Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2022/00192

 

 

 

 

 

  2022         02             16                                       151/ШШ2022/00192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Д.Отгончулуун, Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:                                                                                                                                                    

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух ... овогт П.Д,

 Нэхэмжлэгч: ...  тоотод оршин суух ..... овогт Б.Г,

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух .... овогт Д.Б нар,

Хариуцагч: .... оршин суух .... овогт Б.Ц-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 19,720,400 төгрөг гаргуулах,

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгч П.Д, Б.Г, Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч Н.Болорчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал,

Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 11 дүгээр  сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга: Нэхэмжлэгч П.Д, Д.Б, Б.Г  нар нь шүүхэд гаргасан: 2020 оны 4 дүгээр сард ... нутаг дэвсгэр Цацагт хяруулын талбай гэх газарт нийт 13 га талбайд ...  иргэн П.Д, Д.Б, Б.Г  нар төмс тариалсан. Тухайн үед П.Д 4 га талбайд 10 тонн үр, Б.Г 6 га талбайд 15 тонн үр, Д.Б 3 га талбайд 7,5 тонн үр тус тус тариалсан болно.

 

Дээрх талбайд тариалсан төмсийг 2020 оны 9 дүгээр сарын 10-23-ны өдрүүдэд хураан авч нийт 27 тонн үр, 24 тонн 520 кг товарын /1330 шуудай/ төмсийг ... сумын иргэн Б.Ц-Той аман гэрээ байгуулж тус суман дахь “МАК ХХК-ийн төмс, хүнсний ногоо хадгалах агуулах /зоорь/-д тонн тутамд 40,000 төгрөгөөр хадгалуулахаар тохиролцож нийт 53 тонн 200 кг /1330 шуудай/ төмсийг 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 5 дугаар cap хүртэл хадгалуулахаар тохиролцсон болно.

Бид төмс хадгалах хөлс болох 2,128,000 төгрөгнөөс 800,000 төгрөгийг урьдчилгаа болгон иргэн Б.Ц-ийн Хаан банк дахь ....  тоот дансанд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлж өгсөн.

53.2 тонн төмсийг МАК ХХК-ийн төмс, хүнсний ногоо хадгалах агуулах /зоорь/-д хадгалуулахаар өгөхдөө тус компанийн нярав гэх Б.Ц., агуулахын манаач Н.Б. нарт хураасан төмсний багц бүрт тэмдэглэгээ /тоо, ширхэг/ хийн ямар ч гэмтэлгүй, эрүүл төмс хүлээлгэн өгсөн.

Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, хөл хорио тогтоосны улмаас бид 2021 оны 3 дугаар сард төмсний хадгалалтын байдлыг очиж үзэхэд тус агуулахын дулаан алдалт ихтэй, горим алдагдсан, хураасан төмс дээрээсээ хайрагдсан, цан цохисон байдалтай ялгалт хийх боломжгүй болсон байсан.

Энэ талаар тухайн үед нярав Н.Ц., агуулахын манаач Н.Б. нарт хэлэхэд бид хариуцахгүй гэх мэтээр өөрсдийн буруутай үйл ажиллагааг хаацайлж байсныг бид гар утсан дээр видео бичлэг хийн баталгаажуулж авсан.

Мөн бид ахин 2021 оны 5 дугаар сард төмсний хадгалалт болон төмсөө тариалахаар очиж үзэхэд хураасан төмс бүхэлдээ ус гоожсон, нялцайсан, өмхийрч муудсан байсныг тухай үед хамт очсон үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэн бодит байдлыг баримтжуулж авсан.

Дээрх нөхцөл байдлыг удаа дараа иргэн Б.Ц., агуулахын манаач Н.Б. нарт хэлсэн боловч бид хариуцахгүй гэсээр биднийг хохиролд учруулаад байна.

Иймээс бид тухайн үед олох байсан ашиг, цаг хугацаа, учирсан хохирол зэргийг харгалзан иргэн Б.Ц-оос агуулахад хураасан төмсний хохиролд 19,720,400 төгрөгийг нэхэмжилж байна”.

1.1.Нэхэмжлэгч П.Д шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “МАК” ХХК-ийн ажилтан Б.Ц-той 2020 оны 9 дүгээр сард уулзаж, харилцан тохиролцож 690 шуудайтай төмсийг зооринд хадгалуулахаар тохиролцож, төмсөө тоолж хүлээлгэн өгөөд урьдчилгаа төлбөр болгож Б.Ц-ийн дансанд нь 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа 2021 оны 3 дугаар сард би төмсөө шалгахаар зооринд ирэхэд төмснүүд дээрээсээ цайрч цантаад хөлдчихсөн байсан. Энэ талаар Б.Ц-той ярих гэсэн боловч огт утсаа авахгүй байсан. 2021 оны 5 дугаар сард төмсийг ялган, шилж авахаар хэдэн хүн авч очсон боловч төмснөөс ялгаж авах ямар ч боломжгүй бүгд хөлдөж, хайрагдсан байсан. Бид анх ярилцаж тохиролцоход н.Б гэх манаач нь төмсийг хүлээж авахдаа зоорь уураар халдаг халаалттай гэж хэлж байсан. Өмнө 2 жил .... төмс тарьсан. Хурааж аваад хадгалуулахсан бүх төмсөө хөлдөөж их хэмжээний хохиролд орсон учир хариуцагч Б.Ц-оос хохирол гаргуулж өгнө үү гэв.

1.2.Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч П.Д, Д.Б, Б.Г нартай нийлж .... нутагт 15 га газарт төмс тарьсан. Миний хувьд 6 га газар төмс тариалсан юм. Бид 2020 оны 9 дүгээр тариалсан төмсөө Төв аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн ажилчид болон Зуунмод сумын Хот тохижуулалтын ажилчдыг хөлсөлж ялгалт, ачилтыг хийгээд “МАК” ХХК-ийн зооринд хийхээр тохиролцсон. Энэ тохиролцоог П.Д болон хариуцагч Б.Ц нар хийсэн. Миний сонссоноор Монгол алт компани нь Баянчандмань суманд 20 га газарт ногоо тариалж тус зооринд тариалсан ногоогоо хадгалдаг. Бид хариуцагч Б.Ц-той 2021 оны 5 дугаар сар хүртэл төмс хадгалуулж, 53 тонн төмсийг 2.100.000 гаруй төгрөг өгөхөөр тохиролцож, урьдчилгаа төлбөр болгож 800,000 төгрөгийг Б.Ц-д өгсөн. Тийм учир үнэлгээний компаниар үнэлүүлсэн үнэлгээ болох 6,110,020 төгрөгийг хариуцагч Б.Ц-оос гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн зоорь нь зориулалтын агааржуулалтын систем бүхий төхөөрөмжтэй, нам даралтын зуухтай зоорь байсан. 2020 оны 9 дүгээр сард төмсөө хадгалуулсны дараа 2020 оны 11 дүгээр сард .... ажилладаг найз н.Т-аар хадгалуулсан төмс болон зоорины нөхцөл байдлыг үзээд зураг дараад өгөөч гэсний дагуу очиж үзээд харьцангуй гайгүй хэдий ч хүйтэн байна гэдгийг хэлсэн. 2021 оны 3 дугаар сард П.Д төмс ялгахаар хэдэн хүнтэй хамт зооринд очиход дээрээсээ цана цохисон байдалтай, хадгалалтын горим алдагдсан байсан гэдэг. 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр бид үнэлгээний компани болон бусад ялгалтын хүмүүсийн хамт очсон. Тэр үед төмс бүрэн нялцайж, муудсан шинжтэй байсан. Бид 2021 онд төмс болон үрээ зарж аж ахуйн орлого зарлага нь нэмэгдэх ёстой байтал хариуцагчийн буруугаас болж тэр бүх зүйл бүрэн зогссон. Мөн миний хувьд хоёр банкинд давхар зээлтэй, тухайн ногоо тариалахад хүнээс 20,000,000 төгрөг зээлж, 10,000,000 төгрөгийг зарцуулсан байдаг. Миний хувьд нийт 15,000,000 төгрөгийг зарцуулсан төмсийг хадгалуулсан байхад уг төмсийг хөлдөөж, муутгасан. Өнөөдрийн байдлаар миний хувьд 6,110,020 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Би нийт 409 шуудай гала сортын шинэ үрийн төмс хадгалуулсан. Түүнээс 199 шуудай таваарын төмс, 210 шуудай үрийн төмс байсан гэв.

1.3.Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч П.Д, Б.Г нарын хамтаар төмс тариалсан. Би 4 га газарт төмс тариалж хариуцагч Б.Ц-той харилцан тохиролцож 231 шуудай төмс буюу 9.2 тонн төмсийг ... сумын “МАК” ХХК-ийн зооринд хадгалуулсан боловч бидний төмсийг хадгалах явцдаа хөлдөөж, нялцайлгаж ялгаж авах боломжгүй болгосон. Тийм учир хариуцагч Б.Ц-оос өөрт учирсан хохирол болох 2,490,180 төгрөгийг нэхэмжилж байгаа. Миний тариалсан бүх төмс үрийн төмс байсан юм гэв.

2.Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Агуулахад хадгалуулсан хүнсний ногоо болох 51 тн төмсний хохиролд Б.Ц-оос 19,720,400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь: .... нутаг дэвсгэрт байрлах МАК ХХК-ийн объектод манай компани өөрсдийн ногоогоо хадгалж хэрэгцээндээ шаардлагатай хэмжээгээр Улаанбаатар хот руу зөөвөрлөж авч явдаг ба намрын ургац хураалтаар хураасан төмс ногоог дулаалан хучиж зориулалтын ногоо хадгалах зоорь биш тул объектын манаач галлаж өвлийн хүйтнийг давдаг учиртай.

Гэтэл 2021 оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрийн хооронд тэр үеэр цас их орсон байсан бөгөөд нэхэмжлэгч талын хүмүүс цөөхүүлээ төмсөө хурааж дийлэхгүй байхад нь бид тусалсан. Тэгэхэд Дэмчиг гэж хүн "бидэнд төмсөө тавих газар байхгүй байна, танай объектод түрээсийг нь төлөөд тавья” гэж гуйхад нь тавих нь яах вэ гол нь төмсөө хучихгүй бол болохгүй хүйтэн шүү" гэж хэлж байсан. Тухайн үед бид төмсийг нь хураалцаж тусалж байхад жижигхэн жижигхэн төмс байсан ба манай объектыг зориулалтын зоорь биш гэдгийг, мөн МАК ХХК-ийн төмс хучилттай байсныг харж байсан юм. Тухайн үед объектоо 2,128,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож төмсийг нь хураалцаж өөрсдийн объектод тавиулсан. Дээрх тохирсон төлбөрөөс 800,000 төгрөгийг л хийсэн.

Ингээд 12 сард Ц-г нэг хүн ирж төмсөө харчихаад зураг дарчихаад явахад нь мөн адил хүйтний эрч ихсэж байна төмсөө хучихгүй бол хөлдөнө шүү, нөгөө хүмүүсдээ хэлээрэй, яаралтай хучлагаа авчираад хучаарай гэхэд за хэлнээ гээд явсан. Үүнээс хойш нэхэмжлэгч талаас хэн ч ирээгүй, хэн ч холбогдохгүй байсаар 3 сард ирээд төмсөө үзэхэд хураасан төмсний дээд хэсэг нь цан цохисон, харин доошоо зүгээр байсан. Доор байсан төмс үрийн төмснөөс жижигхэн төмс байсан ба төмс нь ургасан байдалтай байсан. Гэтэл төмс хөлдсөн байна гээд баахан зураг дараад явсан.

2020 оны 3 дугаар сард ирснээс хойш өөрсдөө дахиж ирээгүй зуны 7 дугаар cap болоход төмс ялзарч, өмхийрсэн байсан тул манайх объектоо цэвэрлэж, хог руу ачин 4 удаа зөөж тээвэрлэн, газар ухаж булсан. Нэхэмжлэгч талын хаяад явсан төмсийг устгалд оруулах гэж хүн хүч, цаг хугацаа, бензин тосны зарлага гарсан.

Гэтэл нэхэмжлэгч өөрсдөө төмсөө хучих үүргээ биелүүлээгүй хэрнээ 19,720,400 төгрөгийг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Мөн манаач тус объектийг хариуцан манадаг тул төмсийг хүлээж авсан болохоос төмсийг арчилж хамгаалж, хадгалах үүргийг хүлээгээгүй болно. Талууд хоорондоо объектийг түрээслэхээр, ашиглуулахаар тохиролцсон ба үүнийг ч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаж, 800,000 төгрөг шилжүүлсэн банкны утган дээр түрээсийн төлбөр гэсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн шаардаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Н.Болорчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал төмсөө хадгалуулахдаа аман гэрээ хийсэн бөгөөд иргэн Б.Ц нь төмсийг зоориндоо байрлуулах буюу түрээслэсэн болохоос хадгалж, хамгаална гэсэн бичгээр гэрээ хийгээгүй учир Б.Ц нь хохирлыг барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

4.Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 1330 шуудай төмс хүлээлгэн өгсөн баримт /хх-4/, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5125066714 тоот дансанд 800,000 төгрөгийг “Д, зоорь түрээс" гэж шилжүүлсэн дансны хуулга /хх-4/, “Эй жэй жэй эм” ХХК-ийн ... иргэн Д.Б-ын төмсний үнэлгээний тайлан /хх-5-21/, “Эй жэй жэй эм” ХХК-ийн ... иргэн Б.Г-ийн төмсний үнэлгээний тайлан /хх-22-38/, “Эй жэй жэй эм” ХХК-ийн ... иргэн П.Д-ын төмсний үнэлгээний тайлан /хх-40-56/, Хууль зүйн туслалцаа авах гэрээ /хх-136/, 2 ширхэг Си-Ди-г;

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: хариу тайлбар  /хх-67/, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл /хх-66/;

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээ хийх үеийн төмсний хадгалалтын байдлыг харуулсан бичлэгт үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэл /хх-134-135/, хариуцагч талын хүсэлтээр Б.Болдыг гэрчээр асууж, тэмдэглэл үйлдэж, хэрэгт хавсаргав. /хх-118-123/

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч П.Д, Д.Б, Б.Г  нар нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан гэм хорын хохиролд 19,720,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, “Эй жэй жэй эм” ХХК-ийн хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчний гаргасан үнэлгээний тайланг үндэслэн хариуцагч Б.Ц-оос нэхэмжлэгч Д.Б 2,490,180 төгрөгийг, Б.Г 6,110,020 төгрөгийг, нэхэмжлэгч П.Д 11,120,200 төгрөгийг тус тус шаардаж;

   Хариуцагч Б.Ц нь 1330 шуудай төмсийг хүлээн авснаа зөвшөөрч байх хэдий ч, зоорийг түрээслүүлсэн, “800,000 төгрөгийг Дэмчиг түрээсийн төлбөр” утгаар шилжүүлсэн нь түрээсийн гэрээ хийгдсэн, хадгалалтын харилцаа үүсээгүй, төмсөө хучлагаар хучихыг сануулсан, хадгалах, хамгаалах үүрэг хүлээгээгүй учир хохирлыг хариуцахгүй, гэрээ байгуулах эрх бүхий этгээд буюу хариуцагч биш гэж тайлбарлан, гэрчээр манаач ажилтай Б.Б-ыг асуулгаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж, зохигч талууд мэтгэлцсэн болно.

3. Нэхэмжлэгч П.Д, Д.Б, Б.Г  нар нь нийт 53,2 тонн /1330 шуудай/ төмсийг хариуцагч Б.Ц-той харилцан тохиролцсоны үндсэн дээр зоорь гэх байгууламжийн манаач ажилтай Б.Б-д хүлээлгэн өгсөн байх ба энэ талаар талууд маргахгүй байна. /хх-4/

“Д зоорь түрээс” гэсэн утгаар 800,000 төгрөгийг “Хаан банк” ХХК дахь Т.Х-ын депозит дансаар дамжуулан хариуцагч Б.Цогоод 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлэн өгсөн гэж тайлбарлаж, хариуцагч Б.Ц нь 800,000 төгрөгийг шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. /хх-4/

Зохигчид гэрээний төлбөрийг 1 тонн 40,000 төгрөгөөр, нийт 2,128,000 төгрөгөөр харилцан тохиролцсон гэдэгт, гэрээний зүйл болох төмсийг шилжүүлэн өгснөөс хойш 3 сарын дараа 800,000 төгрөгийг төлсөн гэдэгт зохигч талуудын хэн аль нь маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

Талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэнээс хамааран талуудын үүрэг хариуцлага тодорхойлогдохоор байна.

Талуудын тохиролцож, төмсийг хүлээн авч, байрлуулсан объект нь “МАК” ХХК-ийн эзэмшлийнх, хариуцагч Б.Ц нь “МАК” ХХК-ийн тухайн зоорийн үйл ажиллагааг хариуцсан ажилтан болохыг зохигчид шүүх хуралдаанд тайлбарласан ба талуудын хэн аль нь энэ талаар маргаагүй.

Гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд Б.Ц нь тухайн зоорь буюу объектийн өмчлөгч биш тул түрээсийн гэрээг байгуулах, гэрээний төлбөрийг өөртөө авах эрхгүй юм.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцогдоно.

Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, нэг талаас П.Д, нөгөө талаас Б.Ц нар харилцан тохиролцсоны үндсэн дээр төмсийг хадгалахаар харилцан тохиролцож, зохих төлбөрийн урьдчилгааг хийсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 421 дүгээр зүйлд заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээх бөгөөд гэрээнд бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдахгүй тул хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

4. Талуудын хооронд нэгэнт гэрээ байгуулагдсан учир гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Хадгалуулагч нь хадгалтын хөлсийг төлөх, хадгалагч нь гэрээний зүйл болох төмсийг цаашид зориулалтын дагуу буюу хүнсэнд ашиглах, эсвэл үрийн зориулалтаар ашиглах боломжтой байдлаар буюу чанар байдлыг алдагдуулахгүйгээр буцаан өгөх үүрэгтэй.

Талууд гэрээгээр тохиролцсон хугацааг өөр өөрт ашигтай байдлаар шүүхэд тайлбарлах боловч хэн аль нь шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 423 дугаар зүйлийн 423.2-т зааснаар тодорхой бус хугацаагаар байгуулсан гэрээг талууд хэдийд ч дуусгавар болгох эрхтэй.

5. Нэхэмжлэгч нар 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төмсний хадгалалтын горим алдагдсан, дээрээсээ цантсан байдлыг мэдсэн үеэс төмсийг ялгаж ангилах, үлдсэн төмсийг хадгалалтын нөхцөл, горимыг өөрчлөх, хучих зэргээр арга хэмжээ авах, эсхүл гэрээг дуусгавар болгох боломжтой байсан боловч тухайн үйлдлийг хийхгүйгээр 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тухайн нөхцөл, горимд нь үлдээсэн нь бүх төмсийг хөлдөж, муудахад хүргэсэн буруутай байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.3-т “үүрэг гүйцэтгэгч гэрээний зүйлийг зохих ёсоор хадгалж, арчилж, хамгаалсаар байхад тэр нь муудсан, гэмтсэн, устсан. Энэ тохиолдолд гэрээний зүйлээс үлдсэнийг нь үүрэг гүйцэтгүүлэгчид буцааж өгнө” гэж заасан.

Хариуцагч Б.Ц нь хүлээн авсан төмсийг хадгалуулагчид буцаан өгөх үүрэгтэй бөгөөд дээрх байдлаар муудсан, гэмтсэн бол түүнийг устгах тухай нэхэмжлэгч нарт урьдчилан мэдэгдэх, гэрээний зүйлээс үлдсэнийг нь буцаан авахыг шаардах үүргээ биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна. 

6. Нэхэмжлэгч нар тухайн зоорийн зориулалтаар ашиглаж буй байгууламжийн хэм алдагдсан, төмс хадгалах нөхцөл, горим алдагдахад хэний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн буюу тухайн байгууламжийн галлагааг хариуцдаг Б.Бын буруугаас галлагаагүй, хүйтэн болсон уу, ерөөсөө тухайн байгууламжийн өөрийнх нь дулаан алдалтаас болсон уу, аль эсвэл нэхэмжлэгч нар битүүмжилж хучихаар шаардсан шаардлагыг биелүүлээгүйгээс үүссэн үү гэдэгт маргахгүй, харин гэрээ хэлцлийг байгуулсан учраас Б.Ц-г хариуцагчаар тодорхойлон, гэм хорын арилгахыг шаарджээ.

Гэм хор нь хохирол, хор уршиг гэсэн ойлголтыг өөртөө багтаасан өргөн агуулгатай юм. Хохирол гэдэгт гэрээний нэг тал нөгөө талд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар хамаардаг бол, хор уршиг гэдэгт шууд арилгах боломжгүй, ирээдүйд үр дагавар бий болгодог буюу ирээдүйд бий олох байсан орлого, ашиг зэрэг ойлголтууд хамаарна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага буюу эд хөрөнгөд учирсан хохирлыг тооцохдоо 2020 оны хавар төмсийг тариалсан үрийн төмсний өртөг, төмсийг тарихад гаргасан зардал тооцоонд үндэслэсэн бус, харин тухайн хадгалуулсан төмсийг зарж борлуулсан бол хэдий хэмжээний ашиг орлого олсон байхыг тооцсон буюу зах зээлийн хандлагаар жишиг үнийн ажил гүйлгээний аргаар үнэлсэн “үнэлгээний тайлан"-г үндэслэн шаардсан байна.

Иргэний хуулийн 228-229 дүгээр зүйлд гэм хорыг арилгах ерөнхий нөхцөл, журмыг тогтоосон бөгөөд гэм хор арилгах үүрэг нь талууд хоорондоо гэрээний болон гэрээний бус харилцаанд байгаагаас үл хамааран үүсэхээр заажээ.

Дээрх хуулийн агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, түүний гэм буруу нь санаатай болон болгоомжгүй үйлдэл нь тухайн зохицуулалтын урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

Гэм бурууг тогтооход учирсан хохирлыг бий болгох хүсэл нь хариуцагчид байсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй, харин агуулах буюу байгууламж нь төмсийг хэвийн горимд хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн байх, хохирол учруулахгүй байх, хамгаалахад ямар санаа зорилго байв гэдэг нь чухал юм.

Хариуцагч нь төмсийг тодорхой нөхцөлд хадгалах, дулааны хэмийг тогтсон түвшинд барих үүргээ биелүүлээгүй, шаардлагатай бол хучих битүүмжлэх, түүнийг хадгалуулагчаас шаардах, эсвэл хадгалуулсан эд зүйлээ буцаан авахыг шаардсан болохоо нотлохгүй, энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул эс үйлдлээрээ хохирол учрахад хүргэсэн гэм буруутай гэж үзнэ.

Хариуцагчийн гэм буруутай эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан, эс үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар хариуцагч Б.Ц-д нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэг үүссэн, нэхэмжлэгч нар “Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гаргахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж зааснаар хариуцагчаас гэм хорын хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгахыг шаардах эрхтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч Б.Б нар нь “нэхэмжлэгч нарыг төмсөө хучих хучлага авчрахыг 2020 оны 11, 12 дугаар сард төлөөлөн ирүүлсэн Отгонбаатарт хэлсэн, нэхэмжлэгч Д-тэй утсаар ярихдаа хэлж байсан ч хучлага авчраагүй, өөрсдөө бодит байдлыг ирж үзээгүй гэх тайлбарыг гаргаж, нэхэмжлэгч нар хучлагны талаар нэг ч удаа яригдаагүй, зориулалтын агааржуулалт, халаалтын системтэй байсан гэж тус тус тайлбарлах хэдий ч тухайн үйл баримт нотлогдсонгүй.  

Харин нэхэмжлэгч нар төмсийг хучаагүй, 2020 оны 9 дүгээр сараас хойш төмс хадгалалтын нөхцөлийг ирж шалгахгүй явсаар 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ирж үзэхэд цантсан байсныг мэдсэн хэдий ч төмсийг ангилах ялгах, хучих ажлыг хийгээгүй гэдгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байна.

7. 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар төмс хөлдөж, муудсан, цаашид ашиглах боломжгүй болсон гэдэгт талууд маргаагүй бөгөөд харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төмсийг хадгалах үүрэг хүлээгээгүй, талбайг түрээслүүлсэн, хадгалалтын горимыг баримтлах, хамгаалах үүрэг нь нэхэмжлэгч нарт өөрт байсан тул нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд биш, МАК ХХК-ийн зоорь гэж маргасан ч тухайн объектын зориулалт, өмчлөгчийн талаарх тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотолж чадаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

8. Гэм хорын хохирлын хэмжээг нэхэмжлэгч нар шүүхэд тодорхойлохдоо нэхэмжлэгч нарын хүсэлтээр хийгдсэн хохирлын үнэлгээг үндэслэн нэхэмжилж, “Эй Жей Жэй Эм” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин Г.Амбасэлмаагийн хийсэн үнэлгээний тайланг шүүхэд ирүүлжээ.

Хөрөнгийн үнэлгээчин Г.Амбасэлмаа нь төмс хөлдөж муудсаны улмаас Д.Б-т 2,490,180 төгрөгийн хохирол /хх-5-14/, Б.Г-т 6,110,020 төгрөгийн хохирол /хх-22-32/, П.Д-т 11,120,200 төгрөгийн хохирол /хх-40-50/ тус тус учирсан гэж үнэлгээний тайланг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ нь дээрх үнэлгээний тайлан, хохирлын үнэлсэн үнэлгээний арга, хохирлын хэмжээнд маргаагүй, энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй болно.

Дээрх хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч, хариуцагч талын хэн алины буруутай эс үйлдлийн улмаас хохирол учирсан байна. Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ”  гэж заасан тул шүүх харгалзан үзэж, хохирлын хэмжээг тал хувиар бууруулан тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

   9. Иргэдийн төлөөлөгч Н.Болорчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал төмсөө хадгалуулахдаа аман гэрээ хийсэн бөгөөд иргэн Б.Ц нь төмсийг зоориндоо байрлуулах буюу түрээслэсэн болохоос хадгалж, хамгаална гэсэн бичгээр гэрээ хийгээгүй учир Б.Ц нь хохирлыг барагдуулах үндэслэлгүй гэж үзэж дүгнэжээ.

Хэргийг хянан хэлэлцээд талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, хадгалах, хамгаалах үүрэг үүсээгүй, хохирлыг Б.Ц-оос гаргуулах үндэслэлгүй гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байх учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

10. Дүгнэвэл, хариуцагчийн буруутай эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын хадгалуулсан төмс хөлдөж, цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж гэмтэж муудсан, олох байсан орлогоо алдсан, тухайн эд хөрөнгийг гэмтэж муудахад нэхэмжлэгч нарын буруутай эс үйлдэл нөлөөлсөн байх учир нэхэмжлэлийн шаардлага болох 19,720,400 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, гэм хорын хохиролд 9,860,200 төгрөгийг хариуцагч  Б.Цогоогоос гаргуулан, 5,560,100 төгрөгийг нэхэмжлэгч П.Д-т, 1,245,090 төгрөгийг Д.Б-т, 3,055,010 төгрөгийг Б.Г-т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,860,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 9,860,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 172,713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Ц-оос 9,860,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч П.Д-т 5,560,100 төгрөг, Д.Б-т 1,245,090 төгрөг, Б.Г-т 3,055,010 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,860,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч П.Д-, Б.Г-, Д.Б- нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Б.Ц-оос 172,713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Д-, Б.Г-, Д.Б- нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН

 

 

ШҮҮГЧИД                         Д.ОТГОНЧУЛУУН

 

 

                                                                                       Б.ТҮВШИНЖАРГАЛ