Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/386

 

 

 

 

 

 

 

 

2024     09        20                                           2024/ШЦТ/386

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга П.П

    Улсын яллагч Г.А

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

    Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай ирүүлсэн Л.Э-д холбогдох эрүүгийн 2425000000473 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Л.Э

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Э нь согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багийн нутаг дэвсгэрт Hyundai маркийн Sonota-6 загварын **** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.25 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцон, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгаа” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурлын хэмжээ шалгасан баримт. /хх-ийн 05-08-р тал/

2. Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Энгэрийн камерын цэс рүү ороход \Video, photo, audio гэсэн сонголттой байх ба \video гэсэн цэс рүү ороход олон тооны бичлэгүүд байлаа. Тэдгээрээс хэрэгт ач холбогдолтой 0436cb3bc1599bd270c9e490f9ee5227ce14d303d31b3129af133b4739b21887_617ec0-02-08a8bc7390e01гэсэн нэртэй бичлэгийг тоглуулахад 02 минут 07 секундийн бичлэг байлаа. Бичлэг эхлэнгүүт цагдаагийн алба хаагч нь улбар шар өнгийн футволктой, саарал мөрөвчтэй өмдтэй эрэгтэй буюу Л.Э-тай юм ярьж түүний согтолтыг драйгер багажаар шалгах ба 1.25 хувийн согтолттой гэж гарч байлаа.Л.Э нь айраг уусан, тэндээс энэ хүртэл машин жолоодсон гэж ярьж байлаа. Үзлэгээр тус камерын бичлэгийг хуулбарлаж дискинд буулгахаар хуулбарлахаар тогтоов” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 15-17-р тал/

3. Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 0536380 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас. /хх-ийн 23-р тал/

4. Гэрч И.М-ий “Би 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед олон нийтийн цагдаа Б.Н-ын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Найрамдал багийн нутагт байрлах Сүмийн уулзвар дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд хөдөлгөөнд оролцож явсан **** ОРО улсын дугаартай Хюндай Сонота 6 загварын тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Л.Э гэх эрэгтэй жолоодож явсан юм. Тус жолооч нь ганцаараа явж байсан бөгөөд тэрээр эрхээ хасуулчихсан байсан. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Түүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэж асуухад тийм ээ, айраг уусан гэж хэлсэн. Тэгээд тус жолоочийг драйгер багажаар түүний согтолтыг шалгахад 1.25 хувийн согтолттой гарахаар нь тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан юм. Тус үйл явдлыг би өөрийн энгэрийн камертаа бичсэн байгаа юм. Ийм л үйл явдал болсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-р тал/

5. Яллагдагч Л.Э “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би удаанаар уншиж чаддаг бөгөөд харин бичиж чаддаггүй, гарын үсгээ л зурдаг юм. Би 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дөмөг захын хажууд нэг айлд 3-уулаа хоёр шил архийг хувааж уусан юм. Тэгээд би тэндээсээ өөрийн эзэмшлийн **** ОРА улсын дугаартай, саарал өнгийн Хюндаи Соната-6 загварын тээврийн хэрэгсээ жолоодон явж байтал Найрамдал багийн Сүмийн уулзварын орчимд цагдаа намайг зогсоож шалгасан бөгөөд миний согтолтыг багажаар шалгасан юм. Тэгэхэд 1.25 хувийн согтолттой гарсан бөгөөд тухайн үед би ганцаараа явсан юм. Машин маань худалдаж авсан хүний нэр дээр байдаг бөгөөд би өөрийн нэр дээрээ шилжүүлж амжаагүй байгаа юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй бөгөөд 2023 оны 12 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-р тал/

6. Цагдаагийн ерөнхий газрын “2018 оны 06 дугаар сарын 26- ны өдөр үнэмлэх олгож 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эрх хассан” гэх лавлагаа /хх-ийн 44-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багийн нутаг дэвсгэрт Hyundai маркийн Sonota-6 загварын **** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.25 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацагаар хасч, 27000 нэгж буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэх зүйлгүй. Эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтан явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурлын хэмжээ шалгасан баримт, мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургууд, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 0536380 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, гэрч И.М-ий “жолооч нь ганцаараа явж байсан бөгөөд тэрээр эрхээ хасуулчихсан байсан. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Түүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэж асуухад тийм ээ, айраг уусан гэж хэлсэн. Тэгээд тус жолоочийг драйгер багажаар түүний согтолтыг шалгахад 1.25 хувийн согтолттой гарахаар нь тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан юм” гэх мэдүүлэг, яллагдагч Л.Э “Би 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дөмөг захын хажууд нэг айлд 3-уулаа хоёр шил архийг хувааж уусан юм. Тэгээд би тэндээсээ өөрийн эзэмшлийн **** ОРА улсын дугаартай, саарал өнгийн Хюндаи Соната-6 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явж байтал Найрамдал багийн Сүмийн уулзварын орчимд цагдаа намайг зогсоож шалгасан бөгөөд миний согтолтыг багажаар шалгасан юм” гэх мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Э нь согтуурулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багийн нутаг дэвсгэрт Hyundai маркийн Sonota-6 загварын **** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.25 хувийн согтолттой жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Адъяабатын Түвшинжаргалын эзэмшлийн **** ОРО улсын дугаартай Hyundai маркийн Sonota-6 маркийн тээврийн хэрэгслийг 1.25 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Э-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Л Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 2 700 000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А