Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2519

 

“Г Х”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/02182 дугаар шийдвэртэй, “Г Х”ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Л Г” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17 996 068 төгрөг гаргуулах,

“Г Х” ХХК-иас гэрээг цуцалж, 36 093 224 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “Л Х” ХХК-тай харилцан тохиролцож, Төв аймгийн Зуунмод сум, Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн газар дээр баригдах 363 айлын Бугат хорооллын эскиз зураг төслийг боловсруулах, гадна дулаан, цахилгаан, усан хангамж ариутгах татуургын шугамын байгуулалтын ажлын зураг төслийг боловсруулж, магадлал хийлгэх ажлыг хийх, захиалагч ажлын хөлсөнд 114.216.050 төгрөг төлөхөөр 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр А/201504 тоот Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

Гэрээний дагуу ерөнхий төлөвлөгөө өндөржилт, 240 айлын сууц /иж бүрэн/, 104 айлын сууцны Барилга архитектур, бүтээцийн зураг, гадна дулааны зураг /240 айлын зураг бүрэн, 123 айлын ачаалал тооцогдсон/, гадна цэвэр бохир, усны зураг /240 айл бүрэн/ зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн.

Гэрээний 1.4-т гүйцэтгэгч барилгын ажлын зураг төслийг ажлын 45 хоногт хийж гүйцэтгэнэ гэж харилцан тохиролцсон боловч захиалагчаас шалтгаалж гэрээний хугацаа сунжирсан. Гэрээний 2.1-д ажлын зураг төсөл зохиоход шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл батлагдсан зургийн даалгавар, газар олголтын шийдвэр, техникийн нөхцөл, М1:500 масштабтай газрын дэвсгэр зураг автокад файлаар геологи хайгуулын ажлын дүгнэлт, тоног төхөөрөмжийн тодорхойлолт, технологийн бүдүүвч зэргийг бэлтгэн гүйцэтгэгчид гэрээ батлагдсанаас хойш 3 хоногийн дотор өгнө гэж заасан. Гэтэл захиалагч цахилгааны техникийн нөхцөл гараагүй, 123 айлын хэсэгт газрын захирамж гараагүй гэх шалтгааны улмаас зураг төслийн ажил түр зогссон.

Захиалагчтай тохиролцон газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл гарсан 240 айлын хэсгийн зураг төслийг цахилгааны техникийн нөхцөл гарсны дараа гадна цахилгааны зураг төслийг боловсруулж, магадлалаар оруулахаар тохирсон.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэснээр гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт төлбөрийн нөхцлийг харилцан тохирсон. Гүйцэтгэсэн ажлын тайланг хүргүүлж байсан ба зураг төслийн үнэ 50 963 918 төгрөг болсон. Урьдчилгаанд 16 383 00 төгрөг, бартераар 19 710 220 төгрөгийн материал, нийт 36 093 220 төгрөг авсан, үлдэгдэл 17 996 068 төгрөгийг олгохыг хүсэж, “Л Х” ХХК-д хүргүүлсэн боловч ямар нэг төлбөр төлөөгүй.

Зураг төслийн ажлын жишиг үнэ буюу барилгын норм, дүрэмд зохиогчийн хяналт хийх, магадлал хийх ажлын зардал зураг төслийн ажлын үнэд багтахгүй байхаар журамлагдсан. Үүний дагуу гэрээнд зохиогчийн хяналт тусгай гэрээгээр явагдахаар заасан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Иймд гэрээний дагуу хийсэн ажлын хөлсний үлдэгдэл 17 996 068 төгрөгийг Люксвүүд Хаус ХХК-иас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд гэрээний дагуу зөвшөөрөл гарсан 240 айлын хэсэгт ажлыг гүйцэтгэж хариуцсан ажилтан Наранбаатарт 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгснөөр бартерын барааг нийлүүлсэн. 7 хоног бүр цахимаар ажлын явцыг мэдээлдэг байсан. Захиалагч зөвшөөрөл, техникийн нөхцлийг гаргаж өгөх гэрээний үүргийг ноцтой зөрчсөн.

Энэ нь Барилгын тухай /2012 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д зураг төсөл зохиогч нь боловсруулсан зураг төсөлдөө магадлал хийлгэх шаардлагатай ч 363 айлын зураг төсөлд газрын зөвшөөрөл 240 айл хэсгээр гарч, техникийн нөхцөл дутуугаас магадлал хийлгэх болон үүргээ гүйцэтгэх боломжгүй байдал үүсч гэрээг цуцалж байна, гэрээнээс татгалзаж байна гэж хөлс төлөхөөс зайлсхийсэн нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1. Захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэсэн үүргээс чөлөөлөгдөх үндэсгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аливаа барилгын зураг нь тухайн объектын үнэтэй харьцуулан бодит зардлаас бараг 3 дахин өндөр үнээр үнэлэгддэг. Өөрөөр хэлбэл 1/3 нь хариуцлагын үнэ, 1/3 нь хяналтын, 1/3 нь оюуны өмч, зургийн үнэ гэж үнэлгээг зохиодог. Барилгын зураг нь тухайн зураг хийсэн этгээдийн оюуны өмч учир өөр этгээд гүйцээн зурах зохицуулалт байхгүй. Зураг батлагдаж уг зургаар барилга баригдаж байгаа тохиолдолд зурсан этгээд байнгын хяналт тавьж, хариуцлага хүлээх ёстой. Зураг буруудаж барилга нурах асуудал үүсвэл зурсан этгээд хариуцлага хүлээдэг тул өмнөх этгээдийн өмнөөс дараагийн хүн хариуцлага хүлээх ойлголт байхгүй. Өөр этгээдээр зуруулах бол дахин зурах шаардлага үүсч гэрээг хүчингүй болгож шинээр гэрээ байгуулах болно.

Баригдаж байгаа барилгад өөрчлөлт оруулах шаардлага үүсэхэд зураг хийсэн этгээдээс зөвшөөрөл авах, гэрээ хэлцэл дуусгавар болсон ч хараат байх болно. Ган Харш ХХК үргэлжлүүлэн зурахаас татгалзаж байгаа бол нийт зургийн үнээс хариуцлага (үнийн дүнгийн 1/3), хяналт (үнийн дүнгийн 1/3)-д хамаарах үнийг хасч тооцох ёстой. Манайх зургийн хөлс 36 093 220 төгрөг төлсөн, нэхэмжилсэн 17 996 068 төгрөгтэй нийлээд 54 089 228 төгрөг, үүнээс хариуцлага, хяналтын дүнг хасахад 18 029 762 төгрөг болох ба энэ нь зургийн оюуны өмч, ажлын хөлс болж байна.

Гэтэл нэхэмжлэгч ажлын хөлснөөс 2 дахин их мөнгө авсан боловч дахин хяналт, хариуцлагын мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Үндсэндээ нийт ажлын 30 хувь нь зураг төсөл, үлдсэн 70 хувь нь зургийн эрсдэл, хариуцлага юм. Мөн зургийг хүлээлгэн өгсөн гэж байгаа ч мэдэхгүй хүнд өгсөн. 99 хуудас зургийг хүлээж авснаас хэрэгт баримтаар өгсөн 5 хавтас зургийг хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний 1.2.-т заасан ажлын зураг төслийг боловсруулж, магадлал хийлгэх ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн, захиалагч нь урьдчилгаанд 36.093.224 төгрөг өгсөн. Харин ажлын үр дүнг хугацаанд нь биет байдлын доголдолгүй, иж бүрнээр гүйцэтгэж, магадлал хийлгэж өгөөгүй учир дутуу хийсэн, магадлалгүй зургаар барилга байгууламж барих боломжгүй. Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар зураг төсөлд магадлал заавал хийлгэх, 17 дугаар зүйлийн 17.1.6-д зохиогч нь магадлал хийх үүрэгтэйг заасан. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглосон. Гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүн гараагүй тул 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэрээг цуцалж, гэрээнээс татгалзан төлбөрийн 36 093 224 төгрөгийг “Г Х”ХХК-иас буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 355.6-д заасныг баримтлан “Г Х”  ХХК, “Л Г” ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн гэрээг цуцалж, “Л Г” ХХК-иас 12 061 773 /арван хоёр сая жаран нэгэн мянга долоон зуун далан гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г Х”ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5 934 295 төгрөг болон “Г Х”ХХК-иас 36 093 224 төгрөг гаргуулах “Л Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 930 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 1 067 466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 207 938 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, илүү төлсөн 658 800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 750 000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагчаас тус бүр 375 000 төгрөг гаргуулж, шинжээч Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хууль буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Учир нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т зааснаар барилга байгууламж нь зураг төслийн дагуу баригдсан байх шаардлагатай. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д зураг төсөл гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэл зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт ...баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцлүүдэд үндэслэн эх загвар зураг иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна гэжээ.

Гэрээний 3.1-т гүйцэтгэсэн зураг төсөл нь ...зураг төслийн ажлын техникийн нөхцөл, стандарт, барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан байна гэж, 3.2-т зураг төслийг хэрэгжүүлэх явцад алдаа дутагдал илэрвэл түүнийг дахин үнэ төлбөргүй, шуурхай шийдвэрлэж өгөх..., 3.6.2-т захиалагч бэлэн болсон төслийг цахим хэлбэрээр болон цаасан дээр буулгаж, баталгаажуулсан хэлбэрээр 2 хувь хүлээлгэн өгөх үүрэгтэй гэсний дагуу гүйцэтгэгч нь хуульд нийцсэн, ашиглах боломжтой ажлын үр дүн буюу төслийг хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Гэтэл шүүх ажлын үр дүнг бүрэн хүлээлгэж өгсөн гэж дүгнэсэн нь буруу. Шүүх хуралдаанд шинжээч ажлын гүйцэтгэлийг 94 хувь гэж дүгнэсэн. Маргааны гол зүйл нь хүлээлгэж өгсөн гэх 240 айлын орон сууцны зургийн гүйцэтгэл дутуу, доголдолтой, гэрээний 3.6.2-т заасны дагуу бэлэн болсон зураг төслийг бүрэн хүлээлгэж өгөөгүй, дутуу /94 хувь/ гэдэг нь нотлогддог. Гэтэл нийт ажлын 50 хувь гэх шинжээчийн дүгнэлтийг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, дүгнэлт логик алдаатай, буруу байгааг шүүх анхаараагүй, нотлох баримтыг үнэн бодитой эсэхийг нягтлаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй ба үр дүн нь доголдолгүй байхыг шаарддаг, 353 дугаар зүйлийн 353.2-т тохирч байвал ажлын үр дүн биет байдлын доголдолгүй гэж, 353.3 дахь хэсэгт ... гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой тохиолдолд ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж, гэрээний 3.6.2-т бэлэн болсон зургийг хүлээлгэж өгснийг хүлээлгэж өгсөнд тооцохоор тус тус заасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөвхөн хийсэн ажлын хөлсийг л нэхэмжилсэн гэсэн ба үүнээс дутуу хийсэн ажлын хөлсийг нэхэмжилж байгаа нь харагдана. Гэтэл шүүх 94 хувийн гүйцэтгэл дийлэнх хэсэг тул гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх мэтээр ердийн сандал, ширээ угсрах ажил гүйцэтгэх гэрээтэй адилтган дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь буруу. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар дутуу гүйцэтгэсэн зургийг өөр зураг төсөл зохиогчоор үргэлжлүүлэх боломжгүй бөгөөд зураг төслийг зохиогч баталж, магадлал оруулснаар 100 хувь гүйцэтгэсэнд тооцдог юм.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн зүгээс гүйцэтгэсэн зураг төсөлд магадлал хийлгэхээс гадна биет байдлын доголдлын талаар маргасан. Нэгэнт биет байдлын доголдолтой, барилга барих боломжгүй зураг төсөл боловсруулсан байхад хөлсийг төлөх ёстой гэж үзсэн.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар ажил дуусгахаас өмнө захиалагч гэрээг цуцалсан гэсэн нь үндэслэлгүй.  Учир нь гүйцэтгэгч 240 айлын зураг бүрэн дууссан тул хүлээлгэж өгсөн гэдэг ч 94 хувийн гүйцэтгэлтэй буюу дутуу нь тогтоогдсон. Захиалагч чанарын шаардлага хангаагүй буруу, алдаатай гэж үзэн засах шаардлага тавьсныг хариуцагч засаагүй тул цаашид үлдэх хэсгийг гүйцэтгүүлэх итгэлгүй, хамтарч ажиллах боломжгүй гэж үзсэн.

Иймд захиалагч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар үүргийн зөрчилтэй холбоотой гэрээг цуцлах санал гаргасан. Энэ тохиолдолд мөн хуулийн 225, 226 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлах, 227, 228 дахь хэсэгт зааснаар учирсан хохирол барагдуулах үр дагавар үүснэ. Захиалагч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаах үүрэгтэй тул урьдчилан төлсөн хөлсийг хохиролд тооцон нэхэмжилсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Барилгын тухай хуулийн зохих заалтууд, Иргэний хуулийн болон гэрээний заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу дүгнэсэн тул шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч “Г Х”ХХК нь хариуцагч “Л Г” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17 996 068 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж, 36 093 224 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ./1хх1-2,37-38, 71/

 

Хэргийн баримтаас үзвэл 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Г Х” ХХК “Л Х” ХХК-тай Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн газарт баригдах 363 айлын “Бугат” хорооллын эскиз зураг өөрчлөх, засварлах, иж бүрэн зураг төслийг боловсруулах, гадна дулаан, цахилгаан, усан хангамж ариутгах татуургын шугамын байгуулалтын ажлын зураг төслийг боловсруулж, магадлал хийлгэх ажлыг гүйцэтгэж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь гүйцэтгэлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. /1хх5-12/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Талууд гэрээний дагуу захиалагч талаас гүйцэтгэгчид ажлын хөлсөнд бэлнээр болон бараа материалаар нийт 36 093 227 төгрөг төлөгдсөн болон гэрээний нөхцлийн талаар маргаагүй. Харин гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажлыг дутуу гүйцэтгэсэнд захиалагч, гүйцэтгэгчийн аль нь буруутай эсэхэд маргажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний 2.1-д зааснаар ажлын зураг төсөл зохиоход шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл, батлагдсан зургийн даалгавар, газар олголтын шийдвэр, инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөл, М1:500 масштабтай газрын дэвсгэр зураг автокад файлаар геологи хайгуулын ажлын дүгнэлт, тоног төхөөрөмжийн тодорхойлолт, технологийн бүдүүвч зэргийг бэлтгэж гүйцэтгэгч талд гэрээг батлагдсанаас хойш 3 хоногийн дотор өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас ажлыг бүрэн гүйцэтгэх боломж бүрдээгүй гэж тайлбарласан. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг гэрээний 1.2-т заасан 363 айлын Бугат хорооллын зураг төслийг хийж гүйцэтгэх үүргээ дутуу биелүүлж, 240 айлд хамаарах хэсгийг гүйцэтгэсэн нь ажлын үр дүнг бүрэн өгсөнд тооцохгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Ган харш ХХК”-иас “Л Х” ХХК-ийн захирал С.Цогтсайханд хаягласан 031/16 тоот албан бичиг, 2015 оны 5 дугаар 12-ны өдрийн Зураг төсөл боловсруулж хүлээлгэж өгсөн акт, “Л Х” ХХК-ийн 240 айлын Бугат орон сууцны хороолол Эскиз, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Люксвүүд групп ХХК”-ийн “Ган харш ХХК”-д явуулсан 17/1-052 тоот “Ажлын зурагтай танилцсан тухай” албан бичиг зэрэг нотлох баримтыг талуудын тайлбартай харьцуулснаар гэрээнд заасан ажлаас 240 айлд хамаарах зураг төслийн ажлыг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн байна. /1хх15,86,157,194, 2хх107/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн хүсэлтээр 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-ыг шинжээчээр томилсон. /2хх52-54/ Тус байгууллагаас томилогдсон шинжээч нь шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагчийн хүлээн авсан зургийг тоолж үзвэл 101 хуудас байсан, тухайн зургуудын хувьд гүйцэтгэсэн ажлын 94 хувь нь хийгдсэн. Энэ нь гэрээгээр тохиролцсон нийт ажлын 50 хувь буюу 48 155 000 төгрөгийн өртөгтэй, уг ажил Барилгын тухай хууль, холбогдох норм, дүрэм, стандартад нийцсэн” болохыг тодорхойлсон байна гэжээ. /2хх63-65, 96-98/

 

Шүүх дээрх дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдлийг тооцож, нийт 12 061 773 төгрөгийг /48 155 000-36 093 227/ хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь талууд тухайн ажлыг тодорхой үе шаттайгаар гүйцэтгэх талаар тохиролцсон гэрээний 4.2 дахь заалт болон Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ. 

 

Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэх агуулгаар давж заалдах гомдол гаргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах талаар хэргийн оролцогч нар хүсэлт гаргаагүй. Иймд шүүх уг дүгнэлтэд заасан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж, гэрээний гүйцэтгэлд төлсөн 36 093 224 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн, ажлын үр дүн гараагүй гэж тодорхойлжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1. гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2. ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй талаарх зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас талуудын хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэрээг цуцлах хэсгийг хангасан нь зөв.

 

Харин ийнхүү гэрээг цуцалсан тохиолдолд цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасч, хохирлыг нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч дээрх хугацаанд 48 155 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон гэж ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 36 093 227 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах үндэслэлгүй талаар дүгнэж уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, холбогдох хуулийг хэрэглээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/02182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Л Г” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 398 725 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                           

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА