Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/хт2026/00105

 

Л.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 303/ШШ2025/00782 дугаар шийдвэртэй,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 213/МА2026/00006 дугаар магадлалтай,

Л.Л-ын нэхэмжлэлтэй,

Баянхонгор аймгийн БОЗД,

Баянхонгор аймгийн БОЗД-ын Т-т тус тус холбогдох,

26,147,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Л.Л-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Л-, хариуцагч Баянхонгор аймгийн БОЗД Т.Б, хариуцагч Баянхонгор аймгийн БОЗД-ын Т-ын дарга Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Л нь хариуцагч Баянхонгор аймгийн БОЗД, Баянхонгор аймгийн БОЗД-ын Т-т тус тус холбогдуулан гэрээний үүрэгт 26,147,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 303/ШШ2025/00782 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БОЗД, Засаг даргын Т нараас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 26,147,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Л-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,685 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 288,685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Л-т олгож шийдвэрлэжээ.

3. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 213/МА2026/00006 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 303/ШШ2025/00782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Л-ын Баянхонгор аймгийн БОЗД, Засаг даргын Т-т холбогдуулан гаргасан 26,147,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,685 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Батбаатарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 288,685 төгрөгийг тухайн шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Л.Л хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Би 2022.03.24-ний өдөр Баянхонгор аймгийн БОЗД-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж тус суманд 972 ширхэг 4 метрийн урттай шургааг модыг нэг бүрийн үнэ 20,000 төгрөгөөр бодож нийт 19,450,000 төгрөгийн, 2022.05.27-ны өдөр мөн дахин гэрээ байгуулж, 1368 ширхэг 4 метрийн урттай банзыг нэг бүрийн үнэ 14,000 төгрөг байхаар тооцож нийт 19,152,000 төгрөгийн банзыг нийлүүлэхээр тохирсон.

Миний зүгээс гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгэсэн. Гэрээнд заасан хугацааг хэтрүүлээгүй бөгөөд заасан хугацаанд Баян Овоо суманд шургааг болон банз бэлтгэж өгсөн.  Баян Овоо сумаас хариу төлбөрт нь 2022.09 дүгээр сард бэлнээр 4,000,000 төгрөг, 2022.12.09-ний өдөр дансаар 5,000,000 төгрөг, 2024.05.18-ны өдөр 3,456,000 төгрөг нийт 12,456,000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл 26,147,000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй юм. Хариуцагч талаас төсөв байхгүй, сүүлд албан тушаалд томилогдсон учир хариуцахгүй, мөн ажил гүйцэтгүүлэх шийдвэрийг бид нар гаргаагүй гэж маргасан.

Миний хувьд Баян-Овоо сумын өмнөх БОЗД-тай гэрээ байгуулж ажил гүйцэтгэсэн. Иргэн хүнийг төрийн албан тушаалтан, дарга солигдсон шалтгаанаар хохироож болохгүй гэж үзэж байна. Миний хувьд хоёр оюутантай, банкинд их хэмжээний өр төлбөртэй.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс зөрүүтэй дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь миний хувьд гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж эд материалыг тухай бүрд нь хариуцсан Баян-Овоо сумын нярав А, Ш гэх хүмүүст хүлээлгэж өгч гарын үсэг зуруулж байсан. Тухайн хүмүүс нотолно.

Мөн миний дэвтэрт хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн гарын үсэг бүгд зурагдсан баримттай нотолгоотой байдаг юм. Харин ЗДТГД өөртөө орлогодож авсан эсэх нь тэдгээр хүмүүсийн ажлын хариуцлагатай шууд холбоотой бөгөөд тэдгээр ажилтан, албан тушаалтнуудын ажлаа хийгээгүй, эсхүл дутуу хийсэн нь миний хохирч үлдэх шалтгаан биш гэж үзэж байна.

Мөн БОЗД-ын Т-аас надад удаа дараалан төлнө гэдгээ илэрхийлж, хугацаа тохирох санал өгсөн боловч дэндүү урт байсан бөгөөд хувь банкны өр зээлтэй байсан учир би тохиролцоогүй юм.  Түүнчлэн тус магадлалын 4 дүгээр талд БОЗД нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн ажил гүйцэтгэх гэрээг 2 удаа тусдаа байгуулсан гэрээ бөгөөд хууль зөрчиж байгуулаагүй. Эхлээд гэрээ байгуулсныхаа дараа дахиж мод авах хэрэгтэй байна гээд цаг хугацааны хувьд 2 сарын дараа гэрээ байгуулж ажил гүйцэтгэсэн.

Гэтэл хууль зөрчиж буруу тайлбарлан дүгнэлт хийсэн. Иймд Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.10-ны өдрийн 6 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч Л.Л-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.07-ны өдрийн 001/ШХТ2026/00418 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Л.Л-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Л.Л- нь хариуцагч Баянхонгор аймгийн БОЗД, Баянхонгор аймгийн БОЗДын Т-т тус тус холбогдуулан 26,147,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...2022.03.24-ний өдөр Баянхонгор аймгийн БОЗД-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус суманд 972 ширхэг 4 метрийн урттай шургааг модыг нэг бүрийн үнэ 20,000 төгрөгөөр бодож нийт 19,450,000 төгрөгийн, 2022.05.27-ны өдөр мөн дахин гэрээ байгуулж 1368 ширхэг 4 метрийн урттай банзыг нэг бүрийн үнэ 14,000 төгрөг байхаар тооцож нийт 19,152,000 төгрөгийн банзыг нийлүүлэхээр тохиролцож, гэрээнд заасан хугацаанд ажлаа бүрэн гүйцэтгэж, ... банз, шургаагийг хүлээлгэн өгсөн. Хариуцагчаас төлбөрт 2022 оны 9 дүгээр сард бэлнээр 4,000,000 төгрөг, 2022.12.09-ний өдөр дансаар 5,000,000 төгрөг, 2024.05.18-ны өдөр 3,456,000 төгрөг нийт 12,456,000 төгрөгийг төлөөд өнөөдрийг хүртэл үлдэгдэл 26,147,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Баянхонгор аймгийн БОЗД болон Баянхонгор аймгийн БОЗД-ын Т- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Баянхонгор аймгийн БОЗД-тай гэрээ байгуулсан тохиолдолд орон нутгийн хөгжлийн сангаас мөнгө гарах ёстой. Гэтэл энэ талаар орон нутгийн хөгжлийн санд тухайн жилд хурлаар батлагдаагүйгээр гэрээ байгуулсан байсан. Мөн нэхэмжлэгч Л.Л-ын данс руу шилжүүлсэн мөнгө нь манай Т-ын данснаас гараагүй, тухайн үед алт олборлож байсан нөхөрлөлийн данснаас мөнгө орсон ба  энэ ямар учиртай болохыг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сард бараа хүлээлгэж өгсөн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч нотлох баримт байхгүй, ... уг банз, шургааг манай сумын бүтээн байгуулалтын хаана орсон болох нь тодорхойгүй, ... төсөвт тусгагдаагүй тул төлөх боломжгүй. ...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “... Ажил гүйцэтгэх гэрээнүүдэд талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн 1368 ширхэг банз, 972 ширхэг шургааг зэргийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн, улмаар хариуцагч нар нь үнэд нийт 38,602,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс ... нийт 12,455,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 26,147,000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.  Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах нь захиалагчийн үүрэг бөгөөд хариуцагч БОЗД-ын Т нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээн авсан бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, чанар гэх мэт, мөн хүлээн авсан ажлын үр дүнгийн талаарх баримтыг өөрөө бүрдүүлж, санхүүгийн баримт бүрдүүлэх зэрэг нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Засаг дарга бусадтай шууд худалдах худалдан авах гэрээ байгуулан, худалдан авсан барааг орон нутгийн өмчид бүртгэлгүйгээр нийтийн хэрэгцээнд захиран зарцуулсан нь Монгол Улсын хүчин төгөлдөр хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн ... Тодруулбал, ... 2005.12.01-ний өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан захиалагч нь ... худалдан авсан бараа, ажил үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй, ... мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан ...нэг гүйцэтгэгчтэй байгуулсан, адил нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээ нь төсөвт өртгийн дээд хязгаараас давсан буюу 38,602,000 төгрөгийн үнийн дүнтэй байхад нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулахгүйгээр шууд худалдан авалтын гэрээ хийсэн нь хуулийг зөрчсөн, ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д  хэлцлийг хүчин төгөлдөр бус байхаар зааснаар 2 гэрээг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй, ... хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, ... хариуцагч Баян-Овоо сумын ЗДТГ-нь засаг дарга Ж.Х-ын иргэн Л.Л-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцож, худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, захиран зарцуулсан эсэх нь тодорхой биш, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. ...”гэсэн дүгнэлт хийжээ.

11. Дээрх байдлаар хоёр шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцааг өөр өөрөөр тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд зөрүүтэй дүгнэлт хийсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэв.  

12. Хэргийн баримтаар зохигчийн хооронд ажил гүйцэтгэх нэртэй 2 гэрээ байгуулагдаж, хариуцагч байгууллагад нэхэмжлэгч нь 2022.03.24-ний өдрийн гэрээгээр нэг бүр нь 20,000 төгрөгийн үнэ бүхий, 4 метрийн урттай шургааг мод, 972 ширхэг, 2022.05.27-ны өдрийн гэрээгээр нэг бүр нь 14,000 төгрөгийн үнэ бүхий, 4 метрийн урттай банз мод 1368 ширхгийг тус тус нийлүүлэхээр тохиролцсон, хариуцагчаас гэрээний үнэд нийт 12,456,000 төгрөг төлсөн талаарх үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоосон.

13. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”

Дээрх тогтоогдсон үйл баримт болон зохигчийн хооронд бичгээр байгуулагдсан 2 гэрээнээс үзэхэд талууд гэрээг ажил гүйцэтгэх гэж нэрлэсэн боловч гэрээний агуулга нь нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад мод нийлүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжид нийцсэн байна.

Иймээс анхан шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул залруулна.

14. Хариуцагч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан болон юунд зарцуулсан нь тодорхойгүйгээс үлдэгдэл үнийг төлөхгүй гэж маргасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу 972 ширхэг шургааг мод, 1368 ширхэг банз модыг хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн болохыг хариуцагчийн төлөөлөгч нар үгүйсгээгүй байх ба гагцхүү байгууллагын хэрэгцээнд зарцуулсан эсэх нь тодорхойгүй үндэслэлээр шаардлагыг татгалзсан нь үндэслэлгүй.

Учир нь худалдах-худалдан авах гэрээ ёсоор худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу модны үлдэгдэл үнийг шаардах эрхтэй.

Мөн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилждэг тул худалдсан модыг хариуцагч хүлээн авсан тул юунд хэрхэн зарцуулсныг буюу эрсдэлийг нэхэмжлэгч хүлээхгүй.

Хариуцагчийн татгалзлын нэг үндэслэл нь  гэрээг орон нутгийн хөгжлийн сангаар батлуулаагүй гэсэн байх боловч энэ нь нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд  гэрээ нэхэмжлэгч Л.Л болон хариуцагч Баянхонгор аймгийн БОЗД нарын хооронд бичгээр байгуулагдсан, гэрээний гол нөхцөлийн талаар талууд хангалттай тодорхой тохиролцсон, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэгч дээрх 2 гэрээний үүрэг болон үнийн үлдэгдэл төлбөрт нийт 26,147,000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нь 1368 ширхэг банз модны үнэ нийт 19,152,000 төгрөг /1368х14,000/, 972 ширхэг шургааг модны үнэ нийт 19,440,000 төгрөг /972х20,000/ нийт 38,592,000 төгрөг ба үүнээс 12,456,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 26,136,000 төгрөгийг хариуцагч нар төлөх үндэслэлтэй.

Талууд 2022.03.24-ний өдрийн гэрээнд 4 метрийн урттай, 972 ширхэг шургааг модыг нэг бүрийн үнийг 20,000 төгрөг гэж тохиролцсон атлаа нийт дүн 19,440,000 төгрөгийг 19,450,000 төгрөг гэж зөрүүтэй бичсэн нь тооцооллын алдаа гэж үзэх тул 2 гэрээний нийт үнийг 38,592,000 /19,440,000+19,152,000/ төгрөгөөр тооцсон болно.

16. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 2 гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцээгүй гэж дүгнэхдээ хэргийн баримтад үндэслээгүй, нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн байх тул магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2 гэрээ нь өөр өөр цаг хугацаанд тусдаа байгуулагдсан, нэг гэрээгээр банз мод нийлүүлэх, нөгөө гэрээгээр шургааг мод нийлүүлэхээр тохиролцсон буюу гэрээний зүйл болон үнийн дүн өөр байхад давж заалдах шатны шүүх адил нэр төрлийн бараа, ажил үйлчилгээ нь төсөвт өртгийн дээд хязгаараас давсан үндэслэлээр хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж хэлцэл гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцээгүй.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн атлаа хариуцагчийн төлөөлөгч гэрээний харилцаанд оролцсон нь тогтоогдоогүй, гэрээг үнэлэхгүй гэсэн агуулгын зөрчилтэй дүгнэлт хийсний зэрэгцээ зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоогүй, магадлалын үндэслэх болон тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

17. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 213/МА2026/00006 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 303/ШШ2025/00782 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн БОЗД, Баянхонгор аймгийн БОЗД-ын Т-аас 26,136,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Л-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 288,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Л-т олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Л-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Л.Л-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.03.06-ны өдөр төлсөн 288,685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                           Э.ЗОЛЗАЯА

                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД