| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/01575/И |
| Дугаар | 142/ШШ2022/00086 |
| Огноо | 2022-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2022/00086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах *******-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1979 оны 09 сарын 14-нд төрсөн, 42 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2а хороолол 1в-1102 тоотод оршин суух, овогт /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 22,872,682.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2018 оны 12 сарын 06-нд Төрийн банкны Орхон салбарын Дулааны цахилгаан станц тооцооны төвөөс №130600107694 тоот зээлийн гэрээ байгуулан 22,000,000 /Хорин хоёр сая/ төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаагаар, гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга хөдлөх хөрөнгө зэргийг тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 6.2.1, 6.2.5 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2020 оны 03 сарын 02-ны өдөр зээлээ төлөх гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 08 сарын 03-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 02 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Зээлийн гэрээний дагуу 2021 оны 11 сарын 16-ны өдрийн байдлаар нийт 22,872,682.78 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 12 сарын 06-ны өдрийн №130600107694 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 22.000.000 төгрөгийн зээл авсан. Өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй хугацааны хүү нь 5.024.000 төгрөг, торгуулийн нэмэгдүүлсэн хүү нь 203.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 104.000 төгрөгийн хүү нэмж бодогдсон тооцоололтой байна. Үндсэн төлбөр нь 17.540.327,30 төгрөг, хүү нь 5.129.345,30 төгрөг, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү нь 203.018 төгрөг, нийт 22.872.682,78 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн ч шүүхийн журмаар шийдэгдэж байж хүү зогсдог байгаа. Эрдэнэтийн дулааны станц ТӨХК-ийн ажлаасаа гарчихсан учраас цалинг барьцаалах боломжгүй болсон. Гэрийн тавилга, эд хогшил гэдэг нь бүх тавилга гэдэг утгаар гэрээг хийдэг гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь тухайн Төрийн банкны салбар Дулааны цахилгаан станцад байрлах тооцооны төвөөс цалингийн зээл авсан байдаг. ******* нь тухайн үед Эрдэнэтийн дулааны станц ТӨХК-д хангамжийн хэлтсийн дарга, цехийн даргаар ажиллаж байсан. Ажиллаж байх явцдаа зээл аваад сүүлд нь нэмэлт санхүүжилт хүсэж цалингийн зээл авсан байдаг. Үүний дараагаар ажлаас халагдсаны улмаас орлогогүй болж, тухайн зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон. Ингэж явсаар өнгөрсөн 2021 онд ажилд ороод удаагүй байгаа. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн хоёр шаардлага гаргасан байдаг. Нэгдүгээрт шүүх хуралдаан болтол хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцох болно гэсэн байдаг. Энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүү зогсдог гэж хариуцагчийн зүгээс ойлгодог. Яагаад гэвэл шүүхэд тухайн хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх гээд нэхэмжлэлийн үнийн дүнгээ гаргачхаад шүүх хурал болтол хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй юм гэж үзэж байна. Хоёрдугаарт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн зээлийн гэрээний болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн байдаг. Барьцаа хөрөнгийн хувьд хавтаст хэрэгт авагдсанаар нэгдүгээрт цалин, хоёрдугаарт гэрийн тавилга гэсэн байдаг. Тухайн тавилга дээр нэр оноож эдгээр тавилгыг барьцааллаа гэсэн барьцаалбар байдаггүй. Тавилга гээд ерөнхий утгаар тавьчихсан, тиймээс ямар тавилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд тухайн нэхэмжлэл хууль зүйн хувьд үндэслэлгүй буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж үзэж байна. Мөн зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ирсэн байдаг. Гэрээг цуцлахыг мэдэгдчихээд байж ямар нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү тооцож байгаа нь ойлгомжгүй байна. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хугацааны хүү зогсох учиртай юм. Яагаад гэвэл хоёр талын хийсэн гэрээнээс нэг нь татгалзаж байгаа бол үүнийгээ бичгээр илэрхийлж албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн байдаг. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр эцэслэн бодож төлөлт гарах ёстой юм. Үндсэндээ цалингийн зээл авсан, үндсэн мөнгөнөөсөө хүүтэй нь хамт 5.000.000 гаруй төгрөгийг төлөөд, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг төлөөд явсан байдаг. Гагцхүү хариуцагч ажилгүй болоод ажилгүй байх хугацаандаа төлөлт хийж чадаагүй. Тиймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн асуудлыг авч үзэх байх гэж бодож байна. Шүүх хуралдаан болтол нэмэгдүүлсэн хүү тооцсон гэх нэгдүгээр шаардлага хангагдах боломжгүй юм. Яагаад гэвэл шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү зэрэг нь зогсоно. Хоёрдугаарт үүргийн гүйцэтгэлд цалингаас нь суутгаж авъя гэхгүйгээр зөвхөн барьцаа хөрөнгөөр гэсэн байдаг. Барьцаа хөрөнгөд хөдлөх хөрөнгө өгөөгүй. Тухайн гэрээний хавсралтаас харахад зөвхөн тавилга гэсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын ерөнхий утга нь өр зээл нэхэж байгаа боловч шаардлагын хувьд хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.
4.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс 2018 оны 12 сарын 06-ны өдрийн №130600107694 тоот /цалин/ зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, *******ын зээлийн дансны хуулга, *******ын цалингийн зээлийн өргөдлийн маягт, зээлдэгчийн анкет, *******ын нийгмийн даатгалын мэдээлэл, зээлдэгчид 2020 оны 03 сарын 02, 2020 оны 08 сарын 03-ны өдөр өгсөн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл,2021 оны 02 сарын 02-ны өдрийн 01, 03 дугаар зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч -ийн Орхон салбар нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,872,682.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан болтол нэмэгдүүлсэн хүү тооцсон гэх нэгдүгээр шаардлага хангагдах боломжгүй. Яагаад гэвэл шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү зэрэг нь зогсоно. Хоёрдугаарт үүргийн гүйцэтгэлд цалингаас нь суутгаж авъя гэхгүйгээр зөвхөн барьцаа хөрөнгөөр гэсэн байдаг. Барьцаа хөрөнгөд хөдлөх хөрөнгө өгөөгүй. Тухайн гэрээний хавсралтаас харахад зөвхөн тавилга гэсэн байдаг. Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2021 оны 02 сарын 02-нд өгчхөөд гэрээ цуцалснаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан.
3.Зээлдэгч ******* нь 2018 оны 12 сарын 06-ны өдөр -тай 130600107694 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 22,000,000 төгрөгийг, 50 сарын хугацаатай, сарын 15.6 хувийн хүүтэйгээр зээлж авсан ба ******* дээрх зээлийг зээлийн хуваарийн дагуу төлж байсан боловч эрхэлж байсан ажлаасаа гарч зээл төлөгдөх боломжгүй болсон, хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй болох нь барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч *******аас шаардах эрхтэй байна.
4. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 17,540,327.30 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,024,391.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 307,963,8 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба зээлдүүлэгч Төрийн банк нь зээлдэгч *******ад 2020 оны 03 сарын 02-ны өдөр, 2020 оны 08 сарын 03-ны өдрүүдэд зээл төлөхтэй холбоотой мэдэгдлүүдийг гардуулсан ба 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгсөн байна.
5. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т гэрээ цуцалсан тохиолдолд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг нэн даруй шаардах эрхтэй гэж, Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д “...зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ цуцлах мэдэгдлийг өгснөөс хойш 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээ цуцласнаас хойш 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч *******аас 2020 оны 02 сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 сарын 02-ны өдөр хүртэлх буюу зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн хугацаанаас зээлийн гэрээ цуцалсан хугацаа хүртэлх үндсэн зээлийн төлбөр 17,540,327.30 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,577,261 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 80,275 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 20,197,863 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,674,819 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,320 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 258,932 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -ийн Орхон салбарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* /РД:*******/-аас зээлийн гэрээний үүрэгт 20,197,863 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,674,819 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,320 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 258,932 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -ийн Орхон салбарт т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ