Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2022/00048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.М

Хариуцагч: Б

Нэхэмжлэлийн шаардлага: Нөхөн төлбөрт 23 134 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1 Миний бие Б-ийн Говьсүмбэр салбарт жолоочоор ажиллаж байхдаа 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянтал сумын дэд станцад фазны ялгаа хийх ажил гүйцэтгэх явцад 35 кВт-ын өндөр хүчдэлд цохиулж, үйлдвэрлэлийн осолд орсон. Дээрх үйлдвэрлэлийн ослын улмаас асар их хэмжээний гэмтэл, түлэгдэл авсан. Түлэнхийн нөхөн сэргээх эмнэлэгт мэс засалд бүтэн норкозтой орж, зүүн гарын шуу хэсгээр тайруулж, баруун хөлний доод хэсэг дэх түлэгдсэн шөрмөс, судас, мах зэргийг огтолж авсан, нүүрний баруун хэсэг, хүзүү, цээжний хэсэг гүн түлэгдсэн, толгойн оройн хэсэгт оёдол тавьж, баруун нүдний хажуу талд оёсон зэрэг гэмтлүүд авсан. Эмнэлэгт 2011 оны 05 дугаар сараас 8 сар хүртэл хэвтэх хугацаандаа хөлөө тайруулахгүй, хэлбэрээр нь авч үлдэхийн тулд 6 удаа нугасаар мэдээ алдуулах хагалгаанд орсон. Уг ослоос болж тухайн үед хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан. Үйлдвэрлэлийн осол болох үед үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-71 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заажээ. Хэдийгээр ажил олгогчоос дээрх үйлдвэрлэлийн ослын дараа 18 сарын цалингийн дундажтай тэмцэх нөхөн төлбөрт 9 559 641 төгрөгийг 2011 онд надад олгосон боловч 2012 оноос эхэлж эмчилгээний зардал шалтгаангүй гаргахаа больсон. Миний бие дөнгөж одоо 31 настай цаашдын ахуй амьдралд маань мөнгө төгрөгний асуудал маш их тулгардаг, хөл маань шархлах, өвчин зовиур нь хэзээ ч арилдаггүй байнга, өдөр болгон өвддөг. Эмнэлгийн байнгын хяналтанд байдаг. Хөдөлмөрийн чадвар алдалт хэлбэлзэж явдаг. Гар биш хөлнийхөө заалтаар үйлдвэрийн ослын хөдөлмөрийн чадвар алдалт гэж явдаг. Яагаад гэвэл Монгол улсад 2 давхар заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг тооцох зохицуулалт байхгүй. Тухайн үед манай байгууллагаас эмчилгээний зардал гардаг байсан. 2011 оны 05 дугаар сарын 09-нөөс 2012 оны 01 сар хүртэл эмчилгээний зардал гарсан. Тухайн үед эрүүгийн шүүхэд хэрэг нээсэн байсан ба миний хувьд хамт ажилладаг байсан ажилчидаа бодоод гомдол, саналгүй гэж тайлбар өгдөг байсан. Түүнээс хойш 2 жил гаруй хөл маань гишгэж чадахгүй их зовсон, хөлд орох гэж байгаа хүүхэд шиг хэцүү л байдаг байсан. Удаан хэвтчихсэн болохоор хөлийн шөрмөс татсан, түүнийгээ сунгах гэж их хичээдэг байсан. 2012 онд тухайн үеийн дарга нь ажилд орох уу гэж санал тавьж байсан, тэгэхээр нь хөл маань сайн эдгээгүй байна, хэдэн сараар хойшлуулаад өгөөч гэж хэлэхэд тийм боломж байхгүй гэж нүүр буруулсан хариуг өгч байсан. Энэ хэрэг дээр их зовлон амссан. Гомдол, саналгүй гэх далимаар цагдаа дээр хэргийг хаачих гээд, иргэний нэхэмжлэгч байхгүй гээд л энэ бүрд нь цагдаагийн даргатай нь уулзаж, прокурорт өргөдөл бичиж өгч байсан. Тэгж явсаар байгаад байгууллагыг иргэний хариуцагчаар татаж байсан. Тухайн үед би 21-тэй хүүхэд байсан. Эмчилгээний зардал гаргахгүй гэхээр нь 2012 оны 07 сард хувиараа Герман явсан. Портез гэж манай монголд хийж өгдөг байсан, хүний хажууд гаргахаас ч ичмээр. Эгчийгээ дагуулаад Хатагтай гэх эмнэлэгт үзүүлж, Герман явж үзүүлж, баримт цуглуулж өөрийнхөө төлөө явсан. Хөлөнд маань шөрмөс залгаж алхдаг болсон. Үйлдвэрийн осолд орсны дараа ажлаас, чиний эмчилгээний зардал болон хэрэгтэй зүйлүүдийг өгнө гэж байсан боловч хэрэг хаасны дараа надад юу ч өгөөгүй. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 160 гаруй сая төгрөг нэхэмжилж байсан. Үүнээс сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг, эмчилгээний зардалд гарсан 100 гаруй сая төгрөг гэж нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Тэгэхээр нь би хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ба хяналтын шатны шүүхээс надад 16 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үед нотлох баримтаа дутуу цуглуулж өгсөн байсан. Эрүүгийн шүүхэд эх хувиа өгөөд иргэний шүүхэд хуулбарыг нь өгсөн байсан, тэр миний алдаа болсон. Түүнээс гадна сар болгон 77 105 төгрөгийг цалин, тэтгэврийн нэмэгдэл болгож өгөхөөр шийдвэрлэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр энэ ажилдаа орсон. Энэ ажилд ороход гүйцэтгэх захирал маань биед нь тохирсон ажил хийлгэе, 2 өрөө байр гаргаж өгье гэсэн. Тухайн үед аав, ээжид маань бас хэлсэн байсан. Ээж, аав маань өөрийнхөө төлөө ажил хийх хэрэгтэй гээд би ажилд орсон.

Ингээд дээрх хуульд заасны дагуу дахин нөхөн төлбөр олгож өгнө үү хэмээн 2021 оны 06 дугаар сард ажил олгогч Б-д хандсан боловч тус компаниас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр санхүүгийн боломжгүй гэх хариуг бичгээр өгсөн. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсны нөхөн төлбөрийг 1 ба түүнээс дээш удаа олгохоор заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 25.1-д “ажил олгогч энэ хэсэгт заасан хугацааны нөхөн төлбөрийг “нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэдэг нь нэг удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгоно” гэж тайлбарлажээ. Хоёр жил тутам Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг шинэчлэн тогтоолгодог. 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЭХМК-ын шийдвэрээр намайг хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсныг тогтоосон. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ЭХМК-ын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж үзсэн. Миний бие 2011 оноос ийнхүү хөдөлмөрийн чадвараа их хэмжээгээр алдаж, эрүүл мэнд, бие махбодь, сэтгэл санаагаар хохирч байгаа бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн комиссын шийдвэрээс өмнө ажил олгогчид хандаж байсан тул хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан хэмжээгээр нөхөн төлбөр нэхэмжилнэ.

Нэхэмжлэлийн мөнгөн тооцооллын хувьд үйлдвэрийн осолд орохдоо Говьсүмбэр аймгийн Цахилгаан түгээх станцад жолооч ажилтай байсан. 2021 оны 10 дугаар сарын 22-нд ахлах нягтлан бодогч, эдийн засагч Цэрэндулам гэх хүнээс жолоочийн цалингийн дундажийг гаргуулж авсан. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д заасны дагуу жолоочийн цалингаар 18 сарын цалингийн дундажтай тэнцэх нөхөн төлбөрт 23 134 680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1 Тус салбарын данс хөтлөгч ажилтай М.М нь өмнө нь жолоочоор ажиллаж байх хугацаанд 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орсны улмаас Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан нь тогтоогдсон тул ажил олгогчийн зүгээс тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д заасны дагуу 18 сарын цалингийн дундажтай тэмцэх хэмжээний нэг удаагийн нөхөн төлбөрт 9 559 641 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн дансаар дамжуулан олгосон. Мөн М.М-ыг үйлдвэрлэлийн осолд орж, эмчлүүлэх хугацаанд эмчилгээний зардалд тус салбараас нийт 7 023 750 төгрөг, буцалтгүй тусламжид 346 752 төгрөгийг тус тус олгосон. Хариуцагчийн зүгээс М.М холбогдох хуулийн дагуу зохих нөхөн төлбөрийг 1 удаа олгосон тул одоо нэхэмжилж байгаа 23 134 680 төгрөгийг дахин олгох боломжгүй гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр, Б-ийн Говьсүмбэр салбарын даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 469 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Б Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаар тодорхойлолт, Бгүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/12 дугаар “Үндсэн ба тарифт цалинг шинэчилэн батлах тухай” тушаал, түүний хавсралт, Говьсүмбэр ЦТСС-ын Нийтлэг үйлчилгээний жолоочийн албан тушаалын дундаж цалингийн тооцоолол, М.М-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б.М-ын БГовьсүмбэр салбарын захиргаанд гаргасан өргөдөл, Бүртгэл хяналтын картыг,

 

4. Хариуцагчаас: Хариу тайлбар, Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, Б Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/130 дугаар “М.М нөхөн төлбөр олгох тухай” тушаал,  Б Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/130 дугаар “М.М нөхөн төлбөр олгох тухай” тушаал, БГовьсүмбэр салбарын даргын 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/90 дугаар “Буцалтгүй тусламж үзүүлэх тухай” тушаал, БГовьсүмбэр салбарын даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/129 дугаар “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал, Б-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/145 дугаар “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал, Б-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/107 дугаар “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал, Б-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дүгээр “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал, Б-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/82 дугаар “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал, БГовьсүмбэр салбарын даргын 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал, БГовьсүмбэр салбарын даргын 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/74 дүгээр “Зардал гаргах тухай” тушаал, БГовьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/70 дугаар “Зардал гаргах тухай” тушаал, БГовьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/66 дүгээр “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал, БГовьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаар “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал, БГовьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/49 дугаар “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал, Б-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/36 дугаар “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал, Б-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/48 дугаар “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал, БГовьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/47 дугаар “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал, Б-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/43 дугаар “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал, Б-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/53 дугаар “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал, Б-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/54 дугаар “Зардал гаргах, комисс томилох тухай” тушаал зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.  

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Б-ийн Говьсүмбэр салбарт холбогдуулан нөхөн төлбөрт 23 134 680 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

   

2. Нэхэмжлэгч М.М нь “... 2011 онд нөхөн төлбөрт 9 559 641 төгрөгийг надад өгсөн, миний бие дөнгөж одоо 31 настай цаашдын ахуй амьдралд мөнгө төгрөгний асуудал маш их тулгардаг, хөл шархлах, өвчин зовиур нь хэзээ ч арилдаггүй, байнга өвддөг, 2 жил тутам Эмнэлэг магадлах комиссын хурлаар орж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг шинэчлэн тогтоолгодог, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр намайг хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан гэж тогтоосон байсан, ... 2021 оны 06 дугаар сарын 23-нд нөхөн төлбөр гаргуулах тухай өргөдлийн хариуг 2021 оны 12 дугаар сарын 13-нд өгсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д зааснаар нөхөн төлбөрт 23 134 680 төгрөгийг гаргуулна” гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... Өмнө нь хариуцагчид эмчилгээний зардал, буцалтгүй тусламж болон нэг удаагийн нөхөн төлбөр олгосон, одоо дахин нөхөн төлбөр олгох боломжгүй” гэж үгүйсгэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 08 дугаар сарын 21, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, эмчийн тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн Б-ийн Говьсүмбэр салбарын даргын албан тоот, 2011 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн Б-ийнГовьсүмбэр салбарын даргын 70 дугаар тодорхойлолт, Б-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/12 дугаар тушаал, түүний хавсралт, тус салбарын Нийтлэг үйлчилгээний жолоочийн албан тушаалын дундаж цалингийн тооцоолол, хариу тайлбар, 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Б-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “М.М нөхөн төлбөр олгох тухай, А/130, “Буцалтгүй тусламж үзүүлэх тухай” А/90, “Зардал гаргах, комисс томилох тухай” А/129, А/145, А/107, А/91, А/82, А/75, А/74, А/70, А/66, А/50, А/49, А/36, А/48, А/47, А/43, А/53, А/54, дугаар тушаал, М.Мөнхзулын 2021 оны 06 дугаар сарын 23-нд тус салбарт гаргасан өргөдөл, Бүртгэл хяналтын карт, М.М-ын Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.М нь 2011 онд Б-ийн Говьсүмбэр салбарт жолоочоор ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж, 2 жил тутам Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж, хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоолгодог байсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Улмаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч М.М Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасныг баримтлан 9 559 641 төгрөгийн нөхөн төлбөрийг 2011 онд 1 удаа олгосон байна. 

 

5. Талуудын маргааны зүйл нь үйлдвэрлэлийн осолд орж, эмчлүүлэх хугацаанд тус салбараас эмчилгээний зардалд 7 023 750 төрөг, буцалтгүй тусламжид 346 752 төгрөг, хуулийн дагуу зохих нөхөн төлбөрийг 1 удаа олгосон, дахин олгох боломжгүй гэж маргана.  

Нэхэмжлэгч нь тус салбарт одоо данс хөтлөгч ажилтай бөгөөд тухайн үед жолоочоор ажиллаж байсан, үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсан эсэх зэрэгт талууд маргаагүй.

 

6. Тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа;” нөхөн төлбөр олгоно гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан тохиолдолд ажилтанд нөхөн төлбөрийг 1 ба түүнээс дээш олгохоор заасан тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлага үндэслэлтэй гэж үзэв.

Тодруулбал, ажил олгогч 1 удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөр чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн аль ч тохиолдолд нэгээс дээш удаа олгохыг хэлнэ.

 

7. Нэхэмжлэгч М.М нь тус салбарт 2021 оны 06 дугаар сарын 23-нд нөхөн төлбөр гаргуулах тухай өргөдөл гаргасныг хариуцагч байгууллага 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөдлийн хариуг хүргүүлжээ.

 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэж зааснаас үзэхэд ажил олгогч уг хуульд заасан хугацаанд өргөдлийг хянан шийдвэрлээгүй байх тул Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээс өмнө хандаж байсан гэж үзэж, ажилтан М.М хөдөлмөрийн чадвар алдалтын 71 хувиас дээш алдсан үеийн 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр тооцож олгох нь хуульд нийцнэ.   

Тодруулбал, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр М.М хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувь гэж тогтоосон ба хугацааг 24 сар буюу 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тогтоожээ.

 

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт: Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.5-д “Ажилтанд олгох нөхөн төлбөрийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны  сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцно” гэжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь тус салбарт сүүлийн 6 сард данс хөтлөгч гэсэн албан тушаалд ажиллаж байгаа ба энэхүү албан тушаалын цалин хөлсөөр тооцож олгов.

Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод:

 

Сүүлийн 6 сарын ажлын хоног:

2021 оны 09-р сард ажлын 22 хоног

2021 оны 10-р сард ажлын 21 хоног

2021 оны 11-р сард ажлын 21 хоног

2021 оны 12-р сард ажлын 22 хоног

2022 оны 01-р сард ажлын 21 хоног

2022 оны 02-р сард ажлын 17 хоног= нийт ажлын 124 хоног.

 

Сүүлийн 6 сарын цалин хөлс:

2021 оны 09 сард 778 826 төгрөг

2021 оны 10 сард 1 462 129 төгрөг

2021 оны 11 сард 498 300төгрөг

2021 оны 12 сард 1 075 365 төгрөг

2022 оны 01 сард 1 870 736 төгрөг

2022 оны 02 сард 1 212 900 төгрөг =Нийт 6 898 256 төгрөг.

 

6 898 256:124 хоног=55 631 /нэг ажлын өдрийн дундаж цалин хөлс/

55 631х21 ажлын өдөр =1 168 251 /нэг сарын дундаж цалин хөлс/

Нөхөн төлбөрийн хэмжээ: 1 168 251х18 сар=21 028 518 төгрөг.

23 134 680 төгрөг -21 028 518 төгрөг=2 106 162 төгрөг

Иймд, хариуцагч байгууллагаас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт  21 028 518 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, үлдэх 2 106 162 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

9. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 623  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 263 093 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Б-ийн Говьсүмбэр салбараас 21 028 518 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.М олгож, үлдэх 2 106 162  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 623  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ийн Говьсүмбэр салбараас нэхэмжлэлийн хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 263 093 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.М олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ЦОГЗОЛМАА