| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03746/И |
| Дугаар | 001/хт2026/00087 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 001/хт2026/00087
компанийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/06742 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02110 дугаар магадлалтай,
Дани улсын нийтийн өмчит “И” компанийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК оролцсон,
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024.04.30-ны өдрийн 5/394 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах, *** бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, Г.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, нэхэмжлэгийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Л, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Дани улсын нийтийн өмчит “И” компани нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024.04.30-ны өдрийн 5/394 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах, *** бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/06742 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024.04.30-ны өдрийн 5/394 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, *** бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02110 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/06742 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024.04.30-ны өдрийн 5/394 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Дани улсын нийтийн өмчит И (И) компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн болон гуравдагч этгээдийн тус тус төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, Г.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.12.05-ны өрийн 210/МА2025/02110 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.4-т заасныг үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
4.1. Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байдлын тухайд:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 3.2 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “М” ХХК нь 2024.02.14-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 246,517,008,635 төгрөгийн төлбөр төлсөн. Үүнийг төлбөр “И” компани (И) pyy 2024.04.02-ны өдрөөс өдрөөс 2024.05.09-ний өдрийн хооронд нийт 72,925,260.49 ам.доллар болгож шилжүүлсэн байна.” хэмээн дүгнэсэн байдаг.
Германы арбитрын Институтийн 2020.09.28-ны өдөр Арбитрын шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.27-ны өдрийн 183/Ш32023/07691 дүгээр “Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай” захирамжаар арбитрын шийдвэрийг баталгаажуулж, 2023.05.03-ны өдөр 183/ГX2023/00673 дугаартай “Гүйцэтгэх хуудас”-т хариуцагч “М” ХХК-аас нийт 85,350,466.8 ам.доллар болон 856,750.33 еврог гаргуулж нэхэмжлэгч Дани улсын нийтийн өмчит “И” компанид олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч шүүхийн шийдвэрт заагдсан үүрэг бүрэн биелэгдээгүй болох нь давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл 1958 оны Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай Нью-Йоркийн конвенцийн 3 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйл 113.1 дэх хэсэг, 116.1 дэх хэсэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх үүрэг хэрэгжээгүй байгаа талаар дүгнэсэн мөртлөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу бүрэн биелсэн мэтээр дүгнэж буй нь гадаад валютаар гаргасан шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар хууль хэрэглээний нийтлэг зарчим тогтооход ач холбогдол үүссэн болохыг илтгэж байна.
Шүүхийн магадлалын хянавал хэсгийн 4 дэх хэсэгт “Монгол улсын нэгдэн орсон 1958 оны Нью-Йоркийн конвенцод гадаад улсын арбитрын шийдвэрийг албан гүйцэтгэх ажиллагааны явцад үндэсний мөнгөн тэмдэгтээр төлөгдсөн төлбөрийг гадаад валют руу хөрвүүлэх ханшийг хэрхэн тооцох талаар тусгайлан зохицуулаагүй байна. Иймд уг асуудлыг Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх үндэслэлтэй” хэмээн дүгнэсэн алтаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь заасны дагуу зөвхөн шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцож гадаад валютыг төлүүлэх шаардлага үүсч байна хэмээн магадлалын хянавал хэсгийн 4.2-т дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д “Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно” гэж заасан. Түүнээс гадаад валютаар гарсан шийдвэрийг биелүүлэхдээ заавал үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгт шилжүүлж гүйцэтгэх ажиллагааг явуулна гэсэн зохицуулалт байхгүй байна. Нэгэнт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төгрөгөөр заавал биелүүлэх үүрэг байхгүй тул шүүхийн шийдвэрт (арбитрын шийдвэрийг гүйцэтгэх захирамж) заасан валютаар биелүүлэх үүрэг үүснэ. Гэтэл давж заалдах шатны шүүх гадаад валютаар гарсан шийдвэрийг төгрөгт шилжүүлэн гүйцэтгэсэн хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөж байгаа энэхүү үйлдэл нь шударга шүүхээр шүүлгэх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Учир нь Монгол улс 1994.05.26-ны өдөр Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцод нэгдэн орсон байх бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дах хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйл 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус хуульчилсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1-д “Монгол Улсын шүүхийн болон гадаад улсын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам нь Монгол Улсын хууль тогтоомж, гадаад улстай байгуулсан буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр тодорхойлогдоно” гэж, Арбитрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Аль улсад гаргаснаас үл хамааран арбитрын үндсэн шийдвэрийг заавал биелүүлэх хүчинтэй гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд харьяалах шүүхэд бичгээр өргөдөл гаргаснаар энэ хуулийн 48, 49 дүгээр зүйл болон Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцод заасан журмын дагуу арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байна.
Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцийн 3 дугаар зүйлд “... Хэлэлцэн тохирогч улс бүр арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх...” гэж заасны дагуу манай улс Германы арбитрын шүүхийн 2020.09.28-ны өдрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, заавал биелүүлэх үүрэгтэй.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс хууль болон Олон улсын гэрээ конвенцийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэн хууль хэрэглээний ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ. Тодруулбал Германы арбитрын Институтийн 2020.09.28-ны өдрийн Арбитрын шийдвэрээр хариуцагч “Монгол Алт” ХХК-аас нийт 85,350,466.8 ам.доллар болон 856,750.33 еврог гаргуулж нэхэмжлэгч Дани улсын нийтийн өмчит “И” компанид олгож шийдвэрлэсэн ба үүнийг Монгол улсын шүүх хуульд заасны дагуу баталгаажуулж албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас олгосон байдаг.
Энэхүү Германы арбитрын шийдвэр болон арбитрын шийдвэрийг баталгаажуулсан захирамж, гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгчөөс гаргуулан төлбөр авагчид олгуулахаар шийдвэрлэсэн 85,350,466.8 ам.доллар болон 856,750.33 еврог Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгтэд шилжүүлэн гаргуулахаар тусгаагүй, мөн төлбөр төлөгчийн үндэсний мөнгөн тэмдэгт шилжүүлэн тооцохдоо хүчин төгөлдөр арбитрын шийдвэрт заасан үнийн дүнгээс бага дүнгээр тооцон гаргуулж төлбөр авагчид олгох хууль зүйн үндэслэл, боломж байхгүй болно.
Нэгэнт хуулиар хүчин төгөлдөр гадаадын арбитрын шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулахдаа арбитрын шийдвэрт заасан ам.доллар болон еврог төлбөр төлөгч “М” ХХК-аас гаргуулан төлбөр авагч “И” компанид гаргуулан олгох үүргийг хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйл, 116 дугаар зүйлд заасны дагуу хүлээсэн байна.
Нью-Йоркийн конвенцод үндэсний мөнгөн тэмдэгтээр төлөгдсөн төлбөрийг гадаад валют руу хөрвүүлэх ханшийг хэрхэн тооцох талаар тусгайлан зохицуулаагүй боловч арбитрын шийдвэрийг, хүлээн зөвшөөрч заавал биелүүлэх үндсэн зарчим нь тухайн арбитрын шийдвэрийг бүрэн биелүүлэх гол шаардлагыг илтгэж байгаа юм. Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцид нэгдэн орсон улс гадаад улсын нутаг дэвсгэрт гарсан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэхэд гагцхүү энэ конвенцийг хэрэглэх ба хүлээн зөвшөөрч, биелүүлэх улсад арбитрын шийдвэрийг бүрэн биелүүлэх тухай ойлголт юм.
Үүнээс үзэхэд конвенцийн 1 дүгээр зүйлийн 2-т “Арбитрын шийдвэр” гэсэн нэр томьёонд тухай бүрд томилогдсон арбитрчдийн гаргасан маргааны талаарх шийдвэр орно гэж заасан. Арбитрын шийдвэр нь тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн арбитрын бүрэлдэхүүний шийдвэр бөгөөд маргаан бүхий хэргийн тухайд төлбөрийг ам.доллар болон еврогоор тооцож, хариуцагчийг төлөхөөр үүрэг болгосон байдаг. Нэгэнт зээлийг ам.доллар, еврогоор буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн Арбитрын шийдвэр болон түүнийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан Монголын улсын шүүхийн шүүгчийн захирамжийг өөрчлөх эрх шийдвэр гүйцэтгэх байгууллагад байхгүй юм.
Конвенцийн 3.5 (1) е, 5 (2) b нь арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх эцсийн шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд түүнийг биелүүлэхдээ агуулгыг өөрчлөх боломжийг хаасан байдаг. Тухайлбал Арбитрын шийдвэрийг биелүүлэхдээ түүнийг үндсэн агуулга, хэлбэрийг өөрчлөхгүйгээр буюу мөнгөн төлбөрийн валютыг тэр хэлбэрээр нь биелүүлэх тухай юм. Хэрвээ дотоодын хууль тогтоомжоор заавал дотоодын валют руу хөрвүүлэх бол тухайн төлбөр шилжүүлэх өдрийн ханшаар эсвэл арбитрын шийдвэрийг гүйцэтгэх захирамж гарсан өдрийн ханшаар тооцох нь ханшны зөрүүний хохирлоос сэргийлдэг. Гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээсэн ихэнх улс орнууд шийдвэр дээр заасан валютаар төлдөг нь нэгэнт олон улсын арбитрт хүлээн зөвшөөрөгдсөн практик болно.
И Ки эф банкнаас “М” ХХК-д олгосон зээл нь хил дамнасан бүтээн байгуулалтын томоохон төслийг Монгол Улсад санхүүжүүлсэн, гадаадын банкнаас олгосон олон улсын чанартай зээл бөгөөд доллароор зээлээ олгож, зээлээ буцаан авахдаа ч доллароор авах нь зүй ёсны хэрэг юм. Энэ үүргийг Зээлийн гэрээгээр баталгаажуулсан байдаг буюу үүнийг нь Монголын шүүх мөн хянан үзээд, хүлээн зөвшөөрч гүйцэтгэх хуудас олгож, арбитрын шийдвэрийг баталгаажуулж захирамж гаргасан. Түүгээр ч үл барам зээлийн гэрээг хэрэгжүүлэхэд учрах аливаа зардлыг ч зээлдэгч хариуцахаар гэрээний 6.3, 10.4, 12.1, 12.5 дахь хэсэгт талууд тусгасан. Мөн гэрээний 20-д валютын ханшийн эрсдэлийн баталгааг хэрхэх талаар тодорхой зохицуулсан ба уг зохицуулалтад зааснаар валютын ханшийн эрсдэлийг зээлдэгч хариуцахаар тохиролцсон байна. Хуулиар хориглоогүй л бол, гадаадын валютаар тохирсон гэрээний үүргийн биелэлтийг шийдвэр гүйцэтгэх шатанд нэг бол тухайн валютаар нь төлөх, эсхүл дотоодын мөнгөн тэмдэгтээр төлөх бол шийдвэрт заасан дүнтэй дүйцэхүйц мөнгийг тухайн төлбөр гүйцэтгэх өдрийн ханшаар гаргуулснаар тухайн шүүхийн шийдвэр биелсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлнэ гэж заасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц дахь төлбөр авагч болон төлбөр төлөгчийн эрх, үүргийг тодорхойлоход мөн хамаарна.
Гэтэл энэхүү зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, “М” ХХК нь авсан зээлээ буцаагаад доллароор бүрэн төлөх ёстой байтал төгрөгөөр тооцон шилжүүлж 12,425.206.31 ам.доллар дутуу төлж, ханшийн зөрүүнээс болж зээлдүүлэгч банкийг 12,425,206.31 ам.доллароор хохироож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг илтэд зөрчсөн, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдэх, дараа дараагийн томоохон хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгааг анхаарах хэрэгтэй.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн үндсэн зарчим нь төлбөр төлөгчийн шүүхээр баталгаажсан эрх, ашиг сонирхлыг хамгаалах явдал юм. Гэвч давж заалдах шатны шүүхийн зүгээс энэхүү зарчмыг зөрчин төлбөр авагчийг хохироосон хариуцагчийн үйлдлийг зөвтгөсөн шийдвэрийг гаргаж байгаа нь Арбитрын тухай хууль, Иргэний хууль болон Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай Нью-Йоркийн конвенцийн үндсэн зарчимд нийцээгүй болно.
4.2. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйл 113.1, 107 дугаар зүйл 107.5 дахь хэсгийг хоёр өөр байдлаар тайлбарлаж хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7 дугаар зүйлд “Иймд төлбөр нь авагчийн дансанд арбитрын шийдвэрт тухайлан заасан төлбөрийг буюу нийт 85,350,466.8 ам доллар болон 856,570.33 евро орж ирснээр төлбөр төлөгч “М” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох ёстой гэж дүгнэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, 113 дугаар зүйлийн 113.1-д “Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно” гэж заасантай, нийцнэ” гэж,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 4.1-д “Дээрх ханшаар тооцоход арбитрын шийдвэрт заасан төлбөр 85,350,466.8 ам.доллар нь 243,590.232.247 төгрөг, арбитрын зардал 856,570.33 евро нь 2,842,956,925 төгрөг, нийт 246,433,189,172 торог болж байна. Харин төлбөр төлөгч нь 246,517,008,635 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг төлсөн тул төлбөрийг биелүүлсэнд тооцно.” хэмээн өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйл 113.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүхийн дүгнэлттэй адил байр суурьтай ойлгож байгаа. Тодруулбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д “Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно.” гэж, (Германы арбитрын Институтийн 2020.09.28-ны өдрийн арбитрын шийдвэр, Хан-Уұл дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.27-ны өдрийн 183/Ш32023/07691 дүгээр арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж, 2023.05.03-ны өдрийн 183/ГХ2023/00673 дугаартай гүйцэтгэх хуудаст заасан мөнгөн хөрөнгийг төлбөр авагчид бүрэн шилжүүлэх тухай ойлголт хэмээн үзэж байна.), мөн хуулийн 116 дугаар үйлийн 116.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын, олон улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх журмыг энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлно” гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шийдвэр гүйцэтгэгч нь Бүгд Найрамдах Герман улсын Арбитрт Институтийн 2020.09.28-ны өдрийн арбитрын шийдвэрээр төлбөр төлөгч “М” ХХК-аас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн 85,350,466.8 ам.доллар болон 856,750.33 еврог гаргуулж нэхэмжлэгч Дани улсын нийтийн өмчит “И” компанид олгох ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар хариуцагч нь төлбөр төлөгч “М” ХХК-аас 72,925,260.49 ам.долларыг гаргуулан төлбөр авагчид шилжүүлээд үлдэх 12,425,206.3 ам.доллар болон 856,570.33 еврог төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид шилжүүлээгүй. Энэ тухай давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 3.2-т мөн дурдсан атлаа шүүхийн шийдвэрийг бүрэн, биелүүлсэн буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэсэн нь илтэд зөрчилтэй буюу үндэслэлгүй гэж үзэж байгаа болно.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйл 107.5 дахь хэсэгт заасныг хоёр шатны шүүх дараах байдлаар хоёр өөрөөр тайлбарласан байдаг. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 10, 11 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлд “Шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгө авах” 107.5-д “Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно”, 108 дугаар зүйл 108.2-т “Гадаадад оршин суугаа оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох бөгөөд шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгчтэй хамтран батална” гэжээ. 11-д “Дээрх хуулийн зүйл заалтууд болон журамд заасан талуудын хооронд үүссэн маргааны зүйлтэй хамааралгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй” гэж дүгнэсэн болно.
Харин Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 4.1-д “Иймээс төлбөр төлөгчийн төлсөн үндэсний мөнгөн тэмдэгтээр төлсөн төлбөрийг гадаад валютын ханш руу хөрвүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлох шаардлага үүсэж байна" хэмээн дүгнэсэн байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйл 107.5 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүхийн дүгнэлттэй адил байр суурьтай ойлгож байгаа болно. Тодруулбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт “Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно” гэж заасныг хариуцагч, гуравдагч этгээд нарын зүгээс Арбитрын шийдвэр гарсан өдрийн ханшаар төлбөр төлж барагдуулна гэж ойлгож тайлбарлаж буй нь илтэд үндэслэлгүй юм. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйл нь Шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгө хүлээн авахтай холбоотой заалт бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч тал гадаад валютыг бэлнээр авчирч төлбөрөө төлсөн тохиолдолд түүнийг хүлээн авахдаа мөн зүйлийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкны ханшаар тооцож хүлээн авахтай холбоотой зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалт нь гадаад валютыг төлбөр төлөгч бэлнээр өгсөн тохиолдолд хүлээн авч, Монгол банкны ханшаар тооцож авах, бусдад шилжүүлэх буюу гадаадад суугаа (оршин байгаа) төлбөр авагчийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэхэд ашиглах зохицуулалт юм. Харин гадаад валют олгохоор шийдвэрлэсэн Арбитрын шийдвэрийг биелүүлэхэд хэрэглэх зохицуулалт биш юм. Мөн тус заалтын “шүүхийн шийдвэр гарсан өдөр” гэдэгт арбитрын шийдвэрийг баталгаажуулсан шүүхийн гүйцэтгэх хуудасны өдрийг тооцох нь арбитрын шийдвэр гарсан өдрөөр тооцохоос илүү тохирох тайлбар болох юм. Гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэхэд тусгайлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 116 дугаар зүйл, 113 дугаар зүйлд заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр зохицуулж өгсөн байна. Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр заавал биелэх тухай суурь зарчим нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлд тусгагдсан буюу материаллаг шинжтэй, анхдагч зохицуулалт бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107.5 дугаар заалт нь хуульд заасан тодорхой нөхцөлд аль өдрийн ханшийг баримтлах тухай процессын шинжтэй, хоёрдогч нөхцөлийг тусгасан заалт бөгөөд түүнийг дангаар нь буюу 113 дугаар зүйлийн 113.1-д заасан суурь нөхцөл хангагдахгүйгээр хэрэглэх нь төлбөр авагчийн эрхийг ноцтой зөрчих эрсдэлийг ийнхүү үүсгэж байна.
Нөгөөтээгүүр давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 4.1-д “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно” гэж заасан.
Уг хэсгийн зохицуулалт нь агуулга нь зөвхөн бэлэн мөнгөний төлбөртэй холбоотой харилцааг зохицуулахад чиглээгүй. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2017.10.18-ны өдрийн А/259, /А-270 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад толбор тооцооны журмаар олгох, шилжүүлэх журам”-д мөн тодорхой зaaсан.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийн зохицуулалтыг гадаад валютаар төлсөн төлбөрийн ханшийг төлбөр төлсөн өдөр бүрийн ханшаар тооцохоор заасан гэж өргөтгөж тайлбарлах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй төдийгүй давж заалдах шатны шүүх хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг дээр дурдсан хоёр өөр байдлаар тайлбарлан хэрэглэж байгаа нь уг хуулийн заалтыг нэг утгаар ойлгон хэрэглэх шаардлагыг үүсгэж байгаа ба Монгол Улсын дээд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах зайлшгүй шаардлага үүсч байна.
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.12.05-ны өдрийн 210/МА2025/02110 дугаар магадлалыг хянан хэлэлцэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг гадаадын арбитрын шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэх эсэх талаар нэгдсэн нэг ойлголтыг тогтоож өгнө үү.
Мөн энэхүү арбитрын шийдвэрийг биелүүлэхийн тулд заавал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг төсөөтэй хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймээс Германы арбитрын Институтийн 2020.09.28-ны өдрийн арбитрын шийдвэр. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.27-ны өдрийн 183/Ш32023/07691 дүгээр арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж, 2023.05.03-ны өдөр 183/ГХ2023/00673 дугаартай гүйцэтгэх хуудаст заасан мөнгөн хөрөнгийг төлбөр авагчид 1958 оны Нью-Йоркийн конвенцийн 3 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйл 113.1 дэх хэсэг, 116.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дэх хэсэгт тус тус заасны бүрэн гүйцэд төлүүлэх ёстой.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасан хуулийг “М” ХХК-д ашигтай байдлаар бодит байдал дээр хоёр өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан дараах үйл баримтаар тогтоогддог болно. Тодруулбал:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М, хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.О нар 2024.03.22-ны өдрийн 24-3/279 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол үйлдсэн. Энэхүү тогтоолыг үйлдэхдээ төлбөр төлөгчийн 14 удаагийн үйлдлээр нийт 109,433,842,732 төгрөг буюу 31,666,666 ам.доллар төлөгдсөн гэж тайлбарладаг. Гэвч төлбөр төлөгч нь энэхүү төлбөрийг төлөхдөө 12 удаа 2,250,000 ам.доллар, 2 удаа 2,333,333 ам.доллароор төлсөн бөгөөд энэхүү төлбөрийг шилжүүлэхдээ Олон Улсын арбитрын шийдвэр гарсан өдрөөр бус харин шилжүүлэг хийсэн өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцож мөнгөн төлбөрөө шилжүүлсэн байдаг. Жишээ нь: 2023.02.09-ний өдөр “М” ХХК-аас “И” компани руу 7,884,000,000 төгрөг шилжүүлсэн буюу 1 ам.долларыг 3,504 төгрөгөөр тооцон нийт 2,250,000 ам.доллар, 2023.02.24-ний өдөр “М” ХХК-аас “И” компани руу 7,914,915,000 төгрөг шилжүүлсэн буюу 1 ам.долларыг 3,517.74 төгрөгөөр тооцон нийт 2,250,000 ам.доллар гэх мэтээр шилжүүлж байсан. (
Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, С.О нар нь 2024.03.22-ны өдөр өдрийн 24-3/279 дугаар тогтоол, 2024.04.30-ны өдрийн 5/394 дугаартай хоёр тогтоол үйлдэхдээ хуулийг хоёр өөрөөр тайлбарлан хэрэглэж төлбөр төлөгч “М” ХХК-д санаатай давуу байдал үүсгэсэн. Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйл 8.6.1-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах, хууль бусаар давуу эрх олгох” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ. Гэвч энэхүү нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Гадаадад оршин байгаа төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох, шилжүүлэх зохицуулалтын тухайд:
Уг журмын зорилго нь гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэх тухай харилцааг зохицуулсан журам биш бөгөөд зөвхөн төлбөр авагч нь гадаадад оршин суугаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлөгдсөн төлбөрийг хэрхэн гадаад руу шилжүүлэх харилцааг зохицуулсан журам юм. Түүнчлэн журмын 2 дахь хэсэгт төлбөрийн мөнгийг шилжүүлэх гэж заасан ба 2.1-д “Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид олгох төлбөрийн мөнгийг төлбөр төлөгчөөс бэлэн мөнгөөр гаргуулсан бол тов суурин газарт 24 цаг, хөдөө орон нутагт 72 цагийн дотор шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төвлөрүүлнэ” гэж зааснаас үзэхэд мөн журмын 2.5 дахь “Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно” заалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалттай ижил утгаар буюу төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөхдөө гадаад валют бэлнээр өгсөн тохиолдолд уг гадаад валютын ханшийг шийдвэр гарсан өдрийн ханшаар тооцож авах харилцааг зохицуулсан журам юм. Иймээс дээрх журам нь энэхүү маргаанд хамааралгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зорчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд:
Талуудын маргааны гол зүйл болоод буй төлбөр төлөгч “М” ХХК-аас 2023.02.14-ний өдрөөс 2023.04.30-ны өдрийн хооронд шилжүүлсэн гэх нийт 246,517,008,635 төгрөг нь хэрхэн шүүхийн шийдвэрт заагдсан 85,350,466.8 ам.доллар болон 856,750.33 евро болсон талаарх үйл баримтыг хариуцагч нь огт нотолж чадаагүй буюу хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримт, тайлбар гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 4.2 дахь хэсэгт “Герман улсын Арбитрын институтийн 2020.09.28-ны өдрийн шийдвэр гарах үеийн байдлаар Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар ам.доллар 2,854 төгрөг, евро 3,319 төгрөг байжээ. Энэ ханшийн талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй” хэмээн илтэд худал дүгнэлт гаргасан байдаг.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад удаа дараа хариуцагчаас 246,517,008,635 төгрөг нь хэрхэн шүүхийн шийдвэрт заагдсан 85,350,466.08 ам.доллар болон 856,750.33 евро болж байгаа талаар тодруулсан боловч энэ талаар нотлох баримт болон тайлбар гаргаж чадаагүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэг маргаанд хөндлөнгийн байр сууринаас оролцох үүргээ зөрчиж 2020.09.28-ны өдрийн Монголбанкнаас зарласан ханшийг өөрсдөө албан бус эх сурвалжаас олж тогтоосон мэдээлэлд үндэслэн магадлалын Хянавал хэсгийн 4.2-т дүгнэлт гаргаж хэргийн материалд огт байхгүй нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2-т заасныг дагуу үнэлж дүгнэсэн. Түүнчлэн дээрх дүгнэлтээр санаатайгаар “М” ХХК-д 12,425.206.3 ам.доллар болон 856,570.33 еврог төлбөр авагч “И” компанид төлөхгүй байх давуу байдал бий болгосон байдаг.
Тодруулбал шүүхийн дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйл “Шүүгчид хориглох зүйл” 50.1.1 “албан тушаалын байдал, эрх нөлөөгөөр урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг, 50.1.23 “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зорчсон үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэж заасныг тус тус зөрчсөн болно. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 4.2-т заасан дүгнэлтэд дурдсан 2020.09.28-ны өдрийн Монголбанкны ханшийн тодорхойлолт, лавлагаа нь огт хэрэгт байхгүй бөгөөд албан бус эх сурвалжаас олж тогтоосон мэдээлэлд үндэслэсэн тус дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох гол дүгнэлт нь юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.12.05-ны өдрийн 210/МА2025/02110 дугаар магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, Г.М нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.03.26-ны өдрийн 001/ШХТ2026/00317 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, Г.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Дани улсын нийтийн өмчит “И” компани нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024.04.30-ны өдрийн 5/394 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах, *** бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Германы арбитрын институтийн 2020.09.28-ны өдрийн шийдвэрээр “М” ХХК-аас 85,350,466.8 доллар, 856,570.33 еврог гаргуулж, нэхэмжлэгч “И” компанид олгохоор шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.27-ны өдрийн 7691 дугаартай шүүгчийн захирамжаар арбитрын шийдвэрийг баталгаажуулж, 2023.05.03-ны өдрийн 673 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “М” ХХК нь нийт 246,517,008,635 төгрөг төлснийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газраас гадаад гуйвуулгаар нийт 72,925,260.49 ам.долларыг шилжүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай Нью-Йоркийн Конвенцын 3, 5 (1) е, 5 (2) b нь арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх эцсийн шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээсэн ихэнх улс орнууд шийдвэрт заасан төлбөрийг валютаар төлдөг нь нэгэнт олон улсын арбитрт хүлээн зөвшөөрөгдсөн практик юм. “М” ХХК нь авсан зээлээ буцаагаад доллароор бүрэн төлөх ёстой байтал төгрөгөөр тооцон дутуу төлж, төлбөр бүрэн барагдуулаагүй байхад хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэж заасан үндэслэлээр дуусгавар болгож байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 107 дугаар зүйлийн 107.5, 113 дугаар зүйлийн 113.1, Арбитрын тухай хуулийн 48 дугаар зүйл 48.1 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн ба ... хуулиар тодорхой зохицуулж өгсөн харилцааг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн. ... “М” ХХК нь 12,425,206.3 ам.доллар мөн 856,570.33 еврог дутуу төлсөн. ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гагцхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулдаг. “Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох, шилжүүлэх журам”-аар баталсан. Тус журмын 2.5-д “Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно” гэж зохицуулсан. Журмын энэхүү зохицуулалт Шүүхийг шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 болон Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй, гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тооцоолсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой харилцаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан гомдол гаргах зохицуулалт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл тус хуулийн 44.3, 44.4 дүгээр зүйлд заасан гомдол гаргах зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүх шийдвэр, үйл ажиллагаанд хамаарахгүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасан “төлбөрөө бүрэн төлсөн” гэх үндэслэлээр “М” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ба энэ талаарх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрт гомдол гаргахгүй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т тодорхой заасан. Иргэний хуульд төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлээр тодорхойлохоор заасны дагуу “И” компани нь итгэмжлэлээр Г.О болон Т.А нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг олгосон тул тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь итгэмжлэлд тодорхой заасан эрх, үүргийг “И” компанийн нэрийн өмнөөс хэрэгжүүлнэ. Харин итгэмжлэлд заагаагүй эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “И” компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Гэтэл хэрэгт авагдсан нэхэмжлэлд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О болон Т.А нар гарын үсэг зурсан байдаг. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл тогтоогдож байна.” гэж маргажээ.
9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай Нью-Йоркийн конвенц ...гадаад валютын ханшийг хэрхэн хөрвүүлэх тухай буюу арбитрын шийдвэрийг биелүүлэх журмыг тогтоогоогүй, ... гадаадын арбитрын шийдвэрийг хэрхэн хүлээн зөвшөөрөх, хэрхэн биелүүлэх нь тухайн улсын “дотоод”-ын хэм хэмжээгээр зохицуулагдах юм. ... Арбитрын шийдвэрийг гүйцэтгэх журам нь Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа тул арбитрын шийдвэрийн биелэлтийг “төгрөг”-өөр гүйцэтгэсэн нь үндэслэлтэй. ...Энэ асуудлыг Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ” гэж нарийвчлан зохицуулснаар ... “ам.доллар” болон “евро”-оор илэрхийлэгдсэн арбитрын шийдвэрийг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлж Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхийг зөвшөөрсөн байна. Тиймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлийг “төгрөг”-өөр тооцон хүлээн авсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заасан нь бэлэн ба бэлэн бус төлбөрийн гүйлгээг ялгасан гэхээс илүүтэй харин гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан үеийн ханшаар тооцох уу, эсхүл шийдвэрийг биелүүлэх үеийн ханшаар тооцох уу гэдгийг зохицуулсан. Нөгөө талаар бэлэн ба бэлэн бус гүйлгээнээс шалтгаалж гадаад валютын хөрвөх ханшийг хууль тогтоогч ялгаатай тогтоосон гэх үндэслэл, шалтгаан байхгүй. ...” гэж маргажээ.
10. Анхан шатны шүүх “... Төлбөр төлөгч этгээд гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасан. “М” ХХК нь хүлээсэн үүргээ биелүүлэхдээ буюу төлбөрийг төлөхдөө банк хоорондын ханшийн эрсдэлийг хүлээх замаар үүргээ биелүүлэх ёстой гэж үзэхээр байна. Тодруулбал, гэрээний тал ам.долларын зээл авч, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд түүний хүлээх үүргийн хэмжээ монгол төгрөгийн ам.доллартой харьцах харьцаанаас шалтгаалан өссөн байх эрсдэлийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал хариуцна. Иймд төлбөр авагчийн дансанд арбитрын шийдвэрт тухайлан заасан төлбөрийг буюу нийт 85,350,466.8 ам.доллар болон 856,570.33 евро орж ирснээр төлбөр төлөгч “М” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох ёстой гэж дүгнэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, 113 дугаар зүйлийн 113.1-д “Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно” гэж заасантай нийцнэ. Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нөхцөл байдал бий болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах агуулга бүхий татгалзал үндэслэлгүй. ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийн шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй. Мөн нэхэмжлэгч тал иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол, нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан хугацаа, журмыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Монгол улсын нэгдэн орсон 1958 оны Нью-Йоркийн конвенцод гадаад улсын арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад үндэсний мөнгөн тэмдэгтээр төлөгдсөн төлбөрийг гадаад валют руу хөрвүүлэх ханшийг хэрхэн тооцох талаар тусгайлан зохицуулаагүй байна.Иймд уг асуудлыг Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заасан. Уг хэсгийн зохицуулалтын агуулга нь зөвхөн бэлэн мөнгөний төлбөртэй холбоотой харилцааг зохицуулахад чиглээгүй, ... гадаад валютаар төлсөн төлбөрийн ханшийг төлбөр төлсөн өдөр бүрийн ханшаар тооцохоор заасан гэж өргөтгөж тайлбарлах боломжгүй. ... Герман улсын Арбитрын институтийн 2020.09.28-ны өдрийн шийдвэр гарах үеийн байдлаар Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар ам.доллар 2,854 төгрөг, евро 3,319 төгрөг байжээ. Энэ ханшийн талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Дээрх ханшаар тооцоход арбитрын шийдвэрт заасан төлбөр 85,350,466.8 ам.доллар нь 243,590,232,247 төгрөг, арбитрын зардал 856,570.33 евро нь 2,842,956,925 төгрөг, нийт 246,433,189,172 төгрөг болж байна. Харин төлбөр төлөгч нь 246,517,008,635 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг төлсөн тул төлбөрийг биелүүлсэнд тооцно. Иймд хариуцагч байгууллагын зүгээс 2024.04.30-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар буюу төлбөр төлөгдсөн үндэслэлээр дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй. ... Ханшийн эрсдэлтэй холбоотой нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авахгүй боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх гэрээний тал ам.долларын зээл авч, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд түүний хүлээх үүргийн хэмжээ монгол төгрөгийн ам.доллартой харьцах харьцаанаас шалтгаалан өссөн байх эрсдэлийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал хариуцна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэв арбитрын шийдвэр гарсны дараа гадаад валютын ханшаас шалтгаалж үүссэн хохирлын асуудал яригдаж байгаа бол энэ нь тусдаа шүүхийн маргаан болох учиртай.” гэж дүгнэсэн.
12. Дээрх байдлаар хоёр шатны шүүх гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэхэд гадаад валютын ханшийг хэрхэн тооцохоос шалтгаалж төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө төлсөн гэж үзэж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар зөрүүтэй дүгнэж, өөр шийдэл гаргажээ.
13. Хэрэгт авагдсан баримтаар Герман улсын Арбитрын институтийн 2020.09.28-ны өдрийн шийдвэрээр “М” ХХК-аас хугацаа хэтэрсэн зээл болон төлөгдөөгүй төлбөрт 67,857,348.35 ам доллар, төлөгдөөгүй хүүд 10,449,648.01 ам доллар, төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүүд 6,612,524.43 ам доллар, төлөгдөөгүй тогтсон нөхөн төлбөрт 430,946.01 ам доллар, нийт 85,350,466.8 ам.доллар, арбитрын зардалд 856,570.33 еврог тус тус гаргуулан Дани улсын нийтийн өмчит “И” компани (И)-д олгохоор шийдвэрлэсэн, арбитрын шийдвэрийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.27-ны өдрийн 183/ШЗ2023/07691 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулж, гүйцэтгэх хуудас олгосон, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.05.19-ний өдрийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, холбогдох ажиллагааг эхлүүлсэн, төлбөр авагч, төлбөр төлөгч талуудаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байсан, төлбөр төлөгч “М” ХХК нь төлбөрт нийт 246,517,008,635 төгрөг төлсөн, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024.04.30-ны өдрийн 5/394 дүгээр дугаартай тогтоолоор төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр дуусгавар болгосон тухай үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоосон.
14. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгч гадаад валютын ханшийг Герман улсын Арбитрын институтийн шийдвэр гарсан өдрөөр тооцож, төлбөрийг төгрөгөөр төлүүлж, төлбөр төлөгч төлбөрийг бүрэн төлөөгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй гэж шаардлагаа үндэслэсэн.
Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг хэрэглэж, төлбөр төлөгчөөр төлбөрийг бүрэн төлүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгоогүй гэж маргажээ.
15. Нэхэмжлэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол, нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан хугацаа, журмыг зөрчөөгүй, итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасан зохицуулалт нь маргаанд хамааралгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөрүүгүй.
16. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлтэй эсэх асуудлаар өгсөн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөрүүтэй.
Тухайлбал, анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч ийнхүү дүгнэхдээ төлбөр төлөгч банк хоорондын ханшийн эрсдэлийг хүлээх замаар үүргээ биелүүлэх ёстой гэсэн агуулга бүхий үндэслэл зааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасан зохицуулалт маргаанд хамаарахгүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул залруулна.
Давж заалдах шатны шүүх төлбөр гүйцэтгэх гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлохоор дүгнэсэн атлаа Герман улсын Арбитрын институтийн шийдвэр гарсан 2020.09.28-ны өдрийг үндэслэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу, маргаанд хамаарах хэрэглэвэл зохих бусад хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын арбитрын шийдвэрийг гүйцэтгэх журам, үүний дотор гадаад валютын ханшийг хэрхэн тооцож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөрийг төлүүлэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсон эсэхтэй холбоотой хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийлээ.
17. Арбитрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Аль улсад гаргаснаас үл хамааран арбитрын үндсэн шийдвэрийг заавал биелүүлэх хүчинтэй гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд харьяалах шүүхэд өргөдөл гаргаснаар энэ хуулийн 48, 49 дүгээр зүйл болон Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцид заасан журмын дагуу арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэнэ.” гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын, олон улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх журмыг энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлно.”, 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улс 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар “Гадаад арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх биелүүлэх тухай” 1958 оны Нью-Йоркийн конвенцид нэгдэн орсон.
Уг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлд тус тус зааснаар конвенцийг иргэн, хуулийн этгээдийн хооронд гарч болох маргааны талаарх бусад улсын нутаг дэвсгэрт гарсан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхэд хэрэглэх, хэлэлцэн тохирогч улс бүр арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд түүнийг өөрийн улсын хэрэг хянан шийдвэрлэх эрхийн хэм хэмжээг баримтлан конвенцид заасан нөхцөлөөр биелүүлэхээр байна.
Дээрх конвенцид гадаад улсын арбитрын шийдвэрийг гүйцэтгэхэд гадаад валютын ханшийг хэрхэн тооцох талаар нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй тул энэхүү маргаанд өөрийн улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх хэм хэмжээг хэрэглэн шийдвэрлэнэ.
18. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцох ба мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцохоор заасан.
Өөрөөр хэлбэл, Герман улсын Арбитрын институтийн 2020.09.28-ны өдрийн шийдвэрт заасан нийт 85,350,466.8 ам.доллар, 856,570.33 евро бүрэн төлөгдсөн нөхцөлд төлбөр төлөгч төлбөрийг биелүүлсэн буюу төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно.
Гагцхүү төлбөр төлөгчийг төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэхэд дээрх гадаад валютыг хөрвүүлэх ханшийг тооцох үе, цаг хугацааг тогтоосноор буюу төлбөрийг төлөх үеийн эсхүл гадаад улсын арбитрын шийдвэр гарсан өдөр, эсхүл арбитрын шийдвэрийг шүүхээр баталгаажуулснаар аль хугацаагаар тодорхойлохыг хуульд нийцүүлэн зөв тогтоох шаардлагатай.
19. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн аравдугаар бүлэгт “Төлбөрт гаргуулсан мөнгөн хөрөнгийг хуваарилах, төлбөр авагчийн шаардлагыг хангах” ажиллагааг зохицуулсан бөгөөд хуулийн 105 дугаар зүйлд төлбөрт гаргуулсан мөнгөн хөрөнгийг хуваарилах, 107 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгө хүлээн авах, 108 дугаар зүйлд гаргуулсан төлбөрийг олгох, 109 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данснаас мөнгө олгох талаар заасан байна.
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйл маргаантай харилцаанд хамааралгүй, энэ зүйл нь “Бэлэн мөнгө хүлээн авах” гэж нэртэй байгаагаас үзвэл төлбөрийг бэлэн мөнгөөр хийх тохиолдолд үйлчлэхээр байна гэж тайлбарлажээ.
Гэвч хуулийн дээрх зохицуулалтуудад шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулан авсан мөнгөн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх харилцаа бүхэлдээ хамаарч байхаас гадна хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасан “Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно.” гэсэн нь зөвхөн бэлэн мөнгөөр төлөгдсөн төлбөрт хамаарна гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн гарчиг болон 107.1-107.4 дэх хэсэгт зааснаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч төлбөрт бэлэн мөнгө хүлээн авах ажиллагааг зохицуулсан хэдий ч уг харилцааг мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан “гаргуулсан төлбөрийг олгох”, “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данснаас мөнгө олгох” ажиллагаатай харилцан уялдаатай, эдгээрт заасан хэм хэмжээтэй хамааралтайгаар тайлбарлах нь зүйтэй.
Шийдвэр гүйцэтгэгч гаргуулсан төлбөрийг төлбөр авагчийн банкин дахь дансанд бэлэн бусаар шилжүүлэх, эсхүл төлбөр авагчид бэлнээр хүлээлгэн өгч болох боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгө шилжиж орсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид мэдэгдэх, мөнгийг олгох ажиллагааг даруй гүйцэтгэхээр байна.
Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс мөнгийг бэлэн, бэлэн бус аль ч хэлбэрээр гаргуулсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэх ажиллагаа болон төлбөрийг төлбөр авагчийн банкин дахь дансанд шилжүүлэх ажиллагаа хийгдэх боломжтой байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасан гадаад валютын ханшийг тодорхойлох ажиллагаа зөвхөн төлбөрийг бэлэн мөнгөөр гаргуулсан тохиолдолд хэрэгжинэ гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийг зөвхөн бэлэн мөнгөний харилцаанд үйлчлэх, бэлэн бусаар төлсөн бол үйлчлэхгүй байх агуулгатай гэж хууль тогтоогчийн үзэл баримтлал, зорилгыг тайлбарлах ойлгомжтой тодорхой үндэслэл үгүй байхаас гадна ийнхүү ангилан өөр зохицуулалт бий болгох нь өөрөө учир зүйн хувьд алдаатай болох юм.
Иймээс төлбөр төлөгч төлбөрийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлснөөс шалтгаалж, гадаад валютын ханшийг тооцох хугацааг өөр өөрөөр тодорхойлох боломжгүй.
Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу тодорхой хугацаа, үе шат, дарааллаар явагдах, уг ажиллагааны талаар талууд гомдол гаргах, гомдлыг шийдвэрлэх тусгайлсан журам үйлчилдэг зэрэг нөхцөл байдлын улмаас төлбөр төлөгч, төлбөр авагч хэн алинаас шалтгаалж, төлбөрийг төлөх хугацаа харилцан адилгүй байх боломжтой тул гадаад валютын ханшийг төлбөр төлсөн хугацаа тус бүрээр тодорхойлох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баримтлах зарчим болон нийтлэг шаардлагад нийцэхгүй.
Эдгээр үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөс гадаад валютаар төлөх төлбөрийг гаргуулж, мөнгийг олгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлох нь зүйтэй.
20. Энэ хэргийн тохиолдолд Герман улсын Арбитрын институтийн шийдвэрт төлбөрийг гадаад валютаар төлүүлэхээр заасан боловч Монгол Улсын Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд харин хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т зааснаар хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно.
Энд заасан гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болох тохиолдол нь талууд тохиролцсон нөхцөлд хамаарах бөгөөд маргаан бүхий харилцаанд энэхүү нөхцөл байдал үүсээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ талаар тохиролцоогүй тул төлбөрийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгүүлснийг буруутгахгүй.
21. Улмаар гадаадын арбитрын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, төлбөр төлөх гадаад валютын ханшийг тодорхойлох өдрийг арбитрын шийдвэрийг баталгаажуулсан шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоох нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.4-т зааснаар шүүхээр баталгаажсан арбитрын шийдвэр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болдог ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 184 дүгээр зүйлийн 184.1, 184.3-т зааснаар арбитрын шийдвэрийг шүүгчийн захирамжаар баталгаажуулж, гүйцэтгэх хуудас олгоно.
Шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээс гадна гүйцэтгэх баримт бичигт арбитрын шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас хамаарахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 19 дүгээр зүйлийн 19.1-д заажээ.
Өөрөөр хэлбэл, дээрх хуульд заасан журмын дагуу арбитрын шийдвэр нь шүүхээр баталгаажуулж, гүйцэтгэх хуудас олгогдсоноор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх боломжтой болдог тул гадаад валютын ханшийг ийнхүү шүүгчийн захирамж гарсан 2023.04.27-ны өдрөөр тогтоох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д нийцнэ.
22. Хэрэгт авагдсан 2024.04.30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд “...шаардах эрхээс суутгал хийсэн 1,361,218,002, 2022.03.22 өдөр манай данс руу хийсэн 135,721,947,897, нийт 137,083,165,899 /манайд төлсөн/ үүнээс явсан: 137,037,158,058.30, төлөх ёстой нийт дүн 246,468,500,800 одоогийн үлдэгдэл: 109,431,342,742, АЗ орсон дүн-246,471,000,800” гэж тусгагдсанаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч гадаад валютын ханшийг хэрхэн тооцож, тогтоосон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Гэхдээ төлбөр төлөгч “М” ХХК нь төлбөрт нийт 246,517,008,635 төгрөгийг төлснийг шийдвэр гүйцэтгэгч гадаад төлбөрийн даалгавраар 2024.04.02-ны өдөр 40,567,542.35 ам.доллар, 2024.05.09-ний өдөр 32,357,718.14 ам.доллар, нийт 72,925,260.49 ам.доллар шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон.
Энэ нь Герман улсын Арбитрын институтийн 2020.09.28-ны өдрийн шийдвэрт заасан нийт 85,350,466.8 ам.доллар, 856,570.33 еврог төлбөр төлөгч бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй.
23. Иймээс шийдвэр гүйцэтгэгчийн 2024.04.30-ны өдрийн 5/394 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор төлбөр төлөгч “М” ХХК-д холбогдох *** бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болсонд тооцож хаасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т нийцээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02110 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/06742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, Г.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.01.16-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД