| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/1062/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1106 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1106
2024 10 08 2024/ШЦТ/1106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,
улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ /томилолтоор/,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2408000000000 тоот хэргийг 2024.09.16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашин засдаг ажилтай гэх, ам бүл-3, эхнэр, зээгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошуу 35-21 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Хошууд овогт Дгийн А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “хоёр хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 30-наас 2024 оны 7 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б-Од” караокены гадна талд хамтран амьдрагч Ж.Нийг нүүрэн тус газарт нь алгадаж, хана мөргүүлэх зэргээр зодсон, тухайн үйлдлийг болиулах гэж очсон Ж.Нийн дүү Ж.Мийг цохиж унаган нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшигчих зэргээр зодсоны улмаас хэн алиных нь бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Ж.Мийн “...2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр... Н эгчийн гэрт иртэл нөхөр Аын хамт амарч байсан... хүргэн ах А дэлгүүрээс 4 лааз пиво авч ирэхээр нь бид хоёр хувааж уусан. Тэгээд нэлээн орой болоод би А ахыг караоке орж дуулах уу гэж асуугаад бид хоёр гэрийнх нь ойролцоо байрлах караоке орж пиво уусан. Тухайн үед караоке дотор А ах танил хүнтэйгээ таарсан бололтой нөгөө хүн бид нарт 1 шил архи авч өгөөд хамт суусан. Энэ үед манай эгч Н гаднаас орж ирээд хамт уусан. Бид нар нэлээн согтоод караокеноос шөнийн 03 цаг 00 минутын үед гарцгаасан. Караокены хүн 2 шил пивоны тооцоо дутуу байна гэхээр нь би төлчихөөд гараад иртэл автобусны буудлын хойд талд А ах манай эгч Нийг цохиж зодож байхаар нь би очоод юу болоод байгаа талаар асуутал хамт явж байсан үл таних залуу намайг чи зүгээр бай гээд холдуулаад байсан. Би уур хүрээд А ахыг нуруу орчим нь гараараа цохисон. Тэгтэл миний ард байсан үл таних хүн намайг хойш татаж унагаатал А ах миний нүүр орчим өшиглөсөн. Тухайн үед миний хамар амнаас цус гарахаар нь би толгойгоо гараараа хаагаад доошоо хараад хэвтсэн. Миний толгой дээр А хэд хэдэн удаа хөлөөрөө дэвсээд” би чамайг ална гэж хэлээ биз дээ “гээд байсан” гэх мэдүүлэг /х.х-8-9/,
- Хохирогч Ж.Нийн “...2024 оны 6 дугаар сарын 30-ны ... шөнийн 00 цаг болж байхад ирэхгүй... манай нөхөр над руу залгаад Баянхошууны тойргийн караокед байна, хүрээд ир гэхээр нь би яваад очтол надад пиво авч өгсөн бөгөөд ширээн дээр 1 шил архи байсан ба үл таних хүн хамт байсан. Тухайн хүн нь манай нөхрийн хуурай дүү гээд байсан. Тэгээд манай нөхөр тамхи татах гээд караокеноос үл таних хүнтэй хамт гарахаар нь би араас нь дагаж гараад “одоо гэртээ харих уу” гэж асуутал гэнэт уурлаад би одоо чамайг ална шүү гээд миний нүүр орчим гараараа 1 удаа цохисон. Тэгээд түлхэж хана мөргүүлтэл манай дүү араас гарч ирээд хараад.. уурлаад манай нөхрийг 1 удаа цохитол хамт зогсож байсан үл таних хүн нь манай дүүг бариад автал нөхөр А манай дүү Мийн нүүр орчим нь 2-3 удаа өшиглөж хоолойноос нь заамдаж авсан. Тухайн үед би миний дүүг аллаа болиоч гэж орилж хашхичаад болихгүй болохоор нь зам руу гүйж очоод хүн дуудаж цагдаад дуудлага мэдээлэл өгүүлсэн” гэх мэдүүлэг /х.х-14-15/,
- Гэрч Т.Нгийн “...Б-Од нэртэй караоке ортол миний зүс таних А ах хүргэн дүүтэйгээ сууж байхаар нь 1 шил 0,5 литрийн архи авч өгөөд хамт уугаад сууж байтал А ахын эхнэр гэх эмэгтэй гаднаас согтуу орж ирээд А ах руу агсраад хэл амаар доромжлоод салаавч гаргаад байсан. Тухайн үед А ах “та нар яасан сонин юм” гэж уурлаад ууж байсан хундагатай архиа эхнэр рүүгээ цацаад маргалдах гээд байхаар нь би “явъя” гээд А ахыг дагуулж гараад гэр рүү нь алхаад явж байтал араас А ахтай хамт явж байсан хүргэн дүү нь гэх өөрийгөө Мөнгөө гэж танилцуулсан залуу ирээд А ахыг хавсраад унагаачихсан... би болиулах гээд Мөнгөө гэх залууг татаад зууралдаад хамт газар уначихсан. Энэ үед А ах Мөнгөө гэх залуугийн нүүр рүү нь өшиглөөд унагаачихсан. Би босож ирээд хартал Мөнгөө гэх залуугийн нүүр ам болон хамраас нь битүү цус гарч байсан бөгөөд А ахын эхнэр нь хажууд орилж хашхичаад зогсоод байсан. Би бага зэрэг согтолттой байсан. Болсон явдлыг санаж байна. А ах өшиглөж унагаасны дараа хамар амнаас нь битүү цус гараад байсан” гэх мэдүүлэг /х.х-18-19/,
- Шүүх-эмнэлэгийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8893 дугаартай: “Ж.Нийн биед зүүн нүдний дотор өнцөг, доод зовхинд цус хуралт, баруун тохойд язарсан шарх, зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /х.х-35-36/,
- Шинжээч эмч Н.Эгийн “Зүүн нүдний дотор өнцөг, доод зовхинд цус хуралт, баруун тохойд язарсан шарх, зулгаралт нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн бугалгад цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй бусад гэмтлүүдтэй нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /х.х-30/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 8834 дугаартай: “Ж.Мийн биед дух, хөмсөг, хамар, хүзүү, баруун тохой, өвдөгний зулгаралт, дээд уруулын цус хуралт, зулгаралт, баруун дээд 1, 2-р үүдэн шүдний сулрал, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /х.х-40-41/,
- Шинжээч эмч С.Кын “Дээд уруулын цус хуралт, зулгаралт, баруун дээд үүдний 2-р шүдний сулрал, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /х.х-32/,
- Яллагдагч *******ын “ Прокурорын тогтоолтой санал нийлж байна, хүлээн зөвшөөрч байна...нэг мэдэхэд би нэлээн согтчихсон сууж байхдаа эхнэр Нийг хардаж бага зэрэг маргаан болоод ууж байсан архиа нүүр рүү нь цацаад нүүр орчим нь гараараа нэг удаа цохиод караоке дотор зүс таних бүтэн нэрийг нь мэдэхгүй Нуураа гэх хочтой дүүтэй таараад бид хоёр караокеноос гараад дэлгүүр явж байтал араас М араас гарч ирээд эгчийгээ өмөөрөөд намайг хэл амаар доромжлоод хоолойноос боож татаж унагаасан. Тухайн үед Нуураа бид хоёрыг болиултал М салж өгөхгүй дайраад Нуураатай зууралдаж байх хооронд нь би Мийн нүүр орчим нь 1 удаа өшиглөсөн. Тэгтэл хамар болон уруулаас нь цус гараад байсан... Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Ж.Нийн нүүр орчим нь гараараа 1 удаа цохиж, Ж.Мийн нүүр орчим нь 1 удаа өшиглөж цохиж зодсон... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /х.х-110/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил, түүнчлэн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 30-наас 2024 оны 7 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б-Од” караокены гадна талд хамтран амьдрагч Ж.Нийг нүүрэн тус газарт нь алгадаж, хана мөргүүлэх зэргээр зодсон, тухайн үйлдлийг болиулах гэж очсон Ж.Нийн дүү Ж.Мийг цохиж унаган нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшигчих зэргээр зодсоны улмаас хэн алиных нь бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, шууд санаатай үйлдэл болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч Ж.Нтэй 2021 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч байгаа ба хохирогч Ж.М хохирогч Ж.Нийн төрсөн дүү болох нь хохирогч Ж.Н /х.х-14-15/, гэрч Т.Н /х.х-18-19/, шүүгдэгч ******* /х.х-110/ нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар *******, Ж.Н, Ж.М нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцно.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ж.Н нь “ Би тал пиво уусан, согтсон асуудал байхгүй. Болсон явдлыг санаж байна... Бид хоёр хамт амьдраад 3 жил болж байна, дундаасаа хүүхэдгүй. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Тухайн үед манай нөхөр А архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд ямар ч шалтгаангүй миний биед халдаж, нүүр орчим гараараа 1 удаа цохиж, хана мөргүүлсэн. Өөр миний биед халдаж зодсон хүн байхгүй. Зүүн нүд хөхөрч хавдсан, баруун гарын тохой орчим шалбарсан зүүн гарын булчин орчим хөхөрч хөндүүр байна. Би өнөөдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гомдолтой байна. Надад сэтгэцэд учирсан хор уршгийн өөрт холбоотой эрхийг тайлбарлаж өглөө. Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал, сэтгэцийн түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилуулах шаардлагагүй” гэж /х.х-14-15/, хохирогч Ж.М “ Миний үүдэн 2 шүд хөдөлсөн. Эрүү болон шанаа орчим хавдаж хөхөрсөн. Аас өөр халдаж зодож цохисон хүн байхгүй. Миний биед халдаж зодож цохисон үйлдэлд гомдолтой байна. Надад сэтгэцэд учирсан хор уршгийн өөрт холбоотой эрхийг тайлбарлаж өглөө. Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал, сэтгэцийн түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилуулах шаардлагагүй” гэж /х.х-8-9/ тус тус мэдүүлсэн байна.
Хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч Ж.Н нь “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж, хохирогч Ж.М нь “Шүүх хуралдаанд оролцох боломжгүй хөдөө байдаг. Хөдөөгөөс наашаа цаашаа явах боломжгүй, зардал гэж *******ас өгөхгүй юм чинь, мөн ажлаа алдаад хэдэн өдрийн цалингаа авч чадахгүй нөхцөл байдал үүснэ. Надад хохирол төлбөр гэж мөнгө өгөөгүй, миний 2 шүд хөдөлгөөнтэй болоод шүд хийлгэсэн байгаа. Гэхдээ наад хүн чинь сэтгэлээрээ хэдэн төгрөг өгөхгүй байгаа. Шүдээ эмчлүүлсэн баримтаа алга болгочихсон. Миний зүгээс одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гаргаж өгөх баримт байхгүй” гэж мэдэгдсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна. Хохирогч нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахыг гэм буруутай этгээд болох *******ас шаардах эрхтэй боловч тус тус иргэний нэхэмжлэл гаргаагүй, баримт хавсаргаж өгөөгүй, мөн сэтгэцэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргахаасаа татгалзсан учир шүүх иргэний нэхэмжлэлийн асуудлыг санаачилгаараа хэлэлцэх бололцоогүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. Хохирогч нар нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Б.Аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг энэхүү шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,
2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 580 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсны дагуу хорих ялыг биечлэн эдэлж байгаад Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 135 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 8 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар оногдуулсны дагуу хорих ялыг биечлэн эдэлж байгаад Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-71-90/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-68/ тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 1997 онд ял шийтгүүлсэн гэмт хэрэгтээ ялгүй болсны дараа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн байх ба сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан ялыг эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийн 78.2.3-т зааснаар ялгүй болсонд байна. Иймд *******ын урьд 3 удаа ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч ******* нь хохирогч Ж.Нийн олон нийтийн газарт зүй бусаар авирласан үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг, шүүгдэгч нь “торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би торгуулийн ял шийтгэлийг хувааж төлөх боломжтой. Надад автомашин засуулахаар хүмүүс их ирдэг” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.
Иймд дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлсэн, мөн түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хошууд овогт Дгийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх, мөн зүйлийн мөн хэсгийн 2.6-д заасан “хоёр хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хошууд овогт Дгийн Ад 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******д оногдуулсан 1500000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогч Ж.Н, Ж.М нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Н, Ж.М нар нь шаардлагатай гэж үзвэл эмчилгээ шинжилгээтэй холбогдон гарсан болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Б.Аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ