| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2024/0091/э |
| Дугаар | 2024/ШЦТ/99 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2417000000105 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ...аймгийн ... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .... .... ..., ...нарын хамт ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дүгээр байрны ...тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, .... овогт .... .... /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч .... нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны орой ...аймгийн ...сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1... дугаар байрны голд байрлах сагсны талбайн хажууд хохирогч .... түүнийг хүүхдүүд дээрэлхлээ гэх шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүнийг хавирч газар унагах, гар болон хөлөөрөө нүүр лүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, дээд баруун 1, зүүн 1 шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч .... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 08 дугаар сарын 06-нд манай нөгөө ангийн охины дүү .... над руу залгаад ахаа та хаана байна, танай нөгөө ангийн .... ах ирээд бид нарыг дээрэлхээд байна гэж надаас тусламж хүссэн. Би яваад очъё, ойрхон байна гээд очиход урдуураа арваад хүүхдийг цэрэг шиг жагсаачихсан байсан. Чи яагаад хүүхдүүд дээрэлхээд байгаа юм бэ гэтэл чамд ямар хамаатай юм бэ, чи зүгээр зайл, би дүү нартайгаа учраа олно, чамд хамаагүй гээд намайг хөөсөн. .... согтуу байхаар нь чи одоо боль, уусан идсэнээ шингээ, хүүхдүүд явуул гэсэн. Над руу чи одоо яаж яриад байгаа юм бэ гээд духаа өгөөд намайг мөргөх гэж оролдож мөргөсөн. Би өөрөөсөө зайлуулах гээд түлхтэл цааш унасан. Би явах гэтэл араас ирээд зуураад, хоёулаа зодолдоё, би чамтай 100 зодолдож 101 зодно, чаддаг юм бол надтай зодолд, би чамайг ална шүү гээд над руу дайраад байсан. Намайг өргөөд газар унагаагаад савсан. ...., ...., ....гээд дээд ангийн 3 хүүхэд болиоч гээд бид хоёрыг салгасан. .... цааш 14 дүгээр байр луу уруудаад явахдаа ....аа чи чаддаг юм бол хүрээд ир, хоёулаа үзье, айгаад байгаа юм уу гээд дуудахаар учраа олъё гээд яваад очтол мэндийн зөрүүгүй ирээд цохиод яагаад байгаа юм бэ, аалз минь ална шүү, аятайхан байгаарай гэсэн. За уучлаарай хөгшөөн, сайн уу гээд гар барих гэтэл миний гарыг алгадаад мөргөхөд нь би сандарсандаа гараараа нэг удаа цохисон. Хамраа бариад доошоо суусан. Цуг явж байсан .... нь над руу дайрахаар түлхсэн. Миний буруугаас болж миний найз гэмтсэнд харамсаж байна. Би дөнгөж 20 настай цэргээс халагдаж ирээд удаагүй, ажилд ороод 3 сар болж байгаа. Таны тогтоож өгсөн ялыг авахдаа гомдолгүй байна, багасгаж өгөөрэй гэв.
2. Хохирогч ...... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 8 дугаар сарын 6-ны орой ..сум, ..дүгээр баг, ..дугаар байрны голд 9 дүгээр ангийн хуурай дүү нартайгаа юм яриад зогсож байтал .... гэх залуу ирээд энд ямар лалар нь азаргалаад байгаа юм бэ гээд намайг шууд үгийн зөрүүгүй нүүр лүү нэг удаа гараараа цохиход би нүүрээ дараад тонгойтол намайг хавирч унагаад дээрээс дахиад нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэнд байсан хүүхдүүд ирж салгахад .... дахиж над руу ирээд намайг заамдаж аваад хоёулаа үзье гэсэн. Би шүдэндээ аппараттай байгаа тул чамтай зодолдохгүй гэсэн. Тэгээд дахиж цохих гээд далайхаар нь би үүрээд хамт газар унасан. Хүүхдүүд бид хоёрыг салгаад байж байтал .... дахиж ирээд миний баруун зүүн талын хацар луу нэг, нэг удаа алгадсан. Би 14 дүгээр байрны 1 дүгээр орцны гадаа сууж байтал .... дахин миний араас ирээд одоо эвлэрье гээд гар барья гэхээр нь гар бариад яагаад намайг ингээд шууд мэндийн зөрөөгүй зодож байгаа юм бэ гэтэл чи бид хоёрт дуусгаагүй асуудал байгаа байх аа гэсэн. Би юу юм бэ гэж асуутал .... намайг шууд нүүр лүү мөргөсөн. Би нүүрээ бариад газарт хэвтэхэд нүүр лүү 2 удаа өшиглөхөд тэрхэн зуур би ухаан алдсан юм шиг байна лээ. Манай найз .... хамар чинь далийсан байсан гэхээр нь найзтайгаа .... эгч дээр очоод тэгшлүүлъе гэхэд .... эгч хугарчихсан байна эмнэлэг яв гэсэн. Би ....ыг нэг ч удаа цохиогүй, дахиж цохих гээд далайрахаар нь үүрээд хамт газар унасан. Би .... гомдолтой байна. Би шүдэндээ аппараттай байсан. Аппаратаа 2023 оны 8 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод 1 700 000 төгрөгөөр лизингээр хийлгэж байсан. .... цохиулснаас болж үүдэн шүдний аппаратын төмөр нь унаад дахиж аппарат зүүх боломжгүй болж шүдэндээ 350 000 төгрөгөөр бэхэлгээ хийлгэсэн. Мөн миний цамцыг урсан. Би 350 000 төгрөгөөр хотоос худалдаж авч байсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд Улаанбаатар хотод очиж үзүүл гэсэн. Би 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотын Мед травма эмнэлэг болон Гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлсэн. .... гэх залууд зодуулаад нэг сар ажилдаа яваагүй. Миний нэг сарын цалин 3 сая төгрөг байдаг. Мөн Улаанбаатар хот руу явсан зардал, хоолны мөнгө, буудалд хоносон мөнгө зэргийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12, 14 хуудас/
3. Иргэний нэхэмжлэгч Г.Цэцэгдэмбэрэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон М.....ад 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан тоотын хавсралтаар эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 208 504 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/
4. Насанд хүрээгүй гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 8 дугаар сарын 6-ны орой 13 дугаар байрны гадаа тоглож байгаад 15 дугаар байрны гол руу найз Өнөтөгөлдөр дээр очиход баахан хүүхдүүд бөөгнөрөөд зогссон байсан. Би ойртоод очих гэтэл ах нар явцгаа гэхээр нь яваад өгсөн. Хэд хоногийн дараа .... ахтай таараад хүн зодуулсан талаар мэдсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-27 хуудас/
5. Гэрч Д..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 8 дугаар сарын 12-ны орой гэртээ хүүхдүүдтэйгээ унтаж байхад шөнө цагийг нь сайн санахгүй байна гаднаас .... манай дүү .... нар хамраа цохиулчихлаа гээд орж ирсэн. Би яасан юм гэж асуухад хүнд зодуулчихлаа гэсэн. Намайг хартал ....ын хамар нь хавдчихсан байхаар нь би хугарчихсан байна эмнэлэг яв гээд явуулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/
6. Насанд хүрээгүй гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 8 дугаар сарын 6-ны орой 15 дугаар байрны голд сагсны талбай дээр тоглож байхад манай үеэл ах ...., найз ....ын хамт ирээд тэнд тоглож байсан ...., ...., .... бид дөрвийг дуудаад сагсны талбайн хажуу талын сандал дээр юм яриад суусан. Тэгсэн .... ах ирээд энд ямар пизда нь азаргалаад байгаа юм бэ гэсэн. .... ах тоглож байгаа гэж ойлгоод .... .... байна гэтэл шууд хүрч ирээд .... ахыг үгийн зөрүүгүй хавирангаа нүүр лүү нь гараараа цохисон. .... ах өөдөөс нь бариад автал .... ахын эрх нь тасраад тэр хоёр салсан. .... ах .... ахын цамцнаас татаад хоёулаа орц руу ороод нэгээрээ үзье гэхэд .... ах би шүдний аппараттай чамтай зодолдохгүй гэсэн. .... ах тавихгүй цамцнаас нь татахад нь .... ах .... ахыг үүрээд тэр хоёр газарт унасан. Тэнд байсан хүүхдүүд босгоод би .... ахыг аваад .... ах бид гурав 14 дүгээр байр луу уруудсан засмалаар бууж байтал .... ах араас ирээд .... ахтай гайгүй юу гэхэд .... ах чи ч мэндийн зөрүүгүй зохих юм аа гэж хэлтэл .... ах .... ахыг дахиад нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. .... ах арагш газар унахад нь нүүр лүү нь 2-3 удаа өшиглөсөн. .... ах .... ахыг хориод холдуулсан. .... ах босож ирээд .... ахтай .... эгчийнх рүү явцгаасан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-32 хуудас/
7. Насанд хүрээгүй гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 08 дугаар сарын 06-ний орой 15-р байрны гадаа ...., ...., ...., .... гэх найзуудтайгаа сандал дээр суугаад хоорондоо юм яриад байж байтал сагсны талбай дээр тоглож байсан хүүхдүүд хажуу талынх нь сандал дээр жагсаад зогссон байсан. Бид нар эндээс хол явъя гээд байж байтал нэг хүүхэд бид хэд дээр ирээд та хэдийн .... ах дуудаж байна гэсэн. Бид хэд очтол ...., ...., .... нар манай доод үеийн хүүхдүүдийг жагсаасан байсан. Бид нар ...., .... нар дээр очоод мэнд мэдээд юу болсон талаар асуухад ...., .... 2 жагсаад зогсож байсан хүүхдүүд рүү та нар битгий дундаа ороод давраад байгаарай гэсэн. .... ах ....ыг чи урагшаа гараад ир гээд чи яагаад мэнд ус асуудаггүй юм гэхэд .... би мэнд устай явдаг шүү дээ ах аа, ер нь асуух ч албатай биш дээ, би мөрөөрөө л явдаг шүү дээ гэтэл .... ах ....ыг элэг рүү гараараа нэг цохиод битгий давраад байгаарай гэсэн. Би болиулаад уусан идсэнээ шингээж чадахгүй яагаад манай найзыг элэгдэж байгаа юм бэ гэхэд .... надаас мэнд ус асуудаггүй гэсэн утгатай юм хэлсэн. .... ах чи ер нь яагаад байгаа юм бэ гээд над руу ойртохоор нь би .... ахыг өөрөөсөө холдуулахад цаанаас нь .... ах хөөе яагаад байгаа юм, би өнөөдөр бүгдийг чинь ална шүү гээд орилсон. Би за лай болох нь гээд за уучлаарай ах гэж хэлээд орхисон. Удалгүй .... ах байрны булангаас гарч ирээд хөөе энд хэн бадраад байгаа юм гээд бид нарын зүг ирээд юу болоод байгаа юм тарцгаа гэсэн. .... ах дүү нартайгаа хамт учраа олж байна чи зүгээр яв гэсэн. .... ах пизда минь чи хүүхдүүд дээрэлхээд байгаа юм биш үү гэж .... ах луу уурлахад чамд ямар хамаатай юм би Шивээговийн атаман байна гээд тэр 2 хоорондоо зууралдсан. .... ах чамайг атаманыг чинь мэдэхгүй юм байна гэтэл .... .... ахыг би чамтай бол 100 зодолдож 101 зодмоор байна, чаддаг юм бол намайг зод гээд тэр 2 маргалдсан. .... ах .... ахыг заамдаж байснаа түлхтэл .... ах арагшаа бөгсөөрөө унаад босож ирээд .... ахыг дахиж заамдаж аваад чамтай бол 100 зодолдож 101 зодмоор байна гэдэг үгээ дахиж хэлээд хэрэлдээд байсан. .... ах ангалзсан банди минь хоёулаа хойшоо гараад учраа олъё гээд та нар тарцгаа гэхэд тэнд байсан хагас хүүхдүүд нь тарсан. Тэр 2 замдаа хэрэлдэж байгаад ...., .... ахыг толгойгоороо халти мөргөхөд .... ах .... ахыг нэг удаа гараараа алгадаад хавираад унагаасан. .... ах .... ахыг үүрээд унагаагаад ноцолдоод байж байтал .... эгч Жоохноо гэдэг ах 2 ирээд салгасан. .... ах .... ахыг нэг удаа нүүр лүү нь гараараа цохиод авсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/
8. Гэрч О..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 8 сарын 6-ны орой найз ....ын хамт гадуур явж байгаад найз .... дэлгүүрээс Сэнгүр нэртэй лаазтай пиво 2 ширхэгийг авхуулаад хувааж ууж дуусаад 15 дугаар байр луу очоод сандал дээр суусан. ....ыг дагаад Өнөтөгөлдөр өөр бас хэдэн хүүхдүүд ирсэн. .... бид 2 хүүхдүүдтэй юм яриад сууж байтал цаанаас .... энд хэн нь азаргалаад байгаа юм бэ гээд хүрч ирээд ....ыг заамдаж аваад нүүр лүү нь гараараа цохихоор нь би яаж байгаа юм бэ гээд салгах гэтэл чи зайл гэсэн. Дахиад ....ыг цохитол .... ....ыг үүрээд газар унагаасан. Би ....ыг аваад явъя гээд шатаар доошоо буугаад 14 дүгээр байрны голын орцны харалдаа байж байтал .... хаана байна гээд араас ирээд ... хоёулаа ийшээ гарчихъя гэсэн. .... би шүдний аппараттай зодолдмооргүй байна гэхэд .... ....ын нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод .... арагшаа саваад унахад толгой руу нь 2 удаа өшиглөсөн. .... бид 2 сууж байгаад манай төрсөн эгч ....ийнх рүү очоод хамрыг нь үзүүлтэл эмнэлэг яв гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40-41 хуудас/
9. Насанд хүрээгүй гэрч А..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 8 дугаар сарын 6-ны орой 15 дугаар байрны гадаа ...., ...., ...., .... гэдэг найзуудтайгаа сандал дээр суугаад хоорондоо юм яриад байж байхад хажуу талын сандал дээр сууж байсан хүүхдүүд бөөгнөрсөн байсан. Бид нар явъя гээд байж байтал нэг хүүхэд манай найз ....ийг дуудсан. Бид хэд ...., .... нар дээр очоод хажууд нь зогсож байтал тэр 2 хүүхдүүд рүү та нар дундаа ороод давраад байгаарай, мэнд устай яв гэх зэргээр ярьж байсан. Удалгүй .... ах байрны булангаас гарч ирээд яагаад хүүхдүүд дээрэлхээд байгаа юм гэхэд .... ах би дүү нартайгаа юм ярьж байна гэсэн. Хэн чиний дүү юм гээд тэр 2 хоорондоо юм ярьж байгаад зодолдоод эхэлсэн. .... .... ахыг би чамтай бол 100 зодолдож 101 зодмоор байна, чаддаг юм бол намайг зод гээд тэр 2 хоорондоо хэрэлдэж байгаад .... ....ыг хавирч унагаад нэг удаа гараараа цохисон. .... босож ирээд ....ыг үүрээд унагаасан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43-44 хуудас/
10. Гэрч Б..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 8 дугаар сарын 6-ны орой найз ...., .... нарын хамт 15 дугаар байрны ард байрлах сагсны талбай руу ойртож байтал ....ын дуу гараад байхаар нь очтол .... ....ын заамдчихсан баахан хүүхдүүд тойроод зогсож байсан. .... орсныг нь ална шүү гээд тухайн хүүхдүүдэд хандаж хэлээд байсан. .... болиоч ээ, тавиач ээ, баахан хүүхэд хараад байна гэхэд .... ....ыг үүрээд газар дагзаар нь унагаад дээрээс нь нүүр лүү нь гараараа 2 удаа цохиод авсан. Би ....ыг холдуулаад сандал дээр суулгаад яасан юм гэж асуухад .... манай дүү рүү чат бичсэн байсан гэсэн. .... 14 дүгээр байрны голын орцны тэнд очоод .... аа буугаад ир, би чамайг зодмоор байна гээд орилоод байсан. .... яах гээд байгаа юм, би очиж учраа олоод ирье гэхээр нь би дагаад явсан. .... ....ыг чи ангийнхаа хүүхэдтэй мэнд ус мэддэггүй юм уу гэхэд .... гар барих гээд гараа өгтөл .... ....ын гарыг зссс гээд алгадахад .... чи бид хоёрын дунд ярих яриа байгаа, ийм олон хүмүүсийн дэргэд ярьмааргүй байна гэсэн. .... яриач надад хамаагүй пизда минь гэх зэргээр хараал хэлж орилоод би бол Шивээговийн атаман, намайг барах хүн байхгүй, би та нар шиг зодуулаад дараа нь мөнгө нэхэхгүй, би 100 зодолдоход 101 зодно гээд ....ыг духаараа толгой руу нь тулаад дайрсан. .... ....ын нүүр лүү нь гараараа нэг удаа цохиход .... арагшаа газар бөгсөөрөө суугаад нүүрээ дарсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46-47 хуудас/
11. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 8 дугаар сарын 6-ны шөнө .... хүн зодсон гэж мэдсэн. Би гайхаад уул нь хүн зодох хүүхэд биш дээ гэж бодсон. Зан байдлын хувьд төлөв даруу, ажилсаг, найз нөхөд, гэр бүлийн гишүүдэд нэр хүнд сайтай хүүхэд. Манай дүү .... нь өмнө нь ямар нэг гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хүнд тусархуу хүүхэд” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 50 хуудас/
12. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “.... нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны шөнө хүн зодсон гэж мэдсэн. Манай найз хүн зодох хүн биш, хүн өмөөрч байгаад л хүн цохисон юм байна лээ. Зан байдлын хувьд төлөв даруу, ажилсаг, найз нөхөд, гэр бүлийн гишүүдэд нэр хүндтэй хүүхэд. Манай найз “МАК” ХХК-нд ажилладаг. Өмнө ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 52 хуудас/
13. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М.....ын биед учирсан хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь тус бүрдээ хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруунд цус хуралт, дээд баруун 1, зүүн 1 шүдний сулрал гэмтэл нь тус бүрдээ хохирлыг зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 61-62 хуудас/
14. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 222 дугаартай дүгнэлтэнд: “М.....ын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, дээд баруун 1, зүүн 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтоги алдагдахгүй.
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 56-57 хуудас/
15. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 231 дугаартай дүгнэлтэнд: “....ын биед гэмтэл тогтоогдоогүй.
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 67-68 хуудас/
16. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх маяг /х.х-ийн 85 хуудас/
17. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 208 504 төгрөгийг төлсөн Хаан банкны баримт /х.х-ийн 3-7, 24 хуудас/
18. Хохирогч М.....аас гаргасан хохиролтой холбоотой баримтууд /х.х-ийн 100-114 хуудас/
19. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 87 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс .... нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны орой Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 14, 15 дугаар байрны голд байрлах сагсан бөмбөгийн талбайн хажууд ....түүнийг хүүхдүүд дээрэлхлээ гэх шалтгаанаар маргалдаж хавирч газар унагах, нүүр лүү нь цохих, мөн 14 дүгээр байрны голын орцны орчимд дахин маргалдаж нүүр хэсэгт нь цохих зэргээр зодож, биед нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, дээр баруун 1, зүүн 1 шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ....ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч .... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М....., насанд хүрээгүй гэрч Г.Билгүүн, Э....., О....., А....., гэрч Д....., О....., Б....., шинжээч Л.Жаргалтогтох нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 222 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэрээс гаргасан хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч А....., О....., Г..., гэрч Б..... нарын мэдүүлгээр нэг удаа цохисон нь тогтоогддог. Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурдсан нотлох баримтаар .... нь М.....ын дээд баруун 1, зүүн 1 шүдний сулрал гэмтэл учруулсан нь хөтөлбөргүйгээр, эргэлзээгүйгээр нотлох боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч М..... нь ....ыг толгойг мөргөх, газар савж унагах үедээ өөрийн шүдэндээ, шүдний аппаратдаа гэмтэл учруулсан байж болно, эсхүл тухайн цаг хугацаанаас өмнө, хойно, өөр орон зайд бусадтай маргалдах зэргээр энэ гэмтлийг авсан байх боломжтой. Шүдний сулрал ганцхан гэмтлээс үүсдэг зүйл биш. Шүдний буруу арчилгаа, шүдний өвчний улмаас шүд нь чулуутай байх зэргээс шалтгаалаад шүдний сулрал өвчин үүсэх магадлалтай. Мөн эмчилгээ, үйлчилгээ авсан баримт дээр огт шүдний код, оношоор эмчилгээ авсан зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч М.....ыг нэг удаа хамарт нь цохисон гэм буруугаа зөвшөөрч байгаагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хэлж байна. Харин эргэлзээгүй нотлох баримт байхгүй тохиолдолд М.....ын шүдэнд сулрал бүхий гэмтэл учруулсан гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ашиг сонирхолтой хүмүүсийн болох О....., ....нарын мэдүүлгийг үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй. Иймд ....ыг хохирогч М.....ын дээд баруун 1, зүүн 1 шүдний сулрал гэмтэл учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: хавтаст хэрэгт авагдсан хохирогч, насанд хүрээгүй гэрч, гэрч нарын мэдүүлгийг эргэлзээтэй, худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тэдгээрээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан ба эрх, үүргийг тайлбарлан, хуульд сануулсан байна. Мөн хохирогч, насанд хүрээгүй гэрч, гэрч нар нь хэрэг болсон гэх цаг хугацаанд өөрсдийн мэдэрсэн, харсан, үзсэн зүйлүүдийн талаар мэдүүлсэн гэж үзэх нь үндэслэлтэй байх ба шинжээчийн дүгнэлтэнд хохирогч М.....ад учирсан гэмтлүүийг мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой талаар тусгажээ.
Шүүгдэгч ....т холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.....аас гаргасан хууль бус, зүй бус үйлдлээс үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч ....т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Т.Түмэнжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч ....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаасан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч ....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Нэгэнт шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэл бий болж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх 3 нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, шүүхийн тогтоосон хэмжээнд хохирлыг төлнө гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн. .... нь хохирлыг төлөх бодит боломжтой, “..” ХХК-нд ажилд ороод 3 сар болж байна. Мөн миний үйлчлүүлэгчийн хувьд 20 настай, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа, өөрийн гаргасан алдаандаа дүгнэлт хийж байгааг харгалзаж үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 000 төгрөгөөр тогтоож, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгөөч гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч .... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч ....т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ажил эрхлэлтийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналыг тус тус харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч М.....ын эрүүл мэндэд хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, дээд баруун 1, зүүн 1 шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч М..... нь эмчилгээний зардалд Улаанбаатар хот руу явсан зардал, хоол, буудал, таксины төлбөр, шүдний аппаратны лизинг 1 700 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалингийн зөрүү 1 765 153 төгрөг, цамцны үнэ 350 000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг тус тус нэхэмжилжээ.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.....ын хохирлын баримтуудыг үндэслэж шүүхээс хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: Эмчилгээ болон шатахууны зардал, такси, хоол, буудлын төлбөрт хавтаст хэргийг 102-104 хуудсанд авагдсан баримтуудаас 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 197 500 төгрөгийг хоолны баримт, Хадагтай дент шүдний эмнэлгийн 50 000 төгрөгийн баримтуудаас бусад баримтыг үндэслэж 1 078 790 төгрөгийг,
Хавтаст хэргийг 112-114 хуудсанд авагдсан Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас гүйлгээний утга нь тодохойгүй шилжүүлгээс бусад шүлжүүлгийг үндэслэж 491 800 төгрөгийг, нийт 1 570 590 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “ Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэг /хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана”, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох” хүснэгт, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар батлагдсан 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3.6-д “ Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл хүснэгт”-ээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ”, “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх маягт”-д заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.....ын сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлд багтаан тогтоосон байх тул хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг гэж үзэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3 300 000 төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлтэй байна.
Төлбөрийн хэмжээг тогтоохдоо жишиг аргачлалын 3.8-д зааснаар “гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчийн гэм буруугийн байдал” зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Харин шүдний аппаратны лизингийн зээл 1 700 000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хохирогч М..... нь тухайн зээлийг 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хувийн хэрэгцээндээ зориулж авсан тул эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хамаарахгүй байна.
Хохирогч М..... нь ажилгүй байсан хугацааны цалин 1 765 150 төгрөг, цамцны үнэ 350 000 төгрөг, эмчилгээний бусад зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ. Учир нь: хохирогч М.....ын ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг тодорхойлоход нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, тухайн ажилтны цалингийн карт, нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсантай холбоотойгоо тэтгэмж авсан эсэх баримт зайлшгүй шаардлагатай. Мөн тухайн цамц нь дахин хэрэглэх боломжгүй эсэх 350 000 төгрөгийн үнэтэй болох талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.
Шүүгдэгч .... нь иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 208 504 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж шийтгэх тогтоолд дурдлаа.
Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт .... .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар шүүгдэгч ....аас 4 870 590 /дөрвөн сая найман зуун далан мянга таван зуун ер/ төгрөгийг гаргуулж хохирогч М.....ад олгож, хохирлоос шүдний аппаратны лизингийн зээл 1 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хохирогч М..... нь ажилгүй байсан хугацааны цалин 1 765 150 төгрөгийг, цамцны үнэ 350 000 төгрөгийг, эмчилгээний бусад зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА