Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2026/00124

 

Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07919 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2026/00226 дугаар магадлалтай

Г-ын нэхэмжлэлтэй,

О-д холбогдох

841,809,119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Г- нь хариуцагч О-д холбогдуулан 841,809,119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07919 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч О-гаас 841,809,119 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,368,195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,368,195 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2026/00226 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07919 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,366,996 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т заасны дагуу гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаж чадаагүй. Магадлал нь мөн нотлох баримт, хэргийн үйл баримтыг тал бүрээс бүрэн бодитой харьцуулан үнэлээгүй, хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй ба өнгөц дурдаж, эргэлзээгүй, үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т хамаарах бөгөөд энэхүү маргааныг хянан хэлэлцсэн нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж хяналтын гомдлыг гаргаж байна.

Миний бие шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Г-ын зүгээс урьд нь гэрээний төлөгдөөгүй төлбөр буюу баригдах барилгаас одоогийн нэхэмжлээд буй 319.79 м.кв талбайн үнэ болох 607,601,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд эл хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дүгээр шийдвэрээр “хариуцагч Г-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж нэгэнт шийдвэрлэсэн бөгөөд хүчин төгөлдөр эцсийн шийдвэр болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 65.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.” гэх үндэслэлийг дурдаж тайлбарласан. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй...” гэснийг үндэслэсэн болохоо илэрхийлдэг.

Г-оос өмнө Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан шийдвэрлүүлсэн “607,601,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ “...Гэрээ байгуулан үүрэг хүлээсэн цагаас хойш 3.5 жилийн хугацаа өнгөрсөн. Гэвч энэ хугацаанд орон сууцны барилга барьж эхлээгүй, ямар нэгэн байдлаар ажил эхлээгүй нь үүргээ биелүүлэх хүсэлгүй болох нь тодорхой байна” гэж тайлбарлаж байсан нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дүгээр шийдвэрт тусгагдаж, уг шийдвэр нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Дээрх тайлбараас үзэхэд 2018 онд Г-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон одоогийн гаргаад буй 841,809,119 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл агуулгын хувьд яг алдилхан үйл баримт байх бөгөөд тухайн үйл баримтад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүх нэгэнт дүгнэлт хийсэн, тухайн шийдвэр нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Гэтэл анхан шатны шүүхэд эл нөхцөл байдлыг тайлбарласаар байтал авч хэлэлцэлгүй шийдвэрийн Үндэслэх хэсгийн 15-д “Хариуцагч О- нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г- өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Маргааны үйл баримттай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй” гэж дүгнээд байгаа нь үндэслэл муутай, анхан шатны шүүхээс адил шатны хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт үнэлэлт, дүгнэлт хийж үгүйсгэсэн гэж ойлгохоор байна. Эл үндэслэлээр миний бие давж заалдах гомдол гаргасан боловч магадлалын Хянавал хэсгийн 5-д “гомдлыг хангахгүй. Учир нь тухайн шийдвэрээр Г-ын үүрэг биелэх нөхцөл байдал өөрчлөгдсөн гэх үндэслэлээр түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул гэрээнээс учирсан хохирол нэхэмжилсэнтэй холбоотой нэхэмжлэлийг өмнө шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ нэхэмжлэгчийн урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон одоогийн нэхэмжлэлийн шаардлага нь адил агуулгатай эсэх талаар дүгнэлт хийдэггүй зайлсхийдэг. Г- нь урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 219.1-т заасан агуулгаар гаргасан, түүнийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь өөрөө нэгэнт тогтоогдсон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасан “үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр” болох байтал 2018 онд шийдвэрлэгдээд хүчин төгөлдөр болсон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд одоо дүгнэлт хийгээд байгаа нь хуульд нийцэхгүй юм. Нэхэмжлэгч тухайн үндэслэлийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаад шийдвэрлүүлээд явах эрх, боломж нь нээлттэй байсан. Гэсэн атлаа мөн адил эцэслэн шийдвэрлэгдсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03408 дугаар шийдвэрээр “хохирлоо шаардах эрхтэй гэж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ИХШХШтХуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, нотлох баримтыг дабл стандартаар буюу харилцан адилгүй үзэмжээр үнэлж шийдвэрлэсэн.

4.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-т “Иргэний хуулийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 219.3-т Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно гэж зааснаар О- нь Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу 319.79 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Г-ын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй” гэж дүгнэсэн атлаа тухайн үндэслэлийг няцаан мэтгэлцсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь хэргийг тал бүрээс, бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж дүгнэнэ гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй байна.

Манай тохиолдолд гэрээний зөрчил буюу барилга баригдаагүй нь үүрэг гүйцэтгэгч буюу О-гийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, харин үүрэг гүйцэтгүүлэгч буюу Г- нь барилга барих талбайг чөлөөлөх үүргээ биелүүлээгүйгээс барилга барих боломжгүй болсон ба энэ талаар мөн л Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дүгээр шийдвэрийн 7 дугаар талд “Хариуцагч гэрээнд дурдсан ...иргэний дутуу баригдсан барилгыг зайлуулж, газрыг чөлөөлөөгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр буй. Энэхүү ИХШХШтХуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй нэгэнт тогтоогдсон тодорхой үйл баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байгаа талаар анхан шатны шүүх хуралдаанд удаа дараа тайлбарлаж, давж заалдах гомдолд дурдсан ч магадлалын Хянавал хэсгийн 3.3-т “энэ талаар хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй” гэсэн товчхон дүгнэлт хийж, эргэлзээгүй үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна. Орон сууц барих үүргээ гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөн гэсэн боловч яагаад орон сууц барих боломжгүй болсон, тэр нь нэхэмжлэгч Г-ын буруутай үйл ажиллагаанаас болсон талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн байгааг мөн л авч хэлэлцдэггүй, тэр талаар гаргасан хариуцагчийн тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөхөөс зайлсхийсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

4.3. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14-т хохирлын үнэлгээний талаар хариуцагч баримтаар үгүйсгэж маргаагүй гэсэн нь учир дутагдалтай, өнгөц дүгнэлт юм. Бидний зүгээс Г-ыг нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, мөн нэхэмжлэлийн суурь шаардлага нь өөрөө үндэслэлгүй гэсэн тайлбар хийн мэтгэлцэж байхдаа түүний үр дагаврын асуудал болох үнэлгээний компанийн хийсэн дүгнэлтийг, бодитой эсэх талаар дүгнэлт, няцаалт хийх нотлох баримт гаргах гэдэг нь утгагүй асуудал юм. Талуудын хооронд 2014.04.10-ны өдрийн гэрээний 6.2.2 дахь заалтад 1 м.кв талбайн үнийг хэрхэн үнэлэх талаар нэгэнт гэрээгээр тохиролцсон, энэ баримт буюу гэрээ хавтаст хэрэгт авагдсан байдаг. Шүүх хуралдааны үеэр шүүгчээс энэ заалтын талаар тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх дүнг зөвхөн алданги аргачлалд л ашиглах дүн хэмээн тайлбарласан нь хар дээр цагаанаар тэмдэглэсэн, нэгэнт тодорхой үйл баримтыг зориудаар бодит байдлаас мушгин гуйвуулсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч урьд нь энэ ч байдлаар нэхэмжлэлийн дүнгээ тодорхойлон нэхэмжлэл /319.79 м.кв талбайн үнэд 607,601,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл/ гаргаж байсан ба шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас, татгалзахаас зайлсхийхийн тулд эл байдлаар нэхэмжлэлийн дүнг тодорхойлсон гэж ойлгогдож байна.

Энэ талаар гаргасан давж заалдах гомдлын талаар магадлалын Хянавал хэсгийн 7-д “гомдлыг хангахгүй. Учир нь тухайн заалт нь үүргийн гүйцэтгэлийг сонгуулах арга буюу алданги тооцоход хэрэглэхээр тохиролцсон байна” гэжээ. Гэтэл хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018.10.15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дүгээр шийдвэрийн 4-р талд Г-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт хариуцагч талаас шилжүүлэх орон сууцны 1 кв.м-н үнийг 1,900,000 төгрөгөөр тооцохоор талууд харилцан тохиролцсон” гэж, үүний дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлсон болох нь цагаан дээр хараар тэмдэглэгдсэн байтал нэхэмжлэгчийн төлөөлөгч үүнийг мэдэн будилж, мушгин тайлбарласан, түүнийг шат шатны шүүх хүлээн авч, шийдвэр, магадлалын үндэслэл болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Г- гэж хүний гэрээний заалтыг өөр өөрөөр тайлбарлан нэхэмжилснийг шүүх эргэлзээгүйгээр шууд хүлээн авдаг, түүгээр нь эсрэг талын тайлбарыг няцааж, үгүйсгэж байгаа нь дэндүү ойлгомжгүй, хэт нэг талыг барьсан гэж хардахад хүргэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч О-гийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.04.07-ны өдрийн 001/ШХТ2026/00424 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч Г- нь хариуцагч О-д холбогдуулан 841,809,119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...талуудын хооронд 2014.03.27-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан. Уг гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн боловч хариуцагч тал “Л” ХХК-ийн эзэмшлийн газар дээр баригдах орон сууцны барилгаас 319.79 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй. Уг үүргийн биелэлтийг хангуулахаар нэхэмжлэгч шүүхэд хандсан боловч тухайн орон сууцыг хариуцагч гуравдагч этгээдэд шилжүүлсэн байгаа тул орон сууцыг гаргуулах нэхэмжлэлийг хангах боломжгүй, харин хохирлоо шаардах нь зүйтэй гэж үзсэн. Иймд орон сууцны 319.79 м.кв талбайг зах зээлийн ханшаар тооцож 841,809,119 төгрөгийн хохирол гаргуулахаар шаардаж байна...” гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа: “...О-гаас 607,601,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Түүнчлэн 2021 онд Г-ын зүгээс дахин шүүхэд хандан О- болон “Л” ХХК, “С” ХХК-уудад холбогдуулан мөн л шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн үйл баримтын талаар буюу *** хотхоны барилгаас 319.79 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024.09.17-ны өдөр хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Г- нь гэрээ байгуулагдсан 2014 оноос хойш 11 жилийн дараа урьд нь нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар нэхэмжлэлийн шаардлагын хэлбэрийг өөрчлөх байдлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны журмыг зөрчсөөр байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэж тайлбарласан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч О- нь “Л” ХХК-ийн 1,000 ширхэг хувьцаа, компанийн эзэмшлийн газар дээр барилга барих эрхийг 2019.06.08-ны өдөр бусдад худалдсан үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзнэ. ... хариуцагч нь гэрээний 3.1.4-т заасан дээрх газар дээр орон сууцны барилга барьж, 319.79 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Г-ын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. ...хариуцагч О- нь “Л” ХХК-ийн хувьцаа болон компанийн эзэмшлийн газар дээр барилга барих эрхийг 2019.06.08-ны өдөр бусдад худалдснаар ...орон сууцыг нэхэмжлэгч Г-т шилжүүлэн өгөх хэлбэрээр үүргийн биелэлт хангагдах боломжгүй болсон нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.17-ны өдрийн 181/ШШ2024/03408 дугаар шийдвэрээр тогтоогдсон ...тул учирсан хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй. ...хохирлын хэмжээг “Лэндс” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэснийг ...хариуцагч баримтаар үгүйсгэж маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангана. ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дугаар шийдвэрээс хойш хоёр талын гэрээний хэрэгжилт үргэлжилж, маргаанд хамаарах газар дээр орон сууцны барилга бодитоор баригдсан тул талууд гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролтой холбоотойгоор дахин шүүхэд хандах эрхийг хөндөхгүй. Иймд хариуцагчийн маргааны үйл баримттай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх татгалзал үндэслэлгүй. ...Нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж ...шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцох ...тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

9.Хэдийгээр хоёр шатны шүүх үйл баримт, маргааны шаардлагад холбогдох эрх зүйн талаар зөрүүгүй шийдвэр гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, шүүх хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцлээ.

10. Хэрэгт авагдсан баримтаар зохигчийн хооронд 2014.03.27-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-гээр худалдагч Г- нь “Л” ХХК-ийн нэг бүр нь 1,180 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 100,000 ширхэг хувьцааг эзэмших эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн хамт худалдах, худалдан авагч О- нь хувьцааны төлбөрт 100,000 ам.доллар, мөн “Л” ХХК-ийн урт хугацааны зээлийн төлбөрт 900,000 ам.доллар тус тус төлөх, компанийн эзэмшлийн газар дээр баригдах орон сууцны барилгаас 319.79 м.кв талбай бүхий орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаар зохигч маргаагүй, худалдагч гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн, харин худалдан авагч буюу хариуцагч 319.79 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, зөрчсөн үндэслэлээр орон сууцны үнэд 841,809,119 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

11. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Зохигч компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулсан ба худалдагч Г- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж “Л” ХХК-ийн хувьцаа, эрхийг бүрэн шилжүүлсэн, худалдан авагч О- хувьцааны төлбөрт 100,000 ам.доллар, “Л” ХХК-ийн урт хугацааны зээлийн төлбөрт 900,000 ам.доллар шилжүүлэх үүргээ тус тус биелүүлсэн боловч компанийн эзэмшил газар дээр баригдах орон сууцны барилгаас 319.79 м.кв талбай бүхий орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй, гагцхүү хариуцагч нь үүргийг биелүүлэх боломжгүй болсон нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үндэслэлээр өөрт учирсан хохирлыг орох байсан орлого буюу орон сууцны үнийн дүнгээр тодорхойлж шаардлага гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

12. Хэрэгт хуулийн хүчин төгөлдөр хоёр шийдвэр авагдсан байх ба эдгээрийг хариуцагч нь татгалзлын үндэслэл гэж тайлбарлажээ.

Эдгээр нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2024.09.17-ны өдрийн 181/ШШ2024/03408 дугаартай шийдвэр тус тус болно.

12.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дугаартай шийдвэртэй хэрэгт нэхэмжлэгч О- нь хариуцагч Г-т холбогдуулан, гэрээнд заасан газрыг чөлөөлж, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр зохигчийн хооронд байгуулагдсан 2014.03.27-ны өдрийн гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардсан ба Г-оос барилга барих гэрээний үүрэг биелэгдэхгүй нь тодорхой болсон үндэслэлээр орон сууцны үнэ 607,601,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүх, нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас гэрээнд заасан газрын бусдын эзэмшилд байгаа хэсэг буюу 72 м.кв газрыг чөлөөлөх шаардлагыг О- өөрөө хэрэгжүүлэх эрхтэй тул тэрээр гэрээнээс татгалзах эрхгүй, түүнчлэн газар чөлөөлөх гэрээний үүргээ хариуцагч бүрэн биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй тул Г-ын шаардлагыг хангахгүй гэж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрээс үзвэл, шийдвэр гарах үед Г- газар чөлөөлөх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн нь тогтоогдоогүй байсан бөгөөд үүргээ биелүүлэх нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэлийн энэ шаардлагатай холбоотой гэж үзэхгүй.

12.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2024.09.17-ны өдрийн 181/ШШ2024/03408 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Г-ын хариуцагч О- нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үндсэн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэжээ.

Энэ хэрэгт нэхэмжлэгч Г-оос 2014.03.27-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн газарт барилга баригдсан байх бөгөөд дээрх газарт баригдаж байгаа “S” хотхоны барилгаас гэрээнд заасан 319.79 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна.

Шүүх, хариуцагч О- нь “Л” ХХК-ийн хувьцаа, тус газар дээр барилга барих эрхээ иргэн И.Мөнхдоржид худалдсан байх ба “Л” ХХК, “С” ХХК-уудын хооронд байгуулагдсан гэрээгээр “S” хотхоны барилгаас 319.79 м.кв талбай бүхий орон сууцыг Г-ын өмчлөлд шилжүүлэх үүрэг тусгагдаагүй үндэслэлээр “S” хотхоны барилгаас 319.79 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгө гаргуулж, өмчлөлд шилжүүлэх шаардлагыг шийдвэрлэсэн байна.

12.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Дээр дурдсанчлан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч нь өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй үндэслэлээр орон сууцны үнийг нэхэмжлэх шаардах эрх үүсээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.17-ны өдрийн 181/ШШ2024/03408 дугаар шийдвэрээр гэрээний үүрэг болох орон сууцыг буюу эд хөрөнгө гаргуулах шаардлагыг шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрүүд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргааны үйл баримтыг өмнө шийдвэрлэсэн гэж үзэхгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцсэн, шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд “...нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байтал дахин шийдвэрлэсэн...” талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

13. Хариуцагчаас “...нэхэмжлэгч нь өмнө нэхэмжлэл гаргахдаа орон сууцны 1 м.кв талбайн үнийг гэрээний 6.2.2-т заасныг үндэслэн 1,900,000 төгрөгөөр үнэлж байсан атлаа үндэслэлгүйгээр өөр өөрөөр тайлбарлан нэхэмжилснийг шууд хүлээн авч шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй...” гэжээ.

Зохигч Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 6 дугаар зүйлд худалдан авагч талын эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд 6.6.2-т “худалдан авагч талаас шалтгаалан хугацаа хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд энэ гэрээний 3.1.4-т заасан талбайг /1 м.кв=1,900,000 төгрөг/ тооцож, 0.2 хувиар алданги төлнө...” гэжээ.

Дээрх тохиролцоог анхан болон давж заалдах шатны шүүх алдангийг тооцох талуудын тохиролцоо гэж дүгнэсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд үндэслэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, хохирол нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэл гаргах тухайн үед үүрэг гүйцэтгүүлэгчид орох байсан орлогыг хэлэх бөгөөд гэрээ байгуулсан 2014 онд орон сууцны 1 м.кв талбайн хэмжээг 1,900,000 төгрөгөөр үнэлж, алдангийг тооцохоор тохиролцсон байсныг үгүйсгэхгүй.

Харин үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нь 2024 онд нэхэмжлэл гаргахдаа тухайн газарт баригдсан барилгын 2023 оны үнэлгээг үндэслэн орох байсан орлогоо тодорхойлж, учирсан хохирлоо нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн энэ шаардлагыг татгалзсан, тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Дурдсан үндэслэлээр хохирлыг зөв тогтоогоогүй талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

14. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байх ба хариуцагч энэ үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаагүй болно.

15. Дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07919 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2026/00226 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч О-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч О-гаас 2026.02.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,366,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                                ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                                   Н.БАТЧИМЭГ

                                                                                                  Б.УНДРАХ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД