| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2024/0775/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/797 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/797
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Н.Энхтөр,
шүүгдэгч Т.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Ц овогт Т-ын Хад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001171 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, “***” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг *** хороо *** бааз гудамж *** дүгээр байр *** тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Т-ын Х.
Шүүгдэгч Т.Х- нь согтуурууулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “зээлсэн мөнгөө хугацаанд нь өгсөнгүй” гэсэн шалтгаанаар 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо “Мандала” зочид буудлын гадаа байсан 86 51 УЕА улсын дугаартай Б.П-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн баруун зүүн их гэрэл, урд хойд салхины шилийг хагалж, урд хойд капут, буфер, урьд крыло, багажны хаалганы спойлер зэргийг дорцов ашиглан цохиж 2,695,000 төгрөгийн буюу бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1-9 дэх тал/
Мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 71 дэх тал/
Хохирогч Б.П-ын “ ... 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Маралын хамт facebook зар харж байгаад мөнгө зээлүүлнэ гэсэн зарын дагуу нэг хүнтэй холбогдож байгаад өөрийн эзэмшлийн 86 51 УЕА улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашинаа барьцаалж 2,000,000 төгрөг, 1,900,000 төгрөг, дахин 1,900,000 төгрөг нийт 5,800,000 төгрөгийг зээлж эргүүлээд 7,018,000 төгрөгийг 20-30 минутын хугацаатай буцааж өгөхөөр зээлсэн.
Эхнэр бид хоёр мөнгө зээлсэн байсан хүн мөнгийг өгч чадалгүй удаасан. Тэгээд эхнэр бид хоёр мөнгө зээлсэн хүнтэй дахиж холбогдоод 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүүг нь нэмээд эргүүлж өгөхөөр тохиролцсон.
Орой 21 цагийн үед тухайн мөнгө зээлсэн хүнтэй уулзаад мөнгийг нь өгөөд автомашинаа авах гэсэн боловч миний автомашины урд гуфер, зүүн талын их гэрэл, урд хамар, хоёр талын крыло нь халцарсан, урд салхины шил хагарсан байдалтай байсан. Тэгээд яагаад миний автомашин ийм болсон талаар асуухад миний мөнгийг өгөхгүй, удаасан болохоор автомашиныг чинь эвдэлсэн гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.
... Би тухайн хүнээс автомашинаа барьцаалж аваад зээл авчхаад мөнгөө эргүүлж өгөх гэж бага зэрэг удаасан болохоор миний автомашиныг уур нь хүрээд эвдэж гэмтээсэн. Би гомдолтой байна. Би тухайн уулзаад өгөх ёстой байсан 7,018,000 тагрөгийг бүрэн төлж барагдуулсан. Одоо би автомашинаа тухайн хүнээр янзлуулж авмаар байна. /хэргийн 14-15 дахь тал/
Сүлд үнэлгээ ХХК-ны Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 23-25 дахь тал/
Д.Х-ын яллагдагчаар өгсөн “... Миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын тээврийн хэрэгслийг гэмтээсэн асуудлаас болоод шалгагдаж байгаа.
Би уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би тэр хүний автомашиныг нь гэмтээсэн 2,875,000 төгрөгийн хохирлоо бүгдийг нь барагдуулсан. Би уг гэмт хэргийг үйлдсэндээ хармсаж байна. Өөрийн буруугаа ойлгож байна /хэргийн 67-68 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Хохирогч Б.П- нь шүүгдэгч Т.Х-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнээс 7,018,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлсэн ба зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн автомашин болох Toyota Prius 30 маркийн **-** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалжээ.
Ингээд хохирогч Б.П- нь 7,018,000 төгрөгийг хугацаандаа өгөөгүй гэсэн шалтгаанаар шүүгдэгч Т.Х- нь барьцаалсан Toyota Prius 30 маркийн **-** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг дорцов ашиглан эд ангиудыг нь эвдэж гэмтээжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Х- нь Б.П-ын өмчлөх эрхэд халдсаны улмаас эд хөрөнгөд нь хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч Б.П-ын Toyota Prius 30 маркийн 86 51 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2,875,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Сүлд үнэлгээ ХХК-ны Автомашин техникийн үнэлгээний тайлангаар /хэргийн 23-25 дахь тал/ тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.
Хавтаст хэрэгт хохирогч Б.П-ын “ ... Батчулуун овогтой П- ИГ00310618 надад ямар нэгэн гомдол санал байхгүй миний машинд учирсан хохирлыг маань барагдуулж өгсөн. Би хөдөө ажлаар явж байгаа очих боломжгүй байгаа хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн баримт /хэргийн 72 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.
2.2 Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3 Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дорцов 1 ширхгийг устгаж, шүүгдэгч Т.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Т-ын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Х-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Х-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Х- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Т.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дорцов 1 ширхгийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Х-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ