| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 182/2020/02369/И |
| Дугаар | 001/хт2026/00099 |
| Огноо | 2026-04-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/хт2026/00099
ЯЖП-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03318 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2026/00078 дугаар магадлалтай,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “АИТ” ХХК оролцсон,
“АИ” ХХК-д учруулсан гэм хорын хохиролд 320,348,851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Ж.М, хариуцагч Д.Р нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Д.Р, хариуцагчийн өмгөөлөгч Ө.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ЯЖП- нь хариуцагч Д.Р-д холбогдуулан “АИ” ХХК-д учруулсан гэм хорын хохиролд 320,348,851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03318 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Д.Р-д холбогдох хууль бус үйлдлийн улмаас “АИ” ХХК-д учруулсан гэм хорын хохиролд 320,348,851 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ЯЖП-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ЯЖП-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,278,856 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2026/00078 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын төлсөн 1,759,695 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Д.Р-ын төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Ж.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Давж заалдах шатны шүүхээс “Анхан шатны шүүх хариуцагчийг гэм буруугүй гэж үзэхдээ Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, энэ үндэслэлээр гэм хорыг хариуцахгүй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байна”, “Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Д.Р-ын үйлдлийг өмнө дүгнэсэн үндэслэлээр гэм буруутай гэж үзсэн учир тэрээр гаргасан зөрчилдөө тохирох хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж үзсэнд нэхэмжлэл хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч “Иргэний эрх зүйн харилцааны явцад бусдад гэм хор учруулсан этгээд түүнийхээ үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг хүлээх боловч хохирогч этгээдэд учирсан гэм хор нь бодитой тогтоогдсон байх учиртай. Энэ талаар Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт гэм хор арилгахдаа учруулсан бодит хохирол хүлээхээр зохицуулсан.” гэж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т хууль хэрэглээ тогтоох зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой,
“... Татварын ерөнхий хуульд заасан хүргүүлсэн тайланг үнэн зөв гэж үзнэ. “Г” ХХК-ийн тайланг тооцоолол хохирлыг бодит гэж үзэхгүй буюу хохирлын үнэлэмжийг илэрхийлэхгүй” гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж нэхэмжлэгч үзэж байна.
4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын дээд шүүх хянан хэлэлцэх нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой талаар:
Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт хариуцагч нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5, 84 дүгээр зүйлийн 84.4.6, 84.5-д заасан үүргийг зөрчсөн, гэм буруутай гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хууль бус үйлдэл, гэм буруу, компанид хохирол учирсан нөхцөл тогтоогдсон байна. Гэтэл шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан гэм хор арилгах үүрэг, олох ёстой байсан орлогыг хариуцагчид хүлээлгээгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж”, 497.2-т “гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заасан. Гэтэл шүүх хариуцагчийн хууль зөрчсөн, гэм буруутай үйлдлийг тогтоосон атлаа гэм хор учирсан болохыг тогтоосон, бурууг үгүйсгэх нотолгоо гаргаагүй, хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй байхад хохирол төлүүлэхээргүй шийдсэн нь материаллаг хуулийг буруу хэрэглэсэн ба хавтаст хэрэгт хохирлын хэмжээг тогтоох бүрэн боломжтой байхад түүнийг бодит бус тогтоох боломжгүй гэсэн нь хууль хэрэглээг тогтоох шаардлага тулгарч буйг илтгэж байна.
Магадлалын 8 дугаар хуудсанд “... Хариуцагч нь ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанийн нэртэй адил төстэй, ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулах компани байгуулсан, Компанийн тухай хуулийн 83.5-д заасныг зөрчсөн, 84.4.6, 84.5-д заасан үүргийг зөрчсөн гэм буруутай гэж дүгнэсэн байна. Ийм нөхцөлд Компанийн тухай хуулийн 84.6 нь нарийвчилсан зохицуулалт, Иргэний хууль ерөнхий зохицуулалт болно. Энэ тохиолдолд нарийвчилсан зохицуулалт нь үйлчлэх учиртай. Гэтэл шүүх 84.6-д заасан “өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх” заавал биелүүлэх хэм хэмжээг хэрэглэхгүй орхисон нь хуулийг ноцтой зөрчсөн.
Мөн 84.6-д заасан “хохирол” нь зөвхөн татварын тайланд туссан бодит алдагдлаар хязгаарлагдахгүй бөгөөд компанийн хууль ёсны ашиг олох боломжийг алдагдуулсан, зах зээлийн байр суурийг сулруулсан, орлогын урсгалыг шилжүүлсэн зэргийг хамарна.
Шүүхэд мэдүүлэх эрх нь өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа этгээдийн сонгосон, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар хэрэгждэг. Иргэний эрх зүйн хамгаалалтын арга нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Тодруулбал, Компанийн тухай хууль тогтоомжийг эрх бүхий албан тушаалтан зөрчсөн гэм хорын маргаанд хохирлыг нөхөн төлүүлэх нь зайлшгүй үр дагавар болохыг тогтоосон байдаг. Гэтэл хохирол төлүүлэх үр дагаврыг үгүйсгэснээр тус магадлал хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхлэхэд нэхэмжлэгчийн эрх, ашиг аливаа байдлаар сэргээгдээгүй байх ба энэ нь “тунхаг” шинжтэй болж байна.
Хэрэв давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр болвол цаашид Компанийн эрх бүхий албан тушаалтан Компанийн хууль, дүрэмд заасан эрхээ зөрчсөн тогтоогдсон атлаа хариуцлага хүлээхгүй байх буруу жишиг, хуулийн хэрэглээ тогтох тул магадлалыг Улсын дээд шүүх хянаж үзэх нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж бидний зүгээс үзэж байна.
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар:
Давж заалдах шатны шүүхийн Магадлал нь бусад санхүүгийн гүйлгээ, гэрээ, хэлцэл орлогын баримтаар тогтоогдсон баримтыг үгүйсгэж зөвхөн хариуцагчийн өөрийн гаргаж өгдөг санхүүгийн тайланг Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу үнэн зөв ганц нотлох баримт гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэж заасан. Гэтэл шүүх:
Татварын тайланг орлогын цорын ганц нотлох баримт гэж үзсэн. Татварын тайланг татвар төлөгч өөрөө гаргадаг тул хөдөлбөргүй үнэн гэж үзэх боломжгүй. Иргэний эрх зүйн маргаанд ганцаараа давуу нотлох хүчин байх боломжгүй.
Бусад нотлох баримтыг (банк, санхүүгийн гүйлгээ, шинжээчийн дүгнэлт) үндэслэлгүйгээр үнэлээгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс хохирлыг тооцоолохдоо хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй этгээдэд хандаж “Г” ХХК-аар шинжээчийн дүгнэлт гаргуулсан, үүнийг няцаахдаа аргачлал, тооцооллын үндэслэл, хуульд нийцсэн эсэх, ямар тооцоолол буруу болох талаар дүгнэлт хийгээгүй боловч энэ шинжээч/аудит тайланг үндэслэх боломжгүй гэсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд тусгай мэдлэг бүхий шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс энэхүү хүсэлтийг хангахгүй шийдсэн.
Хэрэв давж заалдах шатны шүүх тусгай зөвшөөрөлтэй этгээдийн тайлан, дүгнэлтийг үндэслэхгүй нэг талын баримт гэж үзэх магадлалтай гэсэн эргэлзээ байгаа бол гэм бурууг тогтоосон нөхцөл хохирлыг эрх хэмжээний буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхээс шинжээч томилох, нэмэлт буюу давтан шинжилгээ хийлгэх, хэргийг буцаах боломжтой байсан. Гэтэл ийм ажиллагаа явуулалгүйгээр нотлох баримтыг няцаасан нь процессын хуулийг зөрчсөн ба энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Санхүүгийн тайлангаар зарим орлого нь мэдүүлэгдээгүй хавтаст хэрэгт банкуудаас ирүүлсэн орлого, шилжүүлгийн мэдээллээс харах боломжтой.
Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.21-ний өдрийн 191/ШШ2025/03318 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.07-ны өдрийн 210/МА2026/00078 дугаар магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч Д.Р хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “ЯЖП” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Р-ад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.07-ны өдрийн 210/МА2026/00078 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэсгийг өөрчлөн шийдвэрлэсэн нь Д.Р миний эрх зүйн байдлыг дордуулсан, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
5.1. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй тухай
Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 8-д “Хариуцагчийн хувьд өөр хуулийн этгээдийг дангаараа /эсхүл бусадтай хамтран/ шинээр үүсгэн байгуулах эрхтэй ч өмнө нь үүсгэн байгуулсан “АИ” ХХК-ийн нэртэй андуурагдахуйц “АИТ” гэсэн нэртэй компанийг үүсгэн байгуулж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулсан явдлыг санамсаргүй, тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй. Учир нь хариуцагч ийнхүү адилхан уншигдаж ойлгогдох, бусад этгээдийн /харилцагчдын/ хувьд андуурагдах боломжтой нэрийг сонгож, “АИ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эрхэлж байсан “В” төхөөрөмжийг банкуудад худалдах үйл ажиллагааг шинэ компаниараа явуулж байгаа нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1-д “хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 84.4.2-т “үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримтлах”, 84.4.6-д “компанийн нууцад хамаарах мэдээллийг хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байх” хуульд заасан үүргээ зөрчсөн үйл ажиллагаа болжээ” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг шүүхийн хууль хэрэглээний зөрүү үүссэн гэж үзэх үндэслэл болж байна.
Дээд шүүхийн тайлбараар гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь хэлэлцэн тохиролцсон гэрээ, хэлцлийг ямар нэг байдлаар зөрчсөнтэй холбоогүйгээр үүсэх бөгөөд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор (хохирол), тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон үед үүснэ. “АИТ” ХХК-ийн нэрийг ямар нэгэн давхардал үүсээгүй гэж үзэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт олгон компанийн бүртгэн авсан байдаг. Энэхүү нэрийг бүртгэсэн цагаас хэн нэг этгээд тухайн компанийн нэр давхардуулсан, ижилхэн, төөрөгдөлд оруулахуйц гэж гомдол маргаан үүсгээгүй байдаг. Хэрэв “АИ” ХХК-ийн нэртэй андуурагдахуйц гэж үзсэн тохиолдолд энэхүү маргааныг Захиргааны хэргийн шүүх дүгнэн хэргийг хянан шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчим үйлчилнэ. Гэтэл Давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруугаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, эрх хэмжээ олгоогүй асуудлаар дүгнэлт хийж магадлал гаргасан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу гэм хорын хохирол нэхэмжилж байгаа тохиолдолд гэм хор учруулсан үйлдэл, хохирол, түүний шалтгаант холбоотой байх ёстой. Гэтэл нотлох баримт хууль, Компанийн дүрмээр Д.Р миний “АИ” ХХК-д гэм хор учруулсан үйлдэл байхгүй байна. “АИ” ХХК-ийн дүрмийн захирлын бүрэн эрх, хариуцлага хэсэг болон бусад хэсэгт, мөн гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээнд өөр компанид ажиллаж болохгүй талаар заагаагүй. Хүчингүй болсон 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль болон Шинээр батлагдсан 2021 оны Хөдөлмөрийн тухай хуульд гүйцэтгэх захиралтай байгуулах контрактын гэрээ болон Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд тусгайлан зааж хориглоогүй тохиолдолд ижил төрлийн үйл ажиллагаа явуулах компанид ажиллахыг хориглож болохгүй байхаар заасан. Хэрэв контрактын гэрээ болон Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд хориглох тохиолдолд авч болох байсан цалин болон цалингийн зөрүүг компанийн зүгээс төлөхөөр заасан байдаг. Д.Р миний бие “АИ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчтэй Контрактын гэрээ болон Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй бөгөөд цалин хөлс ч авч байгаагүй болно. Байгууллагын нууцын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “байгууллагын нууц” гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.” гэж заасан. Чухам ямар хуулиар нууц гэж үзсэн “АИ” ХХК-ийн мэдээллийг хувийн зорилгоор ашигласныг давж заалдах шатны шүүх дүгнээгүй.
“В” төхөөрөмжийг банкуудад худалдах үйл ажиллагааг өөр компани Монгол Улсад эрхэлж болохгүй талаар тусгайлан заасан мастер гэрээ, дистрибьютерийн гэрээ байхгүй болно, Энэхүү үйл ажиллагаа нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан зүйл биш юм. “АИ” ХХК нь дангаараа “В” төхөөрөмжийг борлуулж байгаагүй. Гэрч А.Б “Т” ХХК нь албан ёсны эрхтэйгээр “В” төхөөрөмжийг борлуулдаг байсан талаар мэдүүлсэн байдаг. Нөгөөтэйгүүр “АИ” ХХК-ийн үйл ажиллагааг явуулахаар Компанийн дүрмийн дүгээр зүйлийн 3-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах гэхээр “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ЯЖП нь ирдэггүй и-мэйл хаяг руу хурал зарласан талаар мэйл явуулсан байдаг. Тус и-мэйлийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Хамгийн сүүлд гэхэд 2024 оны 11 дүгээр сард Ж компанийн шүүхэд өгсөн Монгол улс дахь албан ёсны хаягаар мэдэгдэл зар явуулахад хаяг нь тодорхойгүй гээд шуудангийн буцаалт мэдэгдэл ирснийг хэрэгт өгсөн байгаа. ЯЖП нь 2016 онд нэг удаа хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшлуулаад дахиж оролцоогүй, хаяг нь тодорхойгүй байдал хэвээр байгаа. Хуулийн дагуу 2016.04.29-ний өдөр “Өнөөдөр” сонинд зар өгсөн байдаг. Учир нь “АИ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ дүрэм 2004.04.29-ний өдөр батлагдсан, 10 жилийн хугацаатай бөгөөд 2014 онд дууссан болов ч талууд сунгаагүйг ИХАШТШ-ийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.6-д заасан Улсын Бүртгэлийн ерөнхий газрын 2020.06.08-ны өдрийн 8/5579 дугаар хариу өгөх тухай албан бичиг нотолж буй. Дүрмийн Нэгдүгээр зүйлийн 6-д зааснаар үйл ажиллагаа явуулах хугацаа нь 2016.04.16-ны өдөр дууссан. Хэрэв хугацааг сунгах тохиолдолд хувьцаа эзэмшигч нар хуралдаж дүрмээ шинэчилсэн байх ёстой. Гэтэл ЯЖП-ын буруугаас болоод хуралдаж чадаагүй. Тийм атлаа Д.Р- намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Хугацаа нь дууссан дүрэмтэй компанитай ямар ч банк хамтран ажиллах боломжгүй. Улсын бүртгэлийн байгууллагаас татан буулгах бүртгэл хийх нь хуулиар дараа нь үүсэх асуудал байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан. Энэхүү эрхийнхээ хүрээнд хууль ёсоор компани байгуулж, үйл ажиллагаа явуулсныг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.2, 84.4.6-д заасныг өөрөөр тайлбарлаж хууль зөрчсөн мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
5.2. “АИ” ХХК-д хохирол учраагүй тухай
Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 11-д “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Д.Р-ын үйлдлийг өмнө дүгнэсэн үндэслэлээр гэм буруутай гэж үзсэн учир тэрээр гаргасан зөрчилдөө тохирох хуульд заасан хариуцлага хүлээнэ. ... Нэхэмжлэгч нь “АИТ” ХХК-ийн 2016-2022 оны байдлаар арилжааны зарим банкуудад “В” төхөөрөмж худалдсаны орлогын түүвэр хийж, энэ хугацаанд тус компани 1,152,333,447 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан гэж энэхүү борлуулалтын орлогын 27.8 хувиар тооцон 320,348,851 төгрөгийг хохиролд тооцон шаардсаныг зайлшгүй олох ёстой байсан орлого гэж үзэх боломжгүй, бодитой бус гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.” гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн.
“АИ” ХХК-ийн үйл ажиллагааг цаашид явуулъя гэж үзсэн бол хувьцаа эзэмшигч ЯЖП хувьцаа эзэмшигчийнхээ хуралд оролцох ёстой байсан. Ийнхүү оролцоогүй нь Компанийн дүрмийн 9.3-т “Хувь нийлүүлэгч (үүсгэн байгуулагч)-ийн ээлжит хурлыг жил бүрийн эхний 4 сарын дотор хуралдуулна” гэж заасныг зөрчсөн. Үүнээс болж компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Компанийн дүрмийн Арван гурвын 3-т Компанийг дараах үндэслэлээр татан буугдана “Улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд дүрэмд заагдсан үйл ажиллагааны чиглэл болох үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эсвэл түүнтэй холбогдсон бэлтгэл ажлаа хийгээгүй үйл ажиллагаагаа эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаагаар тасалдсан тохиолдолд” гэж заагдсан байна. Хэрэв “АИ” ХХК үйл ажиллагаа явуулаагүй хохирсон гэж үзвэл буруутай этгээд нь ЯЖП болно. Гэхдээ компанийг цааш үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эсэхийг Компанийн дүрмийн Тавдугаар зүйлийн 1, 2-т зааснаар хувьцаа эзэмшигчийн эрхийн асуудал болно. Тодруулбал хувьцаа эзэмшигч бүр хувьцааныхаа хэмжээгээр тэнцүү эрхтэй байна. Мөн ЯЖП компанийн оффисын барилгыг авч нэхэмжлэл гаргахад гардан авахгүй шүүхээр 2020 он хүртэл эрэн сурвалжлуулж байсан байдаг. Тэрээр 2022 онд “АИ” ХХК-ийн оффисын талбайг хууль бусаар хувьдаа авсан гэдгийг шүүх тогтоосныг ИХАШТШ шийдвэрт нотлох баримтаар дүгнэсэн байдаг. Тиймээс ЯЖП хувьцаа эзэмшигч тухайн үед “АИ” ХХК-ийн үйл ажиллагааг цаашид явуулах сонирхолгүй байсан нь түүний гаргаж буй үйлдлээс харагдаж байна.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан. Тиймээс үйл ажиллагаа явуулаагүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон компанийн олох ёстой байсан ашиг гэж үзэн хохирол гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд бодитоор хохирол учраагүй байна.
5.3. Давж заалдах шатны шүүх хэдий Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.21-ний өдрийн 191/ШШ2025/03318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ч хэргийг дүгнэхдээ хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдлаар дүгнэсэн тохиолдолд тухайн дүгнэлт хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргах хийгээд тухайн дүгнэлтийн хяналтын шатны шүүхээс хянан үздэг байх нь эрх зүйн шинэ ойлголт бөгөөд хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байна. Иймд Д.Р- миний хууль зөрчсөн үйлдэл, хохирол, шалтгаант холбоо байхгүй тул гомдлын үндэслэлийг дүгнэн үзэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.07-ны өдрийн 210/MA2026/00078 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэсгийн хариуцагч Д.Р гэм хор учруулсан санаатай үйлдэл гаргасан хэмээн дүгнэж шийдвэрлэснийг хүчингүй болгон өөрчилж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.21-ний өдрийн 191/ШШ2025/03318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Ж.М, хариуцагч Д.Р нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.03.31-ний өдрийн 001/ШХТ2026/00416 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Ж.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Р-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч ЯЖП нь хариуцагч Д.Р-ад холбогдуулан “АИ” ХХК-д учруулсан гэм хорын хохиролд 320,348,851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Д.Р нь “АИ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ... “АИТ” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөрөө гүйцэтгэх захирлаар нь ажиллаж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж компанийн бүхий л үйлчлүүлэгч нарыг төөрөгдүүлэн урвуулан авч, ... 2016-2023 онуудад В төхөөрөмжийг банкуудад худалдаж 1,152,333,997 төгрөгийн орлого олсон, үүнээс шалтгаалж “АИ” ХХК-ийн В төхөөрөмж худалдсанаас олдог орлогод жилд дунджаар 46,442,628 төгрөгийг алдсан. ... Энэ нь хариуцагч Д.Р нь өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн, компанийн эрх ашигт үл нийцсэн, үндэслэлгүй, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, компанийн мэдээллийг хууль бусаар, хувийн сонирхлын зорилгоор ашиглаж Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4, 84.5, тус компанийн дүрмийн 7 дугаар зүйлийг зөрчиж гэм хорын хохирол учруулсан.” гэж тодорхойлжээ.
9. Хариуцагч Д.Р нь “…ЯЖП нь Ж компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, өөрөө компанийн үйл ажиллагаанд саад учруулж, ... гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах талаар нийтэд зар мэдээлэл гаргасан боловч олддоггүй, ...шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргасан, 2006.04.16-нд байгуулагдсан “АИ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах 10 жилийн хугацаа дуусахад сунгуулсан боловч нэхэмжлэгч гомдол гаргаснаар хүчингүй болгосон, ... ийм байдлаас “АИ” ХХК цаашид ажиллах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул “АИТ” ХХК-ийг үүсгэн байгуулсан. ...Энэ талаар “АИ” ХХК-ийн дүрэмд хориглосон зохицуулалт байхгүй, тус компанийн үйлчлүүлэгч нарыг хууль бусаар шилжүүлэн авсан, Компанийн тухай хууль болон дүрмийн заалт зөрчсөн нь нотлогдоогүй, ...компанид бодит хохирол учруулаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй. ...” гэж маргажээ.
10. Анхан шатны шүүх “... “АИ” ХХК-ийн дүрмийн 5-д зааснаар тус компани нь бизнес, санхүү, татвар, нягтлах бодох бүртгэлийн зөвлөгөө өгөх, санхүү нягтлан бодохын төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг, “АИТ” ХХК-ийн дүрмийн 1.6.1-д зааснаар тус компани нь бизнесийн зөвлөгөө өгөх үндсэн чиглэлийн үйл ажиллагааг явуулахаар тус тус заасан, тухайн компаниуд аль аль нь бизнесийн зөвлөгөө өгөх адил үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5-д зааснаас үзэхэд хариуцагч Д.Р нь “АИТ” ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар ажилласан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй, ...“АИ” ХХК-ийн дүрэмд энэ талаар хориглож, хязгаарласан зохицуулалтгүй байна. ... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.7-д заасан шаардлагыг хангасан гэж үзэн улсын бүртгэлийн байгууллагаас “АИТ” ХХК-ийн нэрийг улсын бүртгэлд бүртгэсэн, энэхүү бүртгэл хүчин төгөлдөр, ... Д.Р нь “АИ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа “АИ” ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Компанийн нэрийг хувийн ашиг сонирхолд ашиглах”-ыг, 2 дахь хэсэгт компанийн нэр хүнд, өмч хөрөнгөд гэм хор учруулж болзошгүй ямарваа үйлдэл хийх-ийг тус тус хувьцаа эзэмшигч нарт хориглож заасныг зөрчсөн гэх, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 85 дугаар зүйлийн 85.2-т заасныг зөрчсөн “АИ”-ийн нэр хүндэд халдсан, эд хөрөнгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал болон ... хариуцагч Д.Р-ын гэм буруутай, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй болон тус компанид учирсан эд хөрөнгийн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч Д.Р-ын “АИТ” ХХК-г үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулан банкуудад В төхөөрөмжийг худалдан борлуулсан байдал нь “АИ” ХХК-аар үйлчлүүлж В төхөөрөмж худалдан авч байсан “Х” ХХК, “Х” ХХК, “Х” ХХК зэрэг харилцагч нартай 2016-2021 онд харилцан орлого олох үйл ажиллагааг хууль бусаар зогсоон өөртөө шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд “АИ” ХХК-ийн олох ёстой байсан орлого 320,348,851 төгрөгөөр багасаж дээрх хэмжээгээр хохирсон гэж үзэх хууль зүйн боломжгүй байна. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “... Анхан шатны шүүх хариуцагчийг гэм буруугүй гэж үзэхдээ Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, энэ үндэслэлээр гэм хорыг хариуцахгүй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй, ... хариуцагч Д.Р- нь “АИ” ХХК-ийн 50 хувийн буюу хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн нэртэй ойролцоо утгатай, адилхан уншигдаж ойлгогдох нэр бүхий “АИТ” ХХК-ийг, ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар дүрэмдээ тусган үүсгэн байгуулж, тухайн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нь “АИ” ХХК-ийн дүрэмд нийцээгүй, ... түүнийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5-д заасан хориглолтыг зөрчсөнд тооцогдоно. ... Д.Р нь Компанийн тухай хууль, дүрмийг сахин ажиллах үүрэгтэй “АИ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны хувьд энэхүү үүрэг, шаардлагаа зөрчсөн үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан санаатай хэлбэрийн гэм буруу тогтоогдсон, тус компанийн дүрмийн 1.6-д зааснаар компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа 2016.06.14-ний өдөр дууссан боловч “АИ” ХХК нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үндэслэлээр татан буугдаж, дуусгавар болоогүй тул компанийн үүсгэн байгуулах дүрэмд заасан хугацаа дууссан нь хариуцагчийг гэм буруугүй гэж үзэх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. ... Нэхэмжлэгч нь “АИТ” ХХК-ийн 2016-2022 оны байдлаар арилжааны зарим банкуудад В төхөөрөмж худалдсаны орлогын түүвэр хийж, энэ хугацаанд тус компани 1,152,333,447 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан гэж энэхүү борлуулалтын орлогын 27.8 хувиар тооцон 320,348,851 төгрөгийг хохиролд тооцон шаардсаныг зайлшгүй олох ёстой байсан орлого гэж үзэх боломжгүй, бодитой бус гэж үзэв. ...” гэсэн дүгнэлт хийжээ.
12. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож адил шийдвэр гаргасан боловч хариуцагч Д.Р-ын гэм буруугийн талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэв.
13. Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүйгээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй болохыг анхааралгүй, хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигч гэм хор учруулсан эсэх, учруулсан бол ямар хэмжээний хохирол учруулсан эсэх асуудлаар маргаж байгаа тохиолдолд энэ талаарх зохигчийн мэтгэлцэх боломжийг шүүхээс тэгш хангаснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцнэ.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” мөн хуулийн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.” гэж нотолгооны үүргийн талаар заасан.
Нотолгооны үүрэг ёсоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтыг нотлох, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж, үгүйсгэж байгаа тохиолдолд энэ талаарх тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс энэ зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Тодруулбал, нэхэмжлэгч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.1-д зааснаар санхүү, эдийн засгийн тусгай мэдлэг бүхий этгээдээс шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2024.08.14-ний өдрийн 182/ШТ2024/00259 дугаартай шүүхийн тогтоолоор “... нэхэмжлэгч тал өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтуудаа шүүхэд өөрөө гарган өгөх үүрэгтэй, уг үүргээ хэрэгжүүлэх боломжтой, ... “АИ” ХХК-д учруулсан хохирлыг тогтоохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан тусгай мэдлэг шаардсан, зайлшгүй шүүхээс шинжээч томилж тогтоох шаардлагагүй бөгөөд шинжээч томилж тогтоох шаардлагатай ямар үндэслэл тогтоогдсон нь баримтаар нотлогдохгүй...” гэсэн үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй.
15. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэ алдааг залруулаагүй атлаа нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан журмыг зөрчсөн.
16. Дээр дурдсанаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар хяналтын шатны шүүхээс эцэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03318 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2026/00078 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.02.17-ны өдөр төлсөн 1,756,000 төгрөг, хариуцагч Д.Р-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.02.26-ны өдөр төлсөн 1,756,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД