Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 136/ШШ2022/00164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: * төрсөн, Дорноговь аймгийн Сайншанд сумын ....тоотод оршин суух, Л овогт Л.Н-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Л.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Н нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1978 онд паспорт авах үед амьд байгаа хүнээр овоглоно гэдэг үндэслэлээр миний төрсөн эгч болох Дэмидээр овоглосон. Үүнээс хойш миний бусад бичиг баримт нь Л.Н байгаа. Одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрийн овог өөр байгаа учир 16 жил 2 сар миний ажилласан жилээс хасагдаж тооцогдох болоод байна. Уг баримт бичгийн эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалаас шүүхэд ханд гэж гэсэн юм. Иймд шүүхэд хандаж байна. 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн .........дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход Хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр нь зөрүүтэй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний тэтгэвэрт гарах хугацаа нь болсон боловч Нийгмийн даатгалаас тус дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 0000505021 дугаартай төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/109 дугаартай албан бичиг /хх-5/, 030344 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6-8/, гэрч Ш.Алтантуяагийн тодорхойлолт /хх-9/, түүний иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10/, гэрч Д.Одонтуяагийн иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-11/, түүний тодорхойлолт /хх-12/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 198 дугаартай албан бичиг /хх-21/, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн төрөл садангийн лавлагаа /хх-22/, гэрч Ш.Алтантуяагийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-33,34/, гэрч Д.Одонтуяагийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-35,36/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 208 дугаартай албан бичиг /хх-27/, Дорноговь аймгийн орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаартай Ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-29/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 210 дугаартай тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Ш.А, Д.О нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Н нь 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн ....... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Лхамсүрэнгийн Нямдорж нь өөрийн төрсөн эгч М.Дэмидийн нэрээр хөдөлмөрийн дэвтрээ овоглосны улмаас овог зөрж, баримт бичгийн зөрчилтэй болсон тухай тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Н нь М.Д/УЯ********/-ийн төрсөн дүү болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 22440100**** дугаартай төрөл садангийн лавлагаа/хх-22/-гаар тогтоогдож байна.

1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн *****дугаартай Д.Н хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байх ба Дорноговь аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаартай Ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-/ нь тус хөдөлмөрийн дэвтрийн 14 дэх талын 1 дэх хэсэгт ОСНААГ-ын даргын 1988-5-23-ны 73-р тушаалаар орон сууц нийтийн аж ахуйн газрын засварын цехэд цахилгаан техникчээр 1988.5.23-ны өдрөөс ажиллуулав. гэж тэмдэглэсэнтэй тохирж байна.

Мөн гэрч Ш.А 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд Би Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Ш, Д нарын 6 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхтэйгээ хамт өнгөрөөсөн. Л.Н нь манайд амьдардаг байсан. Бага наснаасаа л мэднэ. Манай ээжийн 3 дахь төрсөн дүү нь юм. ...Манай ээж хамгийн том эгч нь байсан. Тэгээд ээж, аав нь нас барчихсан байсан. Манай ээж ахыг өсгөсөн. Тэгээд бичиг баримтыг нь тухайн үед манай ээжээр овоглосон байсан. Тэр үед ажиллаж байсан ажилтны буруу юм уу мэдэхгүй манай ээжээр овоглосон байсан. гэж, гэрч Д.О шүүхэд өгсөн Би 1985 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Д хамгийн бага буюу 8 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхтэйгээ хамт өнгөрөөсөн. Л.Н нь манай ээжийн төрсөн дүү нь учраас ухаан орсноосоо хойш л хамт амьдарсан. Анхнаасаа л манай ээж өсгөн хүн болгосон гэж ярьдаг. Манай эмээг Л гэдэг байсан. гэж мэдүүлэн нэхэмжлэгч Л.Н Д дүү бөгөөд эгч Д овоглосон болохыг гэрчилж байна.

Нэхэмжлэгч Л.Н нь ******дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалууд нь архивт байхгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ. Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 208 дугаартай Тус архивд Барилгын техникум, Улаанбаатар төмөр замын тушаал архивт байхгүй тул холбогдох лавлагаа гарахгүй. Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний 1988 оны даргын тушаалыг шүүн үзэхэд: Л.Н холбогдох 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 тоот тушаалыг хуулбарлан баталгаажуулж олгов. 1993 оны ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй болно. гэх тодорхойлолтоор Л.Н тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн *****дугаартай Д.Н хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Лүү овогт Л.Н /РД:********/ мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л овогт Л.Н /РД:ЕЭ620*****/-ийг 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн ****** дугаартай Д.Н хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА