| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0904/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/911 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа,
Улсын яллагч Э.Булганчимэг,
Хохирогч ... ын хууль ёсны төлөөлөгч Х.Э ,
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н д холбогдох эрүүгийн 2309011872017 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь ял эдлүүлэх ажиллагаанаас зайлсхийх зорилгоор 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ... тоотод байхдаа түүнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1041 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих төхөөрөмж буюу гарын цахим бугуйвчийн оосрыг санаатайгаар татан устгаж 780,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Б.Н нь ял эдлүүлэх ажиллагаанаас зайлсхийх зорилгоор 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ... тоотод байхдаа түүнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1041 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих төхөөрөмж буюу гарын цахим бугуйвчийн оосрыг санаатайгаар татан устгаж 780,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
... ын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 04/5816 дугаартай цагдаагийн байгууллагад хандсан албан тоот /1хх-ийн 7 дугаар тал/,
Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 94 дугаартай тогтоол, хавсралт /1хх-ийн 9-13 дугаар тал/,
“... ” ХХК-ийн “Бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх акт” болон цахим бугуйвч, түүний иж бүрдэл, үнийн задаргаа /1хх-ийн 14-15 дугаар тал/,
... ын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Одончимэгийн 2021 оны 12 дугаар 13-ны өдрийн 06 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /1хх-ийн 17 дугаар тал/,
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд техникийн зааварчилгаа өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 21 дүгээр тал/,
Шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Х.Э ын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн “Зөрчлийн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-ийн 18-41 дүгээр тал/,
Цахим бугуйвч, тоног төхөөрөмжийг гэмтээсэн, устгасан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл /1хх-ийн 42 дугаар тал/,
Хохирогч Х.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эхнийх нь болохоор 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед усанд урсгасан байсан. Энэ цаг нь хамгийн сүүлд хаана байршилтай байсныг нь мэдэхгүй байна. Н өөрөө Сэлбэ голын эрэг дээр урсгасан гэж тайлбараа өгсөн. Дараагийн цагийг 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ... тоотод усанд орж байхдаа шатаасан гэж тайлбартаа өгсөн. 3 дахь бугуйвчийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ... тоотод байхдаа бугуйвчны оосрыг тасалсан байсан. Энэ талаар тайлбартаа хэлсэн үнэлгээний тайлантай холбоотой санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Оосрыг нь тасалсан бугуйвчийг дахин ашиглах боломжгүй, цахим бугуйвчны оосор дотор нь жижигхэн ялтас явдаг болохоор гэмтээсэн тохиолдолд дахин ашиглах боломжгүй юм. Манай байгууллагаас хэрэглэгчийн буруутай үйлдлээс болж гэмтсэн бугуйвчийг дахин засварладаггүй, харин үйлдвэрийн гэмтэлтэй бугуйвчийг засаж сольж өгдөг. Сүүлийн 2 эвдрэлтэй бугуйвч нь манай байгууллагад байхгүй, актлаад нийлүүлсэн байгууллага руугаа хүргүүлсэн байна. Хохирлоо барагдуулж тохирох шийтгэлийг нь оногдуулмаар байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65-66 дугаар тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч Б.Н нь ял эдлэх хугацаандаа нийт гурван цахим бугуйвчийг санаатайгаар устгаж гэмтээсэн. Хоёрыг нь бүрэн төлсөн баримтыг ... т гаргаж өгсөн. Одоо хэлэлцэж байгаа эвдсэн бугуйвчийг төлөөгүй. Энэ бугуйвчийг ... тоот хаягт эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Х.Э би тухайн үед зөрчлийг газар дээр нь шалгах явцад олж илрүүлсэн. Бугуйвчийг таслаад ял эдлүүлэх ажиллагаанаас санаатайгаар оргон зайлсан. Тухайн үед шүүгдэгч Б.Н нь жирэмсэн байсан. 2023 оны 9 дүгээр сард төрсөн. Төрөөд хүүхэд нь 1 нас хүрэхээр бугуйвчаа зүүгээд эрүүгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үргэлжлүүлээд түдгэлзүүлчихсэн байсан. Шүүгдэгч Б.Н нь ял эдлүүлэх ажиллагааг сайн дураар биелүүлээгүй, цахим бугуйвчийг эвдсэн. Мөрдөн байцаах шатанд оргон зайлсан. Одоо 1 цахим бугуйвчны төлбөр буюу 780,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Эвдэрсэн цахим бугуйвчийг 780,000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн СБ2-23-605 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 74-75 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би цагаа тасалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар би урд гэрчийн мэдүүлэг дээрээ өгсөн байгаа. Би эхлээд хамаатан саднаа хайж Завхан аймаг орсон. Манай аав Завхан аймгийн хүн байдаг. Тэгээд Хөвсгөл далай үзье гээд далай руу явсан. Хөвсгөл аймагт өвөлжөөд дулаан орохоор нь хотод орж ирээд хотоосоо Баян-Өлгий аймаг явсан. Баян-Өлгий аймгаас Ховд аймаг ороод буцаад Булган аймаг, Хөвсгөл аймаг ороод тэндээс өчигдөр өглөө ирээд миний төрсөн эцэг Б Баруунхараагаас ирэхээр нь хамт цагдаагийн байгууллага дээр ирэх гэж байсан юм. ...Би шоронд орчхож магадгүй гээд мөн хүүхдээсээ холдмооргүй байсан болохоор бага хүүхдээ аваад хөдөө яваад байсан юм. ...Би цаг зүүж ял шийтгүүлчхээд байж байхад манай салсан нөхөр П өвс авчраад надад өгсөн. Тэгэхээр нь татахгүй гэтэл за яах вэ, ганц удаа татчих гэж хэлсэн. Тэгээд би нөхөртэйгөө маргалдаад цагдаа дуудаад хэрэг үүсээд цагдаад шалгагдсан. Мөн урд нь намайг өвс татахгүй гэж хэлтэл “чи намайг барьж өгөх гээд байгаа юм уу” гэж хэлж байгаад надаар өвс татуулж байсан. Тэгээд өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан чинь “Чи тэнсэнтэй мөртлөө өвс татсан байна. Тийм учраас гарцаагүй шоронд сууна.” гэж хэлсэн. Би айгаад зугтах гээд цагаа тасалсан. Ер нь одоо миний шалгагдаж байгаа хар тамхины хэргийг би өөрөө үйлдээгүй, манай салсан нөхөр П үйлдсэн. Би нөхрөө хамгаалаад худал мэдүүлэг өгсөн. Ер нь би хүний өмнөөс шоронд ороод байхдаа яадаг юм гэж бодоод цагаа таслаад зугтсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 201-202 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би их тэнэг, нэг их юм боддоггүй. Нөхөртэй болохыг л хүсдэг. Нөхөртэйгөө байж байсан чинь манай нөхөр сэтгэл санааны асуудалтай. Би бас багаасаа сэтгэл санааны дарамттай өссөн хүн болохоор бид хоёр болохгүй өвс хэрэглэдэг байсан. Тэрнээсээ болж хэрэгт орж, бугуйвч зүүсэн. Би хоёр ихэр хүүхдээ алдсан болохоор сэтгэлээр маш их унадаг байсан чинь шинэ хүүхэд төрүүлээд ашгүй өвс татаж тайвшрахаа болиод хүүхдээ харж тайвширдаг болсон. Нөхрийн маань сэтгэл ханахгүй, сэтгэлийн зовлон нь хэвээрээ болохоор өвс татаад байхаар нь би нэг сорсон. Маргааш нь би хэрэлдэж байхдаа уурлаад цагдаа дуудаад нөхрөө өрөвдөөд би энэ өвсийг авч ирсэн гэж худлаа мэдүүлэг өгсөн. Гэтэл манай нөхөр өвсийг өөрөө авч ирсэн байж намайг буруутгасан. Миний нөхөр биш гэдэг нь батлагдаад бид хоёр салсан. Би дараа нь шоронд орно гээд айгаад байсан. Сэтгэл санааны асуудалтай өссөн. Хүүхэдтэй болоод арай гайгүй тайвширч байтал ахиад хэрэгт орчихсон. Хууль үнэгүй хэлж өгдөг өмгөөлөгчөөс асуухад бугуйвчтай байж дахиад хэрэг үйлдсэн болохоор чи шоронд суух юм байна гэж хэлэхээр нь миний сэтгэл санаа яаж дийлэх вэ гэж бодоод жаахан тайвширчхаад ирье гээд бугуйвчаа таслаад яваад өгсөн. Хөдөө байж байгаад арай гайгүй болчхоод ирээд одоо энэ асуудлаа шийдэх гээд ирсэн байна...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Н нь ял эдлүүлэх ажиллагаанаас зайлсхийх зорилгоор 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ... тоотод байхдаа түүнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1041 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих төхөөрөмж буюу гарын цахим бугуйвчийн оосрыг санаатайгаар татан устгаж 780,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Н улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй ба хохирлын хэмжээг “...бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж диспозицийг заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “...бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан ба тус гэмт хэргийн улмаас нийт 780,000 төгрөгийн хохирол учирсан нь гэмт хэргийн зүйлчлэлд тохирсон байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Н г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Н нь “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирол, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч ... т 780,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.Н нь дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Б.Н гээс 780,000 төгрөг гаргуулж ... т олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Н улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 144 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 83 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолуудын хуулбар /1хх-ийн 85-122 дугаар тал/, жолоочийн лавлагаа /1хх-ийн 145 дугаар тал/, гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 146 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1хх-ийн 147 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1041 дугаартай шийтгэх тогтоолоор “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа уг ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Н д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1041 дугаартай шийтгэх тогтоолоор “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 01 жил, 7 сарын үлдэгдэлтэй байна.
Иймд энэ тогтоолоор шүүгдэгч Б.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Н г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1041 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын үлдэгдэл /2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар/ 01 жил, 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял болон энэ тогтоолоор түүнд оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н гээс 780,000 /долоон зуун наян мянга/ төгрөг гаргуулж ... т олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН