Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,   

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Анханбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дүгэрийн Анханбаярт холбогдох эрүүгийн 201719000250 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс Дөрвөд, бага боловсролтой, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг Усан гозгор гэх газарт оршин суух, малчин, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дүгэрийн Анханбаяр /РД:ОР83022817/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Анханбаяр нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг 1000 хурга гэх газарт 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр согтуугаар Л.Батбаатартай урд өмнө малын бэлчээрээс болж муудаж байсан хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан муудалцаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Д.Анханбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Л.Батбаатараас уучлалт гуйж, сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хохирогч Л.Батбаатар хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг 1000 хурга гэх газарт үхрийн баас цэвэрлээд байж байтал цагаан өнгийн машинтай Ц.Рагчаабазар, Д.Анханбаяр нар ирсэн. Ц.Рагчаабазар, Д.Анханбаяр нар нь намайг сумын төв хамт орох уу гэхээр нь би хамт сумын төв орсон. Сумын төв дээр ирээд Ц.Рагчаабазарын эхнэрийг машинд суулгаж өгөөд буцах гэтэл Ц.Рагчаабазар дэлгүүрээс 2 шил архи авсан. Машинд 2 шил архиа ууж дуусаад хөдөө гэр рүү явсан. Би өмнө нь Д.Анханбаяртай бэлчээрээс болж муудалцаж байсан болохоор Д.Анханбаярт хандаж дахин хонио манай талбай руу оруулбал хонийг чинь хашаад торгууль тавина гэж хэлсэн. Замд явж байхад Д.Анханбаяр нүхэн дээгүүр донслоод гарахаар нь чи зөөлөн яваач гэж хэлснээс болж бид хоёр машинаас бууж маргалдаж Д.Анханбаяр намайг хавсарч унагаагаад үснээс зулгаасан. Энэ үед Ууганбаяр бид хоёрыг салгаад намайг мотоциклийн ард сундалж гэрт хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Рагчаабазар хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байхад Д.Анханбаяр сум төв ороод ирье гэхээр нь Д.Анханбаярын машинтай сумын төв рүү явсан. Замд явж байхад Л.Батбаатар, Б.Ууганбаяр хоёрыг замаас аваад сумын төв орж, эхнэр хүүхдээ унаанд суулгаж өгөөд дэлгүүр орж 2 шил архи аваад машин дотор Л.Батбаатар, Б.Ууганбаяр, Д.Анханбаяр нартай уусан. Архиа ууж дуусаад хөдөө гэр рүүгээ явж байгаад Б.Ууганбаярыг гэрийнх нь гадна буулгаад цааш Л.Батбаатарыг гэрт нь хүргэж өгөх гээд замд явж байхад Д.Анханбаяр машинтайгаа нүхэн дээгүүр харайхад Л.Батбаатар уурлаад чи муу зөөлөн яв гээд хоорондоо маргалдсан. Замд явж байгаад Д.Анханбаяр машинаа зогсоогоод машинаас гарч Л.Батбаатар, Д.Анханбаяр хоёр муудалцсан. Би тухайн үед нилээд согтуу байсан, тэр хоёрыг юунаас болж муудсаныг ойлгоогүй, Л.Б.Батбаатар, Д.Анханбаяр нарын хооронд урьд өмнө хэрүүлийн асуудал байсан байх, юуны тухай гэдгийг ойлгоогүй....гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Ууганбаяр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Ганхүүгийн фермийн урд талд хонинд явж байхад Д.Анханбаяр, Ц.Рагчаабазар нар цагаан өнгийн машинтай ирээд дуудахаар нь очтол Төв аймгийн Баянчандмань сумын төв ороод ирэх үү гэхээр нь би зөвшөөрч машинд суугаад сумын төв рүү явсан. Сумын төв дээр ирээд дэлгүүрээс Ц.Рагчаабазар 2 шил архи худалдан авч, машинд архиа хувааж ууцгаасан. Архиа ууж дуусаад хөдөө рүү буцаж би мотоцикль орхисон газраа бууж үлдээд Д.Анханбаяр, Ц.Рагчаабазар, Л.Батбаатар нар цааш явсан. Би малаа туугаад байж байтал Д.Анханбаярын машин гэрийн цаана зогсож байхаар нь очтол Л.Батбаатар газар хэвтчихсэн, Д.Анханбаяр намайг зодсон, машинаараа дайрна гээд намайг хөөсөн гэж хэлэхээр нь би Л.Батбаатарыг гэрт  нь хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлт: Л.Батбаатарын биед духанд зулгаралт, зүүн мөр, зүүн гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Анханбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг 1000 хурга гэх газарт согтуугаар Л.Батбаатартай урьд өмнө малын бэлчээрээс болж муудаж байсан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний бие махбодид буюу духанд зулгаралт, зүүн мөр, гуяанд цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлт,

хохирогч Д.Батбаатарын.... “би өмнө нь Д.Анханбаяртай бэлчээрээс болж муудалцаж байсан болохоор Д.Анханбаярт хандаж дахин хонио манай талбай руу оруулбал хонийг чинь хашаад торгууль тавина гэж хэлсэн. Замд явж байхад Д.Анханбаяр нүхэн дээгүүр донслоод гарахаар нь чи зөөлөн яваач гэж хэлснээс болж бид хоёр машинаас бууж маргалдаж Д.Анханбаяр намайг хавсарч унагаагаад үснээс зулгаасан”...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

гэрч Б.Ууганбаярын... “би малаа туугаад байж байтал Д.Анханбаярын машин гэрийн цаана зогсож байхаар нь очтол Л.Батбаатар газар хэвтчихсэн, Д.Анханбаяр намайг зодсон, машинаараа дайрна гээд намайг хөөсөн гэж хэлэхээр нь би Л.Батбаатарыг гэрт  нь хүргэж өгсөн”...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/ шүүгдэгч Д.Анханбаярын хэрэг бүртгэлтийн шат болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Анханбаярыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Батбаатар нь шүүгдэгч Д.Анханбаяртай  сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.  

 

Шүүгдэгч Д.Анханбаярт холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч Д.Анханбаяр нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Л.Батбаатар нь шүүгдэгч Д.Анханбаяртай эвлэрч байх тул Д.Анханбаярт холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Л.Батбаатар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Боржигон овогт Дүгэрийн Анханбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.Батбаатар нь шүүгдэгч Д.Анханбаяртай сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Анханбаярт холбогдох 201719000250 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Батбаатар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.  

            4. Д.Анханбаярт урьд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай  баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Анханбаярт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БУЯНТОГТОХ