| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2024/0697/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/767 |
| Огноо | 2024-10-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Д.Агар,
хохирогч Б.М- түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн,
шүүгдэгч С.Д- түүний өмгөөлөгч Г.Ичинхорол нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Б овогт С-ын Д-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2403002080363 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Архангай аймаг Их тамир суманд төрсөн, *** настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудын хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт С-ын Д-.
Шүүгдэгч С.Д- нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сангийн далай ХХК-ны арын замд 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим согтуурсан үедээ Volvo FH12-42T маркийн **-** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ согтуурсан, мансуурсан ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.14-д заасан “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас М.О-, Б.М- нарыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М- мэдүүлэхдээ: “4 дүгээр сарын 08-ны өдөр Б- автомашин авч Д- бид хоёр Б-ийн автомашины гэрлийг зассан. Тэгээд автомашинд архи хуваан уусан. Тухайн үед би согтуу байсан. Автомашины баруун хойно сууж байхад энэ осол гарсан. Одоо миний биеийн байдал хүнд байна. Шөнө унтаж чадахгүй байгаа.
Мөн 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр З гэх хүнтэй Howo маркийн автомашин болон чиргүүлийг сард 10,000,000 төгрөг төлөхөөр тохиролцон 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Осол гарснаас хойш түрээсийн мөнгийг өгөх боломжгүй болсон. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Баримтаар эмчилгээний зардал 3,508,168 төгрөг нэхэмжилж байна. Гэмт хэргийн улмаас ажилгүй байсан 5 сарын хугацааны орлого 62,059,130 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хэргийн 5-6 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7-10 дахь тал/
Хохирогч Б.М-ын “... 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Д-ын машинд цахилгааны ажил хийсэн. Өдөр 15 цагийн орчимд Д-, О- бид гурав 2 шил архи хувааж уусан. Би тухайн үед машинаас буугаад /баруун талаар нь/ хойд дугуйнаас зайтай гадаа газар суусан. Тэгсэн машин асах шиг болоод ухраад О- бид хоёрыг сууж байхад хөл дээгүүр дайраад гарчихсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 16-20 дахь тал/
Хохирогч М.О-ын “... машин дээр нь очоод замаараа 2 шил архи аваад түүнийгээ бид гурав Д-ын машинд хувааж уугаад би нэлээн согтоод болсон асуудлыг тодорхой санахгүй байна. Нэг мэдсэн би эмнэлэгт сэрсэн.
Харин дараа нь Д- надад унтраасан байсан машинаа асаагаад хойно байсан М- бид хоёрыг мэдэхгүй ухраад дайрчихсан гэж байсан. Яагаад машин асааж хөдөлсөн талаар би санахгүй байгаа.
... Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний биеийн байдал хадуулсан хөл бороолж эхэлж байна. Шарх нь гүйцэт эдгээгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С-ийн “... Дээрх гэмт хэргийн улмаас явган зорчигч хохирогч Бямбасүрэнгийн М- /АГ83111514/ нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,332,080 төгрөг гарсныг яллагдагч С.Д-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал/
“... хохирогч Манлайгийн О- /АГ79120317/ нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,273,790 төгрөг гарсныг яллагдагч С.Д-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №4870 дугаартай:
“...1. М.О-ын биед баруун талын тахилзуур яс, дотор хавчаар ясны хугарал, баруун зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун чих, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 55-56 дахь тал/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №4868 дугаартай:
“...1.Б.М-ын биед баруун умдаг ясны дээд салаа зөрөөгүй, доод салаа бага зэрэг зөрсөн, ууцны 2-р нугалмын баруун хөндлөн масс зөрөө багатай, зүүн умдаг ясны их биеийн дээд гадаргуугийн сэлтэрсэн хугарал, зүүн гуя, шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал/
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр №1000198 дугаартай дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 79-85 дахь тал/
Мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №779 дугаартай:
“... 2. Volvo FH12-42T маркийн **-** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Д- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:, Арав. Хөдөлгөөний эхлэх болон чиг өөрчлөх 10.14 Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
3. Явган зорчигч М.О-, Б.М- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэсэн дүгнэлт. / 1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/
Шинжээч Б.Г-ийн “... Б.М-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Гэмтэл нь эдгэрч бороолсны дараа энгийн хөдөлмөрийн чадвар буюу өөртөө үйлчлэх алдагдахгүй. Б.М-ын биед гэмтлээс үүссэн үлдэх хор уршиг тогтоогдоогүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 185-186 дахь тал/
С.Д-ын яллагдагчаар өгсөн “... 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө босоод О-, М- нарын авчирсан 0,75 литрийн Агар нэртэй архийг бид гурав хувааж уусан. Би уусан архиндаа согтоод юу болж байгааг ойлгоогүй. Гэнэт машины хойно хүн орилох шиг болоод очсон чинь О-, М- нар хоёулаа газар суучихсан О- надад хандаж чи бид хоёрын хөлийг дайрчихлаа гэж хэлэхээр нь би өөрийнхөө 88017137 тоот дугаарын утаснаас цагдаа эмнэлэг дуудсан.
... Би тухайн үед өөрийнхөө гар утсаар цагдаа болон эмнэлэг дуудчихаад түрүүлээд эмнэлэг ирэхээр нь М-, О- хоёрыг өргөлцөж эмнэлгийн машинд суулгаж явуулсан. Сэтгэл санаа давчдаад их хэцүү байсан болохоор М-, О- хоёрын араас Гэмтлийн эмнэлэг дээр очоод орж чадахгүй, гадаа нь зогсож байгаад гэртээ харьсан. Маргааш өглөө сэрэхэд танихгүй дугаар залгасан байхаар нь цагдаа байна гэж мэдээд өөрөө залгаж яриад хаана очих бэ гэж асуухад осол болсон газар машин дээрээ хүрээд ир гэж хэлэхээр нь очсон.
Надад нэмж ярих зүйл байхгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Би хэргийн газрыг орхиж яваагүй. Араас нь Гэмтлийн эмнэлэг дээр очоод орж чадаагүй юм. Би өөрийн гэмээ ухаарч өөрийнхөө гар утсаар эмнэлэг, цагдаа дуудсан. М-, О- хоёртой эмнэлгийн машин иртэл хамт байсан. Хохирлоо бүрэн төлж барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 113-115 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Д-, хохирогч М.О-, Б.М- нар нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сангийн далай ХХК-ны арын зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд 17 цагийн орчим шүүгдэгч С.Д- нь Volvo FH12-42T маркийн **-** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх явцдаа тээврийн хэрэгслийн ард байсан хохирогч М.О-, Б.М- нарыг дайрч тэдгээрийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Д- нь согтуурсан үедээ Volvo FH12-42T маркийн **-** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйн улмаас явган зорчигч М.О-, Б.М- мөргөсний улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч М.О-, Б.М- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон.
Шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогч М.О- нь “... миний бие С.Д-т холбогдох хэргийн хохирогчоор тогтоогдсон эмчилгээний зардалд 2,000,000 /хоёр сая/ орчим төгрөг авсан. Өөр нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд нөлөөлөх хохирол тогтоолгохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлтийг ирүүлсэн.
Харин хохирогч Б.М- нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдох гарсан зардалд баримтаар шүүхийн хэлэлцүүлэгт 814,222 төгрөгийг, мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,953,606 төгрөгийг /1 дэх хавтаст хэргийн 145-154, 155-178 дахь тал/ нийт 4,767,828 төгрөгийг, мөн ажилгүй байсан 5 сарын хугацааны орлого 62,059,130 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг тус тус нэхэмжилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Д-аас 6,360,000 төгрөгийг төлсөн байх тул эмчилгээний зардлыг төлж барагдуулсан гэж шүүх үзсэнээс гадна түүний ажилгүй байсан хугацааны орлогыг тооцох боломжгүй байна.
Гэхдээ хохирогч Б.М- нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих ... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.
Мөрдөгчөөс хохирогч Б.М- сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын гуравдугаар зэрэглэлээр тогтоосныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх тул уг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн ба шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгчээс 13,200,000 төгрөгийг төлсөн талаарх Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэсэн баримтыг гарган өгсөн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2,605,870 төгрөгийг шүүгдэгчээс төлж барагдуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг гаргав.
Хохирогчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэн шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг, харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорол шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1441 дугаартай захирамжаар С.Д-ын эзэмшлийн Volvo FH12-42T маркийн **-** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, Schmitz маркийн 82-51 АА улсын дугаартай чиргүүлийг тус тус битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.Д-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар С.Д-ыг тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Д- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Д-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг тэнссэн үеэс тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх зааснаар хохирогч Б.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1441 дугаартай захирамжаар С.Д-ын эзэмшлийн Volvo FH12-42T маркийн **-** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, Schmitz маркийн 82-51 АА улсын дугаартай чиргүүлийг тус тус битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ