Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/703

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч П.Итгэл

шүүгдэгч Ч.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Ц овогт Ч-ын Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2403004080551 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгч ажилтай, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт *** аймаг *** сум *** баг *** тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Ч-ын Х-.

 

Шүүгдэгч Ч.Х- нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Б” сургалтын төвийн мэргэжлийн сургалтын байгууллагын 2020/132 дугаартай Зорчигчийн вагоны үйлчлэгч мэргэжил эзэмшсэн мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгчээр ажилд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Х- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/78 дугаартай албан бичиг. /хэргийн 35 дахь тал/

 

Улаанбаатар Төмөр замын даргын Журам батлах тухай 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А-474 дугаартай тушаал. /хэргийн 36-42 дахь тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 43-58 дахь тал/

 

Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан Журам, загвар батлах тухай 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаартай хамтарсан тушаал. /хэргийн 69-81 дэх тал/

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/190 дугаартай албан бичиг. /хэргийн 84 дэх тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө-ы “... Ч.Х- нь анх ажилд орох үедээ Зорчигчийн вагоны үйлчлэгч мэргэжлийг “Б” сургалтын төвд 5 сар суралцаж төгссөн гэсэн боловсролын баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан хуулбарыг авчирч өгсөн байсан. Эх хувиар нь бол өгөөгүй. Тухайн мэргэжлийн үнэмлэхийг үндэслэж Б.Х-г ажилд авсан.

... Зорчигчийн вагоны үйлчлэгч Б.Х-гийн хувьд бол хөдөлмөрийн гэрээнийхээ хүрээнд заагдсан ажлын бүрэн гүйцэтгэж, түүндээ тохирох цалин, хөлс, урамшууллыг авсан гэж бодож байна. Тэгэхээр манай байгууллагаас энэ асуудалд хохирол учраагүй. Харин Ч.Х-гийн ашиглаж байгаа мэргэжлийн үнэмлэх нь хуурамч болох нь тогтоогдож, шүүх байгууллагын албан ёсны шийдвэр гарвал түүнийг Улаанбаатар Төмөр замын сургалтын байгууллагад давтан сургалтад хамруулж, мэргэжлийн боловсролын гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулна гэсэн бодолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 124-126 дахь тал/

 

Гэрч Ч.Д-ын “... Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй. Фото цаасан дээр гаргадаг байсан. Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 89-92 дахь тал/

“... УБТЗ-д ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 105-108 дахь тал/

 

Гэрч С.Х-ы “... Mergejil.mn буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан сургалцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 95-97 дахь тал/

 

Гэрч С.Б-ийн “... Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшснийг нотлох баримт бичиг.

... Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв болон мэргэжлийн сургалтын төвийн мэргэжлийн үнэмлэх нь боловсролын баримт бичигт хамаарна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 100-102 дахь тал/

 

Гэрч Б.Э-ийн “... Улаанбаатар Төмөр замтай хамтран ажиллах гэрээ байгуулсан сургалтын байгууллагыг төгсөж, мэргэжлийн үнэмлэх авсан иргэдийг сонгон шалгаруулалтад оруулж болно. Ажлын байранд горилогч нь вагоны үйлчлэгч мэргэжлээр сургалтад хамрагдаж үнэмлэх авсан /вагоны үйлчлэгч, вагон үзэгч засварчин, инженер, техникч/ байх, бие эрхтний хувьд эрүүл байх, бичиг үсгийн чадвартай байх зэрэг үндсэн шаардлагыг тухайн ажлын байранд тавьдаг юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 129-130 дахь тал/

 

Гэрч Д.Э-ийн “... Ажилтны цалингийн картаас харахад энэ хугацаанд тасралтгүй ажилласан байна. Үүнээс үзэхэд ажилтан Ч.Х- нь хийснээр авсан цалин нь өнөөдрийн байдлаар 6,113,996 төгрөг байна. Үүн дээр бусад нэмэгдэл буюу урамшуулал нь 3,470,019 төгрөг байна. Нийт 9,584,015 төгрөгийн цалин, урамшуулал бодогдсон байна. Энэ дүнгээс хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, УБТЗ-ын үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар болох 1,746,665 төгрөгийг хасаж бодоход вагоны үйлчлэгч Ч.Х- нь Хаан банкны *** дугаарын дансаар нийт 7,837,349 төгрөгийн цалин урамшуулал авсан байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 133-134 дэх тал/

 

Улаанбаатар Төмөр замын Зорчигчийн вагон депогийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/115 дугаартай тушаал. /хэргийн 168 дахь тал/

 

Улаанбаатар Төмөр замын Зорчигчийн вагон депогийн даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/291 дугаартай тушаал. /хэргийн 169 дэх тал/

 

Хөдөлмөрийн гэрээ болон цалингийн карт. /хэргийн 170-173, 174-177, 178 дахь тал/

 

Ажлын байрны тодорхойлолт. /хэргийн 179-180 дахь тал/

 

Ч.Х-гийн яллагдагчаар өгсөн “... Би тухайн үедээ сайн мэдээгүй. Анх 5 сарын сургалттай гэж байсан болохоор юм бодоогүй. Ирээд уулзсаны дараа дараачаар манайх нээх удаагүй юм төлбөрөө өгсөний дараачаас удахгүй үнэмлэх чинь гарчихна гэж хэлсэн болохоор мөнгөө өгөөд авсан. ...” гэсэн мэдүүлэг./хэргийн 150-151 дэх тал/ болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ч.Х- нь “Б” сургалтын төвд Зорчигчийн вагоны үйлчлэгч мэргэжлээр суралцаагүй атлаа 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус төвийн Зорчигчийн вагоны үйлчлэгч мэргэжлээр төгссөн мэргэжлийн 2020/132 дугаартай үнэмлэхийг бусдаар гаргуулан авч, улмаар уг мэргэжлийн үнэмлэхийг ашиглан 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар Төмөр замын Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгчийн сонгон шалгаруулалтад оролцон тэнцжээ.

Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс Улаанбаатар Төмөр замын Зорчигчийн вагон депогийн даргын тушаалаар вагоны үйлчлэгчээр ажиллажээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ч.Х- нь “Б” сургалтын төвийн Зорчигчийн вагоны үйлчлэгч мэргэжлээр төгссөн боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Улаанбаатар Төмөр замын Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгчээр ажилласан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааня явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн /хэргийн 124-126 дахь тал/ байх тул шүүгдэгч Ч.Х-г төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Х-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020/132 дугаартай мэргэжлийн үнэмлэх 1 ширхгийг устгаж, шүүгдэгч Ч.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Ч-ын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Х-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Х- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Х- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Ч.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020/132 дугаартай мэргэжлийн үнэмлэх 1 ширхгийг устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ