Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2022/00042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЭЗД ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Б 

Хариуцагч: Ц ын Н 

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ЭЗД а Н.О ,

Хариуцагч: С.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Б .

Хариуцагч Ц.Н хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

ЭЗД аас Ц.Н , С.Б нарт холбогдуулан хүү Н.Г эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч ЭЗД а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э багийн ** -2 тоотод оршин суугч Ц.Н , С.Б нар ам бүл 3, хүү Н.Гын хамт амьдардаг. Ц.Н , С.Б нар нь архины хамааралтай бага насны хүүхэд Н.Г байнга гадуур дагуулан явж архи уудаг, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, хөгжих эрхийг ноцтойгоор зөрчиж, үл хайхрах болон бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байна. 2018 онд С.Б нь Наран багт амьдарч байхдаа *** дугаартай шүүхийн шийдвэрээр эх байх эрхээ хасуулж байсан. Тухайн үед бага насны 2 хүүхэд болох Б.М /5 настай/, Б.Б /1 нас 2 сартай/ нарыг хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, хөгжих эрхийг ноцтойгоор зөрчиж үл хайхрах болон бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлж, хүүхдүүдийг гэмтээж бэртээх, гар хөлийг нь хөлдөөх, танихгүй хүнд үлдээх гэх мэт эрсдэлт нөхцөл байдалд учруулж байсан тул хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах болон амь насанд учирч болох болзошгүй эрсдэлээс сэргийлж эх байх эрхийн хасуулж, хүүхдүүдийг Энэрэл асрамжийн төвд өгч байсан. Ц.Н , С.Б нар нь бага насны хүүхдийг дагуулан байнга архидан согтуурч, танихгүй хүнд хүүхдээ үлдээгээд явах тохиолдол гарч байгаа тул цаашид хөлдөх осгох, амь насаа алдах өндөр эрсдэлтэй учраас яаралтай эцэг, эх байх эрхийг нь хасуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ц.Н , С.Б нар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй.

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний буруу дахин архи уухгүй гэж амлая. Нэг удаа харж үзэн хүүтэйгээ хамт амьдрах боломж олгож өгөөч. Хүүгээ нялхаас нь өдийг хүртэл харж хандахдаа нэг ч удаа гэмтээж байгаагүй гэв.

Нэхэмжлэгчээс: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б дугаартай Багуудын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нарыг түр томилох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Э багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 3-5/, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хэсгийн байцаагчийн тодорхойлолт /хх-6/, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаарын утсанд дуудлага өгсөн талаарх тэмдэглэл /хх-7/, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 108 дугаарын утсанд дуудлага өгсөн талаарх тэмдэглэл /хх-8/, Хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт /хх 9-14/, үйл явцын гэрэл зураг /хх-15/, Оюу эмнэлэгт хэвтүүлэхээр авч явсан талаарх гэрэл зураг /хх-16/, гэрийн эргэлт хийсэн талаарх гэрэл зураг /хх-16/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 17-18/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Э багийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № дугаартай албан бичиг /хх-19/, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Н.Г төрсний бүртгэлийн лавлагаа /хх-36/, С.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-38-40/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: Хариуцагч Ц.Н ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 23/-г шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

ЭЗД ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЭЗД а Н.О нь тус багт оршин суух Ц.Н , С.Б нарын эцэг, эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй боловч шүүх хуралдаанд С.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хүүтэйгээ байх боломжийг хангаж өгнө үү гэж тайлбарладаг.

Э багийн оршин суугч Ц.Н/, С.Б // нар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Н.Гын эцэг эх бөгөөд бага насны хүүхдийн дэргэд байнга архидан согтуурч, хүү Н.Г байнга гадуур дагуулан явж архи уудаг, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, хөгжих эрхийг ноцтойгоор зөрчиж, үл хайхрах болон бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлж байгаа тул эцэг, эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж нэхэмжлэгч тайлбарладаг.

Хариуцагч С.Б буруугаа ойлгосон, дахин архи уухгүй байж чадах тул боломж олгож, хүүтэйгээ хамт амьдрах хүсэлтэй гэж тайлбарладаг.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг ...бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЭЗД а нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэйг хуульчилсан байдаг.

Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн 2 настай хүү Н ийн Г ын эцэг Ц.Н , эх С.Б нар нь байнга архидан согтуурч, бага насны хүүхдээ дагуулан гадуур явж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрхийг зөрчиж байх тул хүү Н.Г эцэг, эх байх эрхийг хасах нь зүйтэй.

Архины хамааралтай болсон эх С.Б ийг албадан эмчилгээнд явуулахаар Оюу эмнэлэгт хүргүүлсэн боловч оргон зугтаж, эмчилгээнд хамрагдахгүй байгаа байдал, гэрийн эргэлтээр очих тоолонд согтуурсан байдалтай байдаг, хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл, хамтарсан багийн хурлын шийдвэр, эрсдлийн үнэлгээ, Хэсгийн байцаагчийн тодорхойлолт зэргээс бага насны хүү Н.Г эцэг Ц.Н , эх С.Б нарын эрхийг хасуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хариуцагч С.Б засарч хүмүүжин дахин архи уухгүй гэсэн шүүхэд гаргасан тайлбарынхаа дагуу архины хамааралгүй болж, эцэг, эх байх эрхийг хасах болсон шалтгаан арилсны дараа эрхээ сэргээлгэх бүрэн боломжтойг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Ц.Н шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагч Ц.Н ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Жамъянжав овогт Н ийн Г эцэг Жамъянжав овогт Ц ын Н  , эх О овогт С Б нарын эцэг, эх байх эрхийг хассугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын 3 хоногийн дотор Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Х даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ