Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1118

 

 

 

 

 

 

2024         10          18                                     2024/ШЦТ/1118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Д.Энхбаяр,

шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ........ дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний засварчин мэргэжилтэй, Улаанбаатар .... ХХК-д засварчнаар ажилладаг, ам бүл 2, эхийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сум, ......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Дархан-Уул аймгийн Дархан сум, ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

....... овогт Г.Ч /РД:*****/.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Г.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Г.Ч нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны орчимд хохирогч М.Ж-тай маргалдан улмаар биед нь халдаж “хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, хамрын нуруу, баруун хөмсөгт зулгаралт, баруун хөмсөг, зүүн дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зөөдөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дахь хуудас/,

- Хохирогч М.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 4 цагийн орчим санагдаж байна, би согтуу байсан болохоор цагаа сайн санахгүй байна. Би эхнэр Н /****/-ийн хамт өөрийн эзэмшлийн **** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байсан юм. Тухайн үед манай эхнэр жолоо бариад би эхнэрийнхээ хажууд хань болоод явсан. Тэгээд шөнө 4 цагийн үед эхнэр бид хоёр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” баарны ертөнцийн зүгээр хойно байрлах автобусны буудал дээр машинаа байрлуулаад бие засах гээд зогсож байхад цаад буланд хэсэг залуучууд хоорондоо зодолцоод орилолдоод байсан. Тэгээд бие засчихаад зогсож байхад араас 1 залуу цамцнаас татаж унагаагаад миний хамар хэсэгт 1 удаа цохисон. Тухайн үед намайг цохисон хүнийг харж чадаагүй. Учир нь би газар ухаан алдаж унасан байсан. Намайг ухаан санаа ороод босоод ирэхэд миний хамарнаас цус гараад тогтохгүй, ихээр гараад байсан. Тэгсэн дээгүүрээ хувцсаа тайлаад нүцгэлсэн 178 орчим өндөртэй, махлаг биетэй, үсээ хажуу тийшээ самнасан нэг залуу над руу дайраад чи намайг мэдэх үү гээд овог нэрээ хэлээд утасныхаа дугаарыг хэлээд маргааш өглөө ярьж байгаад ирж уулзаарай гээд дайраад байсан. Би тэр залууг хараад танина. Би тэр залуугийн нэрийг нь санахгүй байна. Утасных нь дугаарыг цээжилж авсан ****** гэсэн утасны дугаар хэлээд байсан. Тухайн үед тэр залуу саарал өнгийн **** УНВ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй 4-5 залуугийн хамт явж байсан. Тэгээд намайг цагдаа дуудах үед тэр залуучууд машиныхаа арын улсын дугаарыг тайлж аваад бүгдээрээ тэр машинд суугаад зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18 дахь хуудас/,

- Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би нөхөр Ж-ын хамт өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхад манай нөхрийн найзууд болох Б, А нарыг Сансарын түнелээс очиж аваад бид нар цуг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах манай гэр лүү явсан. Тэгээд замд явж байхад манай нөхөр Ж болон түүний найз Б, А нар бие заслаа гээд намайг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам дагуу байрлах “......” баарны харалдаа зогсоогоод “......” баарны 00 орно гээд машинаас буусан. Тэгээд тус баар луу ороод удалгүй буцаж гарч ирээд манай нөхөр надруу хүрч ирээд баарны 00 аймар оочиртой байна гэж хэлээд гудамж руу ороод бие засаад ирье гэж хэлээд “....” баарны ертөнцийн зүгээр зүүн тал руу явсан. Тухайн үед би машин дотроо суугаад ардаас нь хараад байж байсан. Тэгтэл нөхөр авто замын хажууд нэг залуутай муудалцаад хоёр биетэйгээ барилцаж байгаад нөгөө залуу нь манай нөхрийн нүүр хэсэгт цохиод авсан. Тэгээд би гүйгээд очсон чинь манай нөхрийн хамраас цус гарчихсан газар сууж байсан. Намайг тэнд ирсэн үед бужигнасан л юм болж байсан. Тэгээд тэндээс шууд нөхрийгөө аваад зам гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дахь хуудас/,

-Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний санаж байгаагаар маргаан манай найз Ч болон хохирогч гэх залуу хоёрын хооронд үүссэн. Миний харснаар манай найз Ч хохирогч гэх залуу хоёр авто замын наана муудалцаад барилцаж авсан. Тэр үед Ч хохирогч гэх залуугийн нүүрэн тус хэсэгт гараараа 2-3 удаа цохиж байсныг би харсан. Тэгэхэд хохирогч гэх залуугийн 2 найз гарч ирээд Ч-ыг чирч газар унагах үед би гүйж очиж салгасан. Тэгээд хоёр тийшээ болцгоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28, 30 дахь хуудас/,

- Гэрч У.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед бид нар баарнаас гараад гэрлүүгээ явах гээд манай найз Б бид хоёр **** УНВ улсын дугаартай манай эгч Э-ийн машинд сууж байхад Ч замын хажууд нэг залуутай маргалдаад хоёр биенийгээ түлхээд байсан. Тэр үед би машинаас буугаад Ч-ыг салгах гээд гүйгээд очих үед Ч маргалдаж байсан залуугийнхаа нүүрэн тус хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Тэгтэл хажуунаас нь бас 2 залуу гарч ирээд Ч-ыг хувцаснаас татаж чангаагаад, чирээд байх үед найз М бид хоёр очиж салгасан. Б машинд сууж байсан маргаанд оролцоогүй. Тэгээд хоёр тийшээ болцгоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34, 36 дахь хуудас/,

- Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ж-ийн эгчээс нь машиныг нь аваад найз М, Ч хоёрыг гэрээс нь очиж аваад бид дөрөв Бөхийн өргөөнд байдаг ресторанд орж хоол идсэн ба тухайн үед би жолоо барьж явсан учир пиво уугаагүй нөгөө гурав пиво уусан. Тэгээд тэндээсээ гараад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах “...” бааранд орсон. Тухайн бааранд ороод Ч, Ж хоёр архи аваад М тэр гурав бааранд хувааж уусан. Тэгээд баарнаасаа гараад Ж, М хоёр түрүүлээд машинд суусан ба Ч тамхи татаад баарны үүдэнд зогсож байсан. Харин би шинээр танилцсан 4 охинтой юм яриад гадаа зогсож байхад цаана Ч-той 3 залуу муудалцаад би дундуур нь орж салгасан. Тэр үед бас хажууд хамгаалагч нар байсан. Тэгсэн тэр 3 залуугийн нэг нь кефкэн малгайтай савхин хүрэмтэй өндөр нуруутай, туранхай биетэй залуу Чыг гараараа цохиод нөгөө хоёртойгоо нийлээд замын гол руу чирсэн. Тэр үед найз М салгах гээд гүйгээд очсон. Тэгээд бид нар салаад явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дэх хуудас/,

- Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3 цагийн орчим би өөрийн найз Б-ий хамт Баянзүрх дүүргийн Сансарын түнелийн ойролцоо явж байхад Б, Ж руу утсаар ярьж Ж, Б бид хоёрыг түнел дээрээс ирж авсан. Тухайн үед Ж өөрийн жижиг машинтай явж байсан ба машиныг нь эхнэр нь барьж явсан. Тэгээд бид нар Ж-ын гэр лүү буюу Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо чигтэй явж байгаад замдаа “....” гэх баарны хажууд байрлах CU орж бие засах гээд зам дагуу машинаа зогсоогоод, машинаас би, Б, Ж бид гурав буугаад Б, Ж хоёр цаашаа CU ороод би Ж-ын машины хажууд хүнтэй утсаар яриад үлдсэн. Удалгүй Ж, Б хоёр CU-ийн нойл ажиллахгүй байна гээд гарч ирээд гудамжинд бие засна гээд ертөнцийн зүгээр зүүн зүгийг чиглээд явсан. Тухайн үед би Ж-ын машины хажууд Ж-ын эхнэр Н-тэй юм яриад зогсож байхад Н, Ж-г нэг хүн бариад авлаа гэж надад хэлэхээр нь би барьж байсан гар утсаа Н2д өгчихөөд Ж руу гүйсэн. Намайг гүйгээд очиход Ж доошоо харсан, толгойгоо хоёр гараараа хамгаалсан байдалтай газар хэвтэж байсан. Дээрээс нь 3 залуу цохиж байхаар нь би тэр 3 залуугийн нэгийг нь түлхээд, нэгийг нь татаж салгаад Ж-ыг босгох үед хамарнаас нь цус гарсан байдалтай байхаар нь би зүгээр үү гэж асуусан чинь шүд янгинаад байна гээд байсан. Тэгээд Ж-ын эхнэр Н ирээд бид хоёр Ж-ыг замын нөгөө тал руу гаргаад цагдаа дуудсан. Тэр үед дээгүүрээ цээж нүцгэн гаран дээрээ жижиг шивээстэй нэг залуу бид нарт уулзанаа гэж хэлээд утасныхаа дугаарыг өгөөд байсан. Тэгтэл цаанаас нь нэг нь хүрч ирээд тэр залууг аваад бүгдээрээ машиндаа суугаад явсан. Машинд сууж явахдаа 4 залуу суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дахь хуудас/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаартай шинжээчийн: “1.М.Ж-гийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, хамрын нуруу, баруун хөмсөгт зулгаралт, баруун хөмсөг, зүүн дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дэх хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дахь хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 116-117 дахь хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 122 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаангүй. Гэмшиж байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Ч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч М.Ж нь гомдол саналгүй, 6,000,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Улсын яллагчийн байр суурьтай санал нэг байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.

Иймд шүүгдэгч Г.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Г.Ч-д оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Г.Ч нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор 500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Г.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....... овогт Г.Ч-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Ч-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.АЮУШЖАВ