Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/98

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Э,

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Э-н Э-д холбогдох эрүүгийн 2417000000103 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 02-нд *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт *** аймгийн **** сумын **дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Сум дундын 6 дугаар шүүхийн *** оны 06 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж, нийт эдлэх ялыг 5 жил 5 сарын хугацаагаар тогтоосон,

*** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

*** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн хорих ялыг хасаж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх З овогт Э-н Э /РД: ЕЙ***/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” гэх нэртэй дэлгүүрийн хажуу талын зам дээр “51-31 УАН” улсын дугаартай Хюьндай Соната загварын тээврийн хэрэгслийг 3.17 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000000103 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр найз Г-н хамт Төмөр замын 72 дугаар байранд Т-н Ж гэх айлд 2 шил 0.75 граммын Экс нэртэй архи уусан. Тухайн үед манай найз Г нилээн согтуу байсан. Машинаа унаж явах гээд байхаар нь энд машинаа орхичих гэсэн чинь энэ айлын гадаа машинаа орхимооргүй байна. Найзынхаа гадаа аваачиж тавьмаар байна гэсэн. Тэгэхээр нь би аваачиж тавьчихаад гэр лүүгээ алхаад явчихна гэж хэлээд машиныг нь унаад эмнэлгийн хажуугийн туслах замаар ороод Хас дэлгүүрийн тийшээ явж байтал цагдаа таараад зогсоосон. Цагдаа согтолтын зэрэг шалгахад 3.17 хувь гарсан. Машиныг нь журмын хашаанд хийгээд намайг дуудсан цагт ирээрэй гээд явуулсан гэв.

2. Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би би замын цагдаагийн тасгаас зохион байгуулж буй “уусан бол бүү жолоод” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 12 цагаас оройн 22 цагийн хооронд Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт замын цагдаагийн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан. Тэгээд Сүмбэр сумын 2 дугаар баг, Хас дэлгүүрийн уулзварын хойд талд тээврийн хэрэгсэл шалгаж байтал 51-31 УАН улсын дугаартай саарал өнгийн Соната маркийн тээврийн хэрэгсэл Хас дэлгүүрийн уулзвараар урдаас хойш чиглэлтэй зорчиж байсан бөгөөд тус машиныг зогсоож шалгатал жолооч гэх эрэгтэй хүн машиндаа ганцаараа явж байсан. Тэгээд би жолоочийг шалгахаар ойртож очтол илт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба мөн архи согтууруулах ундааны зүйл жолоочоос үнэртэж байсан. Тухайн үед би жолоочоос хаанаас хаашаа явж байгаа болохыг болон юу уусан талаар асуухад найзындаа архи ууж байгаад хүн авахаар дэнжийн Андууд дэлгүүр лүү явж байна гэж хэлж байсан. Тус жолоочийг Цагдаагийн хэлтэс дээр авчирч согтолтын зэрэг тогтоодог тусгай багаж руу үлээлгэж үзэхэд 3.17 гэсэн тоон үзүүлэлт гарсан. Мөн жолоочийг Цагдаагийн хэлтэс дээр авч ирж ирээд ******* гэдэг нэртэй болохыг мэдсэн. Тэгээд 51-31 УАН улсын дугаартай саарал өнгийн Соната маркийн тээврийн хэрэгслийг цагдаагийн хэлтсийн журмын хашаанд хийсэн бөгөөд Эыг ар гэрт нь хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

3. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Миний төрсөн хүү ******* нь хүнд тусч, илүү дутуу зан байхгүй хүү байгаа юм. Э нь 2 хүүхдийн хамт амьдардаг. Одоо 2 хүүхдээ харж ханддаг. Эхнэрээсээ салаад 1 жил гаран болж байна. Сүүлийн үед архи дарс уугаад байгаа юм. Тэрнээс архи уухгүй үедээ гагнуур хийгээд амьдрал ахуйгаа авч явдаг хүн байгаа юм. Манай хүү согтуугаар машин жолоодсон асуудлаа надад хэлээгүй. Би сүүлд мэдсэн. Уг нь өөрийн гэсэн машин тэрэг байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, 

4. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-70 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 62 дугаар хуудас/,

5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

6. Шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/

Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02/А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32-38 дугаар хуудас/,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-42 дугаар хуудас/,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-46 дугаар хуудас/,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-51 дүгээр хуудас/,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 55-57 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч *******-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” гэх нэртэй дэлгүүрийн хажуу талын зам дээр “51-31 УАН” улсын дугаартай Хюьндай Соната загварын тээврийн хэрэгслийг 3.17 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* гэм буруугийн шүүх хуралдаанд “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2 хүүхэдтэйгээ амьдардаг” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” гэх нэртэй дэлгүүрийн хажуу талын зам дээр “51-31 УАН” улсын дугаартай Хюьндай Соната загварын тээврийн хэрэгслийг 3.17 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон байна гэж үзлээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/74 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;” гэх үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаанд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, гэрч Т.М-н мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Т.М-н 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн рапорт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа мэдээлэл, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаартай шийтгэврийн хуулбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч *******-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч *******-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 200 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000  төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч З овогт Э-н Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

            2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай         

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ЭНХМАНДАХ