Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2019/00495

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э овгийн Б А /регистрийн дугаар ФА68112602/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т Ө ХХК-д холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т оюуны өгөөж ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18/08 тоот албан бичгээр ирүүлсэн Агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээг эс хүлээн зөвшөөрч хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд өмнө нь гаргасан байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүх хурал товлосон байсан боловч миний бие таксигаар шүүх рүү явж байгаад саатаж шүүх хуралдаа хожимдсоноос шүүх нэхэмжлэлийг буцаасан байна. Иймээс нэхэмжлэлээ дараах байдлаар дахин гаргаж байна. Миний бие А нь өр төлбөрийн учир Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр шүүхийн шийдвэрийн дагуу ШШГА хийгдэж байгаа бөгөөд ШШГА-аас миний өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багт байрлах Агуулахын зориулалттай 195 м.кв үл хөдлөх хөрөнгөд Тольдох оюуны өгөөж ХХК-иар үнэлгээ хийлгэсэн юм. Гэтэл Т ХХКомпани нь тухайн үл хөдлөх хөрөнгийг 11 614 772 төгрөгөөр үнэлснийг миний бие үл хүлээн зөвшөөрч байгаа болно. Учир нь тус агуулах нь нэг хэсэг нь 87 м.кв албан конторын зориулалттай , нэг хэсэг нь 108 м.кв тусгай зориулалтын / нэмэх градуст эд зүйл хадгалах / агуулах бүхий төвийн шугам сүлжээнд холбогдсон том хэмжээний байгууламж юм. Гэтэл Т оюуны өгөөж ХХКомпани нь тус агуулахыг 12 м.кв дулаан авто машины гараашийн өртөгт ч хүрэхгүйгээр үнэлж байгаад туйлын их гайхаж байна. Муугаар ярихад л тус агуулах нь 7-8 гаражийн үнэд хүрэхээр байгаа ба 1 авто машины дулаан гараж дор хаяж 10 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа болно. Хуульд зааснаар үнэлгээчин нь үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээр үнэлж тогтоох учиртай. Одоогийн зах зээлийн ханшаар бол 85 сая төгрөгөөр үнэлэгдэх боломжтой гэж үзэж байна. Үнэлгээчин нь байгууламжийг модон болон чулуун агуулахын ангилалд оруулж, байгууламжийн үр өгөөжийг ч буруу тооцсон байна гэж үзэж байна. Ингэснээр эд хөрөнгийн маань үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс бараг 8 дахин хямдаар үнэлэгдэж миний эрх ашиг хохироход хүрээд байна. Иймд Т ХХКомпанийн 2018 оны 09 дүгэр сарын 20-ны өдрийн 18/08 тоот албан бичгээр ирүүлсэн Агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээг эс хүлээн зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Шинжээч Д овогтой О миний бие нь ШШГГ-ын 52-р тойргийн шийдвэр гуйцэтгэгч, дэслэгч Ч.Г 2018 оны 08 сарын 26-ны өдрийн тогтоолын дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум, Баянбулаг баг, тоотод байрлах Агуулахын зориулалттай 195 мв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход шинжээчээр ажилласан бөгөөд шинжээч миний бие нь улсын бүртгэлийн гэрчилгээнд дурьдсан утга агуулгын дагуу дүгнэлтийг гаргасан ба Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 сарын 28 ны өдрийн 203 дугаар тушаалын 3-р хавсралтыг үндэслэн агуулахын зориулалттай барилгын жишиг үнээр тооцоолон гаргасан болно гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Т  ХХК-д холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18/08 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч өөрийгөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан ба нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгөө 11 614 792 төгрөгөнд үнэлүүлэхийг хүлээн зөвшөөрөөгүй байх бөгөөд энэхүү үндэслэлээ ...тус агуулах нь нэг хэсэг нь 87 м.кв албан конторын зориулалттай, нэг хэсэг нь 108 м.кв тусгай зориулалтын / нэмэх градуст эд зүйл хадгалах / агуулах бүхий төвийн шугам сүлжээнд холбогдсон том хэмжээний байгууламж юм. Гэтэл Т ХХКомпани нь тус агуулахыг 12 м.кв дулаан авто машины гаражийн өртөгт ч хүрэхгүйгээр үнэлж байгаад туйлын их гайхаж байна. Муугаар ярихад л тус агуулах нь 7-8 гаражийн үнэд хүрэхээр байгаа ба 1 авто машины дулаан гараж дор хаяж 10 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа болно. Хуульд зааснаар үнэлгээчин нь үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээр үнэлж тогтоох учиртай. Одоогийн зах зээлийн ханшаар бол 85 сая төгрөгөөр үнэлэгдэх боломжтой гэж үзэж байна.Үнэлгээчин нь байгууламжийг модон болон чулуун агуулахын ангилалд оруулж, байгууламжийн үр өгөөжийг ч буруу тооцсон гэж тайлбарлан 11 614 792 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгөхийг хүссэн шаардлага гаргаж байгаа.

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 24-нд үнэлгээний тайлантай танилцсанаас хойш 7 хоногийн дотор үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргасан нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5209 дүгээр шүүгчийн захирамжаар нотлогдож байх тул түүнийг хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан гэж үзлээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1534 дүгээр шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад О шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 09/06 дугаартай шинжээч томилох тухай тогтоол үйлдэн Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Ургацын 1 дүгээр гудамж 3б тоотод байрлах Агуулахын зориулалттай, 195 м.кв үл хөдлөх хөрөнгийг үнэлэх шинжээчээр үнэлгээчин Д.О  томилсон нь тогтоогдож байна.

Харин Т ХХК, захирал Д.О 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 18/08 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргаж, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багт байрлах Агуулахын зориулалттай 195 м.кв үл хөдлөх хөрөнгийг 11 614 792 төгрөгөөр үнэлсэн байна.

Үнэлгээчин Д.О хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн болох нь 140600041 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байгаа боловч, үнэлгээ гаргасан Тольдох оюуны өгөөж ХХК ямар үйл ажиллагаа явуулдаг компани болох нь, мөн тус компани нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 18/08 дугаартай үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.А улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т өгөөж ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д заасныг баримтлан Т ХХК-ийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 18/08 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК -иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА