Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/757

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч О.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт О-ийн Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2405000001173 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг *** хороо жанжин *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-ийн Ц-.

 

Шүүгдэгч О.Ц- нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вояж зочид буудлын гадна талын тамхи татах цэг дээр үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч Б.А-ийн нүүрэн тус газар цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны чихэгдсэн зөрүүтэй хугарал, таславчийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор буланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Б.А-ийн “2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шөнө ажлын ах Энхцогттой уулзаад Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Вояж зочид буудлын хажууд байрлах уушийн газар руу ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн.

Би тамхи татах гээд уушийн газрын гадаа зогсож байсан. Тамхи татаад зогсож байхад нүдний шилтэй залуу нь нэлээн согтуу намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд хоорондоо барьцалдсан. Тэгээд миний хамар руу 2-3 удаа гараараа цохисон. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан.

Миний хамрын таславч хугарсан. Би 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хагалгаанд орсон.

Тухайн залуу хоёр гарандаа шивээстэй бордуу царайтай, нүдний шил зүүдэг, 175 см орчим өндөртэй, 30 орчим насны залуу байсан. Би царайг нь харвал шууд танина.

... Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дахь тал/

 

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 22-30 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 10476 дугаартай:

“1. Б.А-ийн биед хамар ясны чихэгдсэн зөрүүтэй хугарал, таславчийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3.4. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

5.6.7. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 43-44 дэх тал/

 

О.Ц-ын яллагдагчаар өгсөн “... 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо Вояж зочид буудлын хажууд байрлах уушийн газарт найзынхаа хамт сууж байсан. Би ганцаараа үүдэнд тамхи татаж байсан. Тамхи татаж байхад цагаан өнгийн фудволктой үл таних залуу хүрээд ирсэн. Тухайн залуу нэлээн согтуу байсан. Намайг хараад зогсож байсан.

Хажуу талаас нэг юм яриад байхаар нь би уурлаад нэг удаа түлхээд хоорондоо барьцалдаж авсан. Бид хоёр шат руу унасан. Босож ирээд тухай залуугийн нүүр рүү нэг удаа цохисон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 53-55 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч О.Ц- нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вояж зочид буудлын гадна талын тамхи татах цэг дээр үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.А-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны чихэгдсэн зөрүүтэй хугарал, таславчийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор буланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шинжлэн судласан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.Ц- нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн хохирол санаатай учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 10476 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааг хийж дууссаны дараа хэргийг прокурорт шилжүүлэх явцад хохирогч Б.А-ийнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой зардалд шүүгдэгч О.Ц-аас 574,500 төгрөгийг төлсөн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хэргийн 75 дахь тал/ авагдсан байх ба хохирогч Б.А-ийн нь “... Ямар нэгэн сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй ...” гэсэн хүсэлтийг /хэргийн 76 дахь тал/ гаргажээ.

Иймд шүүгдэгч О.Ц-ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Ц- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ц-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ц-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Ц- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ