| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/0070/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1124 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 21.10.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1124
2024 10 10 2024/ШЦТ/1124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,
улсын яллагч: Г.Билгүүжин,
хохирогч: Г.О /цахимаар/,
хохирогчийн өмгөөлөгч: Н.Түмэнбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч: В.О,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 23020000000000 тоот хэргийг 2024.06.18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1994 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч ажилтай, ам бүл-3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00-А-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Харчин овогт Гын Ц нь хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 390 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт зааснаар: Яллагдагч ******* нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч буюу хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн 220801570 дугаартай хэрэгт холбогдуулан шалгавал зохих Г.Оийн эзэмшлийн 650000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-10 5жи” маркийн гар утсыг хураан авч, улмаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичиг түр хураан авах” 217 дугаар журам болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцна” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалтны хувьд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үрэгдүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /2-р х.х-10-14/
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 390 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан баримтуудыг, мөн 1-р хавтаст хэргийн 6-7, 19-22, 25-27, 50-92, 93-97, 98-99, 154-158, 161,209-216, 238, 244-245, 247-248 дугаар талд авагдсан баримтуудыг; хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн шинжлэн судалсан баримт дээр нэмж 54-64, 247-249 дугаар талд авагдсан баримтуудыг; шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 41, 22, 65, 66, 247 68-70, 65 дугаар талд авагдсан баримтуудыг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах 2022.10.25-ны өдрийн тогтоол зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр сууриа илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн 220801570 дугаартай хэрэгт холбогдуулан шалгавал зохих Г.Оийг сэжигтнээр баривчилж, мэдүүлэг авсан бөгөөд түүнийг цагдан хорих байр луу хүргүүлэхдээ хураан авч үлдсэн гар утсыг үрэгдүүлсэн болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Авлигатай тэмцэх газарт хандаж хохирогч Г.Оээс гаргасан гомдол, хүсэлт /1-р х.х-6, 186/,
- Хохирогч Г.Оийн “Би 2022 оны 10 дугаар сард 130 удаагийн үйлдлээр бусдыг залилсан хэрэгт холбогдон өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байна. Би тухайн хэргүүдийг үйлдэж байхдаа Бын Э гэх хамтран амьдардаг эмэгтэйтэйгээ бүлэглэн үйлдсэн бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлэхэд намайг ганцаараа бүх хэргийг үйлдсэн гэж шилжүүлсэн байсан. Би прокурор, мөрдөгч нарт Эийг хамтран үйлдсэнээр татаж өгөх талаар хүсэлт гаргасан боловч шийдэж өгөхгүй, шалгахгүй байна. тэгээд өөрийн цагдаад хураагдсан гар утсан дээрээсээ хамтран гэмт хэрэг үйлдэж байгаа зураг бичлэгээ авахаар миний утсыг хурааж авсан цагдаа болох Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Цаас утсаа авах гэтэл алга болгосон гээд өдийг хүрлээ. Анх 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шөнө эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч М гэж алба хаагч намайг бариад Ц мөрдөгчид надаас хураагдсан “Самсунг Эс-10 5жи” маркийн хар өнгийн утасны хамт хүлээлгэж өгсөн. Ц мөрдөгч надаас мэдүүлэг авч дуусаад “гар утасныхаа кодыг гаргаад өгчих, үзлэг хийчихээд ар гэрийхэнд чинь өгчихье” гэхээр зурган кодоо тайлж өгөөд би цагдан хоригдсон. Тэгээд 11 дүгээр сард “мэдүүлгийг газар дээр нь шалгах” ажиллагаагаар явж байгаад Ц мөрдөгчтэй уулзаад “миний гар утсыг яасан бэ” гэхэд “ах нь нөгөөдөр ар гэрийнхэнд нь өгчихье” гэж хэлсэн. 2023 оны 02 дугаар сард Б эгчээс асуухад “гар утсыг чинь өгөөгүй, нотлох баримт үйлдэнэ” гээд байна гэж хэлсэн. 2023 оны 4 дүгээр сард Ц мөрдөгч хорих анги дээр ирж уулзаад “утас чинь сейфээс алга болсон байна. Манай ажлын хэд авчихсан юм шиг байна. Ах нь хохирлыг нь барагдуулъя” гэхээр нь “гар утсаа авмаар байна” гэж хэлсэн. Тэгээд гар утас хурааж авчхаад өгөхгүй байгаа асуудлаар СХД-ийн прокурорын газарт гомдол гаргахад 2 дугаар сард хяналтын прокурор Р.Моос “таны гар утас хавтас хэрэгт нотлох баримтаар хураагдаагүй байна. Дээрх асуудлыг холбогдох газарт хүргүүлэв” гэсэн хариу ирсэн. 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хорих анги дээр мөрдөгч Ц ирээд одоо мэдүүлэг авч байгаа 10 номерын өрөөнд уулзаад “утсыг чинь олсон ар гэрийнхэнд чинь хүлээлгэж өгнө. Одоо чи хүлээж авсан гээд хүсэлт биччих, би эгчид чинь хүлээлгээд өгчихье” гэхээр нь гар утсаа хүлээж авсан гэдэг бичиг хийж өгсөн ба сарын дараа эгч Б ирж уулзахаар нь гар утас авсан уу гэхэд “үгүй ээ утасны мөнгө гэж 500000 төгрөг өгсөн шүү дээ” гэж хэлсэн. Миний гар утсан дээр байгаа мобайл лэжэнс гэдэг тоглоом, фейсбүүк, мессенжерийг одоо болтол өөр хүн ашиглаад байна. Мөрдөгч Цт гомдолтой байна. Гар утсаа олж авмаар байна. Дээрх асуудлын талаар эгч Бээс тодруулахад болно. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх тайлбар /1-р х.х-8-9/,
- Хохирогч Г.Оийн: “Хэргийн үнэн бодит байдлыг шалгаж өгнө үү. Гомдолтой байна. Хохирлоо мөнгөн төлбөрөөр авмаар байна. Мөрдөгчийн хууль зөрчсөн асуудлыг хуулийн хүрээнд шалгаж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р х.х-209-210/,
- Гэрч Ц.Мийн /ЭЦА-ны эрэн сурвалжлах хэлтсийн 1 дүгээр тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч/ “эрэн сурвалжлах үүргийг зохион байгуулж ажиллаад 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвгэр Баруун салааны эцэс орчмоос баривчлан эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтэс буюу өөрийн ажлын байранд аваачсан. Эрэн сурвалжилж байсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрэн сурвалжлалт хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Цтай утсаар холбогдон баривчилсан талаараа мэдэгдсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч Б, Б гэж санаж байна ажлаас Оийг хүлээн авахаар ирээд авч явсан. Баривчлах явцад хар өнгийн Самсунг маркийн гар утас байсан санагдаж байна. Оийг баривчлахдаа амиа хорлох бусад эрсдэлийг тооцон гутлын үдээс өмдний тэлээ зэргийг өөрөөр нь авахуулсан. Би өөрт ямар нэгэн эд зүйл авч үлдээгүй учир хариуцсан мөрдөгч нарт Оийг хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /1-р х.х-30-31/,
- Гэрч Б.Бийн /эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч/ “Г.О нь Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах АСАП санд цагдаагийн олон газар, хэлтсээс зарлагдсан байсан. Миний хувьд бол ажлын хүрээндээ Г.Оийг олж тогтоох чиглэлээр ажиллаж байсан. Г.О нь цагдаагийн алба хаагчдад баригдах үедээ зугтааж байсан гэж сонсож байсан учир тухайн үед буюу 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Г.Оийг эрүүгийн цагдаагийн албанаас авчрах үед нь Б.Бд хань болж хамт явж авчирсан. Нэг ёсондоо Б.Бийн аюулгүй байдлыг хангах үүднээс хамт явсан. Ингээд Г.Оийг эрүүгийн цагдаагийн албанаас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр авчирч эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад *******т хүлээлгэж өгсөн. Би тухайн ажиллагаанд оролцоогүй, хамт л явсан. Тэрнээс биед нь юу байсан, юу байгаа эсэхийг шалгасан, үзсэн зүйл байхгүй тул Г.От ямар эд зүйл байсан эсэхийг мэдэхгүй. Харин Б.Болд-Эрдэнийг хүлээж авахад албаны мөрдөгч М нь Г.Оийн өмдний тэлээ, гутлын үдээс зэргийг өгч байгаа харагдсан. Би болон Б бид хоёр Г.Оээс эд зүйл хураан авсан тэмдэглэл үйлдэн гар утас эд зүйл аваагүй. Г.Оийг эрүүгийн цагдаагийн албанаас авчирч ******* ахлахад эд зүйлийн хамтаар хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхөд гар утас байсан. Тухайн гар утас нь хар өнгийн корпустай утас байсан. Загварыг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р х.х-238/,
- Гэрч Б.Бийн /эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч/: “Г.О нь “цахим орчинд жолооны эрх гаргана, сэргээнэ, ангилал ахиулна” гэсэн зар байршуулж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэж иргэнээс гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм. Г.О нь гэмт хэрэг үйлдээд хаана байгаа нь тогтоогдохгүй, мөн цагдаагийн бусад газар хэлтсээс Г.Оийн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэлсэн. Миний хувьд хэрэг үйлдсэн гэх улсын хэмжээнд 2022 оны 8 дугаар сард эрэн сурвалжлалт зарласан. Тэгсэн Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч М нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад *******т “Г.Оийг олж тогтоосон тул хүнээ ирж ав” гэж мэдэгдсэн байсан. Үүний дагуу ******* нь энэ талаар надад мэдэгдэхээр нь би эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бийн хамтаар Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтэс дээр очиж Г.Оийг эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Мэс хүлээж авсан. Ингээд Г.Оийг аваад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст авчирч ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад *******т хүлээлгэж өгсөн. Тухайн өдөртөө шүүхийн зөвшөөрөлгүйгээр Г.Оийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүргэхэд нь Б.Б бид хоёр ахлах мөрдөгч *******ын хамтаар явсан. Тухайн өдөр ийм л зүйл болсон. Тухайн үед Г.Оийг хүлээж авахад Г.Оийн биеэс гарсан эд зүйл гээд тамхи, гар утас байсан. Өөр зүйл байсан эсэхийг сайн санахгүй байна. Г.Оийг хүлээж авахдаа Г.От байсан эд зүйлс буюу тамхи, гар утсыг хүлээлцсэн тэмдэглэл үйлдээгүй. Тухайн тамхи гар утас нь Г.Оийн биед нь байсан. Тухайн үед ямар гар утас байсан эсэхийг сайн санахгүй байна. Ямар ч байсан Самсунг маркийн гар утас байсан. Г.Оийг цагдаагийн хэлтэс дээр авчирч эрүүгийн ахлах мөрдөгч *******т хүлээлгэж өгсөн. ******* нь мэдүүлэг тайлбар авч, биед нь үзлэг хийж эд зүйлсийг нь хурааж авсан байх. 461 дүгээр анги руу явах үед Г.Оийн ар гэрээс ирэх хүн байхгүй байсан учир Г.Оийн өмдний тэлээ, гутлын үдээс, тамхи, гар утас зэргийг ******* ахлах авч өөрийнхөө шургуулгад хийж үлдсэн” гэх мэдүүлэг /1-р х.х-240/,
- Гэрч Ц.Гын “Би Г.От холбогдох хэрэгт 2022 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Эрүүгийн цагдаагийн тасгаас хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал харьяа прокурорын газарт гаргасан байсан. Ингээд прокурор Г.Оийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад хэрэг харьяаллын дагуу мөрдөн байцаах тасагт шилжиж ирсэн. Хэрэг мөрдөн байцаах тасагт ирээд тасгийн даргын цохолтын дагуу эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн. Нэг удаа хэрэг шүүхээс нэмэлтээр хэрэг буцсан. Буцсан хэрэгт би мөрдөн шалгах ажиллагаа явуулж дахин шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлж байсан. Хэргийг анх шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэхэд О.Бийн бичсэн “Г.Оийн Samsung s10 маркийн гар утсыг эрүүгийн ахлах мөрдөгч *******аас хүлээн авлаа” гэх утга бүхий баримт хэрэгт байгаагүй санаж байна. Хэрэг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаж ирэхэд уг баримт хэрэгт авагдсан байсан. Уг баримтыг прокурорт гаргаж өгөөд хэрэгт хавсаргагдсан байх гэж бодож байна. Би хэргийг 2022 оны 4 дүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлж байсан санагдаж байна. Хэргийг анх хүлээж авахад хэрэгт гар утас хураагдсан нотлох баримт байгаагүй” гэх мэдүүлэг /1-р х.х-244-245/,
- Сэжигтэн Г.Оээс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 31 минутаас 43 минут хүртэл хугацаанд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад ******* мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р х.х69-70/,
- Сэжигтэн Г.Оийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19 цаг 00 минутад баривчилсан тухай эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад *******ын үйлдсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-65-67/,
- Гэрч О.Бийн: “Би хувиараа онлайн дэлгүүр 2011 оноос хойш ажиллуулж ирсэн. 2021 оны 3 дугаар сард Г.О нь миний түрээслүүлдэг 37-02 улсын дугаартай хар өнгийн Тоёота приус-30 маркийн автомашиныг өдрийн 100000 төгрөгөөр 8 сарын хугацаанд 2021 оны 11 дүгээр сар хүртэл түрээсэлсэн. Улмаар Г.Отэй хуурай эгч дүүс болж Г.О манай онлайн дэлгүүрт ажиллаж байгаад хүргэлтийн ажил хийдэг байсан. Тэрнээс төрсөн эгч дүүс болон ураг садны холбоогүй. Хамгийн анх Г.Оийг хэрэгт холбогдон шалгагдах үед буюу 2023 оны 3 дугаар сард өрөөнд уулзаж байсан. Сүүлд 2023 оны 5 дугаар сарын дундуур дүү Г.О эрүүгийн ахлах мөрдөгч *******ын утсаар хорих 461 дүгээр ангид байхдаа залгаад “одоо тантай Ц мөрдөгч очиж уулзаад 500000 төгрөг өгнө тэгээд та Ц мөрдөгчийн хэлснээр бичгийг нь бичээд өгчхөөрэй” гэж хэлсэн. Улмаар тухайн өдөр 16-18 цагийн орчимд мөрдөгч Ц над руу залгаад бид хоёр хорооллын “Шөлөндөө” хоолны газрын орчим мөрдөгчийн цагаан өнгийн кровн-210 маркийн машинд уулзан 500000 төгрөгийг 10000 төгрөгийн дэвсгэртээр 50 ширхгийг бэлнээр авч мөрдөгч Цын хэлснээр дүү Оийн захиснаар бичгийг хийж өгсөн. Мөрдөгч Цт бичгийг хийж өгөхдөө эхлээд мөнгө хүлээн авлаа гэх утгатай бичгийг бичиж өгөхөд мөрдөгч Ц “дүү Оийн “Самсунг Эс-10 5жи” маркийн гар утсыг хүлээн авсан” гэх утгаар бичгийг засуулж бичүүлэн авсан. Бэлнээр 500000 төгрөг авахад мөрдөгч Цаар дүү О дамжуулан жижиг цаасан дээр бичсэн 500000 төгрөгөөр авах болон захих эд зүйлсийг бичсэн жагсаалтыг авчирсан. Тухайн захих эд зүйлсэд гутал, дотуур өмд, сандаал, оймс, футболк, ном, сэтгүүл зэрэг эд зүйлс байхаар нь бэлэн мөнгөөр бэлэн тооцоо хийж захисан эд зүйлсийг худалдан аваад дүү От эргэлтээр уулзахдаа хүлээлгэн өгсөн. Дүү О тухайн өдөр утсаар ярихдаа “мөрдөгчийн хэлснээр хүсэлт бичүүлнэ тэр бичвэрийг нь бичээд өгчихөөрэй” гэсэн учраас мөн хоорондоо тохиролцсон гэж ойлгосны улмаас бичиж өгсөн. 2023 оны 3 дугаар сард анх мөрдөгчтэй уулздаг өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн гадна мөрдөгч Ц дүү О нар гар утас нь алга болсон гэдгийг аль аль нь мэдэж байсан. Мөн мөрдөгчөөс дүү От гар утасны хохирол болох мөнгөний саналыг тавьсныг дүү О манай нөхөр Р.Гансүхэд хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-25-27/,
- Иргэн О.Бээс 2023.05.11-нд прокурорт хандаж гаргасан “О.Б миний бие өөрийн дүү болох Г.Оийн “Самсунг Эс-10 5жи” загварын гар утсыг эрүүгийн ахлах мөрдөгч *******аас хүлээн авлаа гар утсанд эвдрэл гэмтэл байхгүй ажиллагаа хэвийн байв” гэх хүсэлт /1-р х.х 13, 87/,
- Ахлах мөрдөгчийн “Г.Оээс гаргасан гомдлын хүрээнд н.Бээс тайлбар авах зорилгоор 2023.07.25-ны өдрийн 17 цаг 39 минутад 8037…. дугаарын утсанд холбогдож 2023 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад *******аас цагдан хоригдож байгаа Г.Оийн гар утсыг хүлээж авсан эсэх талаар тодруулахад “2023 оны 5 дугаар сард хороололд явж байхад ******* мөрдөгч ирж уулзаж Г.Оийн гар утасны мөнгө гэж хэлж 500000 төгрөг өгсөн. Өөрөө хорих анги дээр очоод Г.Отэй уулзаж тохиролцсон гэж хэлсэн. Би одоо Хэнтий аймагт амраад явж байна. 7 хоногийн дараа очно” гэж ярьсан” гэх тэмдэглэл /1-р х.х 12/,
- Хохирогч Г.Оээс 2023.05.11-нд прокурорт хандаж гаргасан “Миний бие 04.20-ны өдөр Нийслэл прокурор Н.Ганболд гаргасан гомдолд дурдагдсан гар утсыг эрүүгийн ахлах мөрдөгч Ц миний эгч Бт Самсунг Эс-10 5жи гар утсыг хүлээлгэн өгсөн тул гомдолгүй болно” гэх хүсэлт /1-р х.х-86-87/,
- Яллагдагч *******ын: “Би яллагдагчаар татсан тогтоолыг ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбар гаргая. Прокуророос намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хураан авсан эд зүйл хөрөнгийг устгасан, үрэгдүүлсэн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан байсан. Миний хувьд тухайн гар утсыг тэмдэглэл үйлдэж тухайн гар утсыг нотлох баримтын хэмжээнд үнэлж хураан авсан зүйл байхгүй. тухайн этгээд болох Г.Оийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг саатуулах үед Г.О нь Хэнтий аймагт оршин суудаг, Улаанбаатар хотод ах, дүү төрөл садан, найз нөхөд байхгүй гэсэн тул өөрт нь байсан гар утас, өмдний тэлээ, гутлын үдээс зэргийг нь авч үлдэх өөр аргагүй байдалд хүрсэн. Ингээд авч үлдээд хайнга байдлаасаа болж тухайн гар утсыг авч үлдсэн цаг хугацаанаас хойш 2-3 хоногийн дараа алга болсныг мэдсэн. Ингээд тухайн утсыг хамт суудаг өрөөнийхөө алба хаагчдаас асуухад мэдэхгүй байсан. Тийм учир би гар утсыг олоогүй тул Г.Отэй уулзаад хохирлыг барагдуулах талаар тохиролцсон. Г.Отэй тухайн гар утасны хохирлыг 500000 төгрөгөөр тогтсон. Энэ мөнгийг Г.О нь Б гэдэг хүнд өгөх талаар хэлж түүнтэй холбоо барих утсыг өгсөн. Тэгэхээр нь би Бтэй уулзаж 500000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд Бээр “Г.Оийн гар утсыг хүлээж авлаа” гэсэн утга агуулгатай хүсэлт бичүүлсэн. Тэгээд уг хүсэлтийг тухайн хэрэгт хяналт тавьж байсан прокурорт өгсөн. Ийм л зүйл болсон. Хэрэгт хяналт тавьж буй прокуророос “Г.О нь гар утсаа авмаар байна гэсэн хүсэлт гаргаад байна, гар утсыг нь хүлээлгэж өг, хэргээ шийдвэрлэмээр байна” гэж шаардаад байсан учир “гар утас хүлээж авлаа” гэж хүсэлт бичүүлсэн. Уг нь бол гар утас хүлээлгэж өгөх 500000 төгрөг өгөх нь ялгаагүй л тухайн хүний хохирлыг барагдуулсан. Би тухайн эд зүйлсийг хэрэгт ач холбогдолгүй байсан учир тэмдэглэл үйлдэж хурааж аваагүй” гэх мэдүүлэг /1-р х.х-247-248/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн 220801570 дугаартай хэрэгт холбогдуулан шалгавал зохих Г.Оийг сэжигтнээр баривчилж, мэдүүлэг авсан бөгөөд түүнийг цагдан хорих байр луу хүргүүлэхдээ хураан авч үлдсэн гар утсыг үрэгдүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “Г.Оийн гар утсыг хураан авч ширээний шургуулгад хийсэн байсан боловч алга болсон байсан. Үзлэг хийхээр авч үлдээгүй тул тэмдэглэл үйлдээгүй. Цагдан хорих байранд хувийн эд зүйлийг нь хадгалахгүй гээд мөрдөгч нарт нь өгчихдөг болохоор авч үлдсэн” хэмээн мэдүүлж тухайн гар утсыг хураан авч алга болгосноо хүлээн зөвшөөрч байх боловч прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаагаа илэрхийлэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хүсэлт гаргасныг шүүх дараахь үндэслэлээр хүлээн авч хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. Үүнд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн бол” мөн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байна. Энэ гэмт хэргийн объект нь хэрэг хянан шийдвэрлэх журам, хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах журам байна. Халдлагын зүйл нь битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгө байна.
Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа гэж Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагааг хамааруулж ойлгоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгч, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдахыг хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019.09.02-ны өдрийн Б/690 дугаартай тушаалын хавсралт /1-р х.х-157/ баримтаар тогтоогдож байна
Мөрдөгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эрэн сурвалжлагдаж байсан Г.Оийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчлахдаа түүний хувийн эд хөрөнгө болох гар утсыг /гутлын үдээс, өмдний тэлээг нь бас авсан гэх/ авч үлдсэн бөгөөд энэ талаар сэжигтнээр баривчилсан тэмдэглэлдээ тусгаагүй /1-р х.х-66/, ямар нэгэн тэмдэглэл, баримт үйлдээгүй болох нь хохирогч Г.О, гэрч Б.Б, Б.Б нарын мэдүүлэг, мөн *******ын өөрийнх нь мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлд мөрдөгч сэжигтнийг баривчилсны дараа хийвэл зохих ажиллагааны журмыг зааж зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт сэжигтний биед үзлэг хийж, хураан авах 5 төрлийн эд зүйлийг нэрлэн заасан байна.
Тухайн эд зүйлийг хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримтын тухайд мөн хуулийн 21 дүгээр бүлэг болон 24.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу, бусад баримтын тухайд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичиг түр хураан авах” 217 дугаартай журмын дагуу ажиллагаа явуулна. Ийнхүү хүний хувийн эд зүйлийг хураан авах ажиллагааг хууль, журмаар нарийвчлан зохицуулж буй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүний хөрөнгө, эзэмших, өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх зорилгод оршино.
Хохирогч Г.О нь “гэрч гэх Б.Э, Ө.Б нартай хамтран хэд хэдэн удаагийн залилангийн үйлдэл байсныг нотлох баримт тухайн гар утсанд хадгалагдаж байсан” хэмээн гомдож байгааг шалгаж үзэхэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Оийг нийт 130 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тухайн шийдвэрт Б.Э, Ө.Б гэх хүмүүстэй хамтарч үйлдсэн гэх үйл баримт тусгагдаагүй болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дахин шинжлэн судлахгүй ба тухайн гар утас нь үрэгдсэний улмаас гар утсанд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал хадгалагдсан байсан гэж таамаглан дүгнэх боломжгүй байна.
Мөрдөгч ******* нь сэжигтэн Г.Оийн гар утсыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйл гэж үзээгүй, зөвхөн цагдан хорих байранд авдаггүй шалтгаанаар ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх зорилгоор түр авч үлдсэн бол дээр дурьдсан 217 дугаартай журамд зааснаар эд зүйлээ хураалгаж буй хүнийг байлцуулан 2 хувь тэмдэглэл үйлдэх, тэмдэглэлийг танилцуулан гарын үсэг зуруулах, тэмдэглэлийн нэг хувийг эд зүйлээ хураалгасан этгээдэд өгөх, шаардлагатай тохиолдолд фото зураг авах, дүрс бичлэг хийх, улмаар хураан авсан эд зүйлийг эд зүйл хадгалах зориулалт бүхий газарт хадгалах зэрэг ажиллагаа явуулах шаардлагатай байсан боловч тийм ажиллагаа явуулаагүй болох нь баримтаар тогтоогдож байна.
Мөрдөгч ******* нь сэжигтнийг баривчлах ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтны хувьд тухайн эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, хадгалах үүрэг бүхий этгээд бөгөөд холбогдох журамд заасан ажиллагааг огт явуулаагүйн улмаас хүний 650000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг үрэгдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ыг хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Г.От 650000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-923/7873 дугаартай үнэлгээний тайлангаар /1-р х.х-214-216/ тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч Г.Оийн хуурай эгч гэх О.Бт 500000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгсөн ба О.Б нь тухайн мөнгөөр Г.От хувийн эд зүйл худалдан авч өгсөн нь О.Бийн гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул үлдэгдэл 150000 төгрөгийг *******аас гаргуулж хохирогч Г.От олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /1-р х.х-184/ тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын ихэнх хэсэг болох 500000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” саналыг, хохирогчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн санал дээр нэмж хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгч болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон. Миний үйлчлүүлэгч хувь хүний хувьд зөв хүн байдаг. Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг, хохирогчоос “шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гарган мэтгэлцэж оролцсон бөгөөд шүүгдэгч ******* “би найман жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч ч гэсэн өөрийн хайхрамжгүй зангаасаа болоод нэг иргэнийг хохироосон. Цаашид залуу мөрдөгч нарт сургамж болгон хэлэх болно. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэх эцсийн үг хэлсэн болно.
Шүүх дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч *******ын хувийн байдал, хохирогч Г.Оийн гар утсыг үрэгдүүлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын ихэнх хэсгийг нөхөн төлсөн, үлдэгдэл төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзээд улсын яллагчийн санал болгосончлон *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Гын Цыг хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Харчин овогт Гын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүний хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, ******* нь хохирогч талд 500000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******аас 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.От олгосугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг *******т холбогдох эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал 23020000000000 тоот хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ