| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/00308/и |
| Дугаар | 142/ШШ2022/00353 |
| Огноо | 2022-03-10 |
| Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2022/00353
2022 03 10 142/ШШ2022/00353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багт байрлах, ЦЭА нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багийн зүүн дэнжийн тоотод оршин суух, *******,*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: ЦЭА,
Хариуцагч: ЦХ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ариунсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
ЦЭАас ЦХгийн эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан.
Нэхэмжлэгч ЦЭА шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дэнж багийн Зүүн дэнж 2-53 тоотод оршин суугч УНХ нь ам бүл 5. Төрсөн эгч Гансүх овогтой Үүрийнцолмонгийнд охин ИЦгийн хамт амьдардаг. ЦХ нь архины хамааралтай 10 гаруй жил архи ууж байгаа архи уухаараа охиноо эгч ЦАд үлдээгээд хэдэн өдрөөр алга болдог архи уусан үедээ амиа хорлоно гэж агсан согтуу тавьж гарынхаа судсыг удаа дараа ханаж байсан. 2018 онд архины эмчилгээ хийлгэж спираль тавиулсан боловч ямар ч нэмэр болоогүй. Охин ИЦ нь хагас өнчин, 7-р сургуулийн 5-р ангид сурдаг. Нийгмийн халамжаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр сард 188,000 төгрөг, хүүхдийн мөнгө 100,000 төгрөг авдаг боловч ээж ЦХ нь дээрх мөнгөөрөө архи уудаг, хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, хүүхдийн эрх зөрчигдөж сэтгэл санааны болон үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна. Иймд ЦХгийн эх байх эрхийг хасаж өгнө үү гэв.
Хариуцагч ЦХ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ЦХ миний бие архи уудаг нь үнэн ч охиныхоо дэргэд архи ууж байгаагүй. Согтуу охиндоо харагдахгүйг хичээн гадуур хонодог. Охиноо хайр халамжаар дутаахгүйг хичээдэг. Өөрийн хэрэглэж, эдэлж буй зүйлээс илүүг авч өгдөг. Хүүхдийн мөнгө халамжийн мөнгийг нь тодорхой хэмжээг өөрөө хэрэглэж, хүүхдэдээ зарцуулдаг. Ганц нэг зайлшгүй нөхцөлд өөрөө хэрэглэж байсан үе байгаа. Гарын судас ханасан асуудал нь гэр бүлдээ агсам тавиагүй. 2016 онд хамтран амьдрагчынхаа гэрт тодорхой шалтгаанаас болж тийм зүйл болсон. Ямар ч хүн хүүхдийн сэтгэлд төрсөн эх шиг нь санагддаггүй. Иймээс би хүүхдийнхээ төлөө эх байх эрхээ хасуулмааргүй байна. Ахин алдаа гаргахгүй охиныхоо сайн ээж нь байж чадна гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: Орхон аймийн Баян-Өндөр сумын ЦЭА 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай албан бичиг, 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Дэнж багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, ЦАгийн Дэнж багийн хамтарсан багт гаргасан өргөдөл, Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолт, ИЦгийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт, хүүхдийн үндсэн мэдээлэл, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулгүй байдлын төлөвлөгөө, ярилцлагын тэмдэглэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: Хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
ЦЭА нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЦЭА тус багт оршин суух ЦХгийн эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дэнж багт оршин суугч ЦХ нь 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин ИЦ /РД гийн эх бөгөөд ЦХ нь архины хамааралтай 10 гаруй жил архи ууж байгаа архи уухаараа охиноо эгч ЦАд үлдээгээд хэдэн өдрөөр алга болдог архи уусан үедээ амиа хорлоно гэж агсан согтуу тавьж гарынхаа судсыг удаа дараа ханаж байсан. 2018 онд архины эмчилгээ хийлгэж спираль тавиулсан боловч ямарч нэмэр болоогүй. Нийгмийн халамжаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр сард 188000 төгрөг, хүүхдийн мөнгө 100000 төгрөг авдаг боловч ээж ЦХ нь дээрх мөнгөөрөө архи уудаг, хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, хүүхдийн эрх зөрчигдөж сэтгэл санааны болон үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж байгаа тул эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж нэхэмжлэгч тайлбарладаг.
Хариуцагч ЦХ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, архи уудаг нь үнэн ч охиныхоо дэргэд архи ууж байгаагүй, хүүхдийнхээ төлөө эх байх эрхээ хасуулмааргүй байна. Ахин алдаа гаргахгүй охиныхоо сайн ээж нь байж чадна гэж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурдсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг ...бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЦЭА нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд мөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэйг хуульчилсан байдаг.
Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа болох нь хэрэгт ирүүлсэн дээрх нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд бага насны хүүхдээ үл хайхран архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрхийг зөрчиж байх тул ЦХгийн эх байх эрхийг хасах нь зүйтэй.
Харин хариуцагч ЦХ засарч хүмүүжин дахин архи уухгүй байж, ажил хөдөлмөр эрхлэн орон гэртэй болсноор буюу эх байх эрхийг хасах болсон шалтгаан арилсны дараа эрхээ сэргээлгэх бүрэн боломжтойг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин ИЦ /РД: *******/-гийн эх *******/-гийн эх байх эрхийг 1 жилийн хугацаагаар хассугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин ИЦг нагац эгч ЦАгийн асрамжид үлдээж, асран хамгаалагчаар тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ЦХгаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын 3 хоногийн дотор Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сувд-Эрдэнэд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН