Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2019/00520

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э овгийн Ц Э  холбогдох

17 866 667 төгрөг гаргуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 8-р байрны 10 тоотод байрлах 45 м.кв талбайтай 3 орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х ХХК нь Ц.Э 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах 04 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Ц.Э нь компанийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7 хорооллын 8-р байрны 10 тоот хаягт байрлах орон сууцны гэрээгээр тохирсон үнэ 61 875 000 төгрөгийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, компани нь дээрх хаягт байрлах орон сууцыг худалдан авагч Ц.Э хүлээлгэн өгч, байрны үнэ бүрэн төлөгдсөний дараа орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.Э нэр дээр гаргаж өгөх үүргийг тус тус хүлээсэн. Компаний зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцыг гэрээ байгуулсан өдөр болох 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ц.Эт хүлээлгэн өгсөн. Ц.Э нь гэрээгээр тохиролцсон ёсоор орон сууцны үнийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөрт багтаан хуваарийн дагуу төлж дуусгах байсан Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж удааширсан. Компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй юм. Иймд Ц.Э 2018 оны 10 сарын 10-ны өдөр гэрээг цуцалж энэ талаар болон орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн. Ц.Э нь орон сууцыг хүлээн авсан өдрөөс хойш өдийг хүртэл компанийн орон сууцанд амьдарсаар байна. Ц.Э нь орон сууцны үнэ 61 875 000 төгрөг төлөх байснаас 4 000 000 төгрөгийг төлсөн байна. Энэхүү 4 000 000 төгрөгийг гэрээний 4.5-д зааж тохиролцсон ёсоор орон сууцанд амьдарсан нийт хугацаагаар тооцон төлсөн суутган авсан. Харин компанийн байранд амьдарсан хугацааны төлбөрийн зөрүү 17 866 6667 төгрөг болж байгаа болно. Иймд Ц.Э орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр болох 17 866 667 төгрөгийг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 8 байрны 10 тоот хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч Ц.Э Солонгос улсад ажиллахаар явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх хуулийн үндэслэл байхгүй. Түүний шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтийг харгалзан үзээд орон сууцыг албадан чөлөөлүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн нөхөр болох н.Өвгөнхүү үйлдвэрлэлийн осолд ороод ажилгүй болсон байсан. Байнгын эмчилгээ, сувилгаа хийсний үр дүнд буцаж ажилдаа ороод одооноос гайгүй болж байгаа. Ц.Э нь тодорхой хэмжээний зардал гаргаад Солонгос улсруу явсан учраас шүүх хуралд оролцох боломжгүй байна. Компанид учруулсан хохирлыг зөвшөөрч байна. Орон сууц зарагдахгүй компаниуд аргаа барж байгаа энэ үед байрыг албадан чөлөөлүүлэхгүйгээр цаашид хөлслүүлэх боломж олгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хөүптаун ХХК нь Ц.Э холбогдуулан орон сууцанд амьдарсан хөлс 17 866 667 төгрөг гаргуулах, Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-8-10 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Хөүптаун ХХК хариуцагч Ц.Э нарын хооронд 2016 оны 03 сарын 31-ний өдөр 04 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэх нэртэй гэрээ байгуулагдсан байна. Гэрээний талууд уг гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 8-р байрны 10 тоотод байрлах 45 м.кв талбайтай 3 орон сууцны 1 м2 талбайн худалдах үнэ 1 375 000 төгрөг, орон сууцны худалдах нийт үнэ 61 875 000 төгрөг байхаар тохирч, үүнээс урьдчилгаа төлбөр 11 500 000 төгрөг, үлдэгдэл төлбөр 50 375 000 төгрөгөөр тохирч орон сууцны төлбөр төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталж, уг орон сууцыг хариуцагч Ц.Э 2016 оны 03 сарын 31-нд хүлээлгэн өгчээ.

Нэхэмжлэгч Хөүптаун ХХК хариуцагч Ц.Э нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар гэрээгээр тохиролцсоны дагуу урьдчилгаа төлбөрт 4 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Э төлсөн бөгөөд хариуцагч Ц.Э орон сууцны үнийг 2017 оны 01 сарын 31-ний дотор төлж дуусгахаар тохиролцсон боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 10-ны өдөр гэрээг цуцалж, орон сууц чөлөөлөхийг шаардсан байна.

Хариуцагч Ц.Э гэр бүлийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 8-р байрны 10 тоотод байрлах 45 м.кв талбайтай 3 орон сууцанд амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Орон сууцанд амьдарсан хөлс 17 866 667 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэрээ цуцлагдаж байгаа учир нэхэмжлэгч буюу худалдагч тал Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар учирсан хохирол, зардлаа хариуцагч буюу худалдан авагчаас шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2.5-д мөн энэхүү гэрээний 2.2-т заасан үнийг хавсралтад заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд орон сууц ашигласны хөлс болон, засварын зардлыг талууд харилцан тохиролцсоны дагуу гэрээнд хавсаргана /хавсралт-2/, 3.2.6-д захиалагч төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж, төлбөр хугацаандаа төлөгдөөгүйгээс үүсэх хохирлыг хавсралт 2-т заасан хуваариар төлөх үүрэгтэй, 4.4-т талуудын аль нэг нь гэрээг зөрчсөнөөс нөгөө талд учирсан хохирол /...орон сууц ашигласны зардал, дотор заслын зардал ...бусад зардлууд/-ыг бүрэн хариуцна, 4.5-д хэрвээ захиалагч тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа энэхүү гэрээ цуцлагдаж байраа буцаах тохиолдолд орон сууц ашигласны төлбөр болон дахин шинэчлэн засварлах засварын төлбөрийг хавсралт 2-ын төлсөн төлбөрөөс суутган авна гэж, уг гэрээний хавсралт 2-т орон сууц ашигласны төлбөр 500 000 төгрөг 10 сар нийт 5 000 000 төгрөг, шинэчлэн засварлах материалын үнэ нэг удаа 4 500 000 төгрөг, дотор заслын ажлын хөлс нэг удаа 2 000 000 төгрөг гэж тус тус зааж тохиролцжээ.

Нэхэмжлэгч Х  хариуцагч Ц.Э 2016 оны 03 сарын 31-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгч хариуцагч Ц.Э орон сууцанд амьдран суусан /2016.03.31-2018.10.10/ 980 хоног буюу 32 сарыг 1 сарын 500 000 төгрөгөөр тооцож нийт 16 000 000 төгрөг, үүнээс хариуцагч Ц.Э төлсөн 4 00000 төгрөгийг хасч үлдэх 12 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Э гэрээ цуцалсантай холбоотой зардалд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр талууд гэрээгээр шинэчлэн засварлах материалын үнэ нэг удаа 4 500 000 төгрөг, дотор заслын ажлын хөлс нэг удаа 2 000 000 төгрөг гэж тохиролцсон гэж нэхэмжлэгч тал орон сууц засварлах материалын үнэ, ажлын хөлсөнд 6 500 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, уг орон сууцанд дээрх хэмжээний засварын материал, ажлын хөлс зарцуулж засвар үйлчилгээ хийсэн болохоо нотолж чадаагүй учир 6 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэйгээс гадна Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 8-р байрны 1-р орцны 3 давхрын 10 тоотод байрлах 45 м.кв талбайтай 3 орон сууцны өмчлөгч нь Х ХХК болох нь 000633665 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 8 байрны 10 тоот хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 262 дугар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Э 12 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 866 667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Энхцэцэгийн эзэмшлээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 8-р байрны 10 тоотод байрлах 45 м.кв талбайтай 3 орон сууцыг албадан чөлөөлүүлсүгэй.

3. Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, 247 283 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э 70 200 төгрөг, 206 950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА