Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1298

 

 

 

 

 

 

     2020          10             6                                         2020/ДШМ/1298                                              

 

 

                              Б.Б , Б.М , А.Б

                                 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Б.Б , Б.М , А.Б нарын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1467 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Бат-Эрдэнийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б , Б.М , А.Б нарт холбогдох эрүүгийн 2006 00000 1412 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овогт Б.Б, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, шинэ Анагаах ухааны их сургуульд оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... оршин суудаг гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, РД: ...

2. Ө овогт А.Б, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сэрүүлэг” дээд сургуульд нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцдаг, ам бүл 6, эгч, хүргэн ах, дүү нарын хамт ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

3. Б овогт Б.М, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... оршин суух бүртгэлтэй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, РД:

Б.Б , А.Б нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүлд чуулгын урд автобусны буудал дээр нийтийн хэв журам зөрчиж, иргэн Г.М ийг үл ялих зүйлээр шалтаглан биед нь хүч хэрэглэсэн,

Б.Б , А.Бат-Эрдэнэ, Б.М  нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүлд чуулгын урд автобусны буудал дээр иргэн Г.М ийн толгойн тус газарт нь олон удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, түлхэж унагаах зэргээр биед нь халдаж улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт, хамар, баруун хацар, зүүн гуя, баруун өвдөг, шилбэний зулгаралт, зүүн гарын чигчий хурууны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Б , А.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б, Б.М, А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б, Өөлд овогт А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б г 520 цаг, шүүгдэгч Б.М ыг 480 цаг, шүүгдэгч А.Б-г 400 цаг тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , шүүгдэгч А.Б нарыг тус тус 1 жил хорих ялаар тус тус шийтэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан шүүгдэгч Б.Б гийн 520 цаг, шүүгдэгч А.Б-н 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан шүүгдэгч Б.Б , А.Б нарын 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч нарын эдлэх хорих ялын хугацааг Б.Б г 1 жил 2 сар 5 хоногоор, А.Б-н 1 жил 1 сар 20 хоногоор тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан шүүгдэгч Б.Б гийн 1 жил 2 сар 5 хоног хорих, шүүгдэгч Б.М ын 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялууд дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн шүүгдэгч Б.Б гийн 224 цаг /224ц:8ц=28х/, шүүгдэгч Б.М ын 184 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тус нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг шүүгдэгч Б.Б гийн хорих ялыг нийт 1 жил 3 сар 3 хоногоор, шүүгдэгч Б.М ын нийтэд тустай ажил хийлгэх ялыг 664 цагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Б.М  нарын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.М ын эдэлбэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг /664ц-(7*8=56ц)/ 608 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 1 жил 3 сар 3 хоног, А.Бат-Эрдэнэд оногдуулсан 1 жил 1 сар 20 хоног хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М  нь оногдуулсан 608 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан компакт дискийг хэрэгт хавсарган, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Б-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1467 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар. Шүүгдэгч Б.Б , А.Б нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүлд чуулгын урд талын автобусны буудал дээр нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Г.М-г үл ялих зүйлээр шалтгаалан биед нь хүч хэрэглэсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Б-д нэг жилийн хорих ял оноосон байдаг. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг нь Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих явцдаа хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсанаар үйлдэгддэг гэмт хэрэг. Хавтаст хэрэгт авагдсан камерийн бичлэгийг үзэхэд хохирогч Г.М этэй шүүгдэгч А.Б нь эхлээд хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаан үүсгэсэн байдаг. Тухайн таарамжгүй харилцааг харсан шүүгдэгч Б.Б  араас нь очиж хохирогчид хүч хэрэглэн зодсон байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.М нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сүлд чуулгын автобусны зогсоол дээр зогсож байхад 170 см өндөртэй 1 залуу ирж тамхи асуусан, тэгээд байхгүй гэтэл чамд байх ёстой гээд миний малгайг автал би буцаагаад малгайгаа авсан, тэгээд тэр чипс идсэн залуу миний баруун талын шанаа руу 2 удаа цохисон, түүний араас хүрэн өнгийн цамцтай залуу хэд хэдэн удаа цохисон гэдэг. Камерийн бичлэг болон хохирогчийн мэдүүлгийг харахад шүүгдэгч Б.Б , А.Б нар нь бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаагүй юм. Учир нь хохирогчид шүүгдэгч А.Б хүч хэрэглэн түүний биед хохирол учруулсан гэмт хэргийг үйлдээд эхэлчихсэн байх үед шүүгдэгч Б.Б араас нь очиж үйлдлээрээ нэгдэн хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн юм. Хохирогчид шүүгдэгч нар нь анхнаасаа бүлэглэн очиж хүч хэрэглэн, халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаагүй юм. Энэ үүднээсээ харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж тус гэмт хэргийг үйлдсэн гэх хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэж байна гэж үзэж байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дээр дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаарх өмгөөлөгчийн дүгнэлт болон улсын яллагчийн хууль ёсны гэж үзэж шийдвэрээ гаргасан үндэслэлийн талаар дурдаагүй, няцаагаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь хуульд заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. ...” гэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б , Б.М , А.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, камерийн бичлэг зэргээр бүрэн тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.Б , А.Б нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүлд чуулгын урд автобусны буудал дээр нийтийн хэв журам зөрчиж, иргэн Г.М-г үл ялих зүйлээр шалтаглан биед нь хүч хэрэглэсэн,

Б.Б , А.Б, Б.М  нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүлд чуулгын урд автобусны буудал орчим иргэн Г.М-н толгойн тус газарт нь олон удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, түлхэж унагаах зэргээр биед нь халдаж улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт, хамар, баруун хацар, зүүн гуя, баруун өвдөг, шилбэний зулгаралт, зүүн гарын чигчий хурууны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Г.М-н “...2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед “Сүлд” чуулгын автобусны буудал дээр буугаад зам хөндлөн гарах гээд зогсож байтал туранхай шар царайтай, хүрэн өнгийн цамцтай 170 см орчим өндөртэй 1 залуу, хар өнгийн цамцтай чипс идсэн залуу нар хүрч ирээд тамхи асуухаар нь би “байхгүй” гэтэл хүрэн өнгийн цамцтай залуу “чамд байх ёстой” гээд миний малгайг автал би буцаагаад малгайгаа аваад байж байтал миний малгайтай цамцнаас доошоо дарсан. Гэтэл чипс идэж байсан залуу миний толгойн зүүн тал тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон. ...хар савхитай дээрээ үсээ боосон залуу нь намайг тайвшир гэж хэлээд дэлгүүрийн цаад тал руу авч очоод шууд араас тэвэрч аваад өргөөд шидчихээд миний зүүн талын нүд рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал араас нөгөө 2 залуу нь хүрч ирээд яг ямар залуу гэдгийг нь мэдэхгүй байна, миний баруун талын хавирга, хамар луу өшиглөөд, зүүн талын гар дээр дэвссэн. Тэгтэл цуг явсан эмэгтэй нь байх намайг босгоод “та одоо яв, зүгээр үү” гэж байсан. ...” /хх-15/,

гэрч А.С-н: “...2020 оны 5 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Эрдэнэтолгойн МТ колонк дээрээс 10 жилийн найзууд болох Н, Н, М, П нарын хамт 805 дугаар ангийн байранд М-г хүргэж өгөх гээд явж байсан. “Сүлд” чуулгын автобусны буудал дээр ирээд зогсоход М нь түрүүлээд гүйгээд буусан. Дэлгүүрийн үүдэнд 2 залуу муудалцаад байх шиг байсан. М гүйж очоод салгасан. ...” /хх-22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Г.М-н биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт, хамар, баруун хацар, гуя, баруун өвдөг, шилбэний зулгаралт, зүүн гарын чигчий хурууны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх-33/,

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-9/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Нийтийн хэв журмыг зөрчих гэдэг нь олон нийтээр хамтран амьдарч тогтож хэвшсэн хэв ёсонд шууд харшилсан, эсхүл уламжлагдаж ирсэн зан заншлыг үл хүндэтгэсэн, олон нийтийн амгалан тайван амарч, ажиллах нөхцлийг санаатайгаар алдагдуулж, улмаар өөрийн үйлдлээс учирч болох хор уршгийг зориуд хүсэж үйлдэхээс гадна, хүсээгүй ч тийм байдалд хүргэж болохыг ойлгож мэдсэн атлаа үйлдлээрээ гүйцэлдүүлдэг санаатай үйлдлийн бодит илрэл юм.

Шүүгдэгч Б.Б , А.Б нар нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн санаатай үйлдлээ олон нийтийн газар тодорхой хугацаагаар үргэлжлүүлсэн, өөрөөр хэлбэл нийгмийн хэв журмыг зөрчиж байгаагаа нийтэд илээр үзүүлж, догшин авирласан нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Тухайлбал, шүүгдэгч Б.Б , А.Б нар нь үл таних хохирогч Г.М-с тамхи асуухад нь “байхгүй” гэж хариулсан гэх үл ялих шалтгаанаар түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, уг үйлдлээ олон нийтийн газар болох автобусны буудал дээр нийгэмд тогтсон хэв ёсонд шууд харшилж хэрэгжүүлсэн байна.

Ингэснээр автобусны буудал болон тухайн орчид байгаа нийт иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан үйлдсэн бөгөөд энэ үйлдлээ ухамсарлан идэвхитэйгээр үргэлжлүүлснийх нь улмаас хохирогч Г.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг болон олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг тус тус үйлдсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Харин шүүгдэгч Б.М-н хувьд Б.Б , А.Б нартай бүлэглэн хохирогч Г.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс түүнд зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Б , А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаар тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл хуульд нийцсэнээс гадна гэм буруугийн болон шударга ёсны зарчмуудад харшлаагүй гэж дүгнэв.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б , Б.М  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар тэдний урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч А.Очбадралын гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан оролцож шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлсөн боловч шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт А.Хосбаяр гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1467 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР