| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2024/0757/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/786 |
| Огноо | 2024-10-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/786
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Э.Хонгорзул,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч О.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт О-ы О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2405010811089 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, *** аймаг *** сум *** дугаар баг, *** оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-ы О-
Шүүгдэгч О.О- нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Flamingo шөнийн цэнгээний газарт хохирогч А.Ж- нь өөрийн өмчлөлийн I phone 14 pro загварын гар утсаа Б.Э-д хариуцуулан өгсөн байсныг түүнээс өөртөө шилжүүлэн авч, улмаар хохирогч А.Ж-гийн өмчлөлийн I phone 14 pro загварын гар утас болох бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 2,675,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэцүүлэгт О.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 25-28 дахь тал/
Хохирогч А.Ж-гийн “ ... 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байтал надтай хамт байр түрээслэн амьдардаг найз О- над руу залгаад хорооололд байдаг Flamingo нэртэй шөнийн цэнгээний газар хүрээд ир гэж хэлсэн.
Тэгээд тухайн шөнийн цэнгээний газар очиход О-, Ээгий мөн нэг үл таних залуу байсан. Тэгээд бид нар хамт бүжгийн талбайд гарч бүжиглээд архи сүгтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би өөрийн гар утсаа Ээгийд өгөөд цүнхэндээ хийчих гэж хэлээд цүхэнд нь хийсэн. Хэсэг байж байгаад Ээгий 02 цагийн үед гэртээ харилаа гэж хэлээд явсан. 02 цаг 30 минутын орчим О- хамт байсан залуутайгаа 10 дугаар хороололд байдаг зочид буудал руу явлаа чи хамт явах уу гэж асуухаар нь би зөвшөөрөөгүй.
Тэгээд тэр хоёр шөнийн цэнгээний газраас гараад явсан. Тэгээд би гэртээ харихаар шөнийн цэнгээний газраас гараад хүний гар утсаар Ээгий рүү залгаад миний гар утас хаана байна, гар утсаа авъя гэж хэлсэн чинь О- чиний гар утсыг авсан гэж хэлэхээр нь өөрийнхөө дугаар луу залгасан чинь дуудаад авахгүй байсан. Тэгэхээр нь О-ийн 80610636 дугаарт залгахад би чиний гар утсыг аваагүй гэж худлаа хэлээд байсан. Тэгээд маргааш нь ажлаа тараад гэртээ ирсэн чинь О- бүх хувцсаа аваад гэрээс явчихсан байсан. Одоо хаана байгаа болох нь тодорхоогүй байна.
2023 оны 8 дугаар сард Сайн электроникс төвөөс 6,100,000 төгрөгөөр худалдан авсан, ягаан өнгөтэй, ямар нэг сэв зураасгүй I phone 14 pro загварын гар утас байсан. 35006001430818, 350060001482876 гэсэн дугаартай 94655151 гэсэн дугаартай ашиглагдаж байсан. Мөн миний гар утас дэлгэцний кодтой.
2020 онд зааланд сагс тоглож байгаад танилцаж байсан нэг нутгийн охин нэр нь О- гэдэг. 2023 оны 11 дүгээр сард найз залуугаасаа салчихсан гэхээр нь уулзаад тэрнээс хойш түрээсийн байранд хамт амьдарч байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дахь тал/
Гэрч Б.Э-гийн “... Тухайн хамт амьдардаг найз О- бид хоёр 23 цаг өнгөрч байхад ярилцаж байгаад караоке орохоор болоод Хорооллын 11 дүгээр байрны автобусны дэргэд байх караокед ороод 01 цаг 30 минут аваад хүний хоёр, хоёр пиво аваад сууцгаасан. Караокед ороод сууж байх үед О- найз гээд нэг залуутай утсаар ярьж байгаад дуудсан. О-ийн найз ирэх үед караокены цаг талдаа орж байсан.
Бид гурав караокеноос гараад Flamingo гэсэн нэртэй шөнийн цэнгээний газарт ороод хүний хоёр, хоёр пиво аваад сууцгаасан. Тэгж байтал найз Ж- ирсэн. Би Ж-гээс өөрийг нь хэн дуудсан талаар асуухад О- дуудсан гэж хэлсэн. Бид нар шөнийн цэнгээний газарт сууж байх үед Ж- гар утсаа өгөөд цүнхэндээ хийчих гэхээр нь би аваад цүнхэндээ хийсэн. Ж- гар утсаа ширээн дээр тавьсан байсныг нь О- авах гээд байхаар нь надад авч өгсөн. 02 цаг өнгөрч байхад би шөнийн цэнгээний газраас гараад харих үедээ Ж-гийн гар утсыг О-т үлдээгээд явсан.
Гэрт хариад байж байтал Ж- над руу шорлогийн хүний утас гээд нэг утсаар залгаад миний гар утас яасан бэ гэж асуухаар нь О-т үлдээсэн гэж хэлсэн. Тэгсэн Ж- О-ийн дуудаж ирсэн найз гэх залуутайгаа хамт яваад өгсөн гэж хэлсэн. Би тухайн О-ийн 80610636 гэсэн дугаар луу өөрийн эзэмшлийн утсаар залгаж чи Ж-гийн гар утсыг өгсөн үү надаас асуугаад байна гэж хэлтэл би талбай дээр байна, бүжиглэж байх үедээ гар утсыг нь өгсөн гэж хэлсэн.
Ж- сүүлд ирсэн болохоор бараг пиво уугаагүй. О- бид хоёр бол хүний дөрөв дөрвөн пиво уусан байсан. I phone 14 pro загварын үзмэн ягаан өнгийн гар утас байсан. Шөнийн цэнгээний газарт намайг цүнхэндээ хийчих гэж хэлээд надад өгөх үед ягаан өнгийн хүрээтэй өнгөгүй кейстэй байсан. 2023 оны зун худалдан авсан хаанаас хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дахь тал/
Гэрч Т.Б-ийн “... Би нэр дээрээ лизингээр авч өгөх үедээ I phone 14 pro загварын үзмэн ягаан өнгийн гар утас авч өгч байсан. Өөрөө бол хэлээгүй 2024 оны 3 дугаар сарын үеэр банк бусаас залгаад зээлээ төлөөрэй гэх үед би Ж-д зээлээ төлөөгүй юм уу гэж ярих үед гар утсаа алдсан гэж хэлж байсан. Тэрнээс өмнө бол хэлээгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дахь тал/
Дамно ХХК-ны шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №БГ2-24-371 дугаартай дүгнэлт. /хэргийн 30-34 дэх тал/
О.О-ийн яллагдагчаар өгсөн “... 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хамт нэг байранд амьдарч байсан Ээгий болон Ж- нарын хамт шөнийн цэнгээний газарт орж үйлчлүүлсэн. Ингэхдээ Ж- бүжгийн талбайд бүжиглэж байх үед нь Ээгий Ж-гийн гар утсыг надад хүлээлгэж өгчхөөд шөнийн цэнгээний газраас гараад явсан.
Дараа нь би Ж-г бүжгийн талбайд үлдээгээд гар утсыг нь аваад шөнийн цэнгээний газраас гараад явсан. Дараа нь би Ж-гийн гар утсыг facebook дээрээс зар харж байгаад үл таних хүнд 400,000 төгрөгөөр зарчихсан. Би гэм буруугийн тал дээр маргахгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулна. Дахин гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргахгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 74-75 дахь тал/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.О- нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Flamingo шөнийн цэнгээний газраар хохирогч А.Ж- гэрч Б.Э- нарын хамт үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.
Ингээд шөнийн цэнгээний газарт үйлчлүүлэх явцдаа хохирогч А.Ж- нь өөрийн эзэмшлийн I phone 14 pro загварын гар утсыг гэрч Б.Э-д хадгалуулахаар өгчээ.
Хэсэг хугацааны дараа гэрч Б.Э- нь шөнийн цэнгээний газраас явахаасаа өмнө шүүгдэгч О.О-ийг уг гар утсыг хохирогч А.Ж-д дамжуулаад өгөөрэй гэж хэлэн өгсөн бөгөөд шүүгдэгч О.О- гар утсыг дамжуулан өгөлгүйгээр бусдад худалдсаны улмаас хохирогч А.Ж-д 2,675,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч О.О- нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хариуцаж буй байдлаа урвуулан ашиглаж, тухайн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч А.Ж-д бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд түүний завшсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч О.О- нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч А.Ж-д 2,675,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ны шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №БГ2-24-371 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчээс уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ
Шүүгдэгч О.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ы О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.О-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанаар О.О-ийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаар хийхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.О- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.О-аас 2,675,000 төгрөг гаргуулж А.Ж-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан О.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ