Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/хт2026/00116

 

Б.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08792 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2026/00221 дүгээр магадлалтай,

Б.Н-гийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.С оролцсон,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08792 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-г *** тоот хаягт байрлах, 71м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 512,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 512,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2026/00221 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08792 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-д холбогдох *** тоот, 71 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Б.Н нь “Т” ХХК-тай 2020.07.17-ны өдөр 38/07-08 тоот “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдах Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж тус гэрээгээр *** тоот 71 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,100,000 төгрөг, нийт үнэ 78,100,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон бөгөөд тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д “Гүйцэтгэгч тал гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй” гэх заалтуудыг оруулсан бол дээрх гэрээнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиоролцож 2020.08.28-ны өдөр 08/28/17 тоот “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдах Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр 1 м.кв-ын үнэ 1,000,000 төгрөг, нийт үнэ 71,000,000 төгрөг байхаар тохиролцсон. 08/28/17 тоот гэрээний 2.4-т “Талууд зайлшгүй шаардлагаар буюу валютын ханш болон бараа материалын үнэд өөрчлөлт болон огцом өөрчлөлтийн үед гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй” 6.1.10-т “Гүйцэтгэгч тал гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх” зэрэг зохицуулалтууд тусгагдсан. Нэхэмжлэгч Б.Н нь “Т” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан төлбөрөө 100 хувь төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Нөгөөтээгүүр “Т” ХХК гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх үүргийг гэрээгээр хүлээснийг дурдах нь зүйтэй байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.26-ны өдрийн 210/МА2026/00221 дугаартай магадлалын Хянавал хэсгийн 5.3-т “Хэрэгт авагдсан баримтаар барилга барих үеийн төсөвт өртөг 16,286,781,991 төгрөгөөр буюу нэгж талбайн үнэ 1,163,737 төгрөгөөр өссөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас барилгын төсөвчний тамга бүхий бараа материалын үнэ болон ажиллах хүчний цалингийн өсөлтийн талаарх баримтыг гаргаж өгсөн. Тус баримт нь зах зээл дэх бараа материалын үнийн өсөлт болон ажиллаж хүчний цалингийн өсөлтийг бодитоор харуулах боломжгүй өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Учир нь үнэ өөрчлөгдсөн эсэх нь зөвхөн компанийн албан ёсны санхүүгийн тайлан, бие даасан шинжээчийн дүгнэлт, аудитын дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдох боломжтой. Хариуцагч тал тус орон сууцны хотхоныг барихад зарцуулсан нийт өртгийн тооцоог хэрэгт өгсөн бөгөөд Б.Н-гийн захиалсан орон сууцыг барихад зарцуулсан бараа, материал, ажиллах хүчний зардлыг тусад нь тооцоогүй.

Магадлалд “...барилга барих үеийн төсөвт өртөг 16,286,781,991 төгрөгөөр буюу нэгж талбайн үнэ 1,163,737 төгрөгөөр өссөн...” гэжээ. Энэ нь гэрээний үнэ 2.1 дахин өссөн хэмжээ юм. Гэтэл Монгол банкнаас зарласан ам.долларын ханш гэрээ байгуулах үед /2020.08.28/ 2,582.83 төгрөг байсан бол гэрээнд өөрчлөлт оруулах мэдэгдэл өгөх үе /2024.03.05/-ийн байдлаар 3,375.68 төгрөг болсон нь 18.32 хувийн өсөлт юм. Өөрөөр хэлбэл барилгын төсөвт өртөг 2.1 дахин нэмэгдсэн үнэ нь ам.долларын ханшийн 18,32 хувийн өсөлтөөс 6 дахин их байна. Зах зээл дэх бараа материалын үнийн өсөлт болон ажиллах хүчний зардлын өсөлт нь валютын ханшийн өсөлтөөс 6 дахин өндөр байх ямар ч боломжгүй юм. Хэрэв бодитоор ийм өөрчлөлт гарсан бол энэ байдал нь албан ёсны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдох ёстой ч тийм баримт байхгүй.

Нийслэлийн Иргэний харгийн давж заалдах шатны шүүх өөр хоорондоо эрс зөрүүтэй дээрх 2 өөр дүн /2 өөр нотлох баримт/-г нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь үндэслэлгүй бөгөөд хэргийн байдалд бодит бус дүгнэлт хийсэн явдал гэж үзэж байна. Бодит байдал дээр гэрээний үнийн өсөлт нь валютын 18,32 хувийн өсөлтөөс ч бага байх ёстой. Учир нь Б.Н 2021.07.09-ний өдрийн байдлаар гэрээний дагуу төлбөр төлж байх явцад “Т” ХХК-д 37,630,000 төгрөг төлсөн байсан. Энэ нь нийт үүргийн гүйцэтгэлийн 51,81 хувь болно. Тухайн өдрийн ам.долларын ханш 2,848.85 төгрөг байсан нь гэрээ байгуулах үеийнхээс 9.5 хувиар өссөн үзүүлэлт юм юм. Энэ нь 9.5 хувийн өсөлт юм. Иймд гэрээний үнийн нэмэгдлийг үүргийн гүйцэтгэлийн аль хэсэгт нь ямар хэмжээний нэмэгдэл оногдож байна вэ гэдгийг валютын ханшийн нэмэгдэлтэй уялдуулан график гарган тооцохгүйгээр мэдэгдэл өгсөн өдрийн валютын ханшийн мэдээгээр тооцох боломжгүй юм.

Дээрхээс гадна магадлалд орон сууц захиалан бариулах гэрээ биш худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэжээ. Хэрэв тийм бол шүүх үүнийг зөвтгөж шийдвэрлэх эсвэл зөвтгүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах боломжтой байсан. Энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл огт биш юм.

Б.Н- нь орон сууц захиалгын гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газарт урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж бүртгүүлсэн, гэрээний үүргээ нэр төртэйгөөр бүрэн биелүүлсэн, хариуцагч тал ямар ч тохиолдолд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэж гэрээнд заасан байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалаа уншиж танилцуулахдаа гуравдагч этгээд нь орон сууцыг түрүүлж эзэмшилдээ авсан тул давуу эрхтэй байна гэж танилцуулсан ч энэ талаар магадлалд ямар нэг зүйл тусгаагүй байна. Гуравдагч этгээдийн тухайд орон сууцны үнийг төлсөн эсвэл орон сууцны үнэд дүйцэх ажил үйлчилгээг “Т “ХХК-д үзүүлсэн гэх нотлох баримт байдаггүй. “Т” ХХК-ийн барьж буй орон сууцыг барихад туслан гүйцэтгэгчээр ажилласан гэх боловч тэдний хооронд байгуулсан гэрээнд ямар нэг үнийн дүн байдаггүй. Гуравдагч этгээд орон сууцны үнийг төлсөн эсэх тодорхойгүй байхад үнийг нь бүрэн төлсөн анхны захиалагчаас давуу эрхтэй гэж үзэх боломжгүй юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.26-ны өдрийн 210/MA2026/00221 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ы хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.10-ны өдрийн 001/ШХТ2026/00475 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Би 2020 оны 07-р сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт нярваар ажиллаж байсан ба 2020.08.31-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Т” ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хөнгөлөлттэй үнээр орон сууц захиалан бариулах төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд “Т” ХХК-тай 2020.07.17-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, 1 м.кв талбайн үнийг 1,100,000 төгрөг байхаар тохиролцсон. 2020.08.28-ны өдрийн гэрээгээр орон сууц ашиглалтад орох хугацааг хойшлуулж, алданги төлөхгүй байхаар өөрчлөлт оруулахдаа 1 м.кв талбайн үнэлгээг 1,000,000 төгрөг байхаар гэрээнд өөрчлөлт оруулсан. Гэрээний дагуу нийт 72,630,000 төгрөг төлж, үүргээ биелүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч компани гэрээний 3.1-д заасан 2021 оны 4-р улиралд ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн ба 2024 оны 03-р сард барилгыг ашиглалтад оруулж, улсын комисс ажиллаж эхэлсэнтэй зэрэгцээд 1 м.кв талбайн үнийг 2,209,000 төгрөгөөр тооцох, гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй бол гэрээг цуцална гэсэн албан бичиг, шаардлага ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Үнэ нэмэгдсэн тухайд барилгыг барьж дуусгахаас өмнө 2024 оны байдлаар төгрөгийн гадаад валюттай харилцах ханш 22,4 хувиар өссөн болох нь нийтэд илэрхий үйл баримт. Түүнчлэн барилгын материал, ажиллах хүчний зардлын үнэ Ковид-19 цар тахлаас шалтгаалан өссөн. Энэ нь нотлох баримтаар гаргаж өгсөн үнийн өсөлтийн харьцуулсан тайлан буюу мэргэшсэн төсөвчний гарсан тайлангаар тогтоодох ба 1 м.кв тутам барилгын өртөг 1,163,737 төгрөгөөр өсөж, 2,163,737 төгрөг буюу 116,37 хувиар өссөн. Гэрээнд өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгчид 2023.10.16-ны өдрийн 10-16/60, 2024.03.05, 2024.03.22-ны өдөр тус тус албан бичгээр удаа дараа мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй, ... нэхэмжлэгч нь дээрх өөрчлөгдсөн нөхцөл байдлыг эс зөвшөөрсөн тул манай компанийн зүгээс Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, тус орон сууцыг гуравдагч этгээд Ш.С-д худалдсан тул анхны нөхцөлөөр гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн. ...” гэж маргажээ.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.С нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Өмнөх өмчлөгчийн асуудлыг мэдээгүй. Хэргээс үзэхэд өмнөх гэрээг цуцалсан гэж ойлгож байна. Цуцалсан гэдэг нь миний ойлгож байгаагаар гэрээ хэрэгжихгүй болсон. Биелэлтийг шаардах боломжгүй. Зөвхөн өгсөн авсан зүйлээ буцаах, нэмээд хохирол байдаг.” гэжээ.

10. Анхан шатны шүүх “... талуудын гэрээ цуцлагдаагүй, хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөн тул гэрээний үнэ талбайн нэгж үнэ 1,100,000 төгрөгөөс 2,209,000 төгрөг байхаар өөрчлөлт оруулах санал гаргасан байх ба саналыг гэрээний эсрэг тал зөвшөөрөөгүй, хариуцагч энэ талаар шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгч энэ үнээр төлбөр төлөх үүрэггүй, ... талууд талбайн үнийг 1,300,000 төгрөгийн санал хүргүүлж байсан ч тохиролцоонд хүрээгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй байх тул талбайн үнийг 1,100,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзнэ. ... “Т” ХХК нь нотлох баримтаар Геодези, зураг зүйн газрын ажилчдын орон сууцны барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн харьцуулсан төсөв гаргаж өгснийг шинжлэн судлахад 2020 оноос 2024 оны хооронд орон сууцны м.кв-ын үнэ валютын ханшны өсөлт, ажиллах хүчний зардал, Ковид-19, нийтийг хамарсан гамшиг, барилгын материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалан 2,209,000 төгрөг хүртэл өссөн байх ба хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Гуравдагч этгээд Ш.С-гийн хувьд ... түүнийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч гэж үзэх, хариуцагчийг нэхэмжлэгчтэй байгуулсан, гэрээ цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...Хэрэв гуравдагч этгээд эрхээ зөрчсөн гэж үзвэл гэрээ байгуулсан этгээдээс үнийг шаардах эрхтэй. Хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан захиалгын гэрээг дээрх үндэслэлийн аль тохирох үндэслэлээр гэрээг цуцлах эрх нь нээлттэй байсан ба баримтаар Б.Н-тай байгуулсан гэрээг цуцалсан байдал тогтоогдоогүй. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулна. ...Нийтийн зориулалттай орон сууцнаас сууц сонгон авах харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахгүй. Харин орон сууц сонгон өмчлөхийг зорьсон иргэний оролцоогүйгээр төсөл хэрэгжүүлэгч, ажил гүйцэтгэгчийн мэдэлд бүтээгдсэн гэрээний зүйлийг бэлэн болмогц өмчлөлдөө шилжүүлэн авах туйлын зорилготой тул төсөл хэрэгжүүлэгч, ирээдүйд өмчлөх эрх бүхий этгээд хоёрын хооронд үүссэн эрх зүйн харилцааг худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлно. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэгч Б.Н-д орон сууцны 1 м.кв-ын үнэ нэмэгдэж байгаа тухай 2023.10.16-ны өдрийн 10-16/38 тоот, 1 м.кв-ын үнэ 2,209,000 төгрөг болсонтой холбоотой нэмэлт гэрээ байгуулах тухай 2024.03.05-ны өдрийн 03-05/48 тоот, нэмэлт гэрээ байгуулах хугацаа тогтоож, гэрээ байгуулаагүй тохиолдолд гэрээ цуцлах талаар 2024.03.22-ны өдрийн 03-22/06 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн байна. ...Хэрэгт авагдсан баримтаар барилга барих үеийн төсөвт өртөг 16,286,781,991 төгрөгөөр буюу нэгж талбайн үнэ 1,163,737 төгрөгөөс өссөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон ба Монголбанкнаас зарласан ам.долларын ханш гэрээ байгуулах үед /2020.08.28/ 2,852.83 төгрөг байсан бол гэрээнд өөрчлөлт оруулах мэдэгдэл өгөх үе /2024.03.05/-ийн байдлаар 3,375.68 төгрөг болсон нь 18,32%-аар өссөн үзүүлэлт байна. ... Хариуцагч өөрчлөгдсөн нөхцөлд байдалд гэрээг зохицуулах арга хэмжээ авахыг нөгөө талд мэдэгдсэн, хугацаа тогтоосон, гэрээ цуцлах мэдэгдэл өгч байсан нь үүнтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгэх боломжгүйн улмаас гэрээнээс татгалзах журмын зохицуулалт болох Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт заасантай нийцсэн тул мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэг дуусгавар болж, нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ. 

12. Дээрх байдлаар хоёр шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ эрх зүйн өөр өөр дүгнэлт хийснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцлээ.

13. Зохигч талууд 2020.07.17-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, 2020.08.28-ны өдөр гэрээнд 1 м.кв талбайн үнийг 1,100,000 төгрөг гэснийг 1,000,000 төгрөг гэж өөрчилсөн боловч хариуцагч Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөн үндэслэлээр үнийг нэмэхээр мэдэгдсэнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч харилцан тохиролцож чадаагүйгээс өмчлөх эрх зөрчигдсөн гэж мэтгэлцжээ.

Энэ талаар хоёр шатны шүүх хариуцагчаас “Геодези, зураг зүйн газрын ажилчдын орон сууцны барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн харьцуулсан төсөв” баримт гаргаж өгснийг үнэлж, гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа өөрчлөгдсөн буюу үнэ өсөх бодит шалтгаан байсан гэсэн адил агуулга бүхий дүгнэлт хийсэн боловч анхан шатны шүүх хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй, гэрээг цуцлаагүй гэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй гэж үзжээ.

Зохигч нэгэнт үнийн өсөлтөөс шалтгаалан гэрээнээс татгалзах эсэх асуудлаар маргаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.3-т зааснаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрх, талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжид авах үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн эсэх нөхцөл байдлыг дүгнэх шаардлага үүснэ.

Харин энэ талаар талууд бүрэн хангалттай мэтгэлцсэн гэж үзэх үндэслэлгүй буюу зөвхөн хариуцагч талын гаргаж өгсөн баримтыг үндэслэн дүгнэлт хийх нь нотлох баримтыг үнэлэх журам болон Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08792 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2026/00221 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ы хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.03.16-ны өдөр төлсөн 550,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                            Б.УНДРАХ

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД