| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2024/1069/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1096 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1096
2024 10 15 2024/ШЦТ/1096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
улсын яллагч Г.Хурмандах,
шүүгдэгч Х.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Х.Ц-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
...... овогт Х.Ц /РД:*****/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Х.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ......... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Р.Г-тэй тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж зүүн хацар, баруун бугалгад цус хуралт, цээжинд цус хуралт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/,
- Хохирогч Р.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэртээ буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ...... тоотод хүүхдүүд болох охин С, хүү Э, Ч, мөн нөхөр Х.Ц, хадам эх Д.З нарын хамтаар байсан. Нөхөр маань согтуу байсан. Би нөхөр Х.Ц-ийн хамтаар Хятад улсад аялчихаад өнөөдөр өглөө вагоноос буусан. Тухайн вагонд явж байх үед Х.Ц нь архи уугаад ирсэн. Бид нарыг гэртээ байж байхад 12 цагийн орчимд хадам ээж Д.З-ыг хүргэж өгөх талаар ярилцсан бөгөөд хадам ээж Д.З гэртээ өөрөө харина гэж хэлсэн гэсэн. Нөхөр Х.Ц намайг дургүйцсэнээс болоод хүргэж өгөхгүй байна гэж ойлгоод надад уурлаад агсам тавьсан. Тэр үед би чимээгүй байж байгаад “за за тэгвэл би хүргээд өгье” гэж хэлээд гэрээс гарах үед миний араас гэрээс дагаж гараад намайг коридороос үснээс зулгааж чирч гэрт оруулаад гэрийн үүдний хэсэгт намайг унагааж байгаад дээр суугаад миний нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд босож байгаад хэвлий хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний хувцасны энгэрээс татаж чангаагаад миний цээж хэсэгт базаж ураад байсан. Намайг ганц цохилт даахгүй гээд уурлаад байсан. Хадам ээж Д.З-ыг “та одоо яв” гэж хэлээд явуулсан. Хэсэг хугацааны дараа бид нар хонхорт айлд юм хүргэж өгөхөөр гарсан бөгөөд машин дотор маргалдаад манай нөхөр Х.Ц замын голд буугаад яваад өгсөн. Би буцаж гэртээ ороод цагдаа дуудсан. ...архи уусан үедээ догшин авирлаад намайг зодсон. …Манай нөхөр 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 17 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр хотхон 45 дугаар байр .. тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай ээжийг гэрт нь хүргэж өгсөнгүй гэх шалтгаанаар миний мөр хэсгээс татаж газар унагаад миний цээжин дээр сууж байгаад баруун гараараа миний зүүн хацар хэсэгт нэг удаа цохиж тухайн гэмтлүүдийг учруулсан өмнө нь удаа дараа ийм үйлдэл гаргаж баривчилгаанд явж байсан. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Тухайн асуудалтай холбоотойгоор эрүүл мэндийн даатгалаар эмчилгээ үйлчилгээ аваагүй тул хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 13 дахь тал/,
- Гэрч Д.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай бэр орцонд орилоод суугаад байхаар нь манай хүү хойноос нь тэврээд гэр лүүгээ татаж оруулаад мэдрэл муутай юм уу, чимээгүй байгаач гээд баруун гараараа зүүн талын хацар луу нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/,
- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 7 дахь тал/,
- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн: “1.Р.Г-ийн биед зүүн хацар, баруун бугалганд цус хуралт, цээжинд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дахь тал/,
- Хохирогч Р.Г-ийн гараар бичсэн: “Миний бие Р.Г нь сэтгэл санаа хор уршиг нэхэмжлэл байхгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 62 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дэх тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Х.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ......... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Р.Г-тэй тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж зүүн хацар, баруун бугалгад цус хуралт, цээжинд цус хуралт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн: “1.Р.Г-ийн биед зүүн хацар, баруун бугалганд цус хуралт, цээжинд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлж буй мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Х.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ........ тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Р.Г-тэй тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж зүүн хацар, баруун бугалгад цус хуралт, цээжинд цус хуралт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, хор уршгийн хувьд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Х.Ц нь хохирогч Р.Г-ийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Х.Ц нь хохирогч Р.Г-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Х.Ц-ийн үйлдэл нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.
Шүүх шүүгдэгч Х.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Х.Ц нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Р.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ц нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Х.Ц нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........ овогт Х.Ц-ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Ц-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ц нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ