| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2024/0705/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/722 |
| Огноо | 2024-09-16 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/722
2024 09 16 2024/ШЦТ/722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч А.Марал,
шүүгдэгч З.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Б овогт З-ын С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2403004330518 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.С- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Улаанбаатар Төмөр замын даргын Журам батлах тухай 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А-474 дугаартай тушаал. /хэргийн 37-43 дахь тал/
Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан Журам, загвар батлах тухай 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаартай хамтарсан тушаал. /хэргийн 70-82 дахь тал/
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/190 дугаартай албан бичиг. /хэргийн 85 дахь тал/
Мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “... Занын С- /МХ04272611/-ын ОУЗХАҮ-ийн институтийн дэргэдэх Б сургалтын төвд төмөр замын замчин мэргэжил эзэмшсэн 2021/184 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 116 дахь тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 44-59, 112-115 дахь /
Хохирогч В.Г-ийн “... 2021/184 дугаартай мэргэжлийн үнэмлэх нь Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангийн замчин З.С-ын мэргэжлийн үнэмлэх юм. Зана овогтой С- нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангийн захиргаанд өргөдөл гаргасныг үндэслэн Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/682 дугаартай тушаалаар З.С-ыг дагалдан замчнаар ажилд авсан.
Үүний дараа Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/806 дугаартай тушаалаар замчнаар ажилуулах тушаал гарсан.
... Тухайн ажилтны хувьд Улаанбаатар Төмөр замтай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж гүйцэтгэсэн түүнд тохирсон цалин хөлс авсан учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам хохирсон зүйл байхгүй тул цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 126-127 дахь тал/
Гэрч Ч.Д-ын “... Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй. Фото цаасан дээр гаргадаг байсан. Манай байгууллагын хувьд архивын нэг гэж хадгалаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 90-93 дахь тал/
“... УБТЗ-д ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 106-109 дэх тал/
Гэрч С.Х-ы “... Mergejil.mn буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан сургалцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог.
Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 96-98 дахь тал/
Гэрч С.Б-ийн “... Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууынг эзэмшсэнийг нотлох баримт бичиг.
... Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв болон мэргэжлийн сургалтын төвийн мэргэжлийн үнэмлэх нь боловсролын баримт бичигт хамаарна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 101-103 дахь тал/
Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/806 дугаартай тушаал. /хэргийн 151 дэх тал/
Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/682 дугаартай тушаал. /хэргийн 152 дахь тал/
Цалингийн карт. /хэргийн 156-157 дахь тал/
З.С-ын яллагдагчаар өгсөн “... 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нөгөө хүнтэй утсаар ярьж байгаад төмөр замын өртөөнөөс нэлээн явж байгаад нэг газар уулзсан. Би хот сайн мэдэхгүй болохоор хаана гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн хүнтэй уулзахад 30 гаруй насны, 170 см орчим өндөртэй ах байсан ба үнэмлэх авах гэсэн юм гэхэд мөнгөө эхлээд бэлдчих 2 хоногийн дараа гэхэд үнэмлэх чинь гарчихна үнэ нь 1,200,000 төгрөгөөр гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь гэр лүүгээ ээжтэй яриад 1 үхрээ заруулаад тэр өдөртөө мөнгийг нь бэлнээр авч өгсөн.
Тэгээд 2 хоногийн дараа Замын 2 дугаар ангийн гадна нөгөө ахтай уулзахад улаан өнгийн хавтастай мэргэжлийн үнэмлэх гэсэн бичигтэй Төмөр замын замчин гэсэн мэргэжлийн 2021/184 дугаартай үнэмлэхийг өгчхөөд явсан.
Би уг үнэмлэхээ аваад Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангийн хүний нөөц рүү орж материалаа бүрдүүлж өгөхөд дагалдангийн шалгалт авна гээд надаас тестээр шалгалт авч би 70 оноо авч тэнцэж хөдөлмөрийн гэрээгээ хийж дагалдан замчингаар шууд ажилдаа орсон. Түүнээс хойш одоог хүртэл ажиллаж байна.
... Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 144-146 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч З.С- нь ОУЗХАҮ-ийн институтын дэргэдэх “Б” сургалтын төвд Төмөр замын замчин мэргэжлээр суралцаагүй атлаа тус төвийн Төмөр замын замчин мэргэжлээр 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төгссөн мэргэжлийн 2021/184 дугаартай үнэмлэхийг бусдаар гаргуулан авч, улмаар уг мэргэжлийн үнэмлэхийг ашиглан 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангид төмөр замын замчинаар ажиллажээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч З.С- нь ОУЗХАҮ-ийн институтын дэргэдэх “Б” сургалтын төвийн Төмөр замын замчин мэргэжлээр төгссөн боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангид замчнаар ажилласан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааня явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Ганчимэг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн /хэргийн 126-127 дахь тал/ байх тул шүүгдэгч З.С-ыг төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч З.С- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2021/184 дугаартай мэргэжлийн үнэмлэх 1 ширхгийг устгаж, шүүгдэгч З.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт З-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.С- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.С- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, З.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2021/184 дугаартай мэргэжлийн үнэмлэх 1 ширхгийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ