Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1110

 

 

 

 

 

 

 

 

  2024          10           08                                    2024/ШЦТ/1110

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,

улсын яллагч: Г.Лхагвасүрэн,

улсын өмгөөлөгч: Л.Амартогос,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 24080000000000 тоот хэргийг 2024.09.20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 2006 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, суурь боловсролтой, Техник технологийн политехник коллежийн 3-р дамжааны оюутан гэх, ам бүл-4, эцэг, эх, ах нарын хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум 0 дугаар баг Хуурч 0 дүгээр хэсэг Хойд гармын 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Содон хороолол 000-0-000 тоотод оршин сууж байгаа гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, (РД:**00000000) Бөртэ овогт Хийн Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 000/0 дүгээр байрны хойд талд байрлах автомашины зогсоол дээр “найз охин руу чат бичсэн хүн мөн үү” гэх шалтаг хэлж хэрүүл маргаан өдөж иргэн Б.Бийн толгойн тус газарт нь цохиж зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            - Гэмт хэргийн талаарх дуудлага хүлээн авсан тэмдэглэл /х.х-2-3/,

         - Хохирогч Б.Бийн “2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 02 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 131/1 дүгээр байрны хойд талд байрлах автомашины зогсоол дээр найз охин Бгийн хамт машин дотроо сууж байхад үл таних 2 залуу хүрч ирээд нэг залуу нь “цонхоо онгойлгочих юм асууя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цонхоо онгойлготол “чи сая над руу залгасан уу” гэж асуухад нь “үгүй залгаагүй” гэж хэлтэл “чи сая манай найз охин руу залгасан юм биш үү, энд ганцхан Хариер маркийн машинтай хүн нь чи байна манай найз охин хариер машинд сууж байна гэж хэлсэн чи машинаас буугаад ир” гээд над руу дайрч эхэлсэн. Тэгээд манай найз охин түүн рүү уурлаад “хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлтэл манай найз охиныг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад түүнээс найз охиноо холдуулаад машиндаа суулгах гэхэд тэр залуу миний толгойны зүүн дух хэсэг болон баруун хойд дагз хэсэгт олон тооны гараараа цохиод байсан. Харин түүний гарт нь юу байсныг нь мэдэхгүй байна би цохиулж байгаад нэг мэдсэн чинь газар ухаан алдаад уначихсан” гэх мэдүүлэг /х.х-7/,

- Гэрч Д.Тын “Би 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороололд 3 дугаар байрны хойд талд байрлах машины зогсоол дээр найз Бгийн хамт дэлгүүр орохоор явж байхад машины зогсоол дээр асаалттай хар өнгийн Тоёота хариер маркийн машинд дотор хоёр хүн сууж байхыг хараад Б хэлэхдээ “найз охин руу чат бичсэн хүн байх, би очиж уулзчихаад ирье” гээд машин руу явчихаар нь би араас нь дагаад явахад Б тухайн машин дээр явж очоод машины зүүн талд цонхыг нь тогшиж “цонхоо доошлуулчих гэж хэлсэн. Тэгээд жолооч нь цонхоо онгойлгохоор нь Б түүнд “чи дөнгөж сая манай найз охин руу чат бичсэн хүн мөн үү энд хариертэй байна гэж хэлсэн, энд чиний машинаас өөр хариер машин алга” гэж асуухад түүний хажууд сууж байгаа найз охин нь манай найзыг “юу яриад байгаа юм золбин минь зайл” гэж хэлсэн чинь манай найз уурлаад түүний найз залууг “машинаас буугаад ир хоёулаа ярилцъя ямар нэгэн маргаан байхгүйгээр хоёулаа энэ тухай ярилцъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу машинаас буугаад бие биеийнхээ нэрийг асуучихаад бие бие рүүгээ том том дуугаар ярьж маргалдах янзтай эхэлсэн. Тэгсэн чинь найз охин нь Б дээр ирээд “золбин минь зайл” гэж удаа дараа доромжилж алгадаад өшиглөсөн. Б уурлаад залуугийн нүүр, эрүү хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Тэгээд тэр хоёр газар өнхрөлдөөд Б нөгөө эрэгтэйн дээр гараад байж байхад нөгөө залуугийн найз охин гэх эмэгтэй Бг өшиглөөд байсан. Тэр хоёрыг салгах гээд дийлдэхгүй байсан ба хоёулаа газраас босоод ирэхэд нөгөө залуугийн толгойноос цус гарч байсан. Манай найзын гарт ямар нэгэн зүйл байгаагүй, тэр залуу газарт унахдаа толгойгоо гэмтээсэн байж магадгүй, цохихдоо бол гараараа цохиж байсан” гэх мэдүүлэг /х.х-14-15/,

- Гэрч Д.Бгийн:  “2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 02 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороололд 131/1 дүгээр байрны хойд талд байрлах машины зогсоол дээр найз болох Бийн хамт хар өнгийн Тоёота хариер маркийн машин дотор сууж байсан юм. Тэгсэн нэг танихгүй эрэгтэй миний сууж байсан талын машины цонхыг тогшоод “цонхоо онгойлго” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машины цонхоо онгойлгоход тэр залуу найз залуу руу харснаа “хөгшөөн чи над руу залгасан уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “сая ерөөсөө хүнтэй утсаар ярьсангүй, цаашаагаа явчих” гэж хэлэхэд нөгөө залуу дахиад найз залуу руу хараад “чи сая манай найз охин руу залгасан юм биш үү зүгээр үнэнээ хэлчихээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь хажуугаас нь “бид хоёр ерөөсөө хүн рүү залгасан удаа алга, чи наадах хүнээ олох гээд байгаа юм бол утас руу нь залгаач” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу надад “миний утас руу биш, манай найз охин залгасан байсан, тэглээ ч ярихдаа гадаа асаалттай хар өнгийн хариер маркийн машинд сууж байна гэж хэлж байсан тул энд та хоёроос өөр асаалттай хар өнгийн хариер маркийн машин алга байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь түүнийг “энд ерөөсөө хүнтэй утсаар ярьсан хүн алга, чи зүгээр эндээс явчихдаа халтар минь” гэж хэлээд машиныхаа цонхыг хаачихсан. Тэгсэн нөгөө залуу машин тойрч очиж манай найз залуугийн талын цонхыг тогшиж “буугаад ир хоёулаа ярилцъя ямар ч зодоон цохион болохгүй” гэх зэргээр яриа өдөж байсан. Тэгээд манай найз залуу машинаас буугаад нөгөө залуутай уулзахад нөгөө залуу “чи манай найз охинтой ярьсан биз дээ” гэж хэлээд давшлаад эхэлсэн бөгөөд би машинаас буугаад найз залуугаа машин руу суулгаад түүнд “би найз охин нь байна. юу гэж танай найз охинтой ярьж байдаг юм” гэж хэлээд би машиндаа суух гэтэл нөгөө үл таних эрэгтэй “чи муу халтар я....н минь наадах харилцаагаа зас, чи найз охин нь юм уу” гэх зэргээр орилоход манай найз залуу машинаас буухад тэр залуу гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиход найз залуу газарт унасан. Тэгээд би тэр залуугийн нүүр рүү нь 2-3 удаа алгадсан. Тэр залуу манай найз залууг газарт унасан байхад дээрээс нь цохиод барилцаж эхэлсэн бөгөөд энэ үед байрны тэндээс хоёр дүү “хөөе болиоч” гэж хэлэхэд тэр залуутай хамт байсан залуу “Жавхаа болио эндээс явъя” гэж хэлээд тэр залууг салгаад холдуулсан” гэх мэдүүлэг /х.х-18-19/,

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /х.х-22-25/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024.05.01-ний өдрийн 5861 дугаартай “Б.Бийн биед зулайд шарх, нүүр, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-27-28/,

- Яллагдагч *******гийн “манай найз охин руу чат бичээд байсан хүний фэйсбүүк нэрийг цээжилчихсэн байсан юм. Тэгээд би 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороололд байж байхдаа манай найз охинтой чат бичиж байсан фэйсбүүк хаяг руу нь “чи найз охин руу битгий чат бичээд бай чамтай муудалдах сонирхол алга” гэх утга бүхий чат бичихэд тэр хаягаас “гараад ир, би танай Москвад чинь ирчихсэн байна машины зогсоол дээр хар өнгийн хариер маркийн машинтай явж байна” гэх зэргээр чат бичээд байхаар нь би 3 дугаар байрны хойд талд байрлах машины зогсоол дээр найз Төгсөөгийн хамт явж байхад машины зогсоол дээр асаалттай хар өнгийн Тоёота хариер маркийн машин дотор хоёр хүн сууж байхыг хараад над руу чат бичсэн хүн байх гэж бодоод тухайн машин руу яваад очсон юм. Тэгээд жолооч нь цонхоо онгойлгохоор нь “чи дөнгөж сая манай найз охин руу чат бичсэн хүн мөн үү” гэж асуухад түүний хажууд сууж байгаа найз охин нь намайг “золбин минь зайл” гэж хэлэхээр нь би уурлаад түүний найз залууг “машинаас буугаад ир” гэж хэлсэн. Тэр залуу машинаасаа буугаад бид хоёр бие биеийнхээ нэрийг асуучихаад буцаад салах гэхэд найз охин нь над руу ирээд “золбин минь зайл” гэж удаа дараа доромжлоод байсан. Би тэгээд хүүхэнтэй нь хэрэлдээд байж байхад тэр залуу над руу ирээд томроод байхаар нь би түүний эрүү нүүр хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Тэгсэн нөгөө залуу над руу дайраад ирэхээр нь заамдаж унагаагаад гарыг өчих гэсэн чинь түүний найз охин миний нүүр рүү өшиглөөд байсан ба би тухайн үед уурлаад нөгөө залуугийн эгэмний яс болон хөмсөг хэсэг рүү гараараа цохисон. Тухайн үед миний биед гэмтэл учирсан байсан ч би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /х.х-39-40/,

- Нас тоолсон “******* нь уг хэрэг гарах үедээ 17 нас 09 сар 19 хоногтой байсан байна” гэх тэмдэглэл /х.х-54/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад  дээрх  баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 131/1 дүгээр байрны хойд талд байрлах автомашины зогсоол дээр “найз охин руу чат бичсэн хүн мөн үү” гэх шалтаг хэлж хэрүүл маргаан өдөж иргэн Б.Бийн толгойн тус газарт нь цохиж зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь гэмт хэргийн талаарх дуудлага хүлээн авсан тэмдэглэл /х.х-2/, хохирогч Б.Бийн мэдүүлэг /х.х-7/, гэрч Д.Тын мэдүүлэг /х.х-14-15/, гэрч Д.Бгийн мэдүүлэг /х.х-18-19/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /х.х-20-25/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5861 дугаартай дүгнэлт /х.х-27-28/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч ******* нь шууд санаатай, танхайн сэдэлтэйгээр иргэн Б.Бийн эрх, эрх чөлөөнд халдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас Б.Бийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийтгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч ******* хууль бус санаатай үйлдлийн улмаас Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5861 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Хохирогч Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний толгойноос цус гараад байхаар нь түргэн тусламж дуудтал эмч хүрч ирээд шууд духан дээр хоёр оёдол оёсон. Тэгээд гэмтлийн эмнэлэг ороод ахиж үзүүлээд духан дээр шинээр оёдол хийлгэж, ар дагзанд арьс нь зүсэгдсэн байна гэхдээ оёдол хийлгэх шаардлагагүй гэж хэлсэн. Мөн зүүн талын араа хөдөлгөөнтэй болсон, баруун талын нүд маань хавдаж хөхөрсөн байсан. Миний духан дээр 2 оёдол оёсон тэгээд гэмтлийн эмнэлэг ороод нөгөө оёдлыг буцаад аваад ахиж шинээр оёдол хийлгэхэд ойролцоогоор 2 см орчим толгой маань хагарчихсан байсан. Мөн ар дагзанд арьс нь зүсэгдсэн байсан. Гэхдээ эмч оёдол хийлгэх шаардлагагүй гэж хэлсэн. Мөн зүүн талын араа хөдөлгөөнтэй болсон баруун талын нүд маань хавдаж хөхөрсөн байсан. Мөн миний нүүрийг гэмтээсэн тул надад сэтгэл санааны хохирол учирсан тул би гомдолтой байна” гэх мэдүүлсэн /х.х-7/ ба сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрч танилцсан /хх-48/ байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, сэтгэц, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэнд, сэтгэц, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга журмаар арилгахыг *******гаас шаардах эрхтэй байна.

         Хохирогч Б.Бд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “*******гаас хохирол төлбөрт 2 сая төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй” хэмээн мэдэгдсэн тул шүүх холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь урьд  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.01-ний өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялын хугацааг хоёр дахин багасгаж 01 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 01 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар хувь /х.х-61-71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-31/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учирсан хохирлыг санаачилгаараа мөнгөн хэлбэрээр нөхөн төлж хохирогч Б.Бийг гомдолгүй болгосон, мөн хохирогч талын зүй бус харилцаанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин өмнө нь санаатай 2 гэмт хэрэг үйлдсэний улмаас шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж, “зан үйлээ засах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчиж дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.

  Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгаж нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 120 цагаар тогтоох саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2000000 төгрөгийг өгсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн баримт гаргаж өгсөн байна. Өмнөх шийтгэх тогтоолоор түүнд ял оногдуулахгүйгээр хойшлуулж шийдвэрлэсэн ба уг хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоног дээр энэ тогтоолоор оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор сольж, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 2 сар 10 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “энэ гэмт хэргийг насанд хүрээгүй байх үедээ үйлдсэн. Насанд хүрээгүй хүнд тусгай хуулийн хэм хэмжээгээр ял оногдуулна. Хамгийн багаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан байна. Мэтгэлцээд байх зүйл алга, дахин гэмт хэрэгт холбогдож байгаа нь харамсалтай байна. Цаашид хүмүүжиж засарч чадна гэдэгт итгэж найдаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргалаа. 

Шүүх дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч *******гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, ялын хугацааг 240 цагийн хугацаагаар тогтоон оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж заасан тул *******д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоног хорих ялтай дүйцүүлэн тооцоход 30 хоногийн хугацаагаар хорих ял болж байгаа дээр  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.01-ний өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор  оногдуулсан 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “эрүүл мэндийн даатгалын санд учирсан 246300 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулах” санал гаргасныг нягталж үзэхэд *******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаа хийгдээгүй байх тул тухайн саналыг хэлэлцэхгүй орхисон болно. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бөртэ овогт Хийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бөртэ овогт Хийн Бд 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.01-ний өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс  хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Бд 2 сая төгрөг хүлээлгэн өгсөн, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Бийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон хохирогч Б.Б нар нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж *******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих 461 дүгээр байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд оногдуулсан хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар энэхүү тогтоол уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор ар гэр, өмгөөлөгчид нь мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ