Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2022/00787

 

 

 

 

 

                                         2022           03           10

                 184/ШШ2022/00787

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, шүүгч Ч.Нямсүрэн, А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, .. дүгээр хороо,....давхарт байрлах, М ХК/регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ...дугаар хороо, .. дугаар байр, ... тоот хаягт байрлах, Ө СӨХ/регистрийн дугаар: .../-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 625,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, иргэдийн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ХКнь хариуцагч Ө СӨХ-дхолбогдуулан гэм хорын хохиролд 713,250 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж 625.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Манай эд хөрөнгийн даатгалын №2170...тоот гэрээт даатгуулагч Ө.Б-ийн Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах орон сууцанд 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр их хэмжээний бороо орж дээврээс ус  нэвтэрсний улмаас ус алдаж жижиг өрөөний таазны замаск хуурч шарласан, коридорын таазны замаск хуурч шарласан, ханын цаас хуурсан, гал тогооны хана, таазны замаск хуурч нийт 713,250 төгрөгийн хохирол учирсан байдаг. Энэхүү хохирол учирсан нь Ө СӨХ-ноос гаргасан тодорхойлолт, даатгуулагчийн засвар хийсэн зардал, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байгаа. Ө.Бнь 2020 оны 08 сарын 04-ний өдөр манай байгууллагын шуурхай удирдлагын төвд дуудлага өгсөн тул бид нэхэмжлэлдээ энэ огноогоор бичсэн. Гэхдээ даатгуулагч Ө.Бнь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 сарын 04-ний өдрийн хооронд хөдөө орон нутагт явж байгаад гэртээ ирэхэд бороо орсон байсан. Даатгуулагч Ө.Б-ийн амьдардаг тус байрны сууц өмчлөгчдийн холбоо нь Ө сууц өмчлөгчдийн холбоо бөгөөд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид холбоо гэх/-г байгуулна” гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шатны +0,00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж зааснаар Ө СӨХнь тухайн орон сууцны байшингийн дээврийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээг хийх үүрэгтэй. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.8, 12 дугаар зүйлийн 12.4.2-т зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулахаар заасан. Гэтэл Ө СӨХнь энэ үүргээ хангаж, мэргэжлийн байгууллагаар засвар үйлчилгээгээ хийлгэхгүйгээр, ажилтнуудаараа жил болгон засвар хийлгэдэг гэсэн байна. Тэгэхээр энэ нь чанарын баталгаагүй юм. Үүнээс болж дээврээс ус гоождог гэж харж байна. Ө.Бсууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй байж засвар хийлгэхээр шаарддаг гэсэн. Манай байгууллагын хувьд бодит гарсан даатгалын тохиолдлыг очиж үзээд, үнэхээр хохирол учирсан байвал нөхөн төлбөр олгодог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон. Тухайн шинжээчийн дүгнэлтээр 625,000 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дээрх үнийн дүнгээр багасгаж байна. Ослын улмаас Ө.Б-ийн эд хөрөнгөд учирсан хохирлыг “Мандал даатгал” ХК-аас барагдуулсан. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаар шаардах эрх даатгагчид шилжсэнээр энэ эрхээ хэрэгжүүлээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу гэм хорын хохиролд олгосон нөхөн төлбөрөө шаардаж байна” гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч Ө СӨХнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлийн талаараа: “М ХК нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .. дугаар байр, ... тоот орон сууцыг өмчлөгч Ө.Б-ийн гэрт дээврээс алдагдсан ус хэдэн төгрөгийн хохирол учруулсныг яаж тооцсон болох нь тодорхойгүй байна. Манай сууц өмчлөгчдийн холбооноос Ө.Б-ийн гэрт орж үзэхэд 00 өрөөний гаднах коридорын булан, жижиг өрөөний баруун хойд өнцөг, гал тогооны зүүн хойд өнцгийн дээрээс өмнө нь ус гоожсоноос болж шарласан байдалтай байсан. Гэхдээ ханын обойнуудыг солих хэмжээний хохирол учраагүй байсан. Дээрх бодит байдлыг Ө.Б өөрөө хүлээн зөвшөөрч “Ө” сууц өмчлөгчдийн холбооны 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн .. дугаартай албан баримт бичиг дээр гарын үсэг зурсан. Хэргийн оролцогчид шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Сонгинохайрхан дүүрэг, ...дугаар хороо, ... дугаар байр, .. тоот орон сууцанд 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр их хэмжээний бороо орж дээврээс ус нэвтэрсний улмаас ус алдаж, жижиг өрөөний таазны замаск хуурч, шарласан, ханын цаас хуурсан, гал тогооны хана, таазны замаск хуурч нийт 713,250 төгрөг шаардсан.  Даатгалын тохиолдол гэдэг нь Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ...даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ гэж заасан. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр их хэмжээний бороо ороогүй гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газар буюу Монгол Улсад цаг агаарыг бүртгэж баталгаажуулдаг эрх бүхий байгууллага тодорхойлолт гаргаж өгсөн. Тэгэхээр нэхэмжлэгч буюу М ХКдаатгалын тохиолдлыг шалгасан эсэх нь эргэлзээтэй. Үнэн зөв баримт бүрдүүлсэн, зайлшгүй нөхцөл байдал тогтоогдсон үед даатгал өгөх ёстой. Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бороо ороогүй байхад даатгал олгосон нь өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаа. “М” ХК-ийн ослын дуудлага авдаг мэргэжилтэн н.Эрдэнэбатад сууц өмчлөгчдийн холбооны зүгээс хуурамч баримт бүрдүүлэн даатгал авах гээд байна гэдгийг хэлсэн. Тэгэхэд энэ мөнгө танаас гарахгүй, даатгалаас гарна гэж Б.Н-д хэлсэн байдаг. Ө СӨХнь удирдах зөвлөл, хяналтын зөвлөлгүй байж байгаад 2020 оны 04 дүгээр сард шинэ захирал нь орон сууцны дээврийг үзэн, усанд автсан айлуудыг бүгдийг баталгаажуулсан байдаг. 6 дугаар сард ус алдаж байгаа хэсгийг бүрэн засварласан. Үүнээс хойш тасралтгүй борооны улирал үргэлжилсэн. Тэгэхэд борооны ус орлоо гэж гомдол огт гараагүй. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн холбооны зүгээс өөрийн хөрөнгөөр дээврийг засварласнаас хойш наадам хүртэл дээврээс бороо орлоо гэж огт мэдэгдээгүй. Ө.Ббол даатгалаас мөнгө авах гэсэн юм, тодорхойлолт хийгээд өг гэхэд нь хуурамч баримт өгөхгүй гэхэд хэл ам хийгээд байсан учир цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд Ө.Б-ийг хууль бус шаардлага тавьж байна гэдгийг хэлснийг гэрч нотолно. Тэгэхээр даатгалын тохиолдлыг санаатайгаар бий болгохыг оролдож байгаа даатгуулагч Ө.Бболон даатгалын газрын н.Э нар хуйвалдсан байх магадлалтай. Яагаад гэвэл н.Э нь та нараас мөнгө гарахгүй ш дээ, тодорхойлолтыг нь өгчих гэж байгаа нь өөрөө шударга бус үйлдэл. Ийм нөхцөл байдал үүсэж байхад шалгаж тогтоогоогүй байж даатгалын төлбөрийг бүрэн олгоод буруутай этгээд хэмээн “Ө” сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилж байгаа нь хууль бус. Даатгалын тохиолдол үнэхээр тогтоогдлоо гэхэд 100 хувь олгох уу, 50 хувь олгох эсэх нь тодорхойгүй байхад даатгалын мөнгө өгсөн нь өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс Ө.Б-тэй 2013 оноос хойш даатгалын гэрээ хийсэн гэдэг. Тэгэхээр анх даатгал хийхдээ л тухайн газарт очиж үзсэн байх ёстой. Мөн жил бүр гэрээг сунгахдаа очиж үзэн, фото зургаар баримтжуулах ёстой. Өөрөөр хэлбэл 2018 онд байдал ийм байсан. 2019 онд ингэж өөрчлөгдсөн гэдгээ баримтжуулах ёстой. Бороо ус ороогүй гэх мэтээр нотлох ёстой нөхцөл байдлаа нотолж чадаагүй учир нөхөн төлбөр гаргуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Даатгалтай бол даатгалаасаа мөнгө авах нь зөв. Нэгэнт хүн даатгуулсан болохоор даатгалаас нөхөн төлбөр авах ёстой. Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах нь зөв. Учир нь сууц өмчлөгчдийн холбоо оршин суугчдаасаа мөнгө авдаг. Тэр мөнгөөр гадна тохижилтоо хийдэг” гэв.

 

4. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  “” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.С, Э.О нарт олгосон итгэмжлэл, Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Хаан банкны шилжүүлгийн баримт, “Ө” сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2... дугаартай Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, .. дүгээр хороолол .. дугаар байрны .. тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны гэрчилгээний хуулбар, Ө.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай албан бичиг, хавсралт, дээврийн фото зураг.

 

5.Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: “Ө” сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбар, бүх гишүүдийн хурлын 01 дугаартай тогтоол, бүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоол, Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын тогтоол, Хяналтын зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ... дугаартай тогтоол, Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ...дугаартай “... тоотын сууц өмчлөгч Ө.Б танаа” гэх тодорхойлолт, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай “М” ХК-д гэх тодорхойлолт, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт “... дугаартай захиргааны зөрчлийн талаар” гаргасан гомдол, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Н” ХХК-ийн барилгын материал худалдан авсан баримт, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Д ХХК-ийн зарлагын баримт, дээврийн засварын ажлын фото зураг, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст гаргасан өргөдөл, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэлтсийн дарга н.Э-т  гаргасан гомдол, .. дугаар байрны ... тоотын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн хүснэгт, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ө.Б-ийн Ө СӨХ-дгаргасан өргөдөл, Сонгинохайрхан дүүрэг цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс, шуурхай удирдлагын тасгийн 9... дугаартай дуудлагын лавлагааны хуудас.

 

6. Шүүх хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай үнэлгээний тайлан, Ц.Н, С.Ш, Ө., Г.Б, Б.Ө нарыг шүүхэд гэрчээр дуудаж мэдүүлэг авсан, цагаан өнгийн СD-д бичигдсэн 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэсэн нэртэй файлд үзлэг хийсэн..

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М ХКгэм хорын төлбөрт 713,250 төгрөг нэхэмжилсэн ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 625,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Ө СӨХнь даатгалын тохиолдол болоогүй байхад нөхөн төлбөр олгосон нь буруу, хуурамч баримт бүрдүүлсэн байхад даатгалын нөхөн олговор олгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. 

  1. Нэхэмжлэгч М ХКнь иргэн Ө.Б-тэй 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 170...дугаартай гэрээ байгуулж, Ө.Б-ийн эд хөрөнгөд эрсдэл учирвал нөхөн төлбөр төлөхөөр, мөн нөхөн төлбөр төлсөн тохиолдолд шаардах эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байна. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр даатгуулагч Ө.Бдаатгалын тохиолдол бий болсон гэж даатгалын байгууллагад хандсанаар “М” ХК-иас даатгуулагч Ө.Б-д 713,250 төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. /Хавтаст хэргийн 7 дугаар тал/
  2.       Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д: “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.” гэж заасан ба ийнхүү шаардах эрхээ шилжүүлэх талаар талууд гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.6-д мөн харилцан тохиролцсон байна.

            Шаардах эрх шилжих харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаас үзвэл, энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч солигдож байгаа явдал мөн тул М ХКнь гэм хорын хохирол учруулсан этгээдийн эсрэг гаргаж болох Ө.Б-ийн шаардлагыг өөртөө шилжүүлж авсан гэж үзнэ.

Энгийнээр тайлбарлавал, “М” ХК-ийн нэхэмжлэл нь “Ө” сууц өмчлөгчдийн холбооны эсрэг Ө.Б шаардлага гаргаж байгаатай хууль зүйн хувьд ижил агуулгатай юм. Иймд даатгагч М ХКболон даатгуулагч Ө.Б нарын хоорондын даатгалын гэрээнээс үүссэн харилцаа, гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, зөрчсөн эсэх, нөхөн төлбөр төлсөн эсэх, хэдэн төгрөг төлсөн зэрэг нь энэ маргаанд хамааралгүй.

2. “Ө” сууц өмчлөгчдийн холбооны гишүүн болох Ө.Бнь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол ... дугаар байр, ... тоот орон сууцны өмчлөгч болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2201... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байна.

Орон сууц өмчлөгч Ө.Б-ийн дээвэр дээрээс ус гоожиж, жижиг өрөөний таазны замаск хуурч шарласан, коридорын таазны замаск хуурч шарласан, ханын цаас хуурсан, гал тогооны хана, таазны замаск хуурч эд зүйлд хохирол учруулсан болох нь хариуцагч “Ө” сууц өмчлөгчдийн холбооны 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ...дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд байшингийн дээвэр хамаардаг. Дундын өмчлөлийн хөрөнгө болох дээврийг сууц өмчлөгчдийн холбоо засварлах үүрэгтэй талаар энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 болон Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт тус тус заасан байна.

Орон сууц өмчлөгч Ө.Б-ийн дээврээс ус гоожиж, түүний эд хөрөнгөд хохирол учруулсан нь сууц өмчлөгчдийн холбооны хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой тул гэм хорын хохирлыг сууц өмчлөгчдийн холбоо хариуцан барагдуулах үүрэгтэй.

Нөгөө талаас, хариуцагч Ө СӨХдээвэрт засвар хийсэн, гэрч Ц.Н, С.Ш нар дээвэр дээр жил бүр засвар хийдэг хэмээн мэдүүлэх боловч засварыг хангалттай бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн болохоо нотлоогүй, мөн Ө.Б-ийн дээвэр дээрээс ус гоожсон нь өөр хүчин зүйлээс болсон, гэм буруугүй болохыг нотлоогүй.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.

3. Хариуцагч Ө СӨХнь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай “215 тоотын сууц өмчлөгч Ө.Бтанаа” гэх тодорхойлолт, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай “М” ХК-д гэх тодорхойлолт, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт “6... дугаартай захиргааны зөрчлийн талаар” гаргасан гомдол, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Н” ХХК-ийн барилгын материал худалдан авсан баримт, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Д” ХХК-ийн зарлагын баримт, дээврийн засварын ажлын фото зураг, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст гаргасан өргөдөл, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэлтсийн дарга н.Э-т  гаргасан гомдол, ...дугаар байрны ... тоотын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн хүснэгт, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ө.Б-ийн Ө СӨХ-дгаргасан өргөдөл, Сонгинохайрхан дүүрэг цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс, шуурхай удирдлагын тасгийн 9...дугаартай дуудлагын лавлагааны хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж, М ХКдаатгалын нөхөн төлбөр олгосон нь буруу гэж үзэж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хариуцахгүй гэж үзсэн.

 

Дээрх баримтууд нь Ө СӨХхуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болохыг, мөн орон сууц өмчлөгч Ө.Б-д хохирол учраагүй болохыг нотолж чадахгүй байна.

Хэрэгт авагдсан гэрч Ц.Н, С.Ш, Б.Ө нарын мэдүүлэг ч мөн Ө СӨХхуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, орон сууцны өмчлөгч Ө.Б-ийн эд хөрөнгөд хохирол учраагүй болохыг нотолж чадахгүй байна.

Хариуцагч талын хүсэлтээр мөн шүүх дүрс бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн. Уг үзлэгээр бэхжүүлсэн бичлэг нь мөн л Ө СӨХүүргээ зохих ёсоор биелүүлсэн болохыг нотлохгүй юм. Учир нь, орон сууц өмчлөгч Ө.Б-ийн хана, таазанд ус алдсан үйл баримтыг талуудын хэн аль нь үгүйсгээгүй. Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-ийн мэдүүлгээр тогтоогдоно.

Дээрх тохиолдолд, ус хэдийд алдсан, засвар хэдийд хийсэн нь ач холбогдолгүй, гагцхүү дээврээс ус алдсаны улмаас орон сууц өмчлөгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх нь л маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

4. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар гэм хорын хохиролтой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг. Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаагүй ба орон сууц өмчлөгч Ө.Б-д учирсан хохирлын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

            5. Хариуцагч тал нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч, шүүхээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангаж, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШТ2021... дугаартай тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, орон сууц өмчлөгч Ө.Б-д учирсан хохирлын үнэлгээг гаргуулсан.

            Хариуцагч тал шинжээч дүгнэлтдээ тэмдэг дараагүй тул үнэлэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, үнэлгээг хариуцаж хийсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн ажилтан Г.Б шүүхэд гэрчээр мэдүүлэг өгч үнэлгээг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэсэн болохоо мэдүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлдэг ба эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

Шинжээч дүгнэлтдээ хувийн тэмдгээ даралгүй орхигдуулсан нь шинжээчийн дүгнэлтийг буруу ташаа, үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй, мөн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх боломжгүй юм.

Ийнхүү нэхэмжлэгч өөрт учирсан хохирлын хэмжээг хуульд заасан нотолгооны хэрэгслээр нотолсон, хариуцагч тал өөр бусад байдлаар учирсан хохирлыг няцааж чадаагүй тул хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

6. Шүүх хуралдаанд биечлэн оролцсон иргэдийн төлөөлөгч гэм хорын хохирлыг сууц өмчлөгчдийн холбоо хариуцан барагдуулах талаар дүгнэлт гаргасан нь шүүхийн дүгнэлттэй ижил байна. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжид 21,670 төгрөг төлсөн нь зөв байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр тооцож тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул 625,000 төгрөгийн нэхэмжлэлд хамаарах 19,400 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хариуцагч “Ө” сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхийн зардлыг буруутай тал хариуцдаг. Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК дүгнэлт гаргахдаа 80,000 төгрөгийн зардал гаргажээ. Энэ зардлаас 70.080 төгрөгийг “Ө” сууц өмчлөгчдийн холбооноос, 9.920 төгрөгийг “М” ХК-иас тус тус гаргуулан шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Ө” сууц өмчлөгчдийн холбооноос 625,000 төгрөгийг гаргуулж “М” ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө” сууц өмчлөгчдийн холбооноос 19,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХК-д, мөн “М” ХК-иас 9.920 төгрөг, “Ө” сууц өмчлөгчдийн холбооноос 70.080 төгрөгийг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д тус тус олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ХИШИГБААТАР

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.НЯМСҮРЭН

 

                                                                                                 А.ЭНХТӨР