| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0092/э |
| Дугаар | 2024/ШЦТ/97 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Р.А,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х Б-н овогт Д-н Б-д холбогдох эрүүгийн 2417000000099 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 07-нд Д** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *** аймгийн ***сумын 2 дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ** аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **оны 03 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Хутагт Б-н овогт Д-н Б /РД:***/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан усны 2-227 тоот хашаанд байрлах байшин болон байшингийн гадна талд “байшингийн барилгын материалаар тоглолоо” гэж уурлан Г.О-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүр орчим гараараа 1 удаа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед духанд няцарсан шарх, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000000099 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Г.О гэдэг ямар ч хамааралгүй, байрандаа засвар хийлгэж байсан хүн. Тухайн өдөр О-тай хамт архи уусан. Г.О-ын биед би гэмтэл учруулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Г.О хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн. Эрүүл мэндийн даатгалын санд 247 670 төгрөг гарсныг төлөөгүй байгаа. Үүнийг төлнө. Би Г.О гэдэг хүнтэй байшингийн материалаар тоглосон гэж муудсан. Байшинд хийсэн засвар нь бидний сэтгэлд хүрээгүй гэв.
Би 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Говьсүмбэр аймагт өөрийн танил Б гэдэг хүний байшинд засвар хийх ажлаар ирсэн юм. Тэгээд буцаад Улаанбаатар хот руу яваад байшингийн засварт ашиглах материал болон багаж хэрэгслээ аваад буцаагаад 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Б гэх хүний байшинд ганцаараа засвар хийсэн. Тухайн байшин нь гал тогоо, коридортойгоо нийлээд 4 өрөө байсан бөгөөд тухайн өрөөнүүдэд засвар хийгээд дотор талыг нь битүү реклэсэн. Б эхлээд надтай тохиролцохдоо суудлын машинаа өгөхөөр тохирсон бөгөөд надаар дээр нь хувцасны шкаф, гал тогооны тавилга хийлгэхээр тохирсон байсан. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байшингийн засварын ажил нь дууссан чинь Б надад 200 000 төгрөг өгөөд дээр нь нэг адуу өгөхөөр болж тохирсон. Ажил дууссан болохоор би нутаг буцах гээд орой 17 цагийн орчим халуун усанд орж ирчхээд би дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай хар экс нэртэй нэг шил архи, нэг ундааны хамт аваад Б гэрт нь түүнтэй хувааж уусан юм. Би Б гэрийн хаягийг нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд тухайн архиа ууж дуусгаад Б “найзындаа очно” гэхээр нь би түүнтэй хамт түүний найз гэх залуугийн гэрт нь Б эхнэрээр хүргүүлж очсон юм. Тухайн үед Б эхнэр бид 2-ыг өөрийнхөө саарал өнгийн суудлын тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн. Тухайн айлд орохоосоо өмнө Б дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи худалдаж авсан байсан бөгөөд түүнийг найзтай нь хамт гурвуулаа хувааж уусан. Тэгээд би тухайн архийг ууж байгаад согтсон байсан бөгөөд нэг мэдсэн чинь караокед Б болон түүний найз бид 3 ирчихсэн сууж байсан. Тухайн караоке нь гаднаа хашаатай байсан санагдаж байна. Тухайн караокед 0.75 литрийн савлагаатай экс нэртэй архи уусан. Би тухайн архинаас нэг их уугаагүй орж гараад л яваад байсан. Караокед үл таних 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан бөгөөд тухайн хүмүүстэй нийлээд сууцгаасан бөгөөд шөнийн 1 цаг өнгөрч байх үед тухайн нэг эрэгтэй хүн, 2 эмэгтэй хүмүүс саарал өнгийн суудлын машинаар Б бид 2-ыг хүргэж өгсөн. Тухайн машинаас буугаад Б хашаанд ороход түүний эхнэр хүүхэд хоёр нь сэндвичин байшингийн гадаа зогсож байсан бөгөөд хашаанд оронгуут Б ямар ч үгийн зөрүүгүй миний баруун талын нүд орчим хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед нь миний нүдэнд оч манараад явчихсан бөгөөд газар ойчсон. Тэгтэл Б намайг дахиад өшиглөх гэхээр нь би зугтаагаад хашааны хойд хэсгээр хашааг нь давж гарсан. Тэгтэл миний баруун талын хөмсөг орчмоос цус гараад байхаар нь Хайрхан гэдэг нэртэй авто засварын газрын гадна ирээд суусан. Тэндээ байхдаа өөрийнхөө эгчээс цагдаагийн дугаар аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
...Би Б гэдэг хүний биед хүрч чадаагүй. Тухайн үед Б миний баруун нүд орчим өшиглөхөөр нь би газар ойчоод босч чадахгүй хэвтэж байхад Б алчихъя л даа гээд гэр лүүгээ гүйгээд орохоор нь би босч зугтаагаад хашааг нь давж зугтсан. Би Б гэдэг хүнийг цохих зав ч болоогүй. Дөнгөж хашаанд орж ирээд л шууд намайг цохиж зодсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
3. Иргэний нэхэмжлэгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Г.О-т аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор үзүүлж яаралтай тусламж авахад эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нийт 141 480 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд яаралтай тусламж үзүүлэхэд 106 190 төгрөгийн зардал гарсан. Нийт 247 670 төгрөгийн зардал гарсан байх бөгөөд дээрх мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
4. Гэрч Ю.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай гэр болох Сүмбэр сумын 2 дугаар багийн Цагаан усны 2-227 тоотод засвар хийж байсан О гэдэг хүн хийж байсан ажлаа дуусгаагүй гэр лүүгээ буюу Улаанбаатар хотын Багануур дүүрэг рүү явна гээд байсан. Тухайн хүн нь манай байшингийн засварыг хийх гээд нэлээд их хэмжээний материал авхуулчихаад тэгтлээ сэтгэлд хүртэл ажил хийгээгүй, засвар хийж чаддаггүй хүн байсан. Тэгэхээр нь явуулахаар болсон байсан юм. Тэгээд О гэдэг хүн өдрийн 14 цаг өнгөрч байхад халуун усанд орчихоод ирсэн. Ирэхдээ 0.75 литрийн савлагаатай Экс нэртэй архи нэг ширхэг, том ундаатай авч ирээд түүнийгээ гэрийн гадаа манай нөхөр Б-тай хувааж уусан. Тэгээд би хашаандаа байдаг сэндвичин байшин дотор хэвтэж байтал Б орж ирээд “О караоке орно гээд байна. Чи бид 2-ыг Ц гэдэг айлд хүргээд өгөөч” гэж хэлэхээр нь би тэд нарыг Сүмбэрийн эгнээнд байдаг айлд өөрийнхөө 54-40 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ ирээд байж байтал дахиад 21 цагийн орчим Б намайг дуудаад “караокед хүргээд өгөөч” гээд утсаар ярихаар нь би Ц гэдэг айлаас Б, О, Ц нарыг Сүмбэр сумын 3 дугаар багийн нутагт байрлах Грийн хаус нэртэй газар хүргэж өгсөн. Тухайн үед О, Б нар нилээд халамцуу байсан. Харин Ц бараг эрүүл шахуу байсан. Тэгээд би гэртээ ирээд байж байтал шөнийн 02 цаг болж байхад гэрийн гадаа хүмүүс дуугараад байхаар нь цонхоороо хартал хашааны үүдэнд машин ирчихсэн Б, О нарыг буулгаж байсан. Тэгтэл О шууд манай байшингийн довжоон дээр сууж байгаа харагдсан. Харин манай нөхөр Б сэндвичин байшинд орж ирээд гутлаа тайлаад хоолоо идэж байхдаа “энэ залуу караокед байхдаа нэг ч зүгээр байсангүй. Гарч ороод өөрийнхөө футболк болон миний футболкийг ураад байсан” гэх зүйл яриад байсан. Тэгээд Б О-т хандан “чи унт, чи яасан худалч юм бэ, битгий худлаа яриад байгаарай, чи бааранд ядаргаа боллоо шүү дээ, чи манай байшингийн хамаг материалаар тоглосон, чи юм хийдэггүй л юм байна шүү дээ” гэх утгатай зүйл ярьсан. Тэгсэн чинь О уурлаж босож ирээд байшингийн гадна байсан нарийн модыг аваад Б баруун талын эгэм хүзүү орчим нэг удаа цохисон. Гэтэл Б “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд гараараа О-ын нүүр орчим нэг удаа цохисон. Тэгсэн чинь О зугтаад сэндвичин байшингийн урд талд ирэхэд Б араас нь очоод О-ын толгой, мөр орчим хөлөөрөө нэг удаа өшилсөн, яг хаана өшилсөн эсэхийг нь сайн анзаараагүй. Тухайн үед Б гутлаа тайлчихсан байсан бөгөөд сандаал өмссөн байсан. Тэгээд Б уурлаад “энийг алаад хаячихъя” гэж хэлээд гэр лүүгээ гүйсэн чинь О хашааны хойд талаар хашаа даваад гүйчихсэн. Хашааны гадна гарчихаад суугаад үглээд хараагаад байгаа нь сонсогдсон. Тэгээд би Б-ыг унтуулсан. Харин би хашаандаа охин Н-тэй хамт сууж байгаад 03 цаг өнгөрч байхад гэртээ орж унтсан. Тэгээд унтаж байтал 04 цагийн орчим цагдаа нар орж ирээд Б-ыг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
5. Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар баг Сүмбэрийн 131 тоотод гэртээ байж байтал орой 20 цагийн орчим манай найз Б үл таних эрэгтэй хүн дагуулчихсан манай гэрт орж ирсэн. Б ирэхдээ 0.5 литрийн Хараа нэртэй 1 ширхэг архи авч ирснийг бид 3 хувааж уусан. Архи ууж байхдаа Б-тай хамт явж байсан хүнтэй танилцсан. Тэр өөрийгөө О гэж хэлж байсан. Тэгээд тухайн архиа уугаад дууссан чинь О гэдэг хүн “караоке оръё” гээд байсан болохоор нь Б эхнэрээ дуудаад түүний машинд суугаад Сүмбэр сумын 3 дугаар багийн нутагт байрлах Грийн хаус нэртэй газарт хүргүүлсэн. Тухайн караокед очоод 1 дугаартай өрөөнд ороод нэг цаг аваад 0.5 литрийн савлагаатай экс нэртэй нэг шил архи аваад сууцгаасан. Биднийг тухайн караокед ороход Б танил нь гээд үл таних 1 эрэгтэй хүн, 2 эмэгтэйтэй хамт явж байсан. Тэдэнтэй хамт караокены өрөөнд орж сууцгаасан. Би тухайн хүмүүсийг танихгүй хүмүүс байсан. Тухайн үед тэр хүмүүстэй танилцаж байсан ч гэсэн одоо нэрийг нь санахгүй байна. Тэгээд бид нар авсан архиа хувааж уугаад нэг цаг дуулсан. Тэгтэл дахин 0.75 литрийн савлагаатай экс нэртэй нэг шил архи аваад караокены цагийг нэг цаг сунгасан байсан. Хэн архи аваад хэн караокены цаг сунгасан талаар би мэдээгүй. Тэгээд тухайн караокед байхад О гэдэг хүн нэлээн согтсон байсан бөгөөд байн байн гарч гүйгээд байсан. Тэр болгонд нь би түүний араас гарахад О гадаа утсаар ярьчихсан явж байдаг байсан. Тэгээд түүнийг буцаагаад өрөөнд нь оруулж ирдэг байсан. Тэгээд авсан архиа хувааж уучхаад караокены цаг дуусахаар нь шөнийн 01 цаг орчимд тарцгаасан. Тэгээд О, Б бид 3 такси бариад гэртээ харихаар явсан. Би эхлээд таксинаас буугаад үлдсэн. Харин О, Б нар цаашаа такситайгаа гэр лүүгээ явсан. Би гэртээ орж амарсан, өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
6. Насанд хүрээгүй гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
О гэдэг ах манай байшинг засах гэж ирээд манайд 3, 4 хоносон. Тухайн хүн манай байшингийн дотор талыг реклесэн юм. Тэгээд ажлаа дуусгаад О гэдэг “хүн халуун усанд орно” гэж яваад буцаж ирэхдээ нэг шил архи авч ирсэн. Тухайн архиа манай гэрт аавтай хамт уусан юм. Би тухайн өдрийг хэдний өдөр байсан эсэхээ санахгүй байна. Мөн О гэдэг хүн усанд орчихоод хэдэн цагийн үед ирсэн эсэхийг санахгүй байна. Тэгээд аав О гэдэг хүн хоёр нөгөө архиа хувааж ууж дуусгачхаад аавын найз Ц гэдэг айл руу явсан. Тэднийг ээж О бид 2 машинтай хүргэж өгөөд буцаад гэртээ ирсэн юм. Тэгээд гэртээ байж байтал аав ээжийг дуудсан болохоор ээж бид хоёр Ц ахынд машинтайгаа очоод аав Б, түүний найз Ц, О гэх хүмүүсийг Грийн Хаус нэртэй караокены гадаа буулгачхаад буцаад гэр лүүгээ харьсан. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна. Тэгээд ээжтэйгээ хамт буцаад гэртээ ирээд унтаж байсан чинь шөнө хашаанд хүмүүс дуугараад байхаар нь сэрсэн чинь манай аав Б болон О хоёр ирчихсэн байсан бөгөөд манай ээж байшингаас гараад явчихсан байсан. Тухайн үед манайх байшиндаа засвар хийж байсан болохоор хашааны урд хэсэгт байдаг сэндвичин байшинд түр зуур амьдарч байсан. Би хүмүүсийн дуунаар сэрээд тухайн сэндвичин байшингийн цонхоор харсан чинь О гэдэг хүн манай аавын баруун талын булчин хэсэгт рек модоор нэг удаа цохисон. Тэгтэл аав уурлаад О гэдэг хүнийг цохих шиг болсон. Би тэр хүний хаана нь яаж цохисныг хараагүй. Тухайн үед гадаа харанхуй байсан. Мөн холоос харж байсан болохоор сайн харж чадаагүй. Тэгээд аав шууд сэндвичин байшин руу ороод ирсэн. Харин нөгөө хүн нь хашааны хойд хэсгээр хашаа даваад явчихсан. Аав гэрт орж ирээд шууд унтсан. Харин нөгөө хүн хашааны хойно суугаад байх шиг байсан. Тэгээд унтах гээд байж байтал үүрээр цагдаа нар ирээд манай аавыг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 216 дугаартай дүгнэлтэд:
- Г.О-ын духанд няцарсан шарх, цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ /хх-ийн 39-40 дугаар хуудас/,
8. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаартай дүгнэлтэнд:
-Д.Б биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ /хх-ийн 45 дугаар хуудас/,
9. Хохирогч Г.О-ын Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/,
10. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дугаар хуудас/,
11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/
- ** аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-77 дугаар хуудас/
- ** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-85 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Д.Б-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан усны 2-227 тоот хашаанд байрлах байшин болон байшингийн гадна талд “байшингийн барилгын материалаар тоглолоо” гэж уурлан Г.О-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүр орчим гараараа 1 удаа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед духанд няцарсан шарх, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан усны 2-227 тоот хашаанд байрлах байшин болон байшингийн гадна талд “байшингийн барилгын материалаар тоглолоо” гэж уурлан Г.О-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүр орчим гараараа 1 удаа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед духанд няцарсан шарх, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна гэж үзлээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.Б нь хохирогч Г.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн шүүгдэгч Д.Б нь хохирогч Г.О-ыг зодож түүний биед духанд няцарсан шарх, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.О, иргэний нэхэмжлэгч Г.Ц, гэрч Ю.О, Ц.Г, насанд хүрээгүй гэрч Б.Н нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 216 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул хохирогч Г.О-т төлөх төлбөргүй байна.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул хохирогч Г.О эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр болох 247 670 төгрөгийг шүүгдэгч Д.Б-аас гаргуулж, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэсд олгох нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Б үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-н овогт Д-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.О нь хохирол нэхэмжлээгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аас 247 670 /хоёр зуун дөчин долоон мянга зургаан зуун дал/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ