| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2024/0190/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/190 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/190
2024 10 24 2024/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн,
Орлогч прокурор Д.Ганцэцэг,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б-н М-д холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж аавын хамт Говь-Алтай аймаг ****** сум ******* **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай, Б овгийн Б-н М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа төлбөр төлөгч П-ийн Б-аас 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг авч хувьдаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгон 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.М нь Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгчээр ажиллах байх хугацаандаа шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч П.Б-аас 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг авч хувьдаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгон 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлбөр авагчид хүлээлгэж өгөөгүй болон Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэх байгууллагын дансанд тушаалгүйгээр хувийн хэрэглээндээ зарцуулсан үйл баримт тогтоогдлоо.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.М гэм буруутай болох нь:
Нэг. Шүүгдэгч Б.М нь Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгч, төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах байх хугацаандаа төлбөр төлөгч П.Б-аас 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг бэлнээр авч, төлбөр авагчид хүлээлгэж өгөөгүй болон Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд тушаалгүйгээр хувийн хэрэглээндээ зарцуулсан болох нь:
Хохирогч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2006 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутагт хууль бусаар хориотой ан болох ирвэс агнасан хэрэгт шалгагдан Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн шүүхээр 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 8,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр болсон. Тэгээд төлбөр төлөх ажиллагааг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж 2021 оноос эхлэн шийдвэр гүйцэтгэгч Б.М хариуцах болсон. 2021 онд миний банкны дансыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн бөгөөд 2021 оны 08 дугаар сард миний Төрийн банкны дансанд 2,290,000 төгрөг байсан. Тэгээд хүүхэд сургуульд явах гэж байсан учир битүүмжилсэн данснаас 2,290,000 төгрөгийг бэлнээр авч 1,200,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгч Б.М-д бэлнээр өгөөд үлдсэн 1,090,000 төгрөгийг охиндоо өгч явуулсан. Гэтэл Б.М миний төлбөрийг тушааж төлбөрөөс хасагдаагүй өнөөдрийг хүрсэн. Шийдвэр гүйцэтгэгч Б.М нь миний төлсөн 1,200,000 төгрөгийг төлөөгүй гэдгийг гэдгийг 2023 оны намар Б.Мг ажлаас гарсны дараа түүний ажлыг авсан хүнээс мэдсэн. Тэгээд би энэ жил буюу 2024 оны 03 дугаар сард Б.М-тэй уулзахад удахгүй 5 сард өгнө тэр болтол хүлээж бай гэж хэлээд түүнээс хойш утсаа авахгүй алга болсон. Тийм учраас би өргөдөл гаргасан юм... Шийдвэр гүйцэтгэгч Б.М-д би нөхөн төлбөрийг барагдуулах зорилгоор нийт 1.200.000 -өгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед надад ямар нэгэн баримт үйлдэж өгөөгүй. / гэх мэдүүлэг, / хх-ийн 7-9-р хуудас/
Гэрч В.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сард Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 230 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон Б.М-гийн ажиллагаа явуулж байсан цахим санд бүртгэлтэй гүйцэтгэх баримт бичгийг бүгдийг нь хүлээн авч ажиллагаа явуулсан. ...Төлбөр төлөгч П.ийн Б нь хууль бусаар ирвэс агнасан хэргээр хорих ялаар шийтгүүлж 8,500,000 төгрөгийн төлбөр төлөхөөр шүүх шийдвэрлэсэн байсан. Тэгээд төлбөр төлөгч П.Б нь намайг ажил авснаас хойш төлбөр төлөхгүй байсан бөгөөд би түүний дансыг хааж барилт хийгээд ирж уулзах талаар мэдэгдсэн. Тэгсэн П.Б нь манай ажил дээр надтай ирж уулзаад төлбөр төлөлтийн талаар тулгалт хийхэд 2021 онд шийдвэр гүйцэтгэгч Б.М-д бэлнээр 1,200,000 төгрөг төлсөн гэсэн бөгөөд хувийн хэрэгт ямар нэгэн баримт байхгүй байсан...” гэх мэдүүлэг, / хх-ийн 11-13-р хуудас/,
2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр П.Б-ын эзэмшлийн Төрийн банкны ************** тоот харилцах дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /1-р хх-ийн 46-47-р хуудас/,
2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №109 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудас” болон төлбөр төлөгч П.Б-т холбогдох гүйцэтгэх баримт бичиг, /хх-ийн 50-134-р хуудас/,
2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 41/1399 дугаартай Төрийн банкны албан бичиг, Төрийн банкны ************ тоот харилцах дансны эзэмшигч П.Б-ын дансны хуулга, / хх-ийн 43-45-р хуудас/
Б.М-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 15-18-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь дээрхи гэмт хэргийг үйлдэх үедээ Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан байсан болох нь хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх үйлдлийн улмаас хохирогч П.Б-т 1,200,000 төгрөгийн хохирол учруулж өөртөө давуу байдал бий болгосон нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй болно.
Гэм хор, хохирлын талаар: Шүүгдэгч Б.М нь дээрх үйлдлийн улмаас хохирогч П.Б-т 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 1,000,000 төгрөгийг буцаан өгсөн болох нь шүүгдэгч Б.М-гийн “би П.Б-т 1,000,000 төгрөгийг өгсөн, одоо 200,000 төгрөг үлдсэн. Удахгүй төлнө” гэх мэдүүлэг болон шүүгчийн туслах шүүх хуралдааны тов мэдэгдэхээр хохирогч П.Б-тай утсаар холбогдоход “шүүх хуралдаанд оролцох боломжгүй, Б.М хохиролд 1,000,000 төгрөг өгсөн. 200,000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн” гэх утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М-гээс 200,000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Б-т олгуулахаар шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч “...шүүгдэгч Б.М-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахаар зааснаар өмнөх 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж нийт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 2-т “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” 3-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.М-гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийг 2021 оны 8 сард үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт оржээ. Мөн шүүгдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж хяналт тавьж байгаа байгууллагаас төхөөрөмжийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зүүж өнөөдрийн байдлаар 5 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байна. Шүүгдэгч нь уг гэмт хэргийг өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн, түүнчлэн уг шийтгэх тогтоолд шүүгдэгчийн цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор заажээ.
Улсын яллагч шүүхэд гаргасан дүгнэлтдээ хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа буюу өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн нөхцөл байдал, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдлыг харгалзан хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, нийгмийн хор аюулын шинж чанар зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, өмнөх шийтгэх тогтоолд заасан цагдан хоригдсон 4 хоногийг дүйцүүлэн хасаж, жинхэнэ эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар тогтоож уг ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлэхээр тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхэн тоолох болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.М-д мэдэгдэв.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол бүрэн төлөгдөөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.М-д Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, жинхэнэ эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.М-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.М-д мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М-гээс 200,000 төгрөг гаргуулж хохирогч П.Б-т олгосугай.
9. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол бүрэн төлөгдөөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид 1,000,000 төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА