Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/410

 

 

 

 

 

 

 

2024      10        07                                            2024/ШЦТ/410

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2425000000530 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Золотой Руно” ХХК-ийн зуурмагийн үйлдвэрийн хашаанд байх ажилчдын байранд хохирогч Б.Д-тай маргалдан нүүрэн тус газарт толгойгоороо мөргөсөн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах БОЭТ-ийн орчимд хохирогч Б.Д-ийн нүүрэн тус газарт дахин мөргөж түүний эрүүл мэндэд нь “нүүр, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, дээд урууланд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй” гэв.

 

Хохирогч Б.Д “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Д-ийн “2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг Золотой Руно зуурмагийн үйлдвэр дээр ирж бетон шахдаг машиндаа урсгал засвар хийж байгаад зуурмагийн үйлдвэрт ажилладаг ажилчид үл таних 4 хүн үйлдвэрийн хашаан дотор байрлах амбаарт архи ууж байхаар нь би орсон Эдэн нэртэй 1 литрийн архи байсан. Тэгээд надад аягалаад өгөхөөр нь би хамт архи уусан. Тэгээд тэнд байсан хүмүүс тараад явсан. Тэгээд Б бид хоёр үлдсэн архийг хувааж ууж сууж байгаад хоорондоо маргалдсан. Би Бг одоо явъя гэж хэлээд сандал дээрээсээ босоход Б сууж байсан сандалнаасаа босоод миний нүүр хэсэг рүү шууд мөргөсөн. Миний хамарнаас цус гоожоод байхаар нь би газар суугаад Бг яаж байгаа юм бэ яасан тэнэг хүүр вэ миний нүүр ам муухай болчихлоо гэж хэлсэн чинь Б хэсэг харж зогсоод чи намайг зөндөө доромжилж, салаавч гаргалаа гэж надад хэлсэн. Тийм зүйл болоогүй чи согтуу балайрсан юм биш үү гэж хэлээд бид хоёр амбаараас гараад үүдийг нь цойжилсон тэгээд би Бг нэг удаа нүүрэн хэсэгт алгадсан. Гэтэл Б-гийн амнаас нь цус гарсан байсан. Б чи намайг дахиж зохих хэрэггүй шүү би чамайг зөрүүлээд адилхан цохино шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиад нэг удаа нүүрэн хэсэгт алгадсан чинь намайг дахин нэг удаа нүүрэн хэсэгт толгойгоороо мөргөсөн миний уруулнаас цус гойжоод байсан. Б тэгээд яваад өгсөн. Би зам руу гарч таксинд суугаад гэртээ харьсан. Гэртээ очтол манай эхнэр чи яасан юм бэ хүнд зодуулсан юм уу гээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Бид урьд өмнө бие биенээ таньдаггүй байсан. Танилцаад удаагүй байгаа. Уг нь бол зодоон болох асуудал болоогүй яагаад намайг мөргөсөн талаар би мэдэхгүй байна. Б тухайн үед их согтуу байсан болохоор хэсэгхэн зуур ухаан санаа нь балартаад намайг мөргөж миний биед халдсан байх. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Уг асуудлаас болж миний дээд уруулны дотор хэсэгт язарч 3-4 ширхэг оёдол тавиулсан. Мөн хамар мурийсан. Одоо миний уруул болон хамар хэсэг хавдартай байгаа. Одоо миний биед өвдөж зовиурласан зүйл байхгүй... Б.Б надад эмчилгээний зардал гэж 340 000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13, 15-р тал/

2. Гэрч Д.Ө-ийн “Б.Б нь миний нөхөр, хамт амьдраад 18 жил болж байна. Тухайн өдөр барилгачидын баярын өдөр байсан. Манай нөхөр өглөө ажилдаа явсан. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад цагдаагийн газраас дуудахаар нь ажлаасаа чөлөө аваад цагдаагийн газарт очиж нөхөртэйгээ уулзаж юу болсон талаар асуухад хамт ажилладаг Д-тай муудалцаж манай нөхөр Д-г мөргөж гэмтээсэн байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р тал/

3. Гэрч Г.Д-ын “Унтаж байгаад сэрээд хамт дахиж пиво уусан. Б, Д хоёртой юм ярьж сууж байгаад Б Д-г одоо болно шүү зөндөө тэвчлээ гээд өндөр дуугаар хэлсэн. Та хоёр яачихаад байгаа юм бэ гэж би асуутал Д, Б-д салаавч гаргаад Б одоо болно гээд босож ирээд мөргөөд Д-гийн хамарнаас цус гарсан. Тэгээд гурвуулаа эмнэлэг орж үзүүлье гээд такси бариад эмнэлэг явж байтал хоорондоо маргалдаж хэрэлдээд Бүсийн эмчилгээ оншилгооны урд зам дээр Б, Д буучихаад дахиад хэрүүл маргаан хийгээд байсан. Би тухайн такситай гэртээ харьсан. Б.Б, Б.Д-г салаавч гаргаад байхаар нь толгойгоороо миний харсанаар 1 удаа мөргөж хамарнаас нь цус гарч хамар нь гэмтсэн байсан. Б.Д, Б. Б бид гурав байсан. Өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-р тал/

4. Гэрч Б.Д-ийн “Барилгачидын баяр гээд ажлынхантайгаа архи уусан байсан. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад миний нөхөр Д миний гар утас руу залгаад хүнд цохиулчихлаа гээд залгасан. Тэгээд удалгуй 5-10 минутын дараа гэртээ орж ирсэн. Намайг харахад манай нөхөр хамар нь муруйсан цус гарсан уруул хавдсан байсан. Тухайн өдөр гадаа бороо орж байсан учир нөхрийнхөө хувцасыг солиод эмнэлэг явсан. Замдаа би чи хэнд цохиулсан юм бэ гэж асуухад Ө намайг мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлж хамрын зураг авхуулсан хамар нь хугарсан байсан. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгсөн. Би зодуулсан гэх Ө рүү залгаад эмнэлэг дээр ир гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р тал/

5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 801 дугаартай “Б.Д-ийн биед нүүр, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, дээд урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р тал//хх-ийн 30-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Золотой Руно” ХХК-ийн зуурмагийн үйлдвэрийн хашаанд байх ажилчдын байранд хохирогч Б.Д-тай маргалдан улмаар нүүрэн тус газарт толгойгоороо мөргөсөн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах БОЭТ-ийн орчимд хохирогч Б.Д-ийн нүүрэн тус газарт дахин мөргөж түүний эрүүл мэндэд нь “нүүр, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, дээд урууланд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Д-ийн “Б сууж байсан сандалнаасаа босоод миний нүүр хэсэг рүү шууд мөргөсөн. Миний хамарнаас цус гоожоод байхаар нь би газар суугаад Б-г яаж байгаа юм бэ яасан тэнэг хүүр вэ миний нүүр ам муухай болчихлоо гэж хэлсэн чинь Б хэсэг харж зогсоод чи намайг зөндөө доромжилж, салаавч гаргалаа гэж надад хэлсэн, би дахиад нэг удаа нүүрэн хэсэгт алгадсан чинь намайг дахин нэг удаа нүүрэн хэсэгт толгойгоороо мөргөсөн миний уруулнаас цус гойжоод байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Д-ын “Д Б-д салаавч гаргаад Б одоо болно гээд босож ирээд мөргөөд Д-гийн хамарнаас цус гарсан. Тэгээд гурвуулаа эмнэлэг орж үзүүлье гээд такси бариад эмнэлэг явж байтал хоорондоо маргалдаж хэрэлдээд Бүсийн эмчилгээ оншилгооны урд зам дээр Б, Д буучихаад дахиад хэрүүл маргаан хийгээд байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Д-ийн “Намайг харахад манай нөхөр хамар нь муруйсан цус гарсан уруул хавдсан байсан. Замдаа би чи хэнд цохиулсан юм бэ гэж асуухад Ө намайг мөргөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 801 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Золотой Руно” ХХК-ийн зуурмагийн үйлдвэрийн хашаанд байх ажилчдын байранд хохирогч Б.Д-тай маргалдан нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах БОЭТ-ийн орчимд хохирогч Б.Д-ийн нүүрэн тус газарт дахин мөргөж түүний эрүүл мэндэд нь нүүр, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, дээд урууланд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-ы эрүүл мэндэд нь нүүр, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, дээд урууланд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хохирол төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А