Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/804

 

 

 

 

 

 

 

 2024           10           10                                       2024/ШЦТ/804

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч Ц.С- түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч А.Б- түүний өмгөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Т овогт Ц-ын С-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Я овогт А-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2405031431176 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр *** аймаг *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ц-ын С-.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр *** аймаг *** суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Я овогт А-ийн Б-.

Шүүгдэгч Ц.С- нь 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ганбо хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр “машинаа буруу байрлуулсан” гэсэн шалтгаанаас үүдэн бусадтай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч А.Б-ын үснээс нь зулгаах, нүүр лүү нь цохих, газар унагах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн дээд 1-р шүдний хугарал, зүүн хөмсөг, хүзүүнд цус хуралт, хүзүү, зүүн тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Б- нь 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ганбо хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр “машинаа буруу байрлуулсан” гэсэн шалтгаанаас үүдэн бусадтай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч Ц.С-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж үснээс нь зулгаах, нүүр лүү нь цохих, газар унагах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дух, хамрын нуруу, баруун хөхөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөх, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б- мэдүүлэхдээ: “Би С-тай зууралдахад намайг хэтэрхий зодсон болохоор нь зөрүүлж зодож, цохих үйлдэл хийсэн. Газар унаган С-ын гэдэс рүү өшиглөсөн зүйл байхгүй. С-ын нөхөрт хүүхдийг чинь бодохгүй гэж хэлээгүй. С-ын биед хөнгөн хохирол учруулсандаа гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С- хохирогчоор мэдүүлэхдээ: “Түр хугацаанд хашааны үүдэнд автомашинаа зогсоосон байсан. Тухайн хашаанаас Б- автомашинаа гаргах гээд манай нөхрийг автомашинаа холдуул гэж хэлэхэд манай нөхөр уучлаарай, одоо холдууллаа гэхэд Б- уучлалт гуйж мэддэггүй юм уу гэж манай нөхрийг алгадсан болохоор би Б-тай маргалдсан.Б- автомашинаасаа бууж ирэн миний сууж байсан талын хаалгыг татахаар нь би машинаас бууж түлхэлцэн улмаар үсдэлцэн Б-ын хоолойг багалзуурдан маажсан. Хашаанаас холдож дахин үсдэлцэхэд манай нөхөр намайг жирэмсэн гэдгийг хэлсэн боловч Б- мэдээгүй юм шиг байсан. Цаанаас богино үстэй охин салгахаар ирэхэд манай нөхөр эмэгтэй гэдгийг мэдэлгүй түлхсэн. Б- намайг үсдэж доош дарсан. Удалгүй эмнэлэгт үзүүлэхэд миний савны амсар 4 хуруу нээгдсэн байсан. А.Б-д зодуулсантай холбоотойгоор 2 хоногийн дараа хүндрэлтэй төрсөн. Хөх хөндүүртэй болсон байсан. Хүзүүний ар хэсгийн үс халзарсан одоо болтол ургаагүй байгаа. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б- хохирогчоор мэдүүлэхдээ: “С-ын нөхрийг нь алгадаагүй. Автомашинаа зөв байрлуулах талаар хэлэхэд С-ын нөхөр нь чимээгүй машиндаа суухаар нь та хүнээс уучлалт гуйж мэддэггүй юм уу гэсэн чинь С- хүүхдээ нөхөртөө өгөөд гарч ирэх гэхээр нь би автомашины хаалгыг нь түлхэхэд С- хаалгыг хүчтэй түлхэн гарч ирж намайг шууд үсдэж зодсон. Миний шүд хугарсан. Дараа нь цагдаа ирэхэд явж чадахгүй биеэ даахгүй хэмжээний хөндүүртэй байсан. Хүзүүндээ олон шарх авсан. Шүд хийлгэх хүсэлттэй байгаа” гэв.

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 101-103 дахь тал/

 

Мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол. /хэргийн 111 дэх тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороонд байрлах Prius центрийн зүүн хойд зам дээр хохирогч А.Б- болон Ц.С- нар хоорондоо үсдэлцэж буйг харуулав.

... 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороонд байрлах Prius центрийн зүүн хойд зам дээр хохирогч А.Б-ын нүүрэнд Ц.С- баруун гараараа цохиж буйг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 112-115 дахь тал/

 

Хохирогч А.Б-ын “… Би 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын хуучин эцсийн Prius центрийн хойд талын хашаанаас өөрийн эзэмшлийн 61 28 УАВ улсын дугаартай Honda Сivic маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт ажилладаг дүү Ч.А-ы хамт А-гийн аавын хашаанаас машинтайгаа гарахаар зам руу орох гээд төв зам руу гарах гэхэд гарц хаагаад Toyota prius 11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг байрлуулсан байсан.

Автомашинд нь эмэгтэй хүн хүүхдээ тэврээд сууж байсан. Жолооч нь замын эсрэг талаас хашааны хаалгаа хаагаад буцаад зам гараад ирж байсан. Автомашиндаа дуугай ирээд суухаар нь би цонхоо онгойлгоод та гарц хааж тавихгүй, урагшлуулаад машинаа тавихгүй яасан юм бэ гэж хэлэхэд эхнэр нь цаанаас нь сүртэй муу гичий вэ гэхээр нь би автомашинаасаа буугаад нөхрийнх нь талын цонхон дээр нь очоод та юу гээд байгаа юм бэ, таны буруу биз дээ гэж хэлэхэд шууд учир зүггүй эхнэр нь 1 нас хүрээгүй хүүхдээ нөхөр лүүгээ өгөөд өөрөө шууд бууж ирээд намайг үсдээд доошоо дараад нүүр, нуруу луу цохиж зодоод байсан. Манай дүү А- ирээд бид хоёрыг эхлээд салгасан.

Тэгээд цагдаа дуудна гээд байж байсан чинь дахиж ирээд тухайн эмэгтэй намайг үсдээд нүүр лүү гараараа цохиод байсан. А- та болиоч гээд тухайн эмэгтэйг түлхсэн чинь нөхөр нь бууж ирээд чи эмэгтэй хүнд гар хүрлээ гээд шууд дэгээдээд газар унагасан. Би наад хүн чинь эмэгтэй хүн шүү дээ гэхэд чи манай эхнэрийг цохилоо гээд А- руу дайраад байсан. А- газар унахдаа толгойн ар хэсгээр газар замын хашлага бетон цохиж унасан гэсэн. Тэгээд би А-г эмэгтэй гэдгийг хэлсэн чинь ах нь чамайг эрэгтэй гэж бодлоо гээд уучлаарай гэж хэлсэн. А- халимаг үстэй тул эрэгтэй хүн шиг харагдсан. Тэгээд тухайн хоёр хүний ээж нь гэх хүн гарч ирсэн. Би тухайн намайг зодсон эмэгтэйг та яадаг гэнээ ээжийнхээ хажууд яаснаа харуулдаа гэж хэлэхэд дахин дайраад яадаг гичий вэ, чамайг ална гээд үсдээд доошоо дараад нүүр нүдгүй, нуруу луу мөн цохиж зодсон.

Тухайн эгч жирэмсэн байсан бөгөөд гэдэс рүү өшиглөсөн гэж худлаа яриад байсан. Би үсдүүлээд доошоо даруулсан тул өшиглөх боломжгүй байсан. Миний үүдэн баруун талын шүд зодуулснаас болж унасан. Шүдээ хайгаад олоогүй залгисан байж магадгүй.

Миний хүзүүний баруун хэсэгт маажуулсан арьс шалбарсан, хоёр хацар хөндүүр хавдсан байж магадгүй. Нуруу хөндүүртэй байна үүдэн баруун талын нэг шүд унасан.

Тухайн эмэгтэйд зодуулж байх үед унасан. Үсдээд дараад нүүр рүү гараараа цохиод өшиглөөд байсан тэр үед л унасан.

Би тухайн эмэгтэйн үснээс нь зулгаасан том биетэй эмэгтэй хүн байсан тул би гар хүрч чадаагүй.

А- намайг салгах гээд нүүр лүү нь тухайн эмэгтэйг түлхсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь нөхөр нь ирээд А-г дэгээдэж газар унагасан гэсэн. Унахдаа замын бетон мөргөж унасан гэсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. …” гэсэн мэдүүлэг. /хэргийн 35 дахь тал/

“… Тэр үед тухайн эмэгтэйн нөхөр бололтой залуу манай эхнэр жирэмсэн гэж хэлсэн. Тэр үед би нөхөрт нь өөрийгөө хайрлахгүй надтай зодолдоод байгаа хүнийг би яах ёстойн гээд бид хоёр үргэлжлүүлж зодолдсон. Би жирэмсэн эмэгтэйтэй зодолдож байх үед А- хажуу талаас бид хоёрын зодооныг салгах гээд миний гарыг бариад цаад талаас нь жирэмсэн эмэгтэй нөхөр эхнэрээ татаж болиулах гээд байсан.

Одоо би бодоход тухайн эмэгтэй машинаасаа бууж ирэх үед хаалгаараа миний нүүр хэсэг рүү онож шүдийг маань унагаасан.

.... Би сэтгэцэд учирсан хохирлын зэргийн үнэлгээг тодорхойлуулна. Би Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлбөр аваагүй. Шүдэндээ ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй байгаа. ... ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дахь тал/

 

Хохирогч Ц.С-ын “... 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг өнгөрч байхад би нөхөр ой 1 сартай хүүхдийн хамт Toyota Prius 11 маркийн тээврийн хэрэгсэлтэй Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 2В гудамж 355 тоот хашаанаас автомашинтай гараад замын эсрэг талд айлын хашааны гадна автомашинаа хааж тавиад нөхөр гэр лүү орж хүүхдийн ягаан дэвтэр авахаар орсон бөгөөд тэр үед намайг автомашин дотор байхад бид хоёрын хааж тавьсан байсан хашаанаас эмэгтэй хүн автомашинтай гарч ирсэн. Манай нөхөр цаанаас давхар гарч ирж таараад маск зүүсэн жолоо барьж байсан эмэгтэй зайлаач дээ гэсэн бөгөөд манай нөхөр тухайн жолооч эмэгтэй хүнд уучлаарай, одоо автомашинаа хөдөлгөөд явлаа гэсэн чинь хүнээс уучлалт гуйж мэддэггүй юм уу гээд машинаасаа бууж ирсэн.

 Манай нөхөр уучлаарай одоо хөдөлгөөд явлаа гэсэн чинь тухайн жолооч эмэгтэй манай нөхрийн нүүр лүү нь нэг удаа алгадсан. Би тухайн эмэгтэй хүн одоо хөдлөх гэж байна уучлаарай гэж гуйгаа биз дээ гэж хэлсэн чинь чи дуугай бай балай авгай минь гэхээр нь би зайл гэж хэлсэн бөгөөд хөдлөх гэхэд машин тойрч ирээд миний хаалгыг онгойлгоод намайг эхлээд цохих гээд байхаар нь би автомашины хаалгыг татаад хаасан.

Тухайн жолооч эмэгтэй өөр нэг тайрмал үстэй эмэгтэй хүнтэй явж байсан. Тэр хүн нь тайрмал үстэй эрэгтэй хүн шиг харагдсан. Тэр хоёр хамт ирээд автомашины хаалга татахаар нь болиоч дээ ядаргаатай юм бэ гэхэд жолоо барьж байсан эмэгтэй намайг автомашинаас буусны дараа хоолой боохоор нь би зөрүүлээд тухайн хүний хоолойг нь боосон чинь намайг үсдээд би зөрүүлээд үсдээд би автомашины урд очих хүртэл үснээс нь чирээд манай нөхөр болиоч та нар жирэмсэн хүнийг зодож нүдээд байх юм гэж хэлсэн чинь жолоо барьж байсан миний үснээс нь зулгаасан эмэгтэй жирэмсэн хүнийг зодож болдоггүй юм уу гэж хэлсэн.

Манай нөхрийг намайг үсэдсэн жолооч эмэгтэй нөхрийг хүүхэд тэвэрсэн байхад алгадсан. Тэгээд манай нөхөр бид нарыг салгасан чинь тухайн эмэгтэй намайг автомашинд суусны дараа гичий, банзал гэж дуудаад намайг автомашинаас буулгаж ирээд үсдээд байсан.

... Тэгээд дэлгүүрийн эгч гарч ирээд манай нөхөр дэлгүүрийн эгчид хүүхдээ өгөөд дахиад нөгөө жолооч эмэгтэй ирээд намайг үсэдсэн. Манай нөхөр цаана нь та хоёр хоёулаа манай эхнэр рүү дайраад байх юм гээд тайрмал үстэй эмэгтэй хүнийг цаана хавирч газар унагаж байсан. Тэгээд салах гээд байж байхад жолооч хүүхэн намайг бузар, янхан, гичий минь гээд дахиж бид хоёр үсдэлцээд салаад байж байгаад бид нар цагдаа дуудаад ээж гарч ирээд юу болсон юм гэж асуусан чинь танай энэ өлбийсөн гичий өөрөө эхлээд гэсэн чинь уучлаарай гээд салчих гэж хэлсэн чинь намайг гичий минь гэхээр нь би очоод тухайн эмэгтэй дахиж үсдээд тэгээд салсан.

Би тухайн эмэгтэй гараараа болон хөлөөрөө цохиж зодоогүй. Би сүүлд үсдэх үедээ нөгөө тайрмал үстэй эмэгтэй хүн нь ирээд дайраад байхаар нь нүүр лүү нь би нэг удаа гараараа цохисон.

Би тэрийг мэдэхгүй байна. Автомашинаас намайг гаргаж ирэх үедээ хаалганд цохиж унагасан байх. Би бол нүүр, ам руу нь цохиогүй. Үсдээд хоолойг нь маажсан. Гар хөлөөрөө цохиж зодоогүй.

Миний гэдэс базалж өвдөөд байна. Би жирэмсэн 9 сартай. Миний урд талын үс унасан. Жолооч эмэгтэй үсдээд чирэх үед баруун өвдөг зулгарсан. Намайг чирээд явж байхад нь гэдэс рүү тайрмал үстэй эмэгтэй нэг удаа өшиглөсөн.

Сүүлд цагдаа ирсэн үед цагдаа нөгөө хүүхний чинь шүд нь унасан байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49-50 дахь тал/

“... Тухайн үед миний сэтгэл санаа тогтворгүй байсан тул мэдүүлэг өгөхдөө юу болсон талаар сайн мэдэхгүй байсан.

... Би дараа нь өөрийнхөө зодолдсон бичлэгийг Ганбо дэлгүүрийн эгчийн хяналтын камераас үзсэн. Бид хоёр автомашин зам дээр эхэлж зодолдоод намайг үсдээд би бас зөрүүлж тэр хүүхнийг үсдэж би үснээс нь чирч эхэлсэн. Дараа нь бид хоёр автомашин замаас гарч хашааны буланд очиж үргэлжлүүлж зодолдсон.

Миний дух хамар хэсэг рүү гараараа цохиж бид хоёр барьцалдаж намайг унагааж гэдэс хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Харин шүдийг нь болохоор манай автомашины хаалгыг тухайн хүүхэн татаж байхад нь би машины хаалгаа түлхэх үед шүдийг нь унагаасан байх. ... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 53-54 дахь тал/

 

Ч.А-ы хохирогчоор өгсөн “… нөхөр нь дэлгүүрээс гарч ирэхэд нь хамт байсан манай эгч та гарц хаагаад тавьчихсан байна гэхэд нөхөр нь өө яана тийм үү гэхэд цаад талаас нь эхнэр нь сүртэй юм бэ гичий минь гээд хараал хэлэхэд манай найз бууж очоод жолооч талын хаалганы цонхон дээр нь очоод юу гэнээ, бодож уучлалт гуйхгүй юм уу гэж хэлэхэд нь эхнэр нэг үг хэлээд байх шиг байсан. Би автомашинд байсан болохоор сайн сонсоогүй. Тэгээд Б- эхнэрийнхэн сууж байсан хаалганы тэнд очиход эхнэр нь бууж ирээд гэнэт Б-ыг үсдээд газар луу дарахаар нь би салгах гээд очсон чинь үснээс нь тавихгүй маргалдаад байсан. Тэгээд би болон нөхрийнх нь хамт бид хоёр голоор нь салгах гэхэд тухайн эхнэр нь манай найзыг үсдээд дараад байхаар нь би тухайн эмэгтэйг мангасдсан чинь нөхөр нь гэнэт миний хоолойг боогоод би тухайн үед амьсгаа авч чадахгүй болж байсан чинь нөхөр нь боохоо болиод би амьсгаа авч байсан чинь гэнэт намайг дэгээдээд би унахдаа газар бродюр мөргөөд унасан юм. Тэгээд би босох үед тухайн эмэгтэй манай найзтай барьцалдаж байсан чинь нөхөр нь манай найзыг боож байхад нь би салгах гээд очиход эхнэр нь миний үснээс зулгаагаад маргалдаад байж байсан чинь тухайн хүмүүс өөрсдөө холдоод цагдаагаа дуудъя гээд бид нар салцгаасан.

... Тухайн хүн дэгээдэж унах үед бетон хашлага мөргөж унаад баруун гарын тохой хэсэг шалбарсан. Гарц хааж тавьсан гээд хэлсэн чинь эхнэр нь хэл амаар доромжлоод байсан. ... Би тухайн эхнэрийн биед халдаж цохиж зодоогүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-44 дахь тал/

 

Гэрч Б.У-ын “… Гэрээс гараад автомашиндаа суух гээд явж байтал цаана автомашины жолооч эмэгтэй бууж ирээд автомашинаа яаж байрлуулж байгаан гэхэд нь би уучлаарай, одоо хөдөллөө гэж хэлээд автомашиндаа суутал араас хүрч ирээд чи хүнээс уучлалт гуйж чаддаггүй юм уу гээд намайг алгадсан. Тэгэхэд эхнэр хажуу талаас чи юу гээд байгаан бэ гээд хэлтэл намайг алгадсан хүүхэн балай авгай минь дуугай бай гээд гичий гээд дуудаж эхнэрийн талын хаалган дээр очиход манай эхнэр С- хаалга онгойлгож намайг алгадсан эмэгтэйтэй шууд үсдэлцээд бие биеэ цохиж эхэлсэн.

... Тухайн үед Ганбо дэлгүүрийн худалдагч эгч гарч ирээд боль гээд орилсон. Тухайн үед би Ганбо дэлгүүрийн худалдагч эгчид хүүхдээ бариулаад цаана хашааны тэнд манай эхнэр болон намайг алгадсан эмэгтэй хоёр зодолдоод хажуу талаас нь жижиг үстэй хүүхэн ороод байхаар гүйж очоод чи ядаж боль гээд жижиг үстэй хүүхнийг цааш нь түлхэж холдуулж нөгөө хоёрыг салгаж эхэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 56-57 дахь тал/

“…Би тухайн бичлэгийг үзлээ манай эхнэр Ц.С- болон А.Б- нарын зодооны бичлэгийг үзэхэд тайрмал үстэй эмэгтэй манай эхнэрийн биед халдаж зодож зодсон зүйл байхгүй. Зөвхөн хар фудволктой, хар өмдтэй А.Б- гэх эмэгтэй манай эхнэртэй зодолдож байсан байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60 дахь тал/

“...Манай эхнэр жирэмсэн гэдгийг тэр үед С-тай зодолдсон эмэгтэй надад хандаж танай эхнэр өөрийгөө бодохгүй бол би гэдсэнд нь байгаа хүүхдийг чинь бодохгүй гэж надад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 66-67 дахь тал/

 

Гэрч Д.М-ийн “... гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би гарч та нар больцгоо гээд орилсон. Тэр үед тоохгүй жирэмсэн эмэгтэй болох 160 см орчим өндөртэй бор царайтай, эмэгтэй хоёр хоорондоо үсдэлцээд бие биеийнхээ толгой хэсэг рүүгээ хоорондоо цохилцож байсан. Тэр жирэмсэн эмэгтэйн нөхөр болох эрэгтэй нь хүүхдээ тэвэрчихсэн байж байгаад эгчээ та манай хүүхдийг авч байгаач гээд надад хүүхдээ тэврүүлээд бор эмэгтэйн хажууд байсан жижиг үстэй охиныг очоод унагаагаад зодоод эхэлсэн. Би тэр үед айгаад дэлгүүр лүүгээ ороод зогссон. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 63-64 дэх тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9516 дугаартай:

“...1.Ц.С-ын биед дух, хамрын нуруу, баруун хөхөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 76-77 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9508 дугаартай:

“...1.2. А.Б-ын биед зүүн дээд 1-р шүдний хугарал, зүүн хөмсөг, хүзүүнд цус хуралт, хүзүү, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн хөмсөг, хүзүүнд цус хуралт, хүзүү, зүүн тохойнд зулгаралт гэмтлүүд нь дээр журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 86-87 дахь тал/

 

Ц.С-ын яллагдагчаар өгсөн “… Би тэр үед машин дотор сууж байтал тухайн надтай зодолдсон эмэгтэй миний машины хаалгыг татах үед би буцааж хаалгыг өөр лүүгээ татах үед тэр эмэгтэй хаалганаас барьчхаад байхаар өөр лүү нь хаалгыг түлхэж шүд хэсгийг онож автомашинаас бууж ирээд тухайн эмэгтэйтэй хэрэлдэж байгаад толгой хэсгийн үснээс нь барьж тухайн эмэгтэй миний толгойны үснээс барьж бие биетэйгээ үсдэлцээд цохилдсон.Тэр үед хажуу талд байрлах тайрмал үстэй охин болон манай нөхөр хоёр бид хоёрын зодооныг салгах гээд байсан.

... Би Ганбо дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг үзсэн тэр үеийн бичлэгт бичигдсэн үйл явдлын дараа хашааны буланд очоод миний гэдэс хэсэг рүү надтай зодолдсон эмэгтэй буюу Б- миний гэдэс хэсэг рүү зүүн хөлөөрөө 3 удаа цохиж намайг газар унагаасан. Тэр үед манай нөхөр жижиг үстэй эмэгтэйг гараараа түлхэх үед жижиг үстэй эмэгтэй хойшоо газарт унаад босож ирээд над руу жижиг үстэй эмэгтэй дайрч хэл амаар доромжилж эхэлсэн.

.... Би бусдад учруулсан хор уршгаа төлж барагдуулна. …” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дахь тал/

 

А.Б-ын яллагдагчаар өгсөн “…Би тойрч очоод зогстол хаалгаа онгойлгох гээд байхаар нь би хаалгыг түлхэх үед буцаад миний өөдөөс хаалгаа түлхэж бууж ирээд бид хоёр хэрэлдэж байгаад намайг түрүүлж үснээс зулгааж татах үед би зөрүүлж үснээс нь зулгааж бид хоёр хоорондоо зодолдож эхэлсэн.

Бид 2 цаад талд байрлах хашааны буланд очоод дахиж үргэлжлүүлж зодолдсон. Тэр эмэгтэй миний үснээс зулгаагаад халгайн дундуур чирээд миний нүүр, нуруу хэсэг рүү цохиод байсан.

... Надад жирэмсэн гэдгийн хэлсэн. Тэр эмэгтэй түрүүлж миний биед халдаж намайг түрүүлж цохиж, үсдэж эхэлсэн. Би биеэ хамгаалж харилцан үсдэлцэж зодолдсон. ... Би бусдад учруулсан хохирол хор уршгаа төлж барагдуулна. ... ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч А.Б- нь 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ганбо хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр тээврийн хэрэгсэл жолоодон явсан ба түүнтэй хамт гэрч Д.М- явж байжээ.

Энэ үед гэрч Б.У- нь тээврийн хэрэгсэл жолоодон өөрийн эхнэр болох шүүгдэгч Ц.С-тай явж байсан ба шүүгдэгч А.Б- нь түүнийг тээврийн хэрэгслээ буруу байрлууллаа гэсэн шалтгааны улмаас шүүгдэгч Ц.С-тай маргаан үүсгэж, улмаар шүүгдэгч А.Б-, Ц.С- нар нь харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.Б-, Ц.С- нар нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж бие биеийнхээ эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн хохирол санаатай учруулсан өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.С-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан зүүн дээд 1-р шүдний хугарлыг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардалд Юу би глобал дент шүдний эмнэлгийн 410,000 төгрөгийн баримтыг гарган өгсөн тул уг төлбөрийг шүүгдэгч Ц.С-аас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч А.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт цаашид өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, ... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.

Мөрдөгчөөс хохирогч А.Б-, Ц.С- нарт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн байх тул уг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тогтоосноор тооцон шүүгдэгч А.Б-аас 3,300,000 төгрөг гаргуулж Ц.С-ад, шүүгдэгч Ц.С-аас 3,300,000 төгрөг гаргуулж А.Б-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргажээ.

Өмгөөлөгч Д.Цолмон шүүгдэгч А.Б-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

Харин шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэнгээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэй холбоотойгоор тусгайлан санал гаргаагүй ба “Зорчих эрхийг хязгаарласан хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож өгнө үү” гэжээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч А.Б-, Ц.С- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэн, шүүгдэгч нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож, тэдгээрийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.С-, А.Б- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ц-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Я овогт А-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг жирэмсэн болохыг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.С-, А.Б- нарыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.С-, А.Б- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Ц.С-, А.Б- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.С-аас 3,710,000 төгрөг гаргуулж А.Б-д, А.Б-аас 3,300,000 төгрөг гаргуулж Ц.С-ад тус тус олгож, А.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.С-, А.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ