Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2022/00018/И |
Дугаар | 134/ШШ2022/00043 |
Огноо | 2022-03-28 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 134/ШШ2022/00043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК-иин нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.У
Хариуцагч: Г.Г
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х.О
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын хураамжийн төлбөр, нийт 35 529 038 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Өгөөж захын зүүн талд байрлах улсын бүртгэлийн Ү-1902002456, гэрчилгээний 0004272282 дугаартай 300 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг, 000618514 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 4201002756 дугаартай 269 га газрыг 11 жилийн хугацаатай худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 89-2 тоот хаягт байрлах Ү-1902000862 улсын бүртгэлийн дугаартай, 000118726 гэрчилгээний дугаартай 38 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, С.Г, хариуцагч Х.Э, Г.Г түүний өмгөөлөгч П.Н бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х-ХХК Говьсүмбэр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, С.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1 Зээлдэгч Х.Э Г.Гнар нь Х Говьсүмбэр салбараас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр №ЗГ201743230027 тоот зээлийн гэрээ байгуулан 57 000 000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ201843859732 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл 49 600 000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай гэж өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Өгөөж захын зүүн талд байрлах улсын бүртгэлийн Ү-1902002456, гэрчилгээний 0004272282 дугаартай 300 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг, 000618514 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 4201002756 дугаартай 269 га газрыг 11 жилийн хугацаатай худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 89-2 тоот хаягт байрлах Ү-1902000862 улсын бүртгэлийн дугаартай, 000118726 гэрчилгээний дугаартай 38 м.кв талбайтай орон сууц болон ирээдүйд орж ирэх бизнесийн орлогыг барьцаалан зээл авсан юм. Зээлдэгч нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ201843859732 тоот зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үлдсэн зээлд 33 788 045 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22 230 227 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 53 491 төгрөг, нийт 56 071 763 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 834 хоног хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Хариуцагч Г.Гхувьд би зээл аваагүй учраас зээлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Банкны хувьд Г.Г-ыг хариуцагчаар тодорхойлсон. Учир нь тус зээлийн гэрээнд Г.Г нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон байгаа. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасан үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг үндэслэлээр Г.Г-ыгтус хэрэгт хариуцагчаар татсан байгаа. Х.Э-ийн хувьд хугацаа өгвөл төлнө гэдэг тайлбарыг хэлж байна. Өмнө нь зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн гэдэг үндэслэлээр хүү зогсоох арга хэмжээ авсан боловч тухайн үед шүүхэд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийн гэрээний үүргийнхээ дагуу зээлээ төлнө гэдэг тайлбар гаргасан учраас шүүх талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу гэрээг ялимгүй зөрчсөн гэж үзэж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хангах боломжгүй гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд зээлдэгч нартай банкны зүгээс удаа дараа уулзаж зээлээ төлөхийг шаардаж байсан. Түүнчлэн зээл төлөх мэдэгдлийг хүргүүлж байсан. Үр дүн гараагүй учраас гэрээний хугацаа дууссан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэл, шалтгаан бол зээлдэгч нарын зээлийн хүүг зогсоох арга хэмжээ авч байгаа. Яагаад гэхээр Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний асуудлыг хуульчилсан байгаа. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйл дээр мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн этгээд гэрээний заасан бол хүүг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж заасан байгаа. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл дээр заасан байгаа. Өөрөөр хэлбэл зээлдэгч нар нь зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацааны хүүг гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Тэгэхээр бид нар гэрээний хугацаа дууссан учраас зогсоох арга хэмжээ авах, шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнээс биш зээлдэгч нар нь Х банкинд ирээд удахгүй төлнө гэдэг байр сууринаас явах юм бол зээлийн хүү нэмэгдээд л байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч нарын үүрэг улам өргөснө гэсэн үг. Иймээс дээрх нөхцөл байдлыг үүсгэхгүйн үүднээс банк шүүхэд нэхэмжлэл гаргаж хүүг зогсоох арга хэмжээг авсан. Хариуцагч Г.Г-ооснэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасныг үндэслэн хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгээр зээлийн төлөлтийг шаардаж байгаа.
Банк бол тусгай зөвшөөрлийн үндсэн дээрээс зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг субъект. Тийм учраас банкны зээлийн маргааныг Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйл заалтаар зохицуулсан байдаг. Тэгэхээр яагаад үндсэн зээлдэгчид зээлийг олгодог вэ гэхээр Банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан байдаг. Банкны зээл олгох процесс нь үндсэн зээлдэгчийн нэр дээр зээлийн данс үүсгээд зээлийн дансанд зээлийг олгосноор зээл олгосонд тооцно гэсэн хуулийн заалттай. Энэ хуулийн заалтын дагуу үндсэн зээлдэгчийн нэр дээр зээлийн данс үүсдэг. Энэхүү зээлийн данс нь хавтаст хэрэгт авагдсан байгаа зээлдэгч нарын нэр дээр үүссэн данс байгаа. Энэ дансан дээр үндсэн данс эзэмшигч нь Х.Э хамтран данс эзэмшигч нь Г.Г байгаа. Хуулийнхаа дагуу зээл ингэж олгогддог. Түүнээс биш таны хэлж байгаагаар та хоёр үндсэн болон хамтран зээлдэгч учраас 50 хувийг нь үндсэн зээлдэгч нь ав. 50 хувийг нь хамтран зээлдэгч нь ав гэдэг зохицуулалт байхгүй. Харин Банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулинд 2021 оны 05 дугаар сарын 20-нд Монгол Улсын Их хурлаар хэлэлцэгдээд шинэчилсэн найруулга хийгдээд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдсөн хууль байгаа. Энэ хууль дээр хамтран зээлдэгч гэдэг статусыг шинээр хуульчилж оруулж ирсэн. Хамтран зээлдэгч гэж хэнийг хэлэх вэ гэхээр үндсэн зээлдэгчийн нэгэн адил зээлийн гэрээгээр эрх эдэлж, үүрэг хүлээж, зээлийг авч ашигласан этгээдийг хамтран зээлдэгч гэнэ. Талууд хүсэлт гаргасан тохиолдолд банк зээлийг олгохдоо үндсэн болон хамтран данс эзэмшигчийн хэн алиных нь дансанд тэнцүү хувааж оруулна гэсэн хууль чинь 2021 оны 07 дугаар сарын 01-нйи өдрөөс хэрэгжсэн хуулиар та одоо асуулт тавиад байна. Бид нарын маргалдаад байгаа энэ процесс чинь 2017 онд хийгдсэн. Одоо таны асуугаад байгаа процесс тухайн үеийн хуулийн зүйл заалтад байгаагүй. Энэ хуучин хуулийн хүрээнд явсан харилцаа. Түүнээс биш энэ хуулийг буцаан хэрэглэх хуулийн зохицуулалт байхгүй. Тухайн үед үүссэн харилцааг тухайн үед үйлчилж байсан хуулийн процессын хүрээнд бид нарын үйл ажиллагаа явагдсан. Тэрнээс биш одоо хууль нь энэ байна тухайн үед ингэж олгоогүй байна гэж байгаа чинь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийг тодорхойлно. Энэхүү нэхэмжлэлд хариуцагч нарыг Х.Э Г.Г гэж нэхэмжилсэн. Энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг нь тодорхойлогдоно. Тийм учраас хамтран үүрэг гүйцэтгэгч нарын эдлэх эрх, хүлээх үүрэг тэнцүү байна. Гуравдагч этгээдийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 26.3-т заасны дагуу хариуцагч биш юм. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний оролцогч биш учраас үүргээ зөрчлөө гэж үзэн тийм учраас таны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалуулагч буюу гуравдагч этгээдээс шаардаж байгаа зохицуулалт биш юм. Энэ бол Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээ хийгдсэн. Энэ гэрээ хүчин төгөлдөр учраас Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа шүүхийн шийдвэрийн үндсэн дээр албадан дуудлага худалдаагаар шүүхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулна гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Нотлох баримттай холбогдуулаад нэг зүйлийг тодруулаад хэлье. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолтой холбогдуулаад хариуцагч талаас шинжлэн судлуулаад байна. Энэ зүйлийг тодруулж асуух болов уу гэдэг үүднээс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Х-ХХК гэрчилгээний хамгийн сүүлийн өөрчлөлт орсон буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд өөрчлөлт орсон Улсын бүртгэлийн бичилттэй хуулийн этгээдийн лавлагааг гаргаж өгсөн. Энэхүү лавлагаанаас юу харагдаж байгаа вэ гэхээр Р.М гэх хүнийг Х-ХХК гүйцэтгэх захирлаар томилсон. Дахин өөрчлөгдсөн зүйл байхгүй. Тийм учраас Р.М захирлаас Э.Х захиралд, Х захирлаас салбарын захиралд, салбарын захирлаас төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл нь хуулийн дагуу үйлдэгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Яагаад гэвэл хариуцагч тал үүнийг судлуулаад байгаа нь юм ярих магадлалтай байх. Дахин надад хэлэх боломж олдохгүй учраас нэмэлт тодруулга хийж нэг мөр тайлбарлан хэлж байна. Ийм учраас талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бол хүчин төгөлдөр байгаа учраас зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Х.Э Г.Г нараас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын зардал, нийт 35 529 038 төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгө болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Өгөөж захын зүүн талд байрлах, улсын бүртгэлийн Ү-1902002456 дугаартай 300 метр талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах нэгж талбарын 42010002756 дугаартай 269 га эзэмших эрхтэй үйлчилгээний зориулалттай газар, мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, 89 дүгээр байрны 2 тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-1902000862 улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай орон сууц зэргээр үүргийн гүйцэтэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Х.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Тус зээлийн гэрээний үүрэг нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үүссэн. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт зээлийн гэрээгээр сунгагдсан билээ. Энэ зээлийн үүргийг зохих хугацаанд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулж байсан болно. Гэвч 2019 оны ковид цар тахлын нөхцөл байдлаас үүдэж орлого хэт багасаж, гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх боломжгүй байсан. Энэ тухай Х банкинд тухай бүр мэдэгдэж байсан, одоогоор Х банктай тохиролцож, зээлийн гэрээний үүргийн хэрэгжилтийг хамтран дүгнээгүй байна. Миний хувьд гэнэт үүргийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн хувьд боломжгүй байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хугацаа шаардлагатай байна. Х банк дээр очиж хугацаа өгөөч гэдэг асуудлыг олон удаа хэлж байсан гэв.
3. Хариуцагч Г.Гшүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
3.1. Хариуцагч Г.Г: Би зээл аваагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1 Би сайн мэдэхгүй байна. Уг нь нэг л удаа гарын үсэг зурж өгсөн баймаар юм. Гэтэл сүүлдээ миний хөрөнгө зөндөө олон мөнгөний ард талд гарсан байна. Би 2017 онд итгэмжлэл хийж өгсөн. Тэрнээс хойш гарын үсэг зураагүй. Барьцаагаа суллаж авах хүсэлтэй байна гэв.
5. Өмгөөлөгч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хэргийн материалтай танилцаад хууль зүйн хувьд дараах шийдвэрийг гаргасан юм. Нэгдүгээрт хэргийн явц дунд Х банк ХХК нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарыг тогтоогоогүй. Нэхэмжлэлийн хувьд 2 шаардлага байгаа. Зээлийн төлбөрт 35 529 038 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай гаргасан байгаа. Энэ шаардлагыг тавьж байгаа хэрнээ нэхэмжлэл дээрээ барьцаа хөрөнгийн этгээдүүдийг хариуцагчаар татаагүй байгаа. Барьцаа хөрөнгө дээр 3 этгээд байгаа. Тэдгээрээс зарим нь гуравдагч этгээдээр сууж байна. Нэгдүгээр шаардлага болох 35 529 038 төгрөгийг шаардлага гаргахдаа Х.Э Г.Г нарын хүрээнд бөөн дүнгээр бичсэн байна. Бөөн дүнгээр бичихээр Г.Г 35 529 038 төгрөгийн хүрээнд татгалзах юм уу? Эсвэл сонгоод байгаа хуулийн заалтынх нь хүрээнд 50 хувь татгалзах юм уу? гэдэг нь тодорхой бус. Өнөөдрийн хувьд Х.Э хүлээн зөвшөөрч байна гээд байгаа нь мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаа заалтын хүрээнд 50 хувь хүлээн зөвшөөрөөд байгаа эсэх талаар мэтгэлцэх боломж олгоогүй, нөхцөл олгоогүй агуулга байгаа. Хоёрдугаар шаардлагын хүрээнд гуравдагч этгээдийн хөрөнгийг барьцаалах ажиллагаан дээр Х банк ХХК 2017 онд зээл олгохдоо итгэмжлэл хийлгээд Х.Э нь төлөөлөгч гээд гарын үсэг зураад зээл авсан байгаа. Эхлээд 57 000 000 төгрөгийн зээл авахдаа Х.О-ээс барьцаалах эрхийг итгэмжлэлээр авсан. Тухайн хэргийн материал дотор тухайн итгэмжлэлээс өөр итгэмжлэл байхгүй. Дараа нь Х.Эхэд хэдэн удаа нөгөө хөрөнгийг нь барьцаалж нэмэгдүүлж зээл авсан байгаа. Өнөөдрийн хувьд Х банк ХХК-ийг төлөөлж Чойр салбар болон Төв банкийг төлөөлж нэг нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байна. Анх гэрээ хийхдээ харилцан тохиролцож нэг тал нь зээл хэрэгтэй, нөгөө тал нь зээл олгох хэрэгцээ цаашлаад хүү бодож ашиг олох зорилготойгоор гэрээ байгуулсан. Энэ гэрээ анхнаасаа ямар гэрээ вэ гэхээр 2 талын ашиг сонирхлыг тэнцүү хангах зорилготой. Өнөөдөр зээлийг төлөх боломжгүй болсон нөхцөл байдлууд нь зарим тохиолдолд коронавирус цар тахлын нөхцөл байдал, хил хаалттай байдал зэрэг өөрөөс хамаарахгүй нөхцөл байдал нийгэмд үүсээд байхад Х банк ХХК ямар зарчмыг барьж байна вэ гэхээр ямар боловч хамаагүй мөнгөө нэхнэ, шүүхээр шийдүүлээд шүүхийн шийдвэр дээр очихоор шаардаад явна гэсэн л арга зүйтэй байна. Өнөөдөр Х банк ХХК тохиролцох хэрэгтэй. Нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ярьж тохиролцох боломжийг бүрдүүлэх ёстой. Х.Э-ийн зүгээс зээлийг төлөхгүй гэж хэлээгүй. Цаг хугацааны хувьд давагдашгүй эрсдэлтэй нөхцөл байна гэж олон удаа уулзахад нүүр өгөхгүй, өрөө төлдөггүй хүн шиг хандаж буруутгасан асуудлыг гаргахаасаа илүүтэйгээр шүүх дээр ч гэсэн ярьж тохиролцох боломжтой асуудал гэж бодож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хувьд хоёулаа шүүх хуралд эвлэрэх эрхтэй орж ирж байгаа. Хариуцагчийн зүгээс танайхыг хохироохгүй, гэхдээ бид нар хүнд байна гэж хэлээд байгаа. Хүмүүсээ ойлгоод өгөөч ээ гэж хүсээд байгаа. Хүмүүс анх гэрээ байгуулж, 2 талаас гарын үсгээ зурсан. Х банк ХХК анх зээл олгохдоо дахин итгэмжлэл авахгүйгээр олгосон юм. Гуравдагч этгээдийн эрх ашгийг тоохгүйгээр 2 дахь зээлийг олгосон. Гуравдагч этгээдийн өмнөөс нэхэмжлэлийн 2 дахь шаардагыг шаардаж байгаа юм. Барьцаанд байгаа хөрөнгийн эздийг огт шүүхэд татаагүй. Тэгсэн мөртлөө яагаад барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхэд нэхэмжлэл өгсөн юм. Зээлийн гэрээний хувьд зээлийн гэрээгээр тодорхойлогдох эд зүйлийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ хийгдсэнд тооцно гэж байгаа. Аягүй бол зээл нь Х.Э-ийн данс руу орсон байгаа. Г.Гхувьд зээлийн эргэн төлөлтийн дансны төлөлт байгаа эсэх талаар Х банк ХХК-иас тайлбар хэлэх байх гэж бодож байна. Хуульд зааснаар хөрөнгө шилжин очсон этгээдтэй зээлийн гэрээ байгуулагдаж байгаа. Хөөрийнх нь бодлого байх шиг байгаа юм. Хэрвээ энэ хүн өөрөө төлж чадахгүй бол ямар нэгэн этгээдийг запасаар татаж байя гэсэн хэвшил тогтооцон. Х банк харилцагч буюу гэрээний нөгөө талын эрх ашгийг бодох ёстой. Тийм учраас Г.Г өнөөдөр зээл аваагүй байхад яагаад хариуцагчаар орж байгаа юм. Гуравдагч этгээдүүдийг яагаад хариуцагчаар татаагүй юм. Ийм нэхэмжлэлийг шүүх яагаад аваад байгаа юм. Х банк ийм нөлөө бүхий байна уу гэж хэлмээр санагдаж байна. Х.Э-ийн хувьд авсан зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. 50 гаран сая төгрөгийг төлсөн байгаа. Энэ нэхэмжлээд байгаа мөнгө нь нэг ёсондоо хүү байгаа. Алданги гэж тооцогдохгүй байгаа хэдий ч нэмэгдүүлсэн хүү гэдэг ойлголтоор банкны эрхшээлд явж байгаа нийгэм болж байна. Тийм учраас та нар харилцан ойлголцох хүн чанарын ойлголтыг эргэж хармаар байна. Өнөөдрийн хувьд гуравдагч этгээд шүүхийн ажиллагааны үр дүнд орж ирж байгаа. Х2 дахь шаардлагын хүрээнд орж ирээгүй. Энэ нэхэмжлэл өөрөө хууль зөрчсөн нэхэмжлэл байна. Хариуцагч талын зүгээс хэн нэгнийгээ буруутгамааргүй байна. Харилцан ярилцмаар байна гэж хүсэж байна.
ТУЗ-ийн тогтоол 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гарсан байна. Энэхүү итгэмжлэл нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлээд 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэж байгаа. Тэгэхээр дуусах хугацаа 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэсэн үг. Р.М гэх хүнээс Э.Х өгсөн итгэмжлэл нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгаа. Тэгэхээр 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өмнө гэсэн үг. 1 жил дуусахын өмнө өгч байна гэсэн үг. Э.Хосбаяраас салбарын захирал нарт итгэмжлэл олгож байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр салбарын захирал нарт итгэмжлэл өгсөн. Өнөөдрийн өгсөн гэрчилгээнээс тоолох юм бол улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Р.Мөнхтуяаг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн байгаа. 12 дугаар сарын 30-наас олгож байгаа энэ итгэмжлэлүүд анх олгож байгаатай уялдуулсан 1 жилийн хугацаатай л олгох итгэмжлэлүүд байх ёстой. Энэ хугацаанаас хойш Р.Мөнхтуяагаас дахин итгэмжлэлүүд авах ёстой. Э.Х-ын итгэмжлэл 4 жилийн хугацаатай олгогдсон байгаа. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр авсан байгаа. Тэгэхээр 1 жилийн төлөөлөх эрхтэй хүнээс өөр этгээдэд 4 жилийн хугацаатай олгох боломж байхгүй. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны хойш олгогдож байгаа итгэмжлэлүүд нь байж болно. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр гараад байгаа итгэмжлэлүүд нь 1 жилийнхээ хязгаарт багтана. Улсын бүртгэлд бүртгэгдсэнээсээ хойш итгэмжлэлийг өгсөн байвал би өнөөдөр юм ярихгүй. Гэтэл бүртгэгдэхийнхээ өмнө өгөөд байгаа итгэмжлэлүүд ТУЗ-ийн эрх хэмжээний хязгаараар хязгаарлагдана гэв.
6. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ201743230027 тоот Зээлийн гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №БГҮ/201743230027 дугаар Барьцааны гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ201843859732 тоот Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 000118726 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн итгэмжлэл, 000618514 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн итгэмжлэл, 000427282 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн бүртгэлийн карт, нэхэмжлэх, 0000121512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Орон сууц захиран зарцуулах тухай итгэмжлэл, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн итгэмжлэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 684, 678 дугаар тодорхойлолт, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр зээл төлөх тухай мэдэгдэл, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 8 дугаар зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр зээл төлөх тухай мэдэгдэл, Х.Э-ийнзээлийн дансны хуулга, Г.Гзээлийн дансны хуулга, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар Х-ХХК Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/12242 дугаар итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/12302 дугаар итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21/03 дугаар итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 5990/22/201 дугаар итгэмжлэл, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 134/ШШ2020/00011 дүгээр шийдвэр, Х-ХХК 0000121512 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ,
7. Хариуцагч нараас: Х.Э-ийн хариу тайлбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х-ХХК Чойр салбар нь хариуцагч Х.Э Г.Г нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын хураамжийн төлбөр, нийт 35 529 038 төгрөг гаргуулах,
Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Өгөөж захын зүүн талд байрлах улсын бүртгэлийн Ү-1902002456, гэрчилгээний 0004272282 дугаартай 300 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг, 000618514 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 4201002756 дугаартай 269 га газрыг 11 жилийн хугацаатай худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 89-2 тоот хаягт байрлах Ү-1902000862 улсын бүртгэлийн дугаартай, 000118726 гэрчилгээний дугаартай 38 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “... Зээлдэгч Х.Э Г.Гнар гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 834 хоног хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ...” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Х.Э Г.Г, тэдгээрийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... Х.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, хугацаа шаардлагатай байна, Г.Гоос: би зээл аваагүй гэж, өмгөөлөгчөөс: хариуцагчийг тогтоогоогүй, Г.Гзээл аваагүй байхад хариуцагчаар татсан, гуравдагч этгээдийг хариуцагчаар татаагүй, Р.М олгосон итгэмжлэлийн хугацаа нэг жил байхад бусдад 3-4 жилээр итгэмжлэл олгосон, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг тооцохгүйгээр 2 дахь зээлийг олгосон” гэж үгүйсгэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, Г.Г, Х.Э Г.А, Г.Х нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х.О гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Х.О-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлийн бүртгэлийн карт, 2017.09.15-ны өдрийн Орон сууц захиран зарцуулах итгэмжлэл, 11, 8, 4 дугаартай зээл төлөх мэдэгдэл, Х.Э-ийн Х-ХХК депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 134/ШШ2020/00011 дүгээр шийдвэр, Х-ХХК улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х банк ХХК-ийг төлөөлж, Говьсүмбэр салбарын захирал Ц.О , зээлдэгч Х.Э хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Г нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 57 000 000 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлсэн зээлийн гэрээ байгуулагдсан байх ба 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр талууд гэрээнд, үндсэн зээлийн үлдэгдэл 49 600 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 36 сар буюу 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дуусахаар өөрчлөлт оруулжээ.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний гүйцэтгэлийг хангуулах зорилгоор гуравдагч этгээд Х.О-ийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Өгөөж захын зүүн талд байрлах Ү-1902002456 улсын бүртгэлийн дугаартай, 000427282 тоот гэрчилгээтэй 300 м.кв үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 000618514 дугаартай гэрчилгээтэй, 4201002756 нэгж талбарын дугаартай, 269 га худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй газар, Х.Э Г.Г, Г.А , Г.Х нарын өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 89 дүгээр байрны 02 тоот Ү-1902000862 улсын бүртгэлийн дугаартай, 000118726 тоот гэрчилгээтэй 38 м.кв орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн нэмэлт гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Талуудын маргааны зүйл нь хариуцагчийг тогтоогоогүй, хариуцагч тус бүрийн хэмжээг тодорхойлоогүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд Р.М итгэмжлэл олгохдоо “2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гэсэн. Гэтэл Р.М-аас Э.Х-т олгосон итгэмжлэл 3-4 жилийн хугацаатай байгаа тул энэхүү итгэмжлэлээр дамжсан бүх итгэмжлэлийн хугацаа дууссан, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг тооцохгүйгээр зээл олгосон гэж маргасан.
Харин дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан болон нэхэмжлэгчийн гэрээний үндсэн зээл 33 788 045 төгрөг, зээлийн хүүд 22 230 227 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 53 491 төгрөг нэхэмжилсэн тооцооллын талаар маргаагүй болно.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 451.2., 452 дугаар зүйлийн 452.2., 156 дугаар зүйлийн 156.1., 156.2., 165 дугаар зүйлийн 165.1.-т заасан шаардлагыг хангаснаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1.-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”, Зээлийн гэрээний 5.1.9.-д “Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа хэтэрүүлсэн тохиолдолд банк нэмэгдүүлсэн хүүг тооцон авах эрхтэй” гэж заажээ.
Дээрх хууль болон гэрээний зохицуулалтаас үзэхэд зээлдүүлэгч нь зээлийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлсэн байхыг шаардах бөгөөд ийнхүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгчээс шаардах, нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл, зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг бол, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.
Зээлдэгч нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ201843859732 дугаар зээлийн гэрээний хавсралт ёсоор зээлийн төлбөрийг сар бүр, хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд хариуцагч Х.Э Г.Гнь зээлийн гэрээний төлбөрт төлсөн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 35 529 038 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Х.Э Г.Гнараас зээлийн гэрээний үүрэгт нийт 35 529 038 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
6. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэж заасан.
Хариуцагч Х.Э Г.Гнар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 175 дугаар зүйлийн 175.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Өгөөж захын зүүн талд байрлах улсын бүртгэлийн Ү-1902002456, гэрчилгээний 0004272282 дугаартай 300 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг, 000618514 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 4201002756 дугаартай 269 га газрыг 11 жилийн хугацаатай худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 89-2 тоот хаягт байрлах Ү-1902000862 улсын бүртгэлийн дугаартай, 000118726 гэрчилгээний дугаартай 38 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулсаны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэв.
7. Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д ”Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу зээлдэгч Х.Э хамтран зээлдэгч Г.Гнарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч тус бүрийн хүлээх үүргийг хоорондоо харилцан тохиролцон тогтоож, ийнхүү тохиролцсон талаар банкинд мэдэгдсэнтэй холбоотой баримтыг хариуцагч нар шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох...”, 242.11.-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна”, Зээлийн гэрээний 4.3.-д “Хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Г.Г-оосшаардсаныг буруутгах үндэслэлгүй, зээлдэгчийн нэгэн адил зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй ба хариуцагчаар хэнийг сонгох нь нэхэмжлэгчийн эрх болно.
8. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэжээ.
Хэрэгт авагдсан Х-ХХК улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл /хх-18 дугаар талд/-ээс үзэхэд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Р.М-г тус компанийн гүйцэтгэх захирлаар томилж, үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэгч бүртгэсэн байна.
Тодруулбал, уг банкийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий субъект нь Р.Мөнхтуяа байх тул харуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй.
9. Гэрээний хугацаанд зээлдэгч нь Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан, гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй байсан талаар тухай бүрд нь очиж мэдэгдэж байсан гэж тайлбарлах боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
10. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 796 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 405 796 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Х.Э Г.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 35 529 038 /гучин таван сая таван зуун хорин есөн мянга гучин найман/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч Х.Э Г.Гнар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Өгөөж захын зүүн талд байрлах улсын бүртгэлийн Ү-1902002456, гэрчилгээний 0004272282 дугаартай 300 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг, 000618514 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 4201002756 дугаартай 269 га газрыг 11 жилийн хугацаатай худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 89-2 тоот хаягт байрлах Ү-1902000862 улсын бүртгэлийн дугаартай, 000118726 гэрчилгээний дугаартай 38 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 796 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Э Г.Г нараас 405 796 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА