Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 1324

 

 

 

 

 

 

    2020           10            13                                       2020/ДШМ/1324                                                  

 

                                       Х.Б д холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/1590 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Т гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Б д холбогдох эрүүгийн 2006 00000 2244 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.Б, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Нарантуул” олон улсын худалдааны төвд бэлэн хувцасны наймаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 504 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсөн;

Х.Б  нь согтуурсан үедээ 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их Монгол хорооллын 904 дүгээр байрны гадна иргэн С.Т гийн хөл хэсэг рүү өшиглөж, цээж болон толгойн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн гадна, урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна, дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, гуянд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Х.Б д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Б д сануулж, Х.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 160.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.Т  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Х.Б аас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Х.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч С.Т  давж заалдах гомдолдоо: “...Хохирогч С.Т  миний бие 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Х.Б д шалтгаангүйгээр зодуулж нүүрний зүүн хэсэгт нүдний ухархай, гайморын хөндий, хана тус тус хугарч хүндэвтэр гэмтэл авсан. Баянзүрх дүүргийн Прокурор дээр гэмтлийн эмнэлэгт авахуулсан компьютер томографийн зураг авахуулсан 160.000 төгрөгийг Х.Б аас авсан гэсэн гарын үсэг зурсан бөгөөд гомдолгүй гэж гарын үсэг зураагүй болно. Хялбаршуулсан шүүх хурал болох талаар огт мэдээгүй. Шүүх хурлын товыг мэдэгдээгүй. Үүнээс болж эмнэлэгт хэвтэн мэс засал хийлгэсэн эмчилгээний зардлаа эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэх эрхийг минь хязгаарласан. Хэдийгээр иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн боловч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар хохирлоо бүрэн барагдуулах ёстой байсан гэж үзэж байна. Одоо надад бодит хохирол болох мэс засал хийлгэсэн эмчилгээний зардал болох 4.085.000 төгрөг, мөн давтан компьютер томографийн 130.000 төгрөг, дэлгэрэнгүй шинжилгээний 82.000 төгрөг, нүдний эмчийн үзлэгийн 30.000 төгрөг, нийт 4.327.000 төгрөгийг Х.Б аас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг минь хүлээн авч, хуулийн дагуу шийдэж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хуралдааны товыг хохирогчид шүүгчийн туслах 88114371 дугаарын утсаар мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан учир энэ талаар тэмдэглэл үйлдэж хэрэг тусгасан байсан. Энэ нь хавтаст хэргийн 66 дахь талд авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлд анхан шатны журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай хохирогч хүсэлт гаргасан бол хохирогчийг оролцуулна, хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж заасан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорын шатанд гаргасан. Уг хүсэлтийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Х.Б  нь согтуурсан үедээ 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их Монгол хорооллын 904 дүгээр байрны гадна иргэн С.Т гийн хөл хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, цээж болон толгойн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн гадна, урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна, дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, гуянд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тогтоол гарган 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс “Шүүх хуралдаан товлон зарлах тухай” шүүгчийн захирамж гарган 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хуралдааныг товлосон бөгөөд хавтаст хэрэгт хохирогч С.Т гийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт тэмдэглэгдсэн 2 утасны дугаараас 88114371 утас руу шүүх хуралдааны тов мэдэгдэх зорилгоор залгасан боловч холбогдох боломжгүй байсан талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулахаас гадна хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх. ...”-д оршино.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна. ...” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Шүүх хуралдааны товыг мэдээгүй хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргах боломжгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцох эрх нь бодит байдлаар зөрчигдсөн байдал тогтоогдсон гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны товыг анхан шатны шүүхээс хохирогчид зохих ёсоор мэдэгдээгүй бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх хуралдаанд оролцох эсэх талаар хүсэлт гаргах боломжийг олгоогүй гэж үзнэ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох. …”, 1.9 дэх хэсэг “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах. …” зэрэг хохирогчийн үндсэн эрхээ эдлэх боломжийг хязгаарласан байна.

Нөгөөтэйгүүр, хэргийг ердийн болон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх аль ч үед хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцох эсэхийг тодруулан шүүх хуралдаанд оролцох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь зайлшгүй хангах шаардлагатай.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч С.Т  хавтаст хэрэгт “... миний бие иргэн Бадралаас 160.000 төгрөгийг хүлээж авлаа” гэсэн бичиг ирүүлсэн нь хохиролд хэдэн төгрөг авснаа тэмдэглэснээс бус цаашид хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй талаарх илэрхийлэл биш бөгөөд хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн зүгээс шүүгдэгчийн талаарх гэм буруу, хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой санал, хүсэлт гаргаагүй атал нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрийг бүрэн төлсөн, түүнчлэн хохирогчийн эрх ашгийг авч хэлэлцээгүй асуудал нь шүүх шийдвэр гаргахад ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан гэж үзнэ.

Иймд хохирогч С.Т гийн давж заалдах гомдолд дурдсан “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар мэдээгүй. Шүүх хурлын товыг надад мэдэгдээгүй. Бодит гарсан зардлаа нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/1590 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Б д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Х.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР