Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/649

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б- түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Алаг адуу овогт Б- Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2405000000395 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Ховд аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А  овогт Б- Б-.

 

 Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Evento ballroom ресторанаас хохирогч Г.О-гийн эзэмшлийн Samsung S21 ultra загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 975,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Г.О-гийн “... 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай *** ХХК-ны сүүлийн хүлээн авалтын дараа ажилчид хэсэг сууцгаасан. Тэгээд би тухайн үед хамгийн хойд талын ширээн дээр сууж байгаад босохдоо гар утсаа ширээн дээр орхиод боссон. Тэгээд тэр хавиар хүмүүстэй юм ярьж явж байгаад ширээн дээр иртэл миний гар утас байхгүй болчихсон байсан. Тухайн үедээ нэг их тоолгүй маргааш нь ирж камер шүүж үзье гэж бодоод явсан.

Тэгээд ажил дээрээ 01 дүгээр сарын 03-ны өдөр ирээд хяналтын камераа шүүж үзтэл манайд цагийн ажил хийдэг Б-аа гэх эмэгтэй миний гар утсыг авч явж байгаа дүрс бичлэг хадгалагдсан байсан. Тэгэхээр нь би Б-аагийн 88952612 дугаараар нь залгаж холбогдоод асуухад эхлээд аваагүй гэж хэлж болсон. Тухайн үед байгаад сүүлдээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрч миний гар утсыг буцааж төлөхөөр болсон. Тухайн үед 02 дугаар сарын 10-наас өмнө гар утасны тал мөнгийг өгөхөөр тохиролцсон.

Тэгээд цагаан сар өнгөрсний дараа мөнгөө өгөхгүй байхаар нь би түүн рүү залгахад утсаа авахгүй алга болсон. Мөн Б-аа шинэ жилийн дараагаас ажиллахаа больсон.

Миний гар утас Samsung S 21 ultra загварын хар өнгөтэй, 12 gb ram, 128 gb багтаамжтай гар утас байсан. Би гар утсаа 2023 оны 6 дугаар сард 1,200,000 төгрөгөөр Өргөө кино театрын хажууд байрлах гар утас худалдааны төвөөс авч байсан. Одоо гар утсаа би 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. ... Би гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дахь тал/

 

Гэрч М.Б-сүрэнгийн “... Ширээн дээр суухдаа Б миний хажууд суусан. Нилээд сууж байгаад явах гэтэл Б-аа байхгүй байхаар нь би бусдаасаа түүнийг асуухад тамхинд явчихсан гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Б-аа ирчихсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дахь тал/

 

Дамно ХХК-ны 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №БГ2-24-485 дугаартай дүгнэлт. /хэргийн 22-25 дахь тал/

 

Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 29 дэх тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Бичлэгийн 41 дэх секундэд үл таних бор өнгийн үстэй захтай куртиктэй эмэгтэй архи, пиво өрж тавьсан ширээг тойрч гараад ширээн дээр байсан хар өнгийн эд зүйлсийг авч явж байгааг харуулсан дүрс бичлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 30-32 дахь тал/

 

Б.Б-ын яллагдагчаар өгсөн “... Би О-д 400,000 төгрөг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гаргасан үйлдэлдээ харамсаж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч Б.Б- нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-ны Evento ballroom ресторанд ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөр шилжих шөнө хамт ажиллаж байсан хохирогч Г.О-гийн эзэмшлийн ширээн дээр үлдээсэн байсан Samsung S21 ultra загварын гар утсыг хулгайлан авчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

          1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

          1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

          1.4 Эрх зүйн дүгнэлт

          Шүүгдэгч Б.Б- нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч Г.О-д 975,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ны 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №БГ2-24-485 дугаартай дүгнэлт /хэргийн 25-27 дахь тал/ тогтоогдсон.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар хохирогч Г.О-гийн “... 4 сард 400,000 төгрөг, дараа нь 5 сард 100,000 төгрөг, сүүлд 475,000 төгрөг нийт 975,000 төгрөгийн нөхөн төлбөр болгож авсан. Иймд Б.Б-д ямар нэгэн гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн баримтыг шүүх хуралдаанд гарган өгсөн тул  шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Харин түүний өмгөөлөгч Л.Ганцэцэгээс “шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялаас зорчих эрхийг хязгаарлах ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Алаг адуу овогт Б- Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б- 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар хийхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ын цагдан хоригдсон 45 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж, ял эдэлж дууссанд тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Б- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ