэй яаж төлөхөө тохиролцох,

Хариуцагч Ж.Э нь сар бүр 300,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа шүүх хуралдаан дээр гаргасан.

Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд салбар, хариуцагч Ж.Э, Д.О нар нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1915110482 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байна. Зээлийн гэрээний нөхцөл, зээлсэн мөнгөн дүн дээр талууд маргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Г банктай ЗГ1915110482 дугаартай зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгчээр Г банкны Замын-Үүд салбар, зээлдэгчээр Ж.Э, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.О нар гэрээний нөхцлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу Г банкны Замын-Үүд салбар нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч Ж.Э, Д.О нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч нар үүргийг хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй болно.

Хариуцагч нар нь нэхэмжлэийн шаардлагыг үнийн дүн дээр маргаагүй боловч 18,285,633.79 төгрөгийг хэсэгчлэн сар бүр төлөх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч зөвшөөрөөгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ1915110482 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 13,596,999,15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,468,498,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 220,135,96 төгрөг, нийт 18,285,633.79 төгрөгийг хариуцагч Ж.Э, Д.О нараас гаргуулан нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд салбарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Э, Д.О нараас 18,285,633.79 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд салбарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 249,378.16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э, Д.О нараас улсын тэмдэгтийн хураамж 249,378.16 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Э.Б