| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2024/0683/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/705 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/705
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Г.Энэрэл,
шүүгдэгч С.А-,
хохирогч П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас З овогт С-ийн А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2405000001096 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг *** хороо өнөр хороолол *** байр *** тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух,
урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр сарын 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, З овогт С-ийн А-.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Б- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай өвөө нас барсан тул манай гэрийнхэн манайд ирсэн. Дор бүрнээ ажилтай байсан. Би нөхөртэйгөө хүнс цуглуулахаар явахаар болж юу авах талаар асуухаар гал тогооны өрөөнд орж А-тай гэр цэвэрлэхтэй холбоотой маргалдсан.
Хайртай өвөө минь нас барсан байсантай холбоотой сэтгэл санаа хэцүү байсан болохоор А-гаас маргаан хийхээ боль гэж уйлаад гуйхад өвөөгөө үхэж байхад чи унтаж байсан биз дээ битгий жүжиглээд бай гэхэд би үнэхээр тэвчихгүй А-г баруун гараараа нэг удаа алгадсан.
А- чи муу яаж байгаа юм бэ гээд гартаа барьж байсан заазуурынхаа иртэй хэсгээр миний хацар хэсэг рүү цохиход гүн зүсэгдсэн. Тэгээд цус урссан байсан. Цагдаагийн албан хаагч, түргэн тусламж ирсэн” гэв.
Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан “ ... Гол хэсэгт байх ногоон өнгийн иштэй бариул хэсгийн буландаа хугарсан байгаа жижиг заазуур миний нүүрийг зүсэхдээ ашигласан заазуур мөн байна ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 45-46 дахь тал/
Хохирогч П.Б-ын “... 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн өглөө манай өвөө болох М нь нас барсан бөгөөд тал бүрээс ар гэрийнхэн цуглараад цагдаа болон лам ирсэн байсан. Тэгээд би нөхөр болох Шижир-Эрдэнийн хамт хүнс цуглуулахаар хэрэгтэй юм юу байна гээд бүртгээд гэрийнхнээс асуугаад явж байсан гал тогтооны өрөөнд бэргэн эгч буюу А-, Ж- нар байж байхаар нь юу хэрэгтэй талаар асуухад А- эгч гэр цэвэрлэх талаар яриад уурлаад байсан.
Тэгэхээр нь би эсвэл цэвэрлэхээ болиод хаячихаа эсвэл энд уурлаад байх юу байна гэсэн чинь амандаа уурлаад юм яриад байхаар нь та больчихоо ажил явдалтай байхад хэрүүл хийгээд байх юм гээд уйлаад гуйсан чинь чи өвөөгөө өнгөрч байхад нь унтаж байсан биз дээ тэгчхээд битгий уурлаад бай гэхээр нь би цочирдоод А-гийн зүүн хацар хэсэг рүү баруун гараараа алгадсан.
Тэгсэн чинь чи муу яаж байна гээд гартаа барьж байсан заазуураараа миний зүүн талын хацар хэсэг рүү заазуурны иртэй хэсгээр нь цохиж зүссэн. Тэгээд цус гараад яаж байгаа юм бэ гээд би жижиг өрөө рүү орсон. Тэгээд гэрийнхэндээ зүсчихлээ гэж хэлээд жижиг өрөөнд сууж байгаад түргэн дуудаад түргэн ирсний дараа би цэргийн госпитал руу явж оёдол хийлгэсэн. ... Маш их гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дэх тал/
Гэрч Г.Ж-ын “...Тэгээд нөхрийн талын гэрийнхэн цуглаад түргэн дуудаад байж байхад гал тогооны өрөөг нь цэвэрлэхээр А- бид хоёр ороод хананы плита угааж байхад Б- орж ирээд А-д хандаж дэлгүүрээс юу авах вэ гэж асуухад А- дэлгүүр рүү нөхрөө явуулаа чи гэрээ цэвэрлэ гэсэн утгатай яриа болоход А-, Б- нар хоорондоо маргасан.
Аруинсанаа Б-д хандаж чи битгий жүжиглээд бай гээд тэр хоёр хэрэлдээд байсан. Тухайн үед А- хана хэсгийн тос арилгах гээд заазуураар хусаад байж байсан. Тэгсэн Б- гал тогооны өрөөнөөс гарч яваад удалгүй буцаж орж ирээд хэрүүл хийж байснаа А-гийн баруун талын хацар хэсэг рүү алгадах шиг болсон. Тэгсэн А-гийн гар нь хөдлөх шиг болоод Б- хоёр гарыг нь барихаар нь би болиулах гээд очиход Б- намайг ингэчихлээ гэхээр нь харсан чинь шанаа хэсгээс нь цус гарчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дэх тал/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9552 дугаартай:
“...1.2. П.Б-ын биед зүүн шанаанд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
4. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5.6 Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 17-18 дахь тал/
С.А-гийн яллагдагчаар өгсөн “... Баянгол дүүргийн 13 дугаар хороо *** байрны 100 тоотод очсон. Тэгээд тэнд байж байсан чинь хадам аавын бие муудаад нас барахад нь Б-ыг дуудахад босож ирэхгүй байсан. Тэгээд түргэн дуудаад цагдаа дуудаад байж байхад гал тогооны өрөөг Ж- бид хоёр цэвэрлээд байж байхад Б- хүрч ирээд дэлгүүрээс юу авах вэ гэж асуухаар нь чи арай юмаа, гэр орноо цэвэрлэсэнгүй гэж хэлээд хана хэсэгт наалдсан тос, өөхний үлдэгдлийг заазуураар хусаад зогсож байсан чинь гараад явах шиг болсон.
Удалгүй ард хүн ирэхээр нь эргээд харсан Б- миний нүүр хэсэг рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд цохих гээд гараа далайхдаа гартаа барьснаа анзааралгүй цохисон чинь Б-ын нүүр хэсгээс нь цус гарчихсан. Б- орилоод л Ж- хажуунаас орж ирээд аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч С.А- нь 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо *** байрны 100 тоотод гэрээ цэвэрлэсэнгүй гэсэн шалтгаанаар П.Б-тай маргаан үүсгэжээ.
Уг маргааны улмаас шүүгдэгч С.А- нь түүний нүүрэн тус газарт нь заазуураар зүссэний улмаас эрүүл мэндэд нь зүүн шанаанд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч С.А- нь хохирогч П.Б-ын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн хохирол санаатай учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч П.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9552 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Б- нь өөрт учирсан гэмтлийг оношлуулах, эмчлүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд баримтаар 2,226,366.9 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэхүү зардлаас 1,535,000 төгрөгийн баримтын эх сурвалж тодорхойгүй буюу хохирогч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр гэх боловч үүнийг нотлох баримт байхгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй байна.
Иймд хохирогч П.Б-ын нэхэмжилсэн 2,226,366 төгрөгөөс 1,535,000 төгрөгийг хасаж, үлдэх 691,366 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.
Гэхдээ хохирогч П.Б- нь цаашид шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэлтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Түүнчлэн сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.
Мөрдөгчөөс хохирогч П.Б-д сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх тул уг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,300,000 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэн, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхгийг устгаж, шүүгдэгч С.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт С-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А-г 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан хугацаанд С.А-г Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.А- зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтын зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, С.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхгийг устгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар С.А-гаас гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 691,366 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөг гаргуулж хохирогч П.Б-д олгож, П.Б- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт гарсан, мөн цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ