| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2024/0140/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/451 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0140/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
улсын яллагч К.Нанжинханд,
шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал,
шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2418000000002 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техник хангамжийн инженер мэргэжилтэй, “*******” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суух,
******* овогт /РД:/
Монгол Улсын иргэн, өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, “*******” ХХК-ны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт тоотод оршин суух,
овогт /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2- дугаар тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20 дугаар тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 100 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/, гэрч мэдүүлэг/хх-ийн 54 дүгээр тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 62-6 тал/,Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч П.Одмаагийн 2023.12.13-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-79 дүгээр тал/,Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 агс сарын 01-ний өдрийн 9 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 2023 оны 12 дугаар сарын 14- ний өдрийн 2023/10 дугаартай дүгнэлт/хх-ийн 95-96 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 сарын 02-ны өдрийн 18/06 дугаартай албан бичиг/хх-ийн 48 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг/хх-ийн 52 дугаар тал/, ажилд томилогдсон тушаалын хуулбар /хх-ийн 2 дугаар хавтас 1 дүгээр тал/, ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 2 дугаар хавтас 78 дугаар тал/ зэрэг болно.гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цагийн орчим “*******” ХХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум, багийн нутаг дэвсгэрт барьж буй “”-ийн барилгын 2-р давхарт ажиллаж байсан хохирогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамргадаагүй, тухайн өдрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг аваагүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, цонхны ялуу хийхээр ажиллаж байхдаа цонхоор унаж, зүүн чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, духны урд дэлбэн, доод дэлбэнд эдийн цусархаг няцрал, баруун 3,6,7,8,9-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн 10,11-р хавирганы хугарал, баруун тохойнд язарсан шарх бүхий гэмтлийн улмаас нас барсан” үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын сувилагч 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр холбоо мэдээллийн хэрэгслээр хандан “барилга дээрээс унаж бэртсэн хүн хүргэгдэж ирлээ” гэх гомдол мэдээллийг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 20 минутад тэмдэглэл үйлдэн хүлээн авав.” /1-р хавтаст хэргийн 13 дахь тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт “...Уг цонхноос доош газар хүртэл хэмжихэд 530см буюу 5 метр 30 см хэмжээтэй байлаа. Хохирогчийн унасан гэх газрыг хэмжихэд байшингийн хана хүртэл 120см зайтай байв. Хохирогчийн унасан гэх газарт нь “Чанар” нэртэй 0,75 литр хэмжээтэй дотроо архины агууламжтай байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгаж хураан авлаа. Барилгын дотор өндрийн бүс, хамгаалалтын малгай байхгүй байсныг тусгав...” /1-р хавтаст хэргийн 15-19 дэх тал/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 100 дугаар тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгсөн: “...Би өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд гэж залуу манай ээж рүү залгаад “ барилгын 2 давхраас уначихлаа эмнэлэг рүү явж байна гэж хэлсэн. Тэгээд би ээж дүү хоёр түрүүлж эмнэлэг яваад би араас нь эмнэлэг дээр очиход манай аав сэхээний тасаг уу орчихсон байсан. Тэгээд 17 цаг 00 минутад нас барчихлаа гэж эмч хэлсэн. Манай аав согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ тохируулаад хэрэглэчихдэг байсан. Бусдаар бол хэтрүүлж хэрэглээд ч юм уу байнга хэрэглээд байдаггүй байсан. Энэ барилга дээр манай аав ойролцоогоор 15-20 орчим хоног ажиллаж байгаа.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 47 дахь тал/,
- Иргэний нэхэмжлэгч өгсөн: “...Тус хэргийн хохирогч нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч сэхээн амьдруулах тасагт 806.5 оношоор 3,000,000 төгрөгийн эмчилгээ авч байгаад нас барсан байна. Иймд уг мөнгө нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байх тул 3,000,000 төгрөгийг Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төвлөрүүлэх шаардлагатай байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 52 дахь тал/,
- Гэрч өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн үед Дархан сумын багт үйл ажиллагаа явуулдаг ийн барилга дээр бид хоёр барилгын 2 давхрын цонхны ялууг тавих гээд блокийг хөрөөдөж лантуугаар цохих ажил хийж байсан. ...Өдрийн 13 цагийн орчимд надтай солигдож барилгын шатан дээр гараад блок лантуугаар блок цохихдоо хий цохиод 2 давхрын цонхоор доош уначихсан. Тэр үед би сандраад араасаа нь гүйгээд очсон чинь гадаа биеийн тал хэсэг нь цементэн дээр тал хэсэг нь шороон дээр гарчихсан ухаангүй хэвтэж байсан. Би ийг сэргээрээ гээд дуудсан чинь нүдээ нээгээд ёоё яг үхлээ гэж аяархан хэлсэн бөгөөд ийн өмнөөс нь болон хамраас нь цус шүүрч байсан. Би тэр үед ийг өргөөд босгох гээд гараас нь барих үед ханцуйнаас нь Чанар гэсэн бичигтэй архины шил ханцуйнаас нь унаад ирсэн. Тэгээд эмнэлэгт дуудлага өгөөд удалгүй эмнэлэг ирээд аваад явсан. надад хэлэхдээ өчигдөр гэртээ жаахан юм уучихсан гэж хэлж байсан. Өглөө ажилдаа ирэхэд эрүүл байсан. Гэтэл өдөр 12 цагийн орчимд өөс архи үнэртээд байх шиг болохоор нь чи архи уучихсан юм уу гэж асуухад үгүй ээ гээд инээгээд байсан. Надаас нуугдаж нууцаар архи уусан байна лээ. ийг барилгаас унасны дараа очиж тэврээд авахад ханцуйнаас нь 750 граммын архины шил унаж ирсэн бөгөөд талыг нь уучихсан байсан. Тэгэхээр согтуу л байсан болж таараад байна. ойролцоогоор 10-аад хоног барилгын цонхны ялуу хийх ажил хийж байсан. бид хоёр цонхны ялуунуудыг янзлах ажлыг 700.000 төгрөгөөр тохироод хоёулаа хамт хийж байсан. Албан ёсоор гэрээ хийсэн зүйл бол байхгүй. гээд инженер залуутай тохиролцоод хийж байсан. Бид хоёр өөрсийнхөө өмсөж очсон хувцастайгаа л ажилд гарсан. Хийх ёстой ажлыг нь 10 хоногийн өмнө хийх ёстой ажлыг минь зааж өгсөн байсан болохоор тэр ажлаа л өнөөдөр өглөө ирж хийсэн. 10 хэдэн хоног ажиллахад ХАБ-ын инженер аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулж сургалт орсон асуудал огт байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 54 дэх тал/,
- Гэрч өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын багт баригдаж буй "ийн" барилга дээр ирэхэд манайд аман байдлаар гэрээ хийж тохиролцоод ажил хийгээд 10 хонож байгаа , нар ирчихсэн ажилдаа гараагүй байсан. Тэгээд би тэр хоёртой уулзаад хийх ажлыг нь хэлж зааж өгсөн. ...ХАБ-ын ажилтан мөн , хоёртой уулзаж хөдөлмөр хамгааллын зааварчилгааг ажилчдадаа өгсөн. Тэр үед гээд ажилтан надад хандаад ах нь өчигдөр архи уучихсан шүү гээд надад хэлэхээр нь би та одоо ажиллаж чадах юм уу одоо зүгээр үү гэж асуухад надад асуудалгүй одоо зүгээр гэж хэлээд ажилдаа гарсан. Гэтэл 12 цагийн орчимд бид хоёр ойрхон цайны газарт өдрийн цайгаа уух гээд байж байтал гээд манай нэг ажилтан над руу залгаад барилгаас хүн уначихлаа гэж хэлсэн. Би хамтаар барилга руу яваад очтол эмнэлэг ирээгүй байсан бөгөөд 10 орчим минутын дараа эмнэлэг ирээд ахыг эмнэлэг рүү аваад явсан бөгөөд эмнэлэг дээр очоод эмнэлгийн тусламж авч байж байгаад нас барчихсан...Намайг цайны газраас яваад очиход газарт уначихсан хэвтэж байсан бөгөөд хажууд нь ах сууж байсан. Тухайн үед ах ухаантай байсан ч юм ярьж чадахааргүй байдалтай биеийн байдал нь ер нь л муу харагдаж байсан. Тэгээд эмнэлэг ирээд нацилк дээр хэвтүүлээд аваад явсан. Өглөө ажилдаа ирж гарах үед бол эрүүл байсан. Сүүлд барилгаас унасны дараа би ойртож очоогүй болохоор архи уусан байсныг нь бол мэдэхгүй байна. Барилгаас унасны дараа намайг ойртож очиход надад хэлэхдээ нэмээд уучихсан байна. Ханцуйнаас нь архи гарч ирсэн гэдгийг надад хэлсэн. ... ойролцоогоор 15-аас 20 орчим хоног л ажиллаж байгаа. Барилгын өрлөгийн ажил хийдэг байсан. Сүүлд болохоор цонхны ялуу суулгах ажил хийж байсан. ...Ажлын бээлийгээр бол хангасан байсан. ...ХАБ-ын инженер хариуцдаг болохоор би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 57 дахь тал/,
- Гэрч өгсөн: “... нь гавал тархины гэмтэл, тархины цус хуралт, гавлын суурийн хугарал, тархины няцрал, баруун талын 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 хавирганы хугаралтай хүргэгдэж ирэхдээ ухаангүй, хурхирсан, даралт унасан, шокын байдалтай ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 62 дахь тал/,
- Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт: “Талийгаачийн биед зүүн чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, духны урд дэлбэн, доод дэлбэнд эдийн цусархаг няцрал, баруун 3,6,7,8,9-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн 10,11-р хавирганы хугарал, баруун тохойнд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цогцост тогтоогдсон гэмтлүүд амьд байхдаа үүсжээ. Талийгаачийн цогцост тогтоогдсон олон хавирганы хугарал гэмтэл нь үхэлд нөлөөлжээ. Талийгаачийн биед бусадтай тэмцэлдсэн гэх байдал тогтоогдсонгүй. Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь хоёр талын олон хавирганы улмаас дотуур цус алдаж гэмтлийн шокоор нас баржээ.” /1-р хавтаст хэргийн 76-79 дэх тал/,
- Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9 дугаартай дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн “” гэсэн хаягтай цуснаас 0,6 промилли, ходоодны агууламжаас 7,5 промилли спиртийн агууламж илэрсэн байна. /1-р хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
- Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/10 дугаартай дүгнэлт:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчигдсөний улмаас осол гарч ажилтан амиа алдсан.
2. а/ Ажилтан ийг анх ажилд ороход хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй, тухайн өдөр ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн байна.
б/ Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар ажил үүргийн онцлогт тохирсон хамгаалах хэрэгслээр хангах үүргээ биелүүлээгүй.
3. а/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4-т зааснаар "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах" чиг үүргийг хэрэгжүүлнэ.
б/ "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь зөвхөн урьдчилсан зааварчилгааг өгөх ёстой.
в/ Ажлын хувцсаар хангах, сургалтын төсөв, төлөвлөгөө батлах, анхан шатны болон өдөр тутмын зааварчилгааг хэн өгч байх талаар, эрсдэлийн үнэлгээ хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дотоод хяналт шалгалт хийх зэрэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх үүргийг Ажил олгогч хэрэгжүүлнэ.
г/ Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн Шинжээчийн 2023 оны 9 дугаар дүгнэлтэд "Шинжилгээнд ирүүлсэн "" гэсэн хаягтай цуснаас 0,6 промилли, ходоодны агууламжаас 7,5 промилли спиртийн агууламж илэрсэн байна" гэснээр Осолдогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь "... ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх..." гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй. /1-р хавтаст хэргийн 95-96 дахь тал/,
- Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18/06 дугаартай албан бичиг/хх-ийн 48 дугаар тал/,
- Иргэний нэхэмжлэгч “Тус хэргийн хохирогч нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч сэхээн амьдруулах тасагт 806.5 оношоор 3,000,000 төгрөгийн эмчилгээ авч байгаад нас барсан байна. Иймд уг мөнгө нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байх тул 3,000,000 төгрөгийг Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төвлөрүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/,
- ажилд томилогдсон тушаалын хуулбар /хх-ийн 2 дугаар хавтас 1 дүгээр тал/,
- ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 2 дугаар хавтас 78-82 дугаар тал/ болон зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх хуралдаанд улсын яллагч: “*******, ******* нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Хуульд зааснаар болон захиргааны хэмжээний актад дурдагдсан эрх үүргээ биелүүлээгүй эсхүл бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр бусдын амь насыг хохироосон байхыг шаардаж байгаа юм. тухайд тодорхой гэм бурууд маргадаггүй. Шүүгдэгч ******* тухайд тодорхой гэм буруу байгаа гэж үзэж байна.” гэж,
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Чинбаатар: “Шүүгдэгч *******ыг улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн л гэж буруутгаад байгаа болохоос биш ******* ийм ийм буруутай ******* нь ийм буруутай гээд тодорхойлох нь зүйтэй юм болов уу?. Ажлын байранд шүүгдэгч *******ыг хамгаалах хэрэгслээр хангаагүй гэж буруутгаад байгаа нь буруу. Энэ хүн шаардлагатай бүх хувцас, хэрэгслээр хангачихсан тэр нь нотлох баримт гэрчийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байхад буруутгасаар л байна. Хохирогч өөрөө согтуу байсан нь мөн амь нас нь эрсдэхэд хүргэсэн байж болзошгүй. Гэрчийн мэдүүлгээс харахад хальт цохиод цонхоор гарсан гэх мэдүүлэг байдаг эрүүл байсан бол ийм зүйл болох уу? Бас эргэлзээтэй юм. Тийм учраас энэ хүн энэ гэмт хэргийг үйлдсэн гэж нотлогдохгүй байгаа юм. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна” гэж,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал: “******* гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн зөвшөөрч байгаа юм. ******* хувьд эргэлзээтэй зүйлс байдаг. *******ыг аюулгүй ажиллагаа эрхлэх нөхцөл байдлаар хангаагүй гэх юм. Гэрчийн мэдүүлэг дээр мэдүүлсэн байдаг Өндрийн бүс 2 ширхэг байгаа хамгаалалтын каск 7-8 ширхэг байгаа гэдэг мэдүүлэг. Мөн ******* сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө. Ажилчид хувцас хэрэгслүүдээ хаана хамаагүй тавьчихдаг болохоор тухай үед зүйлгээгүй байж болно гэж мэдүүлсэн байдаг. Гэрчийн мэдүүлэг сэжигтний мэдүүлэг таарч байвал нотлох баримтаар авч болдог. Шүүх бүрэлдэхүүн үүнийг яаж авч үзэх нь эрхийн асуудал тэгэхдээ энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна” гэж тус тус мэтгэлцжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар амь хохирогч нь “*******” ХХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум, багийн нутаг дэвсгэрт барьж буй “”-ийн барилгын ажилд туслах ажилтнаар ажиллахаар шүүгдэгч *******, инженер нартай аман байдлаар тохиролцож ажил гүйцэтгэж байсан гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж заасан байна.
Хөдөлмөрийн харилцаа гэдэгт “ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцаа”-г ойлгодог.
Шүүхээс гэрч “... ойролцоогоор 10-аад хоног барилгын цонхны ялуу хийх ажил хийж байсан. бид хоёр цонхны ялуунуудыг янзлах ажлыг 700.000 төгрөгөөр тохироод хоёулаа хамт хийж байсан. Албан ёсоор гэрээ хийсэн зүйл бол байхгүй. гээд инженер залуутай тохиролцоод хийж байсан. Бид хоёр өөрсийнхөө өмсөж очсон хувцастайгаа л ажилд гарсан. Хийх ёстой ажлыг нь 10 хоногийн өмнө хийх ёстой ажлыг минь зааж өгсөн байсан болохоор тэр ажлаа л өнөөдөр өглөө ирж хийсэн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 54 дэх тал/,
Гэрч “... ойролцоогоор 15-аас 20 орчим хоног л ажиллаж байгаа. Барилгын өрлөгийн ажил хийдэг байсан. Сүүлд болохоор цонхны ялуу суулгах ажил хийж байсан. ...Ажлын бээлийгээр бол хангасан байсан. ...ХАБ-ын инженер хариуцдаг болохоор би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 57 дахь тал/ зэрэг нотлох баримтууд “*******” ХХК болон амь хохирогч нарын хооронд дээр дурдсан хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
Ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулдаг.
Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж,
27.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж,
27.4-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэж тус тус заажээ.
Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/10 дугаартай дүгнэлтэд:
“Ажилтан ийг анх ажилд ороход хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй, тухайн өдөр ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн байна.”
“Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар ажил үүргийн онцлогт тохирсон хамгаалах хэрэгслээр хангах үүргээ биелүүлээгүй”
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4-т зааснаар "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах" чиг үүргийг хэрэгжүүлнэ”
"Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь зөвхөн урьдчилсан зааварчилгааг өгөх ёстой.
“Ажлын хувцсаар хангах, сургалтын төсөв, төлөвлөгөө батлах, анхан шатны болон өдөр тутмын зааварчилгааг хэн өгч байх талаар, эрсдэлийн үнэлгээ хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дотоод хяналт шалгалт хийх зэрэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх үүргийг Ажил олгогч хэрэгжүүлнэ” гэжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/10 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч Х. нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулах”, “ажилтныг ажил үүргийн онцлогт тохирсон хамгаалах хэрэгслээр хангах”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” үүргийг,
Шүүгдэгч ******* нь "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах", “аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүргийг тус тус хүлээсэн байна.
Ажил олгогч буюу шүүгдэгч Х. нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хувьд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” үүргийн хүрээнд Галын аюулгүй байдлын журам”, Өндөрт ажиллах журам, Эрсдэлийн үнэлгээний журам, Машин, механизмын аюулгүй ажиллагааны журам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам, Төслийн талбайн зохион байгуулалтын журам, Барилгын талбайн дотоод журам, Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам, Аюулыг мэдээлэх, хариу арга хэмжээ авах журам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үлгэрчилсэн зааварчилга зэрэг дотоод дүрэм журмуудыг баталж, тухайн журмуудаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн мөрдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх журмуудын хуулбар /1-р хх-ийн 116-224/-аар, мөн эрсдэлийн үнэлгээний тайлан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргасан болох нь эрсдэлийн үнэлгээний тайлан, төлөвлөгөө зэрэг баримт /2-р хх-ийн 50-54/-аар,
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан “үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулах” үүргийн хүрээнд “*******” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба ажиллуулдаг болох нь “*******” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт /1-р хх-ийн 247/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн ажилтан Х. 2023 оны 0 сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулах тухай 08/23 тоот тушаал /2-р хх-ийн 1/, “”-ийн барилгын ажилд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн ажилтан Х. ажиллуулах тухай 2023 оны 0 сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаал /1-р хх-ийн 249/ зэрэг нотлох баримтуудаар,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “ажил үүргийн онцлогт тохирсон хамгаалах хэрэгслээр хангах” үүргийн хүрээнд “”-ийн барилгын талбайд хамгаалах хувцас хэрэгсэл болох хамгаалалтын малгай, өндрийн бүс зэргээр хангасан болох нь Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, гэрч “Манай компаниас ажилчдад зориулж хамгаалалтын каск 7-8 ширхэг, өндрийн бүс 2 ширхэг авч өгсөн нь талбай дээр бол байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ыг Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ буюу дээр дурдсан үүргүүдийг зохих ёсоор биелүүлсэн гэж дүгнэж, түүний үйлдэл, эс үйлдэхүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж агуулагдахгүй байна гэж дүгнэв.
Харин шүүгдэгч ******* нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “*******” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар Дархан-Уул аймаг, Дархан сум, багийн нутаг дэвсгэрт барьж буй “”-ийн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хариуцан ажилладгийн хувьд хууль болон хэм хэмжээний акт, байгууллагын дотоод журмаар хүлээсэн үүрэг болох “аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүргийг зохих ёсоор биелүүлээгүй болох нь амь хохирогч өд өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байгаагүй талаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр”, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримт /1-р хх-ийн 20-40/-аар тогтоогдно.
Мөн шүүгдэгч ******* нь нэгэнт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтныг ажлын талбайд нэвтрүүлэхгүй байх, хамгаалах хувцас, хэрэгслийг бүрэн өмсүүлж ажил үүрэг гүйцэтгүүлэх зэрэг үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргийг биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг гарсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч уг эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх нь үндэслэлтэй.
Иймд Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох хэргээс шүүгдэгч *******т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Х. хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироох гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1. Эрүүгийн хариуцлага:
Улсын яллагч: “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул *******д эрүүгийн хариуцлага оногдуулж, 1 жилийн хугацаатай хорих ялаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал “Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал ажиглагдаж байгаа юм. Тохиолдлын шинжтэй болон анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа хувийн байдал гэх мэт зүйлс. Мөн гэм буруугаа бүх шатанд хүлээн зөвшөөрдөг тул 6 сарын хугацагчаар тэнсэх харгалзаж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан бусдад учруулсан хор уршгийг арилгаж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
2. Хохирол, хор уршиг:
Иргэний хариуцагч “*******” ХХК нь Хаан банкны дугаартай дансанд 2023.11.28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024.01.10-ны өдөр 11,170,100 төгрөг, 2024.05.03-ний өдөр 45,000,000 төгрөг, 2024.05.06-ны өдөр 40,000,000 төгрөг нийт 100,170,100 төгрөг шилжүүлсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс дээрх 100,170,100 төгрөгд оршуулгын болон сэтгэл санааны хохирлын үнийн дүн багтсан болно. ...Хохирогчийн ар гэрийн зүгээс санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх бичгээр гаргасан тайлбарыг ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч *******, иргэний хариуцагч “*******” ХХК-ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
3. Бусад асуудал:
Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “*******” ХХК-д буцаан олгож, “Чанар” нэртэй 1 шил архины шилийг устгуулахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000002 дугаартай хэргээс шүүгдэгч ******* овогт т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Х. 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
6. Шүүгдэгч, цагаадсан этгээд, иргэний хариуцагч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагч “*******” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ууганбаярт 100,170,100 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, цагаадсан этгээд нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “*******” ХХК-д буцаан олгож, “Чанар” нэртэй 1 шил архины шилийг устгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ