| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2019/00342/И |
| Дугаар | 142/ШШ2019/00508 |
| Огноо | 2019-04-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2019/00508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т овгийн Д У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С овгийн Б Т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэжлэгч Д.У, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Танх 2012 онд танилцаж, улмаар дотносон үерхэж байхдаа жирэмсэн болсон. Миний хүү Б.Ч нь 2015 оны 10 сарын 05-нд төрсөн. Б.Т батлуулах гэтэл өмнө нь өөр хүнтэй гэрлэлтээ батлуулсан байсан тул батлуулаагүй. Бид хүүгээ төрсний дараагаар манай аавынд хамт амьдарч байгаад 2017 онд миний аав байр авч өгсөн. 1-1-31 тоотод тусдаа гарч хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдрах хугацаанд Б.Т нь амьдралын зорилго төлөвлөгөөгүй шоу цэнгээн хөөж, гадуур хонож гэр бүл, үр хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй байсан. Ажил хийдэг боловч цалингаа нууж, өөртөө л зарцуулдаг. Би хүүхэд нялх учир ажил хийх боломжгүй байсан тул өөрийн ээж ааваас байрны төлбөр тооцооны мөнгө хэрэглээний зардлаа авдаг байсан. Бид байнгын зөрчилтэй байсан тул 2017 оны 12 сараас тусдаа амьдрах болсон. Одоо миний хүү 3 настай эрүүл саруул миний асрамжинд өсөж байна. Хүүхэд өсөж, томрон хэрэглээ нь нэмэгдэж байгаа тул тэтгэлэг гаргуулах нэхэмжэлэлийг Б.Т холбогдуулан гаргаж байна. Иймд хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Б.Т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Б.Т гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2015 оны 10 сарын 05-ны өдөр хүү Т.Ч төрсөн, охиноо эцэг Б.Т овоглон төрсний гэрчилгээ авсан, хүү эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа зэрэг нь Зэст багийн засаг даргын тодорхойлолт, Анхны Оч Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 6101001906 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Б.Т хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 32 529 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл Б.Т нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүү Т.Ч 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй.
Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 194 300 төгрөг ба үүний 50% 1 жилээр тооцоход 1 165 800 төгрөг болох тул энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 32 529 төгрөгөөр тооцож хариуцагч Б.Т гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 10 сарын 05-ны өдөр төрсөн хүү Т.Ч 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Б.Т гаргуулан нэхэмжлэгч Д.У олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Т 32 256 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА